XX зууны Италийн уран зохиолыг төлөөлөх нэртэй нэгэн зохиолч буюу Дино Буццатигийн өгүүллэг орчуулснаа толилуулъя. Буццатиг хүмүүс "Татаарын цөл" романаар нь илүү мэдэх байх. Энивэй, итали хэлнээс орчуулсан дөрөв дэх өгүүллэг :)
Дино Буццати “Долоон элч”
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)
Эцгийнхээ хаант улстай танилцах аянд гарснаар би өдрөөс өдөрт өссөн хотоосоо холдож, тэндээс ирэх мэдээ ч цөөрсөөр буй билээ.
Энэ аянд гарахдаа би гуч гаруйтай байсан бөгөөд өнөөдрийг хүртэл найм гаруй жил, тодруулбал найман жил долоон сар арван таван өдрийг аян замд өнгөрөөжээ. Гэрээсээ гарахдаа би хэдхэн долоо хоногийн дотор хаант улсынхаа хаяанд хүрнэ гэж бодож байсан боловч замд байнга шинэ тосгод таарч, тэнд амьдрах хүмүүс миний хэлээр ярьж, өөрсдийгөө миний албат хэмээж байлаа.
Энэ аянд гарахдаа би гуч гаруйтай байсан бөгөөд өнөөдрийг хүртэл найм гаруй жил, тодруулбал найман жил долоон сар арван таван өдрийг аян замд өнгөрөөжээ. Гэрээсээ гарахдаа би хэдхэн долоо хоногийн дотор хаант улсынхаа хаяанд хүрнэ гэж бодож байсан боловч замд байнга шинэ тосгод таарч, тэнд амьдрах хүмүүс миний хэлээр ярьж, өөрсдийгөө миний албат хэмээж байлаа.
Үе үе газар зүйчийн маань луужин галзуурчихсан биш байгаа? Бид үргэлж өмнө зүгийг зорин урагшилж байгаа мэт боловч үнэндээ тойрог замаар гороолоод, нийслэл хот хийгээд бид хоорондын зай нэмэгдэхгүй хэвээр, тийм учир өдий хүртэл хязгаар нутагт хүрээгүй байх гэж бодогдоно. Гэвч үүнээс илүүтэй өөр эргэлзэл намайг зовооно. Хил зааг гэж ерөөс байхгүй, хаант улс минь хязгааргүй, хэдий их замыг туулсан ч гэлээ хэзээ ч хаяанд нь хүрэхгүй байх вий гэж айна.
Энэ аянаа би гуч гаруй насандаа, хэт хожуу эхэлсэн байж мэднэ. Гэр бүл, найз нөхөд, садан дотны хүмүүс амьдралынхаа хамгийн сайхан дэлгэр насыг дэмий үрэн таран хийх нь гэж санаачлагыг минь шоолон инээлдэж байлаа. Тийм учир надад үнэнч хүмүүсийн цөөн хэд нь л аян замд минь бараа болохыг зөвшөөрсөн билээ.
Би хэдий хайнга, одоогоос хавь илүү цалгар хайнга байсан ч гэлээ аян замынхаа туршид ойр дотны хүмүүстэйгээ холбоо таслахгүйн тулд цэрэг эрсийнхээ дундаас шилдэг долоон морьтон сонгож элчээр томилсон юм. Үл мэдэхийн уршгаар би долоон элчийг хангалттайд санаж байлаа. Гэвч хэн нь ч замдаа өвдөж зүдрээгүй, дээрэм тонуулд өртөөгүй, хүлэг морь нь багтарч цуцаагүй атал долоо гэдэг инээд хүрэм бага тоо байсныг би яваандаа ойлгов. Долоон элч маань хатуужилтай, цөхрөлтгүй зүтгэж байсан бөгөөд тэднийхээ ач зүтгэлийг би хэзээ ч шагнан хариулж чадахгүй билээ. Хооронд нь төвөггүй ялгахын тулд би тэднийгээ цагаан толгойн эхний долоон үсгээр Алэссандро, Бартоломэо, Кайо, Домэнико, Этторэ, Фэдэрико, Грэгорио гэж нэрлэв.
Төрсөн гэрээсээ холдож дасаагүй учир би эхний элч Алессандрог хоёр дахь өдрийн орой, наян бээр газар явсаныхаа дараа илгээлээ. Тасралтгүй холбоотой байхын тулд маргааш орой нь хоёр дахь элч, араас нь гурав дахь, дөрөв дэх элчийг илгээж, найм дахь өдрийн орой сүүлийн элч Грегориог мордуулав. Гэтэл эхний элч буцаж ирээгүй байлаа.
Алессандро арав дахь өдрийн орой, биднийг хүнгүй хөндийд хоноглох гэж байхад ирсэн бөгөөд түүний хурд миний санаснаас удаан байв. Хурдан хүлгээр ганцаар давхих учир бидний явсан замыг хоёр дахин бага хугацаанд туулна гэж бодож байсан минь эндүүрэл байж. Алессандро хоёр биш нэг аравны тав дахин хурдтай давхиж, биднийг дөчин бээр зам туулахад ная биш жаран бээр туулсан байв.
Бусад нь ч мөн адил. Гурав дахь өдрийн орой мордсон Бартоломэо арван тав дахь өдөр сая буцаж ирэв. Дөрөв дэх өдрийн орой мордсон Кайо дөнгөж хорь дахь өдөр буцаж ирэв. Удалгүй удаахь элчийн буцаж ирэх өдрийг мэдэхийн тулд бидний замд өнгөрөөсөн өдрийн тоог таваар үржүүлэн тооцоолж болохыг ойлгов.
Гэвч нийслэл хотоос холдох тусам элч нарын туулах зам улам уртсаж, тавин өдөр өнгөрсний дараа элч хоорондын зай мэдэгдэхүйц холдож эхлэв. Өмнө нь таван өдөрт нэг элч довтолгон ирдэг байсан бол яваандаа хорин өдөрт нэг элч ирэх болж, төрсөн хотын минь дуу улам сульдаж, хэдэн долоо хоногийн хэл авалцахгүй байх боллоо.
Ийнхүү хагас жил өнгөрч, Гургуулын уулсыг давахад элч хоорондын зай дөрвөн сар боллоо. Одоо тэд хуучирсан мэдээ авчрах бөгөөд захидлын дугтуй ч үрчийж үнгэгдэн надад хүрэх аж. Хөдөө хээр хоносны улмаас хөгз чийгийн толботой дугтуй ч авах болов.
Бид харин урагшилсаар байлаа. Эдүгээ толгой дээгүүр хөвөх үүлс миний бага насны үүлтэй адил, холын хотын минь тэнгэр энэ дээрх хөх тэнгэрээс ялгаагүй, амьсгалах агаар өөрцгүй, салхины сэвшээ ч адил, шувуудын жиргээ ч ижил хэмээн дэмий л өөртөө итгүүлэхийг хүснэ. Гэвч үүлс, тэнгэр, агаар, салхи, шувууд – бүгд шинэ, бүгд өөр бөгөөд би харин өөрийгөө харь элгийн нэгэн мэт санах болов.
Урагшаа! Урагшаа! Замд таарах тэнүүлчид улсын хил холгүй гэцгээж байв. Би хүмүүсээ зоригжуулж, эргэлзэж тээнэгэлзсэн үгс амнаасаа унагахыг хориглож байлаа. Аянд гарснаас хойш дөрвөн жил улиран оджээ. Замын уртад ямар их ядраа вэ. Нийслэл хот, өссөн гэр, өсгөсөн аав – бүгд итгэхийн аргагүй ер бусаар алсран холдлоо.
Эдүгээ нэг элч явж, нөгөө элч ирэх хугацааг бүхэл бүтэн хорин сарын чимээгүй ганцаардал зааглана. Элч нар цагийн аясаар гандаж шарласан сонин хачин захидал авчирна. Тэдгээр захидлууд мартагдсан нэрс, хачирхалтай үг хэллэг агуулах агаад ойлгоход бэрх сэтгэл уярал илэрхийлсэн байх. Элч нар нэгхэн шөнө амраад дараа өдрийн өглөө – биднийг аянаа үргэжлүүлэхээр хөдлөхөд – миний эртнээс бэлдсэн захидлуудыг аван эсрэг зүгт, нийслэл хотыг чиглэн мордоно.
Ийнхүү найман жил хагас өнгөрлөө. Өнөө орой ганцаар хоол идэж байхад майханд Домэнико орж ирэв. Ядарч туйлдсан ч гэлээ тэрээр инээмсэглэхтэйгээ байна. Түүнийг хараагүй бараг долоон жил болжээ. Энэ олон жилийн туршид элч минь хээр тал, ой мод, говь цөлөөр зогсолтгүй давхиж, эдгээр боодолтой захидлуудыг надад хүргэж өгөхийн төлөө хүлэг морио хэдэн ч удаа сэлгэсэн юм, бүү мэд. Гэтэл надад задалж унших хүсэл үл төрнө. Домэнико маргааш үүрийн гэгээнээр буцаж мордох учир нойроо авахаар гарч явлаа.
Маргааш Домэнико сүүлчийн удаа мордоно. Тэмдэглэлийн дэвтэртээ тооцоолж үзвээс, хэрэв бүх юм саадгүй сайн хэвээр бөйж, би аянаа алжаалгүй үргэлжлүүлж, Домэнико ч аянаа асуудалгүй үргэлжлүүлбэл, бид хоёр дахин гучин дөрвөн жилийн дараа л уулзах юм байна. Тэр үед би далан хоёр хүрсэн байна. Гэвч бие минь ядарч эхэлжээ, Домэникотой уулзахаас өмнө үхэл намайг өөртөө авчих байх. Тийм учир би түүнийг дахиж харахгүй л болов уу.
Маргааш Домэнико сүүлчийн удаа мордоно. Тэмдэглэлийн дэвтэртээ тооцоолж үзвээс, хэрэв бүх юм саадгүй сайн хэвээр бөйж, би аянаа алжаалгүй үргэлжлүүлж, Домэнико ч аянаа асуудалгүй үргэлжлүүлбэл, бид хоёр дахин гучин дөрвөн жилийн дараа л уулзах юм байна. Тэр үед би далан хоёр хүрсэн байна. Гэвч бие минь ядарч эхэлжээ, Домэникотой уулзахаас өмнө үхэл намайг өөртөө авчих байх. Тийм учир би түүнийг дахиж харахгүй л болов уу.
Гучин дөрвөн жилийн дараа (эсвэл бүр эрт, хамаагүй эрт) Домэнико миний аяны хүрээний галыг санаандгүй олж харан энэ хугацаанд яагаад ийм бага зам туулсан бол гэж гайхах биз ээ. Үнэнч элч минь өнөө оройн адил сар жилийн уртад шарласан, цаг хугацааны урсгалд алсран одсон утгагүй мэдээ дүүрэн захидлууд барин миний майханд орж ирнэ. Гэвч аяны орон дээр хөдөлгөөнгүй хэвтэх миний бие, орны хоёр талд бамбар барин зогсох хоёр цэргийг хараад амьсгаа хураасныг минь ойлгон босго давалгүй зогтусна.
Гэвч, Домэнико минь, намайг харгис хэмээн зүхэлгүй дахин маргааш мордоорой! Төрж өссөн хотод минь миний сүүлчийн мэндийг хүргэж өгөөрэй. Чи бол эрт урд цагт миний оршин байсан ертөнцтэй намайг холбох эцсийн амьд холбоо билээ. Сүүлд авсан захидлуудаас он цагийн уртад олон юм өөрчлөгдсөнийг мэдэв. Эцэг минь өөд болж, хаан ширээг том ах залгамжилж, хүмүүс намайг аль хэдийн үрэгдсэнд тооцож, багадаа царс моддын нөмөрт тоглож байсан газар өндөр чулуун харш баригдсэн ажээ. Гэхдээ л тэр бол уугуул нутаг минь билээ.
Домэнико, чи бол намайг тэдэнтэй холбох сүүлчийн холбоо. Хэрэв тав дахь элч Этторэ бурхны тааллаар нэг жил найман сарын дараа сааталгүй хүрч ирвэл эргэх хугацаа байхгүй учир дахиж нийслэл хотыг зорьж мордохгүй. Тиймээс Домэнико минь, хүсэн хүлээсэн хил хязгаарт хүрдэггүй л юм бол чиний дараа нам гүм болно. Гэвч урагшлах тусам хил зааг байхгүй гэдэгт би улам бүр итгэнэ.
Домэнико, чи бол намайг тэдэнтэй холбох сүүлчийн холбоо. Хэрэв тав дахь элч Этторэ бурхны тааллаар нэг жил найман сарын дараа сааталгүй хүрч ирвэл эргэх хугацаа байхгүй учир дахиж нийслэл хотыг зорьж мордохгүй. Тиймээс Домэнико минь, хүсэн хүлээсэн хил хязгаарт хүрдэггүй л юм бол чиний дараа нам гүм болно. Гэвч урагшлах тусам хил зааг байхгүй гэдэгт би улам бүр итгэнэ.
Ямартаа ч бидний “хил зааг” хэмээн ойлгодог утгын хил хязгаар байхгүй мэт санагдана. Газар нутаг зааглах өндөр хана, таслан хуваах өргөн хөндий, зам хааж сүндэрлэх шовх уулс байхгүй билээ. Магадгүй, би хилийн зурваст ирснээ мэдэлгүй давж гараад аянаа цааш үргэлжлүүлэх болов уу.
Тийм учир Этторэ хийгээд бусад элч нарыг эргэж ирэхэд би тэднийг нийслэл хот руу дахин илгээхгүй. Харин эсрэгээр, үүнээс цааш намайг юу хүлээж буйг урьтаж мэдэхийн тулд тэднийг өмнөө түрүүлж мордуулна.
Нэлээд өмнөөс үдэш орой болоход сонин түгшүүр намайг эзэмдэнэ. Энэ бол аяны эхэнд ардаа орхисон баяр жаргалыг үгүйлж байсан харамсал, харуусал биш юм. Харин эсрэгээр тэмүүлэн буй шинэ газар нутгийг хурдан таньж мэдэхийг хүссэн, тэвчээр алдсан хүсэл юм.
Өдрөөс өдөрт, бага багаар үүрд үл хүрэх зорилгоо биелүүлэхээр урагшлах тусам би – энэ тухай хараахан хэнд ч хэлээгүй билээ – өдий хүртэл зүүдэндээ ч үзэж байгаагүй ер бусын гэрэл тэнгэрт цацрахыг харна. Замд таарах ургамал мод, уул нуруу, гол мөрөн – бүгд манайхаас ангид, өөр шим бодисоос бүтсэн мэт санагдаж, хэлж тайлбарлахын аргагүй зөн совин агаарт хөвөж буйг анзаарна.
Маргааш өглөө шинэ найдвар намайг улам урагшаа, шөнийн сүүдэрт далдлагдсан хүний хөл хүрээгүй хүрэн уулсын зүгт дуудна. Харин биднийг мордоход Доменико миний хэнд ч хэрэггүй мэнд захидлыг алс холын хотод хүргэж өгөхийн төлөө эсрэг зүгт давхин, тэнгэрийн хаяатай нийлэн алга болно.