“Хос хэлний сурган
хүмүүжил” гэж юу вэ?
Б.Түмэн-Өлзий
Нэг: “Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар
“Хос хэлний сурган хүмүүжил”, “Хос хэлний заан сургалт”, “Хос хэлээр хичээллэх” мэтээр нэрлэж байгаа зүйл бол 双语教育 гэх хятад нэрийн орчуулга юм. Энэ хятад нэр нь “bilingual education” гэсэн англи нэрийн орчуулга бөгөөд хоёр хэлээр боловсрол хүртэх гэсэн утгатай. Өрнө дахины боловсролын системд хоёр хэлээр зэрэг хичээл заах тохиолдол байдаг. Хоёрдугаар хэлний орчин байхгүй нөхцөлд тухайн хэлийг цэвэр, сайн сургахын тулд зарим хичээлийг хоёрдугаар хэлээр заадаг онцгой үзэгдэл болохоос биш, түгээмэл зүйл огт биш юм. Ийм сургалт нь юуны түрүүнд сурагч, аав ээж нарын хүсэлт, сайн дурд суурилдаг. Засаг төрөөс албадан тохируулдаггүй. Нэг л сургуульд, нэг л ангид хэсэг хүүхэд хоёр хэлээр, өөр хэсэг нь зөвхөн эх хэлээрээ хичээллэж болдог. Сургууль хоёр хэлээр боловсрол олгох загварыг хэрэгжүүлэх явцад сурагчийн дургүй хүрвэл дундаас нь больж, эх хэлээрээ хичээллэхийг өлгөн авч болно.
Гэвч хятадуудын монголчуудад тулгасаар ирсэн “Хос хэлний сурган хүмүүжил” гэгч нь тэс өөр зүйл – эхлээд монгол, хятад хоёр хэлээр хичээллэж байгаад удалгүй монголоор хичээллэхийг хасаж, зөвхөн хятад хэлээр хичээллэх, өөрөөр хэлбэл хичээллэх хэлийг солих явцыг заасан нэр юм. Хэрэв тийм зорилт агуулаагүй бол хичээллэх хэлийг хоёр болгож будлиантуулах ямар ч шаардлагагүй. Өвөр Монголд хятад хэлний орчин алга гэвэл инээд хүрэм биш үү.
“Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар нь монгол хэлийг боловсролын системд хорионд оруулж, улмаар монголчуудыг түргэн уусгах гэсэн колонийн инженерчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй нэг чухал төсөл юм. Эргэн санахад, хятад хэлээр хичээллэхийг тулгах гэсэн аль ч удаагийн үймээний үед монгол багш сурагч, аав ээж нараас санал авсан явдал огт үгүй.
Бидэнд эх
хэлээрээ хичээллэх эрх ч үгүй юм бол манай “Өөртөө засах эрх мэдэл” гэж чухам
юу вэ?
Одоо яг
хоёрдугаар алхамд явж байна. Гэхдээ энэ алхамд сүүлийн хоёр жил сая л орж
байгаа биш, аль хэзээнээс хөл тавьсан юм. Хоёрдугаар алхам биелчихвэл гуравдугаар
алхам тун амархан болно. “Адилхан сурах бичгийг адилхан хэлээр заахаас хойш монгол
сургууль гэж тусад нь байлгах нь үндэстний нягтралд ашиггүй” гээд шууд хааж
орхино. Хоёрдугаар алхам биелсэн нөхцөлд гуравдугаар алхмаар явах эсэх нь монголчуудын
хувьд ач холбогдол багатай болно. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар алхам нь монголчууд
бидний хувьд эцсийн алхам гэсэн үг юм.
1992 онд
хятадаар хичээллэх явуулга ахин дэгдэхэд миний бие Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн
Танхимд сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тэр үеийн Үндэстний Сурган Хүмүүжлийн Газрын
дарга Улаантуг, танхимын дарга Баян нар хятадаар боловсрол хүртсэн байсан
бөгөөд хятадаар хичээллэхийг идэвхтэй хөөрөгдөгчид байсан юм. Өвөр
Монголд монгол хүний язгуур эрх ашгийг хөндсөн ял нүглийг үйлдэхэд хятадууд
үргэлж араас жолоо барьж, өмнө нь хэдэн монголчууд бүжин дэвдэг. Үүний тод
жишээ бол 1967–1969 оны ӨМӨЗО-ы Хувьсгалын Зөвлөл хийгээд Улаанбагана (*2), За, Э (*3) зэрэг монголчуудын
хэрэг юм. Ийм жүжиг энэ хоёр жилийн монгол хэлийг халж хятадаар хичээллэхийг
санаархсан үймээн шуугиан дунд бас л давтагдаж байна.
1992 оны үймээнд
нэг онцлог хэрэг
гарсан болно. “Хорчины хэсэг багш нараас” илгээсэн
заалдах захидал Жян Зэминий ширээнд хүрчээ. Жян “Өвөр Монголын Намын Хороо, Засгийн
Ордон шийдвэрлэнэ үү” гэсэн цохолт хийснийг Өвөр Монголын Намын хороо Сурган Хүмүүжлийн
Танхимд (*4) дамжуулав. Танхимын
бүх кадрын хурал хийж, тэр заалдах бичгийг уншиж сонсгоход олны өмнөөс харж
суусан Баяны царай шороо болсон байв. Хятадын улс төрийн соёлд, хаан эзэн ямар
ч санал бичилгүй шууд доорх яам, түшмэд рүү түлхлээ гэдэг нь уг хэргийг сайшаан
дэмжсэнгүй гэсэн ойлголт юм. Энэ нь Өвөр Монголын колонийн засаг, тэдний цөөн
хэдэн монгол нохдын хятадаар хичээллэхийг баримтлах итгэлийг нэг үе сааруулсан
бололтой. Гэвч тэдний тэр удаагийн санаархал эцэстээ ялагдсан нь Жянгийн цохолтоос
биш, өмнөх дөрвөн удаагийн адил нийт монголчуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан
учир сүйрсэн юм.
Хятадаар хичээллэх гэсэн оролдлого Өвөр Монголын хэмжээнд 5 удаа болсноос (зөвхөн миний бүртгэл) гадна аймаг хошуудад орон нутгийн чанартай оролдлого ч цөөнгүй гарч байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Дөрөв: Тойрч гарах уу, туулж гарах уу?
Энэ удаагийн хятадаар хичээллэх үймээн хэдэн сар үргэлжилсэн боловч Хятадын засгаас гаргасан албан бичиг харагдсангүйд монголчуудын дунд болон олон улсын нийгэмд үнэн худлын эргэлзээ төрж байна. Миний санахад ийм албан бичиг аль ч удаад байгаагүй юм. Яагаад гэвэл ийм албан бичиг буулгах нь дэндүү улайм цайм олон улсын болон өөрийн улсын хуулийг зөрчсөн хэрэг болох тул Хятадын Засгийн газар улаан тамгаа дарж монголчууд болон олон улсын нийгэмд сүүлээ бариулах юм хийхгүй. Нөгөө талаар, Хятадын төр засгийн зүгээс одоо болтол ямар ч тодруулга хийхгүй байгаа нь хамгийн сайн нотлол юм.
Үймээн дэгдсэнээс
хойш өнөөдрийг хүртэл Өвөр Монголын хэлний эрдэмтэд өгүүлэл бичиж хүн эх
хэлээрээ боловсрол хүртэхийн давуу тал, монгол хүн монголоороо сураад чадвартан
болсон жишээнүүд, монгол хэлний боловсролын систем бүрэн төгөлдөр болсон
зэргийг жагсааж, хятадуудыг амгуулах аясаар бид монголоор хичээллэсэн ч хятад
хэлийг чинь сайн сурч чадна, монголоор хичээллэхийг зогсоовол намын төрийн
бодлогод осолдоно, Хятад улсын хөгжилд харшилна, Ши даргын шинэ загварыг зөрчинө
гэж хүртэл бичсэн харагдана.
Дургүйцсэн үг
нэг ч хэлэхгүйгээр дургүй гэсэн санаагаа илтгэх нь Өвөр Монголд “тэмцэл”-ийн
хэлбэр болж тогтжээ. Тойруулж хэлнэ гэсэн л үг. “Манай улсын нийгэм журмын
үеийн (*5) утга зохиол урлагийн
хувьд маш өндөр төвшинд хүрсэн, яагаад гэвэл төр засгийг шууд шүүмжилж болохгүй
тул тойруулж хэлэх гэж маш их ур ухаанаа шавхдаг байжээ” гэж Монгол улсын
зохиолч надад хуучилсан билээ. Уран зохиолын хүрээнд нээрэн тийм байж магадгүй,
гэвч нэг үндэстний бичиг хэлээ хэрэглэх эрхийн төлөө тэмцэхэд тойруулаад байвал
юунд ч хүрч чадахгүй. Тойрч гарахгүй, туулж гарна гэж үг байдаг, бидэнд өнөө яг
ийм сонголт нүүрлээд байна. Монголоор хичээллэх эрхээ авч үлдэж чадах эсэх нь
бидний сонголтоос шалтгаална.
2011 оныг эргэн
санахад илүүдэхгүй болов уу. Нэг монгол хүнийг дайрч алсны төлөө хэдэн мянган
монголчууд гудамжинд гарч, хэд хэдэн хошуу хотод эсэргүүцлийн цуглаан гаргасны
хүчээр яргачин Ли Лин Дүнийг 27 хоногт цаазлуулж, Өвөр Монголын захирагч Хү Цүнь
Хуа монгол дунд сургуулийн богино саравчаар шургаж сурагчидтай “хэлэлцээ” хийжээ.
Засгийн газар бэлчээр эвдэж, ардыг хохироож байсныг тодорхой төвшинд яллаж цэгцэлсэн
юм.
Хятадын хүчний
байгууллагын хатуу хяналтад байгаа эх оронч Хад гуай ойрд интернетээр “Өвөр
Монголын сурган хүмүүжлийн танхимыг шүүхэд өгөх” сануулгыг дурджээ. Хууль
цаазыг ашиглах нь монголоор сурах эрхээ авч үлдэх зөв арга замуудын нэг мөн.
Хилийн гаднах монголчууд өөр өөрийн боломжоор эсэргүүцэл тэмцэл хийж байна: олон улсын нийгэмд мэдээлэх, том гүрнээр Хятадын Засгийн газарт дарамт үзүүлэх, гарын үсэг цуглуулах гэх мэт. Гэвч эцсийн эцэст эх хэлээр хичээллэх эрхээ монголчууд авч үлдэж чадах уу үгүй юу гэдэг нь эх орондоо байх монголчуудаас, монголчууд ямар тэмцлийн арга хэлбэрийг сонгохоос л шалтгаална.
2020.08.06.
- “Монгол хэл бичиг” сэтгүүл, 1986, 9 дугаар
- Улаанбагана (1946–2006): 1960-аад онд ӨМӨЗО-ы Зохиолчдын Эвлэлийн даргаар ажиллаж байсан зохиолч. Хятадын засаг Өвөр Монголын Ардын Намын хэргээр монголчуудыг үй олноор хоморголон устгах үед худал гэрч зохион монголчуудаа хэлмэгдүүлж, Хятадын гар хөл болж байв. Хожим Өвөр Монголын Ардын Намын хэргийг цагаатгах үед Хятадын Засгийн газар бүх хариуцлагыг Улаанбаганад түлхэн 15 жилийн ял эдлүүлж, харин уг хядлагын ерөнхий командлагч генерал Тэн Хайчин (滕海清) ямар ч ял, хариуцлага эс хүлээсэн төдийгүй эсрэгээр зэрэг хэргэм дэвшсэн байдаг.
- За, Э – Соёлын хувьсгалын үед монголчуудыг хэлмэгдүүлэхэд оролцсон этгээдүүд боловч хэрэгт татагдаагүй учир нэрcийг үл дурдав.
- Сурган хүмүүжлийн танхим – Өвөр Монголын боловсролын яамтай дүйцэх байгууллага
- нийгэм журмын үе – социализмын үе
4 comments:
хэрэгтэй мэдээлэл бичиж блогтоо тавьсанд баярлалаа
Баярлалаа!
Mash sain medee baina bayrllaa!
>Barimalch
Баярлалаа!
Post a Comment