2011/10/13

7 Ненец урц




Тундрт нутаглах "ненец" хэмээх цаатан ардын урц.

8 Африкийн нүүдэлчдийн майхан

   

Зүүн зураг:
Африкийн бедуин гэл үү... нэгэн овог ястны майхан бэлдэж байгаа нь.

Баруун зураг:
Африкийн Нигэр, Мали, Алжир, Ливия зэрэг таван оронд тархан суух туареги үндэстний гэр майхан. Нарийн модон багана нь бороо чийг ихтэй Москвагийн цаг агаарт таарахгүй тул төмөр каркас хийсэн гэсэн. Ер нь нүүдэлчдийн ахуй хуурайг цаг агаарт зохицсон тул бүх гэрүүдийн хувьд хамгийн том асуудал бол Москвагийн бороо чийг.

2011/08/24

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь



  Япон улсын Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулснаа толилуулж байна.
  Коидэ багш номыг нь монгол хэлнээ орчуулахыг дуртайя зөвшөөрсөнд талархал илэрхийлж, монгол түмэн цөмийн хаягдлын тухай үнэн зөв, өргөн хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүссэнийг энд уламжилъя.
  Коидэ багш ахлах ангиа төгсөхдөө цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсч 1968 онд Тохокүгийн их сургуулийн цөмийн инженерийн ангид элсэн сурсан боловч цөмийн энергийг судлах тусам ач тус биш аюул хор нь илүү болохыг яс махандаа шингэтэл ойлгож мэдсэн хэмээн энэхүү номондоо бичсэн байна. Иката Атомын цахилгаан станцын (АЦС) шүүх хурал, Нингёо Тоогэгийн ураны үлдэгдлийн асуудал, JCO-гийн осол зэрэг АЦС, цөмийн энергитэй холбоотой олон осол, хэрэг гарахад Коидэ багш үргэлж эрүүл мэнд, амь насаа алдах энгийн иргэдийн талд байжээ. Цөмийн энергийн мэргэжилтний хувьд олон жилийн турш атомын цахилгаан станцын аюулыг олон нийтэд сурталчилж ирсэн хүн юм.
  Ном нь маш энгийн хэллэгээр бичигдсэн тул япон хэлтэй хүмүүст уншихыг санал болгоё. Уншаад монголд АЦС хэрэгтэй эсэхийг тунгааж бодно биз дээ.

  Коидэ Хироаки 小出裕章
  "Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь" 「原発のウソ」

  ... Атомын цахилгаас станц (АЦС) ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхит хаягдал гарах бөгөөд тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга алга. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гардаг тул цацраг идэвхит бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.
  Өнөө үед цацраг идэвхит хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.
  Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

  Хамгийн том асуудал нь АЦС-ын хуучирсан реактор юм. АЦС нь бурханы биш хүний л хийсэн “машин” тул хэдэн арван жил ажилласны дараа хуучирч элэгдэн ажиллагаагүй болох нь ойлгомжтой. Тэр үед АЦС нь өөрөө хамгийн том “аюултай хог” болж хувирах бөгөөд түүнийг ирээдүйд олон зуун жилийн турш хэрхэн хянаж зохицуулах вэ, яваандаа ямар асуудал гарах вэ гэдэг асуултанд үнэн хэрэгтээ хэн ч хариулж мэдэхгүй юм. Гэхдээ АЦС-ын хувьд “мэдэхгүй бол мянган үгийн таглаа" гээд орхичихож болохгүй. Яахаа мэдэхгүй ч гэлээ Фүкүшимагийн 1-р АЦС-ыг зогсооход хэд хэдэн хаягдал реактор гарч таарна. Бүх дэлхийн туршлага, мэдлэг ухааныг нэгтгэн байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ч яг яах вэ гэдэг тухай тодорхой хариулт өдий хүртэл олдоогүй байна.

  Юуны түрүүнд ойлгоход арай хялбар асуудлыг авч үзье. Тэр нь АЦС-аас өдөр бүр маш их хэмжээгээр гарч буй “бага төвшний цацраг идэвхит хаягдлын” асуудал юм. Энэ нь цацрагийн хордолт харьцангуй бага хаягдал бөгөөд цацраг идэвхит элемент болон бодис наалдсан алчуур, ажилтны хувцас зэргээс бүрдэнэ. Одоо японд 1 жил АЦС ажиллуулахад 1000 төмөр торх “бага төвшний цацраг идэвхит хаягдал” гарч байна. 1963 онд анхны АЦС ашиглалтанд орсноос хойш хорь хүрэхгүй жилийн хугацаанд буюу 1980 оны байдлаар япон дахь ийм төмөр торхны тоо 250,000 хүрсэн байв. АЦС бүр доороо ийм хаягдал хадгалах агуулахтай бөгөөд “бага төвшний цацраг идэвхит хаягдлыг” тэнд хадгалдаг. АЦС-ын доорх энэ агуулахууд хэдий хэмжээний хаягдал багтаах вэ гэвэл, 1980 оны байдлаар нийт багтаамж нь 300,000 торх орчим байв.
  Хаягдалтай торхнууд өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэх тул эрчим хүчний компаниуд нэмэгдэхийн хэрээр хаягдал хадгалах агуулах барьсаар ирсэн. Гэвч хичнээн олныг барьлаа ч АЦС-ыг зогсоохоос нааш ийм хаягдал гарсаар байх тул эрчим хүчний компаниуд ацан шалаанд орсон юм. Тиймээс хэмжээг нь багасгахын тулд хаягдлыг шатаахаар шийдсэн болно. Өөрөөр хэлбэл төмөр торход лацдаж хийсэн цацраг идэвхит хаягдлын тагийг нь онгойлгож гаргаад үнс болгон шатаагаад хэмжээг нь багасгасан юм.
  Ингэж шатааснаар хуримтлагдаад байсан хэдэн зуун мянган төмөр торхны тоог багасгаж чадсан хэдий ч жилээс жилд торхны тоо нэмэгдсээр 2005 оны гэхэд 700,000 хүрсэн байлаа. Тиймээс “хүчрэхгүй нь” гээд тэр их хаягдлаа эрчим хүчний компаниуд японы хойд хэсгийн Аомори мужийн Роккашо тосгонд хүлээн авахыг тулгасан болно. Одоогийн байдлаар 200,000 хаягдалтай төмөр торхыг Роккашо тосгон уруу шилжүүлээд байгаа.

  Роккашё тосгонд тэр их хаягдлыг газарт хэрхэн булсан бэ гэвэл, томоохон нүх ухаад бетон цементэн агууламж барьсан юм. Агууламжид төмөр торхнуудыг өрж тавиад, дээрээс нь бетоноор таглаж эргэн тойрныг нь бетон шавраар чигжээд сүүлд нь шороогоор булсан болно. Ийм маягаар бетон агууламжийн тоог олшруулсаар ирсэн юм.
  Гэвч хаягдал хийсэн торх нь төмрөөр хийгдсэн тул нэг, хоёр жил болоход зэвэрч муудна. Хаягдлын агууламж газар доор, ихээхэн чийгтэй орчинд баригдсан тул төмөр торх зэвэрч муудаж нүх гарах нь хялбар. Тэр чигээр нь орхивол цацраг идэвхит бодис гадагшлах аюултай учраас агууламжийн хажуу талд “шалгах хоолой” гэгч зүйл хийж байнга шалгаж байдаг юм. Хэдэн жил тэр хоолойг шалгаж хянах вэ гэсэн асуултын хариулт бол "300 жил". 300 жилийн турш байнга шалгаж цацраг идэвхит бодис ил гарсан тохиолдолд арга хэмжээ авна, яваандаа цацрагийн хэмжээ багасч “учир нь нэг олдоно байлгүй” гэдэг бол өнөөгийн японы Засгийн газрын тайлбар юм.

Орчуулахад тусалсан дүү Хүлэгээд баярлалаа !
--------------------------------------------------

  * 1 сая жил хадгалж хянах ёстой "өндөр төвшний цацраг идэвхит хаягдлын" тухай дараагийн бичлэгт

2011/07/24

Монгол = хогийн сав?

Монгол улсаа төлөөлөн америкд суугаа элчин сайд, их хурлын гишүүд, улсын маань Гадаад явдлын яам зэрэг хариуцлага бүхий зөндөө олон хүмүүс, байгууллагууд "монголд цөмийн хаягдал хаяхгүй", "тийм яриа огтхон ч болоогүй" гэж удаа дараа үгүйсгэсэн тул хүмүүс тайвширч долоо хоног наадамлан зун цагийн сайханд налайсан билээ. Тэгтэл 7 сарын 18-д японы Майничи сонин “Америк, Япон, Монгол улс цөмийн хаягдал түлш монголд булшлах урьдчилсан зөвшилцөлд хүрлээ” гэсэн мэдээ нийтэлсэн нь монгол түмнийг сэртхийлгэн цочирдуулав.

Гэхдээ өнөөдөр монгол биш япон хүмүүс энэ мэдээг хэрхэн хүлээж авсан тухай бичих гэсэн юм. Юуны түрүүнд ихэнх япон хүмүүс энэ тухай огт мэдэхгүй байгааг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан миний ярьж асуусан ажлын газрын, их сургуулийн, дугуйлан сонирхлын зэрэг хүрээний хүмүүсээс мэдэх хүн ч нэг ч байгаагүй. Зөвхөн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн ухамсар муугийнх биш, бодит байдал ийм гэж бодож байна. Гэхдээ монгол судлаач эрдэмтэд болон монголыг сонирхдог, монголтой ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийн ихэнх нь эсэргүүцэж буйг баттай хэлнэ.

Дээрхи мэдээний тухай интернэтэд япон хүмүүсийн бичсэн коммэнтыг гурав хувааж болох байх: 
1) эсэргүүцсэн 2) зөвшөөрсөн 3) аль нь ч биш (“юу л болоод байнадаа энчдоо” маягийн коммэнт).

http://www.asyura2.com/11/genpatu10/msg/693.html
http://newtou.info/entry/5489/

Эдгээр коммэнтыг 1) олон хүн бичсэн буюу зонхилох коммэнт 2) сонирхол татсан гэх хоёр шалгуураар шүүж танилцуулбал:

Эсэргүүцэх:
・ пааах, монгол улс уурлаачээ
・ балиар юмаа, хоогоо ондоо оронд тулгахыг АЦС-ын хаягдлын асуудлыг шийдэх арга гэж байгаам байхдаа
・ гуйсан ч хийж болохгүй юм гэж байдаг даа
・ орчин үейн колончлолын нэг хэлбэр
・ монгол яагаад эсэргүүцэхгүй байнаааа
・ япон шившиг юмаа, энийг сэдсэн баагийнуудын уураг тархи нь ууршаад алга болсоноос гарцаагүй
・ новшийн америк, өөрсдөө өчнөөн цөл газартай байж, шал дургүй хүрчлээ
・ яаанаа, манай засгийн газар арай ч дээ
・ монголын засгийн газрыг мөнгөөр хуураад амыг нь таглаж болох юм шигээ. гэвч ард түмэн зөвшөөрөөгүй шүү. үнэн хэрэгтээ япон хүмүүс үндэс дамнасан пүүс компаниудтайгаа нийлээд монголын газрыг золиосонд гаргах төлөвлөгөө байна
・ монгол түмэн зөвшөөрөөгүй нь мэдээж, улс төрчдийн л явуулга байж таарна
・ америк ёстой эрээ цээргүй үзэж байнаа
・ ичгүүртэймаа, ийм юм гэж байхуу
・ би энэ гэрээг эрс эсэргүүцнэ. гэхдээ “монгол балиар заваан юм хүчээр тулгуулсан хөөрхий хохирогч” гэдэг үзэл бол буруу. монголын тал өөрсдөө хүсэн гуйж байгаа зүйл шдээ. мөхсөн хотод (ghost town) булна гэж байгаа, тэгээд ч монголын тал цөмийн технологитой болохыг эрмэлзэж байна, тиймээс “шинэ маягийн колончлол”, “сул доройгоо дээрэлхэх” явдал огтхон ч биш
・ америкууд л хийж байгаа хэрэг, манайхан тэдний өөдөөс үг хэлэх биш
・ япон өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй
・ ичгүүртэй, байж болшгүй зүйл

Зөвшөөрөх:
・ хариуд нь эдийн засгийн тусламж, технологи ноухау аваад монгол ОК гэж байвал болоо шд
・ хаягдлалд асар их мөнгө зарцуулах байх, гэхдээ өөр арга ч үгүй болов уу
・ газар доор хэдэн зуун метрийн доор булахад яав л гэж сүртэй шдээ... тэгээд ч монгол улс ураны экспортоос эхсүүлэн хаягдал хүлээж авах хүртэл (эдийн засгийн) бүхэл бүтэн нэг салбар босгох гэж байна, мэдэж байнуу тануус. муу сайн сүржигнүүрүүд монголыг битгий хойш нь татаад бай
・ хэхэ үүнийг харин эсэргүүцэх онцын шалтгаан байхгүй шүү
・ шулуухан ярихад АЦС-ын хаягдлын асуудал байгалийн баялаг экспортлохоос ч илүү ашигтай бизнес. монгол хүсэж байвал яагаад үгүй гэж. аж үйлвэргүй монголын амьд үлдэхийн төлөөх сонголт. хоёр тал зөвшилцэж буй ховор тохиолдол байна шдээ
・ хэхэ, хятад монголын хил дагуу хөөрхөн цэвэрхэн булчихаарай
・ хүнгүй хувхай хотод хаяна гээ биз дээ
・ өөрсдөө хүсээд байхад татгалзах шалтгаан үгүй шд
・ улс хоорондын хуваарилалт гэдэг үүднээс боломжийн сонголт гэж бодож байна. техник технологи байхгүй ядуу орон амьд явья, улсаа хөгжүүлье гэж байвал шийдэмгий алхам хийхгүйгээр урагшлахгүй. хөгжсөн оронд ч гэсэн сургууль соёлгүй, мэргэжилгүй хүн заваан бохир ажил хийж амьдрахаас өөр аргагүй. ноль жорлон цэвэрлэх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гээд байвал тэр хүнээс ажлыг нь булаасантай адил. хорвоогийн жам хатуу шүү
・ ондоо орон хошуу дүрвэл ярвигтай юм болох байх даа, гурван орон гялс шийдчих хэрэгтэй
・ газар байнга хөдлөх японд (хаях) баттай газар байхгүй шдээ...
・ хүссэн юм хүзүү татна гэгч болох байх, гэхдээ өөрсдөө хүсэж байгааг хорих утгагүй, тэгээд ч япон хаях газаргүй юм чинь

Аль нь ч биш:
・ үүнд мөнгө ч ёстой урсах байх даа, хажуугаар нь (оролцогчид) хуга баяжна даа, харж л байгаарай
・ болж байгаамуу монгол, дор хаяж 10,000 жил хадгалах хэрэгтэй шдээ энэ хогийг
・ таарсан ч юм болж байна даа
・ угаас байгаа юмыг малтаж аваад, ашиглаад, буцаагаад булна. бас мөнгө орж ирнэ, техногитой ч болно... монгол нэг иймэрхүү тооцоо хийсэн юм байх даа... сонин гэх үү, тэнэг гэх үү
・ муужирлаа, ийм аймаар осол гараад байхад хаширахгүй юмаа
・ хогоо хөгжиж буй оронд хаяж болж байгаамуу... нэг л...
・ орос, хятад юу гэж байгаам энэ тухай
・ ёооноо, ийм юм зөвшөөрдөг ард түмэн байдгим байхдаа

Ажиглалт:
  1. Угтаа байж болохгүй асуудал боловч монголчууд өөрсдөө хүсээд гуйгаад байвал аргагүй гэж бодох япон хүн олон. Ингэхэд монгол хүмүүс бүгд хүсээд байна уу... айн?

  2. Хаанаас, ямар эх үүсвэрээс гарсныг хэлж мэдэхгүй боловч цөмийн хаягдал булшлах газар нь ойр хавьд амьд амьтны бараа үгүй, үхсэн хот буюу "ghost town" гэсэн мэдээлэл япон хүмүүсийн дунд тархсан бололтой. "Өргөн уудам онгон тал нутаг" гэдэг олон япон хүнд сайхнаар бууж, харах юмсан үзэх юмсан гэж сэтгэл хөдөлгөх зүйлийн нэг. Харин нэтэд "ногоон талд биш балгас хотод булна гэсэн шдээ” гэх коммэнт нэлээд харагдаж байна... юу гэж ойлгох уу? Мөн хаанахын, аль аймаг нутгийн "балгас хот" байж таарах уу?

  3.  Японы идэвх санаачлага гэхээс цаана нь Америкийн улсын явуулга байна гэж үзэх хүн олон
За тэгээд дор бүрдээ дүгнэлт хийнэ биз дээ.

2011/07/07

Ази 100 хүнтэй тосгон байсан бол...

Хятадад олон жил амьдарсан Япон улсын Мэйжигийн их сургуулийн хууль эрх зүйн тэнхимийн багш Катоо Тоорүгийн "Хятад хүн: хясаа болон хонь" номноос орчуулав.

Номны нэрийг махчилан орчуулбал "Хясаа болон хонины хятад хүн" гэж буулгах хэрэгтэй. Агуулгыг жаахан тодруулбал, "хясаа" нь 貝 буюу "дун хясаа" гэх утгатай ханзны түлхүүр бөгөөд зохиолч зүүн, зүүн өмнөд нутгийн хятад хүмүүс, тэдний үүсгэсэн соёлыг “хясааны соёл” гэжээ. Энэ түлхүүртэй бусад ханзыг дурдвал 財 買 販 貨 賭 貯 зэрэг “хөрөнгө”, “худалдаж авах”, “зарах”, “мөнгө”, “мөрийцэж тоглох” гээд бүгд мөнгөтэй холбоотой бөгөөд гарт баригдаж нүдэнд харагдах хэлбэр дүрс бүхий баялгийг заана.

Эсрэгээр хонь буюу 羊 түлхүүртэй ханз нь "сайн сайхан", "үзэсгэлэн", "сайн үйл" (義 美 善 養)зэрэг нүдэнд үл үзэгдэх баялгийг заах бөгөөд зохиолч Хятадын баруун, баруун хойд зүгийн нүүдэлчин улсуудын бий болгосон соёл ахуйг “хонины соёл” гэж нэрлэжээ. Гэхдээ нүүдэлчин гэнгүүт л = Монгол гэж ойлгож болохгүй. Манжууд нүүдэлчин ард түмэн байсантай адил зохиолч аль 3000 жилийн өмнөх Хятадыг ийнхүү хувааж, манай эриний өмнөх Күнзийг хүртэл “хонины соёлд” хамруулж тайлбарлана. Өөрөөр хэлбэл, Хятадын газар нутаг өргөжин тэлээгүй байсан үеийн “хясааны соёлтой” Хятад болон эргэн тойронд нь байсан боловч эдүүгээ Хятадад бүрэн ууссан “хонины соёлтой” улсууд хэрхэн нийлж хайлсаныг өгүүлээд, энэ өнцгөөс өнөөгийн хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээг тайлбарлахыг зорьжээ.

Доорхи орчуулга бол хятад хүмүүсийн газар нутгийн тухай үзэл бодлыг өгүүлэх бүлгийн хэсэг юм. Дунд нь орж амьдарч үзсэн биш, хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээний тухай нэлээд олон зүйлийг энэ номноос олж мэдлээ. Бас япон хүний өнцгөөс харж унших сонин байлаа.

Оршил яахав, уншигч та зохиогчийн тааврыг хөнгөхөн тааж дөнгөнө биз дээ :)

  Катоо Тоорү "Хятад хүн: хясаа хийгээд хонь", 2006
  加藤徹『貝と羊の中国人』   
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

 ... Ганцаараа нүд хаашаа бие тийшээ, тогтсон чиглэл төлөвлөгөөгүй аялан явж байгаад санаандгүй нэгэн тосгонд ирэв. Тосгоны тэг голд ойр хавийн байшингаас хэд дахин том нэг хашаа байшин байх ажээ. Тэр гэрийн урдуур өнгөрөх гэж байтал нас өндөр өвгөн буурай хашааны үүдэнд гарч ирээд,
 - Чи холын аяны хүн үү? Би энэ тосгоны захирагч байгаа юм. Манайд орж аяга цай ууж амраад аян замаа үргэлжлүүлбэл ямар вэ? хэмээн гэртээ урив. Би урилгыг дуртайя хүлээн авч гэрт нь орвол ам бүл тун олуулаа амьдардаг бололтой, гайхмаар өнөр өтгөн айл ажээ.
 Тосгоны захирагч намайг явуулын танихгүй хүн болохоор санаа нь амарсан уу, нэг мэдсэн яриа нь хөршүүдийн тухай гомдол болж хувирав.
 - Манайх гэдэг айл үеийн үед энэ тосгоныг удирдан зохицуулж, захирч ирсэн юм. Даанч сүүлийн үед тосгоныхон минийг үгэнд орохоо больж дураараа авирладаг болоод байна. Ингээд тосгоны захирагч хамар хажуугийнхаа айл бүрийг нэг нэгээр нь дуудаж дутагдлыг нь хэлж муулав.

 Тэр айл уул нь манайхаас тасарсан цусан төрөл боловч олны өмнө угсаа гарлаа умартсан үг хэлж ихэд даахалзах болсон. Ах захаа алдаад энэ хорвоо юу л болж байна даа...
 Ондоо тэр айл, дээхэн хотын якүза нарт дээрэлхүүлээд хэцүү байхад нь манайх тусалсан юм. Тэгсэн одоо яаж байна? Хүний ачийг умартаад хазаж хялайх ч энүүхэнд болж.
 Тэр нэгэн айл манай гэрийн газраас дур мэдэн тасдан авч тариан талбай болгочихсон байгаа юм даа.
 Бас тэр айл жижиг атлаа хэмжээ хэрээ мэдэхгүй, гоёмсог байшин босгочихоод тосгоны захирагч намайг тоох ч шинжгүй, хотыхонтой л найзархаад байдаг болж. Манайхаас ч элбэг дэлбэг амьдарч байх юм даа. За, гэхдээ тийм юмнууд өөдөлдөггүй хойно, удалгүй сүйрэх байлгүй.
 Бусдыг муулах ч яахав, ядаж байхад амин бүлд минь ичих нүүрэндээ илгэ наасан хэдэн нөхөр байна. Гэрийнхнийхээ мууг хүнд дуулгамааргүй ч, нууцаар хотын якүза нартай нийлээд бие дааж гал таслана гэж зүтгээд байгаа нөхдүүд бий. Хөгшин надад амар тайван байх хором ч олгохгүй юм.

 Тосгоны захирагчийн яриаг сонсвоос энэ тосгонд хүн шиг хүн бол зөвхөн захирагч бололтой. Бусад нь амин хувиа хичээхээс цаашгүй зальтай, санаатай хүмүүс юм байна. Бүгд хөгшин буурлын сайхан сэтгэлийг ашиглан мэхэлж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх аж. Иймд би энэ өвгөн буурлыг өрөвдөхгүй байж чадсангүй.
 Удалгүй дайлж цайлсанд талархсанаа илэрхийлээд захирагчийн гэрээс гарахад хажуугаар өнгөрч явсан тосгоны хүн намайг дуудаад
 - Та сая энэ гэрээс гараа юу. Юм юм л дуулаа биз дээ гэв.
 Би өөрийн эрхгүй толгой сэгсрэн үгүйсгэж,
 - Үгүй, үгүй. Захирагч надад тосгоныхоо түүхийг л ярьж өгсөн юм. Ярианаас нь би ихийг сурч мэдлээ гэж хариулав.
 Гэтэл тосгоны хүн яагаад ч юм уртаар санаа алдав.
 - Ярьдгаа ярьсаар л ... хэцүү ч юмаа даа. Тэр өвгөн манай тосгоны захирагч биш л дээ. Хэн ч сонгоогүй, сонгууль ч болоогүй байхад өөрөө захирагч, захирагч гэж зарлан тулгаад байгаа юм. Олон жил худал хэлээд, яваандаа давтсаныхаа тоогоор түүндээ итгэчихсэн бололтой. Иймдээ хүрэхээр өвчин л гэдэг байх даа...
  
 Миний толгой эргэх шиг болоход гэнэт нүдээ харж сэрэв. Зүүд байж дээ...

----------------------------------

 Энэ бол миний “Хэрвээ ази 100 хүнтэй тосгон байсан бол” элэглэлийн (пароди/parody, орч.) нэг хэсэг. Үүнийг номдоо оруулсан минь учиртай. Айл гэр болгон нэг улсыг заана. Чухам аль гэр ямар улс болохыг мэргэн уншигч та тааж мэдэх үү.

2011/07/01

Мүраками муухай


Ёоооооо.... Мүраками, Мүраками  л гээд байхим. Уншсан уу, учрыг нь олсон уу, утга төгөлдөр санагдав уу гээд амар заяа үзүүлэх юм биш. Бас болоогүй ээ, мэдээж дуртай биз дээ, дүгнэлт өндөр биз дээ ч гэх шиг.

Үгүй яахав дээ, өнөөгийн Японд байгаа хүн Мүраками Харүкиг тойроод тойроод хаа холдов гэж. Хоёр гурван зохиолыг нь уншсан, гайгүй санагдсан ч бий, гайтай санагдсан ч бий. “Kafka on the shore” этрийг нь их л мундаг үнэлсим билээ. Гэхдээ хэхэ, би өнөөдөр Мүракамиг рекламдах биш муулах гэсим.

Оюутан байхдаа яаж ч эргүүтэж явсан юм бүү мэд “ねじまき鳥クロニクル” (англи нэр нь "The Wind-Up Bird Chronicle", оросоор "Хроники заводной птицы" ) гэдэг мангар урт номыг унших аядсан юм. Аядсан гэдэг дундаас нь дургүй хүрч, дугуй хогийн сав уруу чулуудаж орхисон юм. Энэ номын нэг хэсэгт Халх голын дайн буюу японоор “Номонханы хэргийн” тухай гарна. За тэгээд монгол түмнийг тэнд юу гэж дүрсэлнэ гээч... Идэр залуу монгол цэргүүдийг "хорхой идсэн, шарлаж харласан, унаж цоорсон шүдтэй" гэж дүрсэлснийг нь энэ баагий Монгол явж үзээгүй юм байлгүй, хөдөөний хүмүүсийн танан цагаан шүдийг хараагүй байлгүй, сахар чихэр идэж өсөөгүй 30-аад оны хүмүүсийн шүд ямар сайхан байсныг мэдээгүй байлгүй, ядаж 60-аад оны баримтат кино үзсэн бол монголчуудын яралзсан цагаан шүдийг харж ангайх байсан байлгүй... гээд яахав, өнгөрөөе (*1). Аймшигт хэлмэгдүүлэлтийг үзсэн боловч "Эх орны торгон хилийг дайсны цэрэг давлаа, зарлаагүй дайн эхэллээ, арай хийж олсон тусгаар тогтнолд аюул нүүрлээд байна" гэж ард түмэн нэгдсэнийг "Монгол цэргүүд оросуудтай харьцуулахад байлдах ямар ч сонирхолгүй, хүсэлгүй, орос цэргүүдийн хуучин гутал хувцас өмссөн" гэж бичсэнийг нь яахав... монголчуудын үүх түүх, сэтгэл сэтгэхүйн тухай хумсын чинээ ч мэдлэггүй юм байна гэж өршөөе (би ер нь өгөөмөр шд).

Гэхдээ...

Хутга мэс маш сайн эзэмшсэн гэхийн хажуугаар монголчууд хүнийг зүгээр буудаж алах ямар ч сонирхолгүй улс гэвэл, яах вэ? Шууд үхвэл монголчуудын хувьд үзвэр биш гэнэ. Монголчууд амьтныг тамлаж таашаал авдаг ард түмэн, хүний арьс өвчиж баясдаг гэвэл яах вэ? Тэгэхдээ зүгээр нэг үхсэн хүний хүүр өвчихгүй, өвдөхгүй юм чинь сонирхолгүй. Амьд хүний арьсыг уран аргаар, удаан хугацаанд тамлаж өвчинө, хөөрхий баригдсан этгээд улаан нялга болж шаналж зовсны эцэст цус алдаж үхнэ гэж байвал яах вэ? Ухаан алдаж унана биз дээ. Монголчууд ийм биш ээ гэж энэ номыг зэрэг уншсан япон, хонконг найздаа хэлж уурлахад өөдөөс “Уран зохил шдээ, бага зэрэг уран сайхны халил ороо байлгүй” гэвэл бас яах вэ? Газар дээрээ нам муужирна биз дээ. Гэхдээ би мундаг тул муужраагүй ээ хэхэ... Дайсны цэргүүд ээ, биш ээ, үеийн хоёр найзаа сонсоцгоо гэж байгаад монгол түмэн, малчин ард, Халх голын дайн, Квантуны арми, бактереологийн зэвсэг гээд мангар урт лекци нэг амьсгаагаар уншиж сэнхрүүлсэн гэжүга. Одоо бодоход бас ч гэнки байж дээ.

Нэмж жаахан тодруулбал, монголчууд ийм тийм зэрлэг гэдгийг орос оффицер хэлж байгаам л даа, япон цэрэгт. Самурай нөхөөөр, чи эднүүсийг мэдэхгүй байна, эд чинь хүн төрхтэй араатнууд, дээр үед Оросыг эзлээд яасан гэж бодно... одоо чамайг ингэж тэгж тамлаж таашаал авах гэж байна, энэ хүн царайтай адгуусыг би сайн мэднэ, тиймээс чи бушуухан нууц захидлаа ч билүү, бичгээ ч билүү бидэнд өгөөдөх, тэгвэл цэрэг эрийн ёсоор чамайг суллаж тавина гэж авна. Самурай япон мэдээж баатарлагаар таг гүрийнэ. Тэгэнгүүт монгол цэрэг саран хутгаараа мөрийг нь нэг нарийхан зүсээд л гарынх нь арьсыг хуу татаж хуулна, дараа нь хөл, дараа нь нуруу, тэгээд чих хамар, эцэстээ... ёоо болилоо. Гол нь япон цэргийг ингэж тамлаж алахыг бусад монгол цэргүүд шал тоосон шинжгүй, өдөр тутмын явдал мэт харан зогссон гэжуга.

Гэх мэт Мүракамигийн бичсэнээр бол манайхны хүн тамлах аргын хажууд холливудын хоррор кино нь хонь хурга гардаг хүүхэлдэйн кино гэлтэй. Соц үед оросын Ян гээч баагий “Чингис хаан”, “Бат”, “Эцсийн далайн эрэг өөд” гурамсан романдаа монголчуудыг бүдүүлэг, хэрцгий (нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйн гэдсийг тоох ч үгүй хүүлдэг этр) зэрлэгийн дээд гэж бичсэнийг арай ч дээ гэж боддог байлаа. Гэхдээ яахав, тэр үеийн нийгэм нь тийм, Оросод тогтсон үзэл суртал нь тийм, ганц үгүй гэж өмөөрдөг нь Гумилев байсан юм чинь. Харин Яныг давж бичих нь Мүраками байж. Бодвол Ян нөгөө ертөнцөд монголчуудын харгис хэрцгийг би дутуу дүрсэлжээ, дулимаг зохиожээ гээд амаа барьсан байлгүй. Тэгээд бодсон юм л даа... Мүраками Монголд очиж үзээгүй, энд тэндэхийн хачин ном уншихад ийм юм толгойд нь орсон байх даа гэж. Аминхандаа ойлгохыг хичээсэн ухаантай. Тэгсэн үгүй бололтой... Ямар ч байсан энэ номоо бичсэнийхээ дараа 90-ээд оны дундуур Монголд аяллаар ирж Халх голд очсон байна лээ. Гэхдээ Монголд ирсний дараа бичсэн ганц хоёр эссэйг нь уншихад тэнд монгол хүмүүс алгаа, хов хоосон газар л японууд байлдаад байсан юм уу хаашаа юм... Монголд ирж нэгийг сонсож нөгөөг дуулах биш аль хэдийн өгөр толгойдоо өөрийн гэсэн өрөөсгөл үзлээ хийчихсэн ирж л дээ.

Ингэхэд Мүраками мандаад удаж байна аа... яавч эрүүл биш ээ, энэ үзэгдэл. 2007 онд Москва явсан, мэдээж номын дэлгүүр шагайсан. Тэгсэн бөөн Мүраками. Орчин үеийн залуу хүн Мүракамиг уншаагүй бол ориг бүдүүлэгт тооцогдоно гэнэ. Бүр “Мураками” гэдэг хамтлаг байж байгаам чинь. Гэхдээ яахав, ганц хоёр ном эргүүлэхэд японоор уншсанаас хавьгүй илүү санагдсан. Орчуулгын сайн уу, миний япон хэлний муу юу, бүү мэд... гэж эхэндээ бодсон боловч сүүлд Мүракамигийн ганц хоёр романыг англи, орос орчуулгатай нь тулган уншиж учрыг олов. Орос орчуулга нь японоор бичсэн гурав, дөрөв, заримдаа бүр тав, зургаан өгүүлбэрийг нэг өгүүлбэр болгож орчуулсан байна лээ. Маш ихээр танаж редакторлож орчуулсан гэсэн үг. Англи орчуулга нь ч мөн ялгаагүй, нэлээд хасаж байж часхийсэн орчуулга гаргасан байна лээ. Оросод Мүраками мандаж буй боловч, миний мэдэхийн япон хэлтэй орос хүмүүсийн дунд Мүракамид дуртай хүн байдаггүйн учир үүнд оршино. Мүракамид хорхойсож япон хэл сураад, энд ирж жинхэнэ эхийг нь уншаад "Ёоооооо, ийм нуршуу, ядаргаатай, зуурмаг цемет шиг зохиол байсиймуу" гэх орос хүнтэй хүртэл таарч байлаа. Юутай ч Мүракамиг оросоор уншихад ондоогоор бууна, өрнө зүгт нэр нь мандаж ном нь зарагдаж буйн учир хасаж редакторлосон орчуулгад буй болов уу. Надаас ганц хоёр хүн Мүракамид дуртай юу гэж асуухад "Яахав дээ, ганц хоёр зохиолыг нь уншсан, миний бодлоор mediocre" гэж хариулдаг, үнэндээ тэгж боддог юм чинь.

Хэзээ билээ, Чинагийн Галсан гуайн ярилцлага уншиж байсан юм. Хэмингуэйг хүндэлж шүтдэг байсан боловч Африкийн тухай зохиолыг нь уншаад, амьтны амь хороож ан агнах өвчтэйг нь мэдээд дургүй болсон гэж байсан. Ямар ч монгол хүн дургүй болох байлгүй. Жилд нэг удаа учир начиртай чоно авлаж байвал бас яахав. Тийм биш зүгээр л дайралдсан том, сүрлэг сайхан амьтан бүрийг будаад байгаам чинь. Бас ичихгүй ч "Надад Африк сонин биш, хүмүүс хүүхэд нь падгүй, түүх соёл нь хэрэггүй, зүгээр л амьтан буудуулаад аль" гэж байсан нөхөр. Монголд нэг баагий мөнгөөр онгоц хөлсөлж ирээд тийм юм хэлж ярьж бичвэл яах уу. Алуулна биз дээ. Тэр номыг уншсанаас хойш акул загас агнах зэрэг бусад тэмдэглэл зохиол нь ч арай ондоогоор (муугаар) буух болсон.

Мүраками ч Хэмингуэй шиг юм болсон гэх үү дээ... ганц номыг нь уншаад дурааааак вэ гээд дургүй болсон. Дургүй болсон тэр номыг хассан ч онц гэж дүгнэхгүй. Ялангуяа эссэй энэ тэр нь нэг уншаад мартагдана, дахиж уншмаар санагдахгүй. Өгүүллэгүүд нь яахав, өвөрмөц. Ер нь гэхдээ энэ хоёр hardboiled баагий нэг л биш гэх үү, эрүүл биш гэх үү.

Эргээд харсан чинь... үнэн удаан цам харайжээ, унтаж амрах минь.

------------------------------------------------------------------------------------------------

*1 90-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дараа япончууд Монголд ирж дайнд үрэгдсэн хүмүүсийн нийтийн булш ухаж япон, монгол цэргүүдийн араг ясыг ялгаж, япон цэргийн чандрыг нутаг нь буцаасныг бүгдээрээ мэдэх байх. Ингэхэд юугаар нь монгол, япон цэргийг ялгадаг байсан гээч? Шүдээр нь. Гучин хоёр шүд нь бүрэн бол монгол цэрэг. Шүд нь бүрэн биш, яажийсан сайжийсан бол япон цэрэг (за юу, Мүраками).

2011/06/30

К. Сакёо "Хуучин байшин"



  Комацү Сакёо "Хуучин байшин", 1978  
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)


  Үдшийн бүрийд гэнэт шатны зүгээс чимээ гарах шиг болоход би гайхсандаа чих тавин чагналаа. Уул нь хүн амьтны хөлөөс хол, эзгүй зэлүүд газар хэний ч юм бэ барьсан энэ ханхар том байшинд ганцаараа амьдарч байгаа юмсан... Муу байшин минь хуучныг ч хэлэх үү, хүмүүсийн дурыг булаах дөрвөн хант хэрхэвч биш. Тийм учир угийн зожиг зантай, хүн амьтнаас хол, ганцаар амьдрах дуртай надад яг л таарсан оромж юм. Өдий хүртэл анир чимээгүйд бясалгал хийж амгалан тайван амьдарч байлаа... Гэтэл яг одоо, энэ байшинд амьдарснаас хойш анх удаа, бясалгалыг минь хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл тасалдуулав.

  Шатны дор гарцаагүй хэн нэгэн байсан шүү...
  Хүнд юм чирж буй мэт дуу, үл ялиг ярианы шивнээ, шалаар явах хөлийн чимээ... энэ бүхэн хоёр давхарт байгаа надад тодоос тод сонсогдсон юм. Миний хамаг үс босох шиг болж бүх биеэр хүйт оргиод явчхав. Энд амьдарснаас хойш ийм юм тохиолдох нь анх удаа. Би хэсэг зуур унтлагын өрөөндөө хөлдсөн мэт хөдөлгөөнгүй байснаа арай хийж зориг орон шатаар доош бууж үзэв.
  Шатаар буухад зүрх минь гайхаж цочирдсондоо зогсчих шахав – манай тоос шороонд дарагдсан өргөн коридорт гэрэл ассан байлаа! Би техник технологийн орчин үед ор тас дургүй. Тиймээс өдий хүртэл байшиндаа цахилгаан чийдэн асаасан удаа үгүй билээ. Гэтэл хэн нэгэн гэрэл асаасан байх юм...

  Ийнхүү балмагдан зогсч байтал гэнэт коридорын цаад захын үүд алгуурхан хаагдаж харагдав... Тэгэхээр саяхан үүгээр хэн нэгэн яваад өнгөрчээ. Би айдсаа арай ядан дийлж шатаар буув. Тэгээд хаалганд сэмхэн дөхөж очоод аяархан түлхэж онгойлгоод дотогш шагайв. Гэтэл энэ өрөөнд ч гэсэн хэдэн жил асаагүй гэрэл асч байх юм. Мөн дотогш шагайсан яг тэр мөчид цаад булангийн зочны өрөө рүү орох хаалга тас хийн хаагдав... Надад цааш явах зориг байсангүй, би өрөөний хаалгыг аяархан хаагаад хонгил руу орох шатаар доош бууж үзэхээр шийдэв.

  Тэгтэл хэдэн жил онгойлгоогүй хонгилын хаалга ч хагас нээлттэй, хагарсан цонхны завсраар салхи исгэрэн орж байлаа. Сэмхэн дотогш гулсан орвол цахилгаан хуваарилах шүүгээ нүдэнд тусав. Гэвч... хаалт нь нээлттэй, хэн нэгэн цоо шинэ гал хамгаалагч суурилуулсан байх юм! Ингэхэд хэн гэгч нь... Миний мэдлийн хажуугаар болоод байгаа энэ бүхэнд гэнэт уур хүрээд би гүйн очиж цахилгаан хайрцгийн утсыг тасалж, шинэ гал хамгаалагчийг нь авч хаяв. Тэр даруй шатан дээрээс хорвоогийн ямар ч амьтны амнаас гарамгүй аймшгийн муухай орилох дуу сонсдов. Мөн дээд давхрын шалаар уур хилэндээ бачуурсан араатан нааш цааш таваргах хөлийн чимээ ч чих дэлсэв. Тэр аймшгийн чимээ төвөргөөнд балмагдсандаа би өөрийн эрхгүй чихээ таг даран харанхуйд сөхөрч суугаад энэ бүхэн бушуухан дуусаасай л гэж залбирч байлаа.

  Хэдий хугацаа өнгөрсөн бол?
  Дээрхи шуугиан арай хийж намдах шиг болоход би амьсгаагаа даран харанхуйд сэмээрхэн шатаар өгсөж эхэллээ. Гэвч хоёр гурван шат ахиснаа гэнэт дээш харвал, подвалын үүдэнд бүдэг гэрэл тусах шиг болов. Гайхаад дахин сайн харвал харанхуйд ганц лаа агаарт хөвж явна. Юу нь үл мэдэгдэх хар сүүдэр лааны суурийг барин хөлөө чирсээр хонгилын шат руу ойртоно. Пад, пад, пад гээд хөлийн чимээ хонгилын шатны голд ирэхэд би тэсэхээ байж, айсандаа чарлан хашгирч тэр хар сүүдрийн хажуугаар хамаг хурдаараа дээш гарахыг завдав. Тэр даруй энэ дэлхийд байж боломгүй төмөр зүсэх мэт аймшгийн муухай дуу гарч, өнөөх сүүдэр барьж байсан лаагаа над руу шидэв. Хонгилд архирах, хашгирах, юм хагарах, юм унах нүсэр шуугиан дэгдсэн ч би хоёр давхар өөд хамаг хурдаараа харайлгаж гараад өрөөндөө орж үүдээ лав хаав. Орондоо орон хөнжил нөмрөхөд хамаг бие хүйт оргин чичирч байлаа.

  Шөнө дунд...
  Гэнэт нүдэнд үл үзэгдэх аймшигт хүч намайг орноос чирж гаргав. Яаж ч эсэргүүцээд нэмэргүй, дийлж давамгүй далдын хүч аалзны шүлс мэт ухаан мэдэл, хүч чадлыг минь мохоон намайг унтлагын өрөөний гадагш татаж гаргав... Би хамаг хүчээ шавхаж байдгаараа эсэргүүрцсэн боловч тэр хүчнээс бултаж үл чадна. Тиймээс зүүдэндээ явдаг хүн шиг дэн дун унтлагын өрөөнөөс гарч нүдэнд үл үзэгдэх утсанд татагдан шатаар буув. Орилж хашгирч хүн дуудъя гэвч дуу гарахгүй байлаа.

  Шатаар буугаад урт коридорыг өнгөрөөд дэн дун зочны өрөөнд татагдаж ойртов. Даруй үүд нээгдэхэд зочны өрөөний ханын зууханд улаан гал дүрэлзэн асаж, тэр тамын гэлтэй улаан хүрэн галын гэрэлд аймаар царайтай эр эм гурав зогсаж байх нь бүдэг бадаг харагдах аж. Эмэгтэйн сүүдэр намайг харангуутаа аймшгийн дуугаар орилов. Нүд нь хурцаар гэрэлтэх эр миний зүг загалмай шиг юм чиглүүлэхэд нүдэнд үл үзэгдэх хүчний уяа тэр загалмайгаас гарч байсныг мэдэв.

  – Хэн бэ чи? – загайлмай барьсан эр дотор арзасхийм муухай дуугаар хашгирахад миний хамаг айдас хүйдэс тэр мөчид дээд цэгтээ хүрч дэлбэрсэн болов уу. Би үхлийн ирмэгт ирсэн мэт байдаг чадлаа шавхан тэр эр өөд дайрч, өрөөний ширээг эргүүлэн шидэлж, тавиур энэ тэрийг агаарт хөөртөл цохиж унагав. Тэр даруй аймшгийн орилоон чарлаан, тачигнаан түчигнээн зочны өрөөг орвонгоор нь эргүүлэх шиг болов.

------------------------------------------

  Маргааш нь үд дунд хоёр давхрын унтлагын өрөөний цонхон доор хүмүүс байр зуучлагчийг дайран зандарч байлаа.
  – Хэдий хямд гэлээ ийм байшинд амьдарна гэдэг гонжийн жоо!
  – Сүнстэй бол сүнстэй гээд анхнаасаа хэлэх хэрэгтэй шдээ!
  Гэвч зууч өдий болтол тийм яриа дуулаагүй гэж дахин дахин давтан тайлбарлаж байв. Ингээд байдгаараа уурлаж минчийсэн гурав машинд сууцгаав. Тэдний холдон одох моторын дууг сонсоод би унтлагын өрөөндөө арай хийн цээжээ даран тайвшрав.
  Ашгүй, нурж унах хүртэл нь энэ муу байшиндаа ганцаараа анир чимээгүйд бясалгал хийж амар тайван амьдрах боллоо. Хэдий сүнс ч гэлээ, тийм аймаар юм дахин бүү давтагдаасай гэж хүсэж залбирах минь.

2011/06/27

Нүд...

сонин санагдаад... нэг хуудасны талыг буулгаж үзэв.

向田邦子『父の詫び状』より 1981 
Мүкоода Күнико "Аавын уучлал гуйсан ил захидал" эссэйн түүврээс 

Хааяа амьтны хүрээлэн орж амьтдын нүд харж байгаад ирнэ.
Арслангийн нүд хүн сайтай хүний нүд шиг. Барын нүд хүйтэн агаад муу санаа өвөрлөгч мэт.

Баавгай том биетэй атлаа дотогш орсон жижиг нүдтэй болоод тэр үү, санаатай, зальхай харагдана. Хулсан баавгайн нүдний эргэн тойрны тэр хөөрхөн хар будгийг нь арилгачихвал мөсөн туйлын жирийн цагаан баавгайнаас онцын ялгаагүй болчихно.

Тэмээ зальтай нүдтэй. Заан яагаад ч юм Энэтхэгийн ерөнхий сайд Гандитай адил ухаалаг, бодлогошронгуй боловч болгоомжтой байхгүй бол болохгүй өвгөн шиг нүдтэй.
Анаашны нүд шилжилтийн насны ичингүйрэх охин мэт. Үхэр энэ ертөнцийн үнэн мөнийг танилаа гэх шиг, сонин ангижирсан нүдээр орчныг харан амаа хөдөлгөж байв.

Харин морь эр хүнтэй адил жаахан гунигтай нүдтэй байв. Уралдааны талбайг тойрч давхихаас цаашгүй морьд, түрүүлэх морьдын таамаг нь оноогүй цаасаа урж хаях эрчүүд, хэн мэдлээ, яг адилхан нүдтэй байж магад.

2011/06/12

Windmills of your mind


Саяхан ажлаар Ленинград явсан чинь... санаа сэтгэл сарны цаана орчих шиг болов. Цагаан шөнөөр хос залуус, үе тэнгийн найзууд, гадна дотны оюутнууд Нева мөрөн, усан оргилуур, гудамж талбайг өгсөн уруудан зугаалж буйг харах сайхан. Цаас бичиг, илтгэл тайлан, танилцуулга-торисэцүд нам дарагдаж, найгаж унатлаа ядарч гүрийсэн ч санаа бодол өөрийн эрхгүй ажил оффис биш арай ондоо юм руу шургана.

Зөөлөн бороо шиврээд л болиод л, улиангарын хөвөн энд тэнд хөвж хийсээд л, толгойд "Тополиный пух, жара июнь~ ♪♪" бөөн дуу бөөгнөрөлдөн орж ирээд л... Хамгийн гоё нь "Windmills of your mind". Ийм гоё үгтэй дуу ховор болжээ. Олигтой ганц мөрөө олон удаа давтдаг сүүлийн үеийн дуунуудтай зүйрлэшгүй.

   When you knew that it was over
   Were you suddenly aware
   That the autumn leaves were turning
   To the color of her hair


Буцах үед Шереметьевод зэргэлдээ гэйтийн нэг нислэг Улаанбаатар, нөгөө нь Токио. Ядаж байхад цаг нь хүртэл адил, орой найм ноль ноль. Монгол явж буй хажуу цуваагийханд атаархсан гэж жигтэйхэн, аймаар тааралдуулдж байгаам даа, бурхаан. Саранд зочилсон сэтгэл саатаж тэндээ үлдэхээр шийдсэн бололтой. Аль эсвэл борооны улирлын бор саарал өдрүүд өнгөрөхийг хүлээж байгаа юмуу, бүү мэд. Windmills of my mind-д юу л болоод байна даа.




 Windmills of Your Mind, 1968

 Music: Michel Legrand
 Lyrics: Alan Bergman and Marilyn Bergman
 
 

   Round, like a circle in a spiral
   Like a wheel within a wheel
   Never ending or beginning,
   On an ever spinning wheel
   Like a snowball down a mountain
   Or a carnival balloon
   Like a carousel that's turning
   Running rings around the moon
      Like a clock whose hands are sweeping
      Past the minutes on it's face
      And the world is like an apple
      Whirling silently in space
      Like the circles that you find
      In the windmills of your mind
 
   Like a tunnel you can follow
   To a tunnel of it's own
   Down a hollow to a cavern
   Where the sun has never shone
   Like a door that keeps revolving
   In a half forgotten dream
   Or the ripples from a pebble
   Someone tosses in a stream.
      Like a clock whose hands are sweeping
      Past the minutes on it's face
      And the world is like an apple
      Whirling silently in space
      Like the circles that you find
      In the windmills of your mind
 
   Keys that jingle in your pocket
   Words that jangle your head
   Why did summer go so quickly
   Was it something that you said?
   Lovers walk along the shore,
   And leave their footprints in the sand
   Was the sound of distant drumming
   Just the fingers of your hand?
   
   Pictures hanging in a hallway
   And a fragment of a song
   Half remembered names and faces 
   But to whom do they belong?
   When you knew that it was over
   Were you suddenly aware
   That the autumn leaves were turning
   To the color of her hair
      Like a circle in a spiral
      Like a wheel within a wheel
      Never ending or beginning,
      On an ever spinning wheel
      As the images unwind
      Like the circle that you find
      In the windmills of your mind

2011/05/19

Р. Акүтагава "Бисэйн итгэл"

 

Акүтагава Рюноскэ "Бисэйн итгэл"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Бисэй түрүүнээс хойш тэр бүсгүйн ирэхийг хүлээж гүүрэн дор зогсож байлаа.

  Дээш харвал гүүрний өндөр чулуун хашлага дундуур мөлхөө ногоо талд нь хүртэл ороон ургажээ. Хашлагын завсраар нааш цааш холхих хүмүүсийн хувцасны цагаан хормой жаргах нарны хурц туяанд үе үе гялтас хийн салхинд дэрвэнэ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй аяархан исгэрэнгээ гүүрний доорх эрэг хөвөөг ажиглав.
  Гүүрний доор хоёр цүбо(*) хүрэхтэй үгүйтэй шар эрэг устай шууд залгана. Эрэг дагуу ургах зэгсний дунд үхэр хавчны гэр бололтой хэдэн дугараг нүх байх агаад давалгаа цохих болгонд үл мэдэг палхийх дуу сонсдоно. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хүлээж ядан усны захад очоод ганц ч завь үл өнгөрөх голын намуун мандлыг ширтэн харав. Голын хөвөөгөөр ногоон зэгс завсар зайгүй битүү ургажээ. Энд тэнд зэгсний дээрээс уд модууд мөчир навчаа унжуулан саглайн найгана. Зэгс ус руу түрж шигүү ургаснаас эрэг хоорондын урсгал голын өргөнийг бодвол нарийн харагдана. Тунгалаг усан тууз гялтгануур шиг ганц үүлний сүүдрийг алтлан зэгс бургасан дундуур намуухан үелзэн урсана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усны захаас холдон нарийн эргээр нааш цааш хохин үдшийн бүрийд аажмаар автан уусах эргэн тойрны анир чимээгүйг чагнав.
  Энэ хооронд гүүрэн дээгүүр зөрж өнгөрөх олны хөл татарсан бололтой. Хүний хөл, малын туурайн чимээ, дугуйн чихрах дуу – аль аль нь дээрээс сонсогдохоо больжээ. Салхины сэвэлзээ, зэгсний шивнээ, усан долгионы чимээ л сонсдож, үе үе хаа нэгтээ хөх дэглий дуу хадаана. Гүн бодолд автсан Бисэй алхаагаа зогсооход хэдийнээ түрлэг эхэлсэн бололтой, голын шар эргийг угааж долгиолох ус түрүүнийхээс ойрхон гэрэлтэх ажээ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хөмсгөө зангидан, тэсэлгүй бүдэг харанхуй эргээр хурдан хурдан алхаж эхлэв. Тэр зуур голын ус сөөм сөөмөөр, төө төөгөөр эрэг өөд дээшилсээр байлаа. Голын ус нэмэгдэхийн хэрээр замаг зааг хийгээд усны үнэр сэнхийж, хамаг биеэр нь сэрүү татуулан сэвшинэ. Дээш харвал гүүрэн дээр тусч байсан жаргах нарны хурц гэрэл аль хэдийнээ тасарч, зөвхөн гүүрний хашлага л үл ялиг хөхрөх үдшийн тэнгэрт хайчилбар мэт харлаж харагдана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй эцэстээ арга буюу зогсов.
  Голын ус гутлыг нь норгон, ган болдоос ч хүйтэн гэрэл цацруулан гүүрэн доорх эргийн хэвгий хэлтгий бүрийг дүүргэж халив. Тийм учраас тун удахгүй өвдөг, гэдэс, цээж нь түрэлтийн өршөөлгүй их усанд автах нь гарцаагүй. Үгүй, энэ хооронд усны төвшин улам дээшилж, одоо бүр хоёр шилбэ нь голын усанд харагдахаа болив. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усан дунд зогссон чигээрээ эцсийн найдварын дөлөөр байн байн гүүр өөд, тэнгэр өөд ширтсэн хэвээр.
  Цээжээр нь татсан голын уснаа үдшийн бүрий улам хөхрөн гүнзгийрч, хол ойр шигүү ургасан зэгс бургас, уд модууд навчсынхаа гунигтай шивнээгээ л манан дундаас илгээх ажээ. Гэнэт алгана бололтой загас уснаас Бисэйн хамрыг шүргэн үсэрч гараад, цагаан гэдсээ эргүүлэн эх голдоо эргэж оров. Загас харван өнгөрсөн тэнгэрийн энд тэнд хэдийнээ одод анивчиж, хурдан нөмрөх шөнийн харанхуйд мөлхөө ногоонд ороогдсон гүүрний хашлага ч ялгарахаа байжээ. Гэвч бүсгүй ирээгүй л байлаа.

  -----------------------------------------

  Шөнө дунд сарны гэрэл зэгс бургас, уд моддыг нэлд нь гэрэлтүүлэх үед голын ус үелзүүр зөөлөн салхитай шивнэн ярилцаад гүүрэн доороос Бисэйн биеийг дөлгөөн долгионоороо бүүвэйлэн далай өөд аажуухан авч одов. Гэвч түүний амин сүнс тэнгэрийн голд ганцаар гуниглах сарны гэрлийг санаж хүсээ юм болов уу. Тэрээр эзэн биеэ сэмхэн орхиж, ус хийгээд замагны үнэр мөрөн голоос аниргүй ууршихын адил үл ялиг цайх тэнгэр өөд хөөрөн одсон билээ...

  Түүнээс хойш тэр сүнс тоймгүй олон удаа төрөл арилжсаны эцэст хэдэн мянган жилийн дараа дахин хүн болж төрөх тавилантай байжээ. Тэр нь миний энэ биед заяасан сүнс юм. Тиймээс би орчин үед төрсөн ч утга бүхий ажил хийж эс чадна. Би гэгээн өдрөөр ч, харанхуй шөнөөр ч манан мэт мөрөөдөлд автан амьдарч, гагцхүү ирж магад ид шид, гайхамшгийг хүлээнэ. Яг л үдшийн бүрийд, гүүрний доор үүрд үл ирэх хайртыгаа хүлээж байсан Бисэй лүгээ адил.

Тайшёо 8 оны 12 сар (1919 оны 12 сар)

*********************************************************************

* цүбо - талбайн нэгж, ойролцоогоор 3.3м2
* япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/24_15235.html

2011/05/17

"Рашёомон" өгүүллэг - нэрний учир



Акүтагава Рюүноскэ япон үлгэр домог болон эртний уран зохиолоос санаа авч бичсэн зохиол олонтой. Жишээ нь "Рашёомон" өгүүллэг нь Хэйан үеийн (794-1185/1192) сүүл хэсэгт зохиогдсон Японы эртний уран зохиолын дээжис "Конжякү моногатари" буюу "Эрт эдүүгээгийн цоморлиг"-ийн 29-р ботийн 18-р өгүүллэгээс санаа авч бичсэн зохиол юм. Конжякүгийн эл өгүүллэг Акүтагавагийн зохиолтой нэр бөгөөд үйл явдлын хувьд төстэй: Хэйанкёо буюу одоогийн Кёото хотын гол хаалга дээр нэгэн барлаг эр үхдэл хүүрийн үс зулгааж буй эмгэнтэй тааралдна. Харин Акүтагава энэ зохиолын нэрийг тэр чигээр нь зээлдэж авахдаа нэгэн бяцхан өөрчлөлт оруулсан нь монгол хэл рүү орчуулах аргагүй бөгөөд гагцхүү ханз үсэг сурсан хүмүүст л ойлгогдоно.

Эрт эдүгээгийн цоморлигийн эл өгүүллэгийг японоор 羅城門 гэж бичнэ. 羅城 (ражёо) гэдэг нь дээр үеийн хот цайзыг тойруулж барьсан хэрэм хаашааг хэлэх бөгөөд 門 (мон) гэдэг нь “хаалга” гэсэн утгатай ханз юм. Нийлээд 羅城門 (ражёомон) гэдэг нь хот уруу орох гол хаалга гэсэн утгаатай болно (дээрхи зураг бол Кёотогийн урлагийн музейд хадгалагдаж буй Ражёомон хаалганы загвар). Харин Акүтагавагийн өгүүллэгийн япон нэр нь 羅生門 буюу "Рашёомон" тул зохиолч голын ханзыг өөрчилсөн нь илэрхий. Ингээд асуулт...

Акүтагава ямар учраас 羅城門 нэрийг 羅生門 болгож өөрчлөв?

Айхтар асуулт мэт боловч зохиолыг уншсан бөгөөд ханз мэддэг хэн ч амархан хариулж дөнгөх байх. “生” гэдэг нь “төрөх”, “амьдрах” гэсэн утгатай ханз. Зохиолын баатар бузар булай, муу муухайгаас жигшин зэвүүцэх ч эцэстээ муу замын мөр хөөнө. Амьдралын эрхээр хүн юу ч хийж магад, эмгэн шиг бузар булай үйлийн хүчинд амьд явах хүн ч байна. Үхэх үү сэхэх үү, өлсөх үү хулгай хийх үү... энэ бүхний цаана хүний амьдрах хүсэл, амьд явах хүслэн байгааг Акүтагава ийнхүү ханз өөрчилж харуулсан болов уу.