Японд өрнөж буй нэг маргаан танилцуулъя. Юу вэ гэвэл, Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн салах ёсыг 9 сарын 27-нд гүйцэтгэхээр товлосон боловч энэ тухай сонин сэтгүүл, интернэтээр нэлээд ширүүхэн үзэж байна. Уул нь 7 сардаа хэлэлцэж хэрэлдэж дуусаад 8 сарын дундуур гэхэд нэг тийш болох болов уу гэж бодож байсан юм. Гэтэл үгүй шүү, цаг дөхсөн атал улс төрчид маргасан хэвээр & хүмүүс эсэргүүцсэн хэвээр. Хэрэг явдалд шаардагдах зардлын тоо ихсэх тусам эсэргүүцэх хүмүүсийн эгнээ ч нэмэгдэж буй бололтой.
Юуны түрүүнд нэр томьёоны тухай жаахан тодруулъя. Япон улсын шинэ үеийн түүхэнд гавьяа байгуулсан, улс орныхоо төлөө ихийг зориулсан, ерөнхий жанжин, ерөнхий сайд зэрэг цэрэг, төрийн өндөр алба хашсан хүнийг нас барахад улсын төсвөөс зардлыг нь гаргаж салах ёс гүйцэтгэдэг уламжлал байсан. Энэ салах ёсыг 3 ангилж болно:
国 葬 улсын салах ёс
国民葬 түмний салах ёс
合同葬 хамтын салах ёс
Абэ сайдын тухай монголоор бичсэн ганц хоёр мэдээ уншихад “улсын оршуулга” гэж орчуулсныг би хувьдаа алдаа гэж бодох боловч бичсэн эзнийг эс буруутгана. Манайхан англи мэдээ орчуулахдаа "state funeral” гэснийг үгчлэн монгол руу “улсын оршуулга” гэж буулгаж буйг ойлгож болно. Гэхдээ бичсэн юмаа жаахан шалгаж нягталдаг бол англи state funeral, япон 国葬 хоёрын утгыг ойлгож, арай өөрөөр орчуулах байсан болов уу.
Монголоор “оршуулга” гэвэл “нутаглуулах”, “хөдөөлүүлэх” гэсэн утга даламгайлна. Харин 国葬, 国民葬, 合同葬 тус бүрийн ханзны утга "улс+оршуулга", "ард түмэн+оршуулга", "нийлэх/хамтрах+оршуулга" мөн боловч үгийн утгын хувьд хөдөөлүүлэх ёслол буюу чандарлаж оршуулах ёслол өндөрлөсний дараа (зарим тохиолдолд бүр жилийн дараа) гүйцэтгэдэг "олон түмэн оролцсон томоохон хэмжээний салах/үдэх ёс"-ыг заадаг учир би монголоор тус бүр "улсын салах ёс", "түмний салах ёс", "хамтын салах ёс" гэж буулгана. Илүү зөв орчуулга санал болгох хүн байвал welcome.
Гол оршлоо үүгээр өндөрлөөд, юун тухай маргаан өрнөөд буйг бичихийн тулд эдгээр гурван салах ёсны ялгааг товч дурдъя:
国 葬 state funeral / улсын салах ёс:
Төрийн дээд зэргийн салах ёс, зохион байгуулагч нь Засгийн Газар буюу төр, зардлыг 100% улсын төсвөөс гаргана. Дэлхийн II дайны дараах Япон улсын түүхэнд зөвхөн Ёшида Шигэрү сайдыг нас барахад улсын салах ёс үйлдсэн ч тухайн үед эсэргүүцэн шүүмжлэх хүмүүс ч их байж. Гэхдээ тэр үед засаг барьж байсан Жиминто буюу Либерал Ардчилсан Нам (ЛАН) гэнэт шийдвэр гаргаад, гэрлийн хурдтай (7 хоногийн дотор) гүйцэтгэсэн учир олон түмэнд эсэргүүцлээ илэрхийлэх сиймхий бараг гараагүй аж. Тиймээс яах ийхийн зуургүй, хүчээр хэрэгжүүлсэн ёслол байсан гэж болох аж.
Онцлог: 100% төрийн салах ёс учир аливаа шашинтай холбоотой бүх үйл хориотой. Шинто шүтлэг, бурханы шашны лам урьж болохгүй, ном судар уншиж болохгүй, хүж уугиулж болохгүй, лаа асааж болохгүй зэрэг аливаа шашныг санагдуулах бүхэн тас хориотой.
国民葬 national funeral / түмний салах ёс:
Төрийн дунд зэргийн салах ёс, зардлын ихэнхийг улсын төсвөөс гаргах боловч эрх баригч намын төсөв, олон түмний хандиваас мөн бүрдүүлнэ. Тийм учир "ард түмний оролцоотой" салах ёс гэж болно. Дайны дараа зөвхөн Сато Эйсакү сайдыг өөд болоход түмний салах ёс гүйцэтгэсэн байна.
合同葬 joint funeral / хамтын салах ёс:
Засгийн Газар, эрх баригч нам хоёр хамтран зохион байгуулна. Дайнаас хойш тувт ЛАН засгийн эрх барьсан учир ЗГ & ЛАН хоёрын салах ёс ч гэж болно. Зардлыг улсын төсөв & эрх баригч намын төсвөөс гаргана. Ер нь ерөнхий сайд хүнийг нас барахад хамтын салах ёс гүйцэтгэх уламжлал тогтоод удаж буй.
Саяхан Ерөнхий сайд асан Накасонэг нас барахад хамтын салах ёсыг 2020 оны 10 сард цар тахлын улмаас маш цомхон гүйцэтгэсэн боловч, хэдий цомхон ч гэлээ 190 сая иен буюу $1.5 зарцуулсны талыг улсын төсвөөс гаргав. Абэ сайдыг өөд болоход ЛАН 9 сарын 27-нд улсын салах ёс гүйцэтгэнэ хэмээн зарлаж, төсвөөс 250 сая иен зарцуулна гэхэд эхэндээ хүмүүс "аргагүй аргагүй" гэцгээсэн боловч хугацаа өнгөрч, шок буурах тусам "Ингэхэд, яахаараа улсын салах ёс билээ?" хэмээн тайлбар нэхэж, эсэргүүцэл илэрхийлэх нь ихсэж буй бололтой. Нэгийг анхаарууштай нь, ерөнхий сайдын алба хашсан хүнийг нас барахад заавал олон түмэн оролцсон салах ёс гүйцэтгэдэг учир, Абэгийн хувьд салах ёс хийх эсэх (0 иен гаргах уу, 250 сая гаргах уу) биш энэ гурван салах ёсны алийг гүйцэтгэх тухай маргаан өрнөөд байна л даа. Гэхдээ нарийн учрыг мэдсэн мэдээгүй "Ер нь салах ёс хэрэгтэй юу?" хэмээн эсэргүүцэх хүмүүс ч олон байна.
Абэгийн юуг үнэлж улсын салах ёс гүйцэтгэхээр болов гэхээр... эрх баригч намын байдал жаахан барьцгүй аж:
1. "Орчин цагийн Япон улсын түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан (3188 хоног) хашсан" гэх боловч олон түмэн "Удсан үгүй нь хамаагүй, юу хийсэн нь хамаатай, юу хийснийг нь үнэлэхэд хараахан эрт байна" хэмээн эсэргүүцнэ. Ер нь Абэномиксийн үнэлгээ, Зуны Олимп, цар тахлын үеийн арга хэмжээ, олон улсын харилцаа, Хятад & Солонгосын байдал гээд ёстой тал талаас, янз бүрээр маргаж байгаа ч хамгийн гол нь "Эдийн засаг ийм хэцүү байхад, юмны үнэ өсөж ард түмний амьдрал доройтож байхад улсын төсвөөс ийм их мөнгө гаргаж болох уу?!" гэдэг эсэргүүцэгчдийн гол аргумент болоод байна. Хэдхэн хоногийн өмнө зардлын тоог нэмээд 1.65 тэрбум иен буюу 12 сая доллар болно гэж зарласан нь маргаанд дарь нэмсэн нь ч ойлгомжтой...
2. Эсэргүүцэх бас нэг шалтгаан бол улсын салах ёс үйлдэх хууль зүйн суурь байхгүйд оршино. Мэйжи, Тайшёо үеийн гавъятнуудыг Их Япон Улсын хуулийн дагуу эцсийн замд үдэж байсан бол дайны дараа өмнөх хуулийг халж, шинэ Үндсэн хууль баталж, мөн холбогдох хуулиудыг халж шинэчилсэн учир төрийн хэмжээний салан ёс гүйцэтгэх хуулийн үндэслэл байхгүй аж. "Хуулийн үндэслэл байхгүй ч тогтсон уламжлал бий" гэж зөвтгөх хүмүүс байгаа ч Засгийн Газрын зүгээс Хууль зүйн яаманд үндэслэл олохыг тушааж, хүчээр үндэслэл гаргаж ирсэнд олон хүн дургүйцэх аж → сайн мэдэхгүй ч сонин хэвлэлээр тийнхүү тушаасан гээд л шуугиад байна... үнэн л байх.
3. Нэмж хэлэхэд, хамтын салах ёс гүйцэтгэж үдсэн Накасонэ бол Япон улсын хамгийн дээд шагнал болох Эзэн хааны Удвал цэцгийн одонг амьд сэрүүн цагтаа гардан авсан 3 ерөнхий сайдын нэг бөгөөд олон түмэнд нэртэй хүндтэй мундаг ерөнхий сайд байсныг дурдах нь зүйтэй (бусад ерөнхий сайдыг нас барсных нь дараа энэ одонгоор шагнасан бөгөөд Абэг ч мөн удахгүй шагнах байх). Дурдах шалтгаан бол, Абэгийн тухайд улсын салах ёс хийхээр шийдсэн нь хэн хүн хүлээн зөвшөөрөх түс тас үнэлгээ биш "Абэ сайд Накасонэг давах болов уу" гэх нэгэн намын ихэхэн субъеквив мэдрэмж, баримжаанд тулгуурлаж байна гэсэн шүүмжлэлд оршино. Нөгөөтэйгүүр "ян тан хэлдэггүй", "бөөрөнхийлдэг" гэдгээрээ алдартай Кишида сайд гэнэт шийдмэг хөдөлсөн нь нэгийг илтгэж, ямартаа ч 保守的 буюу консерватив бүлгийн дэмжлэг хүчтэй байсныг харуулна.
Нэг иймэрхүү.
--------------------------------------------------------------------------------------------
P.S.
国 葬: Төрийн үдэх ёслол
国民葬: Түмний үдэх ёслол
合同葬: Хамтын үдэх ёслол
гэж орчуулж бас болох юм.
No comments:
Post a Comment