2024/09/23

"Амьтдын ертөнц"-ийн ая


Багадаа энэ аяыг сонсохын төлөө л “Амьтдын ертөнц” нэвтрүүлгийг долоо хоног тэсэн ядан хүлээдэг байлаа:




Гэтэл “Амьтдын ертөнцөд”-ийн ая угтаа бол Поль Мориагийн “Alouette” (“Бялзуухай”) зохиомж байжээ:




Харин Поль Мориагийн зохиомж нь угтаа бол Аргентин хөгжмийн зохиолч Ариэль Рамиресийн “Navidad nuestra” (“Бидний зул сар”) кантатагийн 10 дугаар “La peregrinación” (“Мөргөлийн аян”) хэсгийн ая байжээ. Төрөх нь дөхсөн Мария, Иосиф хоёр оромж эрэн бэдэрч яваа тухай өгүүлэх дуу. Атеист & материалист үзэл ноёрхож, бурхан байхгүй гэж сургуульд зааж байсан соц жилүүдэд сая сая хүүхдүүд долоо хоног бүр энэ аяыг сонсож байсан гэж бодохоор хорвоо гэдэг үнэхээр хошин шогийн мэдрэмжтэй юм аа.



2024/09/01

Сагамхайн дайн

 

1944 онд тусгаар тогтнолоо олсон Исланд улс сагамхай загасны баялагтаа түшиглэн арлаа хөгжүүлэхийг зорихдоо Англитай “Сагамхайн дайн” (Cod Wars) хийж байсан түүхтэй. 18 жил үргэлжилж бяцхан Исландын ялалтаар төгссөн энэ дайны тухай олон ном, нийтлэл уншиж болох ч Юрій Гудименко хошин аргаар базаж дүрсэлснийг сонирхуулъя (хараалын үг зайлшгүй хэрэглэсэн гэх тайлбарыг уншин тэр чигт нь буулгав). Монгол шиг жижиг улсад сургамжтай л болов уу.

Юрій Гудименко “Сагамхайн дайн” (+18)
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)


Оролцогчид:

Британийн Эзэнт Гүрэн — хүн ам 51 сая, цөмийн зэвсэгт улс.
Исланд — хүн ам 300 мянга, зэвсэгт хүчингүй улс.
НАТО — цэрэг, улс төрийн эвсэл. Англи, Исланд зэрэг гишүүн оронтой.
Бусад улс — ЗХУ, ХБНГУ, АНУ болон бусад.

Нэгдүгээр бүлэг, 1958 он

Исланд: Надад сагамхай загас хэрэгтэй байна.
Бусад улс: Наад, хм, бичкэн арлынхаа эргэн тойронд 4 миль устай биз дээ, тэндээ барьж байхгүй юу.
Исланд: Надад үүнээс илүү сагамхай загас хэрэгтэй байна.
(Исланд арлынхаа эргэн тойрон дахь 12 миль бүсийг Исландын эзэмшил гэж зарлана)
Бусад улс (нэгэн зэрэг): Өө зөө, зөө!
Исланд: Сагамхай, сагамхай, сагамхайхан минь...
Британи: Хөш, чи...
Исланд: (засна) Та.
Британи: Хөш, та. Би наана чинь загас барьж байсан чигтээ барих болно. Ойлгов уу?
Исланд: Ална шүү.
Британи (шоконд): Юу гэнэ ээ?!
Исланд: Ал-на шүү.
Британи: Би цөмийн зэвсэгтэй шүү.
Исланд: Намайг яг онож харагдаач.
Британи: Би тэнгисийн цэрэгтэй.
Исланд: Удахгүй усан цэргийнхээ тухай одоо цагт ярьж байснаа сайхнаар санагалзах болно.
Британи: Чиний хүн ам миний усан цэргийн тооноос бага шдэ!
Исланд: Зүгээр ээ. Сагамхай англи маханд сайн таргална аа.
Британи: Чи муу...
(Английн загасчид Исландын тэнгисийн бүсэд загасчилсан хэвээр байна)
Исланд: (бодлогошронгуй) Ална аа.
(Исландын эргийн хамгаалтынхан Англи онгоцнуудыг хүрээлэн загасны торыг нь тайрна)
Британи (сүүтэй цайндаа хахаж цацан): Та нар чинь галзуураа юу!...
Исланд (сэтгэл хангалуун): Британи одоо л Исландыг “та”-лж байна уу даа.
Британи: Надад сагамхай хэрэгтэй!
Исланд: Үгүй ээ. Сагамхай загас Исланд бас Зөвлөлт Холбоот Улсад хэрэгтэй. Хөөе, Зөвлөлт Холбоот оо, жаахан загас авах уу?
ЗХУ (холоос): Загас аа? Авъя, авъя!
Британи: Сда.
(Англи загасчдаа гарган, Исландын 12 миль бүсийн онцгой эрхийг хүлээн зөвшөөрнө)

Хоёрдугаар бүлэг, 1972 он

Исланд: Надад сагамхай загас хэрэгтэй байна.
Британи: Дахиад уу?!
Исланд: Надад. Сагамхай. Хэрэгтэй.
(Исланд онцгой эрх нь арлын эргэн тойрон дахь 50 миль бүсийг хамарна гэж зарлана)
Бусад улс (нэгэн зэрэг): Чи галзуураа юу!
Исланд: (засна) Та.
Британи: Муу амьсгаа чинь, ёстой дургүй хүргэчихлээ.
Герман: Миний ч бас. Надад ч бас сагамхай хэрэгтэй байж мэднэ!
(Их Британи, Герман хоёр Исландын далайн бүсэд загасчлахаа үргэлжлүүлж тэнгисийн цэргийн онгоцоор загасчдаа хамгаална)
Исланд (бодлогошронгуй): Ална аа. Аль алийг нь.
(Исландын эргийн хамгаалалтынхан Англи загасчдын торыг таслах гэж оролдсон боловч Британийн тэнгисийн цэргийн анхааруулах буудлагад өртөнө)
Исланд (тайвнаар): Би алдаггүй юм гэхэд бусад нь алаад өгнө... (утасны харилцуур авна) Байна уу, АНУ? Исланд ярьж байна. Биш ээ, Ирланд биш Исланд. Үгүй ээ, хоёр өөр улс шдэ. Ална шүү. Аан, танд хэлээгүй юм аа, хараахан. Манай энд танай цэргийн бааз байдаг, санаж байна уу? “Одоо хүртэл” гэж юу гэсэн үг юм? Ер нь тэгвэл байгааг байхгүй болгочихъё л доо. Энд биднийг дээрэлхэж байхад танай баазын хэрэг алга. Оронд нь ондоо, улаан бааз тавьчихъя. Баавгайтай бас товчлууртай. Бас оросуудтай. “Хэрэггүй” гэж юу гэсэн үг вэ? Аан, “асуудлыг шийдэх” юм уу? За ок, хурдан шийдээрэй. Чао (утсаа тавина).
ЗХУ: Намайг дуудсан уу?
Исланд: Үгүй, хий санагдсан байх.
ЗХУ: Сагамхай гэхдээ байна уу?
Исланд: Байхгүй. Живчихсэн.
ЗХУ: Харамсалтай юм.

АНУ: Хөөе, Исландын усан бүсэд байгаа хоёр оо!
Британи, Герман (нэгэн зэрэг): Юу?
АНУ: Наанаасаа зайлцгаа, плз.
Британи: Гэхдээ сагамхай...
АНУ: Сагамхай цээж хорсгоно.
Британи: (цөхрөнгүй) Сда...
(Британи, Герман хоёр Исландын далайн бүсээс гарна)
Исланд: Дараагийн удаа алаад өгнө өө.

Гуравдугаар бүлэг, 1975 он

Исланд: Надад сагамхай хэрэгтэй байна.
Британи, Герман хоёр (эргэж харснаа шивнээгээр): Тонил цаашаа.
Исланд: Надад. Сагамхай. Хэрэгтэй.
(Исланд онцгой эрх нь одоо арлын эргэн тойрон дахь 200 миль бүсийг хамарна гэж зарлана)
Бусад улс: Исланд чи чинь... биш ээ, та чинь...
Исланд (дундаас нь таслан): Ална шүү.
Герман (тайвнаар): Алаад өгөх байх.
Британи: Жулдрайнууд аа, хараад сурцгаа.
(Британи Исландын далайн бүс дахь загасчдаа хамгаалахын тулд дахин тэнгисийн цэрэг оруулна)
Исланд (бодлогошронгуй): Би долоон онгоцтой. Британи зуугаад онгоцтой. (Алгаа үрэн) Бид викинг өвөг дээдэстээ агуу ялалтаар бэлэг барьна!
Герман (шивнээгээр): Исланд солиорчхож, мэдрэлийн эмч дуудаарай.
Исланд: Эргийн хамгаалалт гаргаарай!
(Хуучин “Тор” онгоц арайхийн булангаас гарч, Английн гурван онгоцны замыг хааж зогсоод тулалдаж эхэлнэ)
Бусад улс (нэгэн зэрэг): Исланд солиорчхож, мэдрэлийн эмч дуудаарай.
Исланд (муухай хөхрөн): Вальхаллагийн ордон биднийг хүлээж байна, тэнд бид өвөг дээдэс Одинтэй(*1) хамт үүрд нэг ширээний ард найрлах болно!
Бусад улс (шивнээгээр): Будаа.
(Исланд, Английн хөлөг онгоцнууд нэг нэгээ хөөж буудалцана)
АНУ: Сда. Та хоёр чинь...
Исланд: (үл сонсон) Байлдацгаа англи хархнyуд аа! Та нар саарал Нифльхэймд агуу Хэлийн өлмий дор байхдаа таарсан улс! Хар хэрээний тугийг харцгаа! Агуу Тор бидэнтэй цуг! (*2)
АНУ: (сандран) Хүүе, та хоёр чинь хоёулаа НАТО-ийн гишүүн шдэ!
Исланд: (эргэж харан) Одоо бол үгүй чиш.
АНУ: (aйдаст автан) Юу гэсэн үг юм?!
Исланд: Бид муу сайн хулчгар Англи хархнуудтай мөр зэрэгцэхгүй. Бид НАТО-оос гарч байна.
Бусад улс (нэгэн зэрэг): Алчдийм байна!...
АНУ: (хувхай цайн) Үгүй та нар чинь хойд тэнгис дахь НАТО-ийн цорын ганц бааз шдэ!
ЗХУ: (гэтэж очин) Наад хэсгээ жаахан тодруулна уу...
АНУ: Сда! Британи! Чамтай хоёр үг сольж болох уу?
Британи: (дурамжхан) За бас юу болов?!
АНУ: Зайл наанаасаа!
Британи: Энэ бол зарчмын асуудал!
АНУ: Ална шүү!
Исланд: АНУ зайл даа, би наадхыг чинь түрүүлж харсан!
АНУ: Чи бүр солиорчээ!
Исланд: (сагамхайгаар даллан) Баавгай түүхий загасанд дуртайг мэдэх үү. Түүхэн факт шүү.
ЗХУ: За-а-а-га-а-а-а...
АНУ: Сда! Британи!!
Британи: (сэтгэл дундуур) Новш гэж...
(Их Британи тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудаа татаж, Европын бусад орны араас Исландын 200 миль бүсийн онцгой эрхийг хүлээн зөвшөөрнө).

-----------------------------------------------------------------------------------------
*1 Вальхалла – “үхэгсдийн ордон”, “үрэгсдийн ордон” – скандинавын домгоор тэнгэрийн хот Азгард дотор байдаг ордон; дайны талбарт үрэгдсэн цэргүүд энэ ордонд очиж баатарлаг амьдралаа үргэлжлүүлнэ хэмээдэг. Один – дайн, тулаан, ялалтын бурхан.

*2 Нифльхэйм – Герман-скандинавын домог зүйд есөн ертөнцийн нэг; мөс, манангийн орон. Хель – үхэгсдийн орныг захирах бурхан. Тор – аянга, цахилгааны бурхан.