Япон уран зохиолоос миний унших хамгийн дуртай төрөл бол 随筆 буюу "зүйхицү". 随筆-г үгчилбээс "бийрээ дагаад" гэж орчуулна. Зохиогч санаанд орсон зүйлээ тэр чигээр нь, чөлөөтэй цаасанд буулгахыг зүйхицү гэнэ. Санаанд орсон, бичмээр санагдсан бүхнээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөө даган буулгах учир гар биш бийр нь түрүүлж хөдлөх мэт байдгаас "бийрээ дагаад" гэж нэрлэсэн болов уу. Миний бодлоор япон хүмүүс зүйхицү төрөлд хамгийн хүчтэй, өвөрмөц давтагдашгүй чанар нь ч зүйхицүгээр хамгаас тод илэрдэг. Ер нь урт том роман гэхээс (Мүрасаки Шикибү авхайг эс тооцвол) богино төрөл жанрт хүчтэй хүмүүс л дээ... далийх нь. Нэгэн зүйхицү орчуулснаа толилуулъя. Мянгаад жилийн тэртээ зүйхицү төрлийг үүсгэсэн бүсгүйн тухай арваад жилийн тэртээ бичсэн пост уншихыг хүсвэл энд дарна уу.
Окано Хирохико "Фүшигүро-сэнноо"
岡野弘彦「ふしぐろせんのう」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)
Ээж тэр үед дөнгөж долоо, наймтай л байсан гэсэн. Нэг өдөр аав нь гэрийнхээ эзэмшил уулыг эргэхдээ охиноо дагуулж яваад, уулын бүр гүн рүү орсон гэнэ.
Шигүү ургасан шилмүүст мод гэгээн өдөр ч бүдэг харанхуй агаад уулсын дундах жижигхэн гэрийг нь битүүмжлэх аятай хүрээлнэ. Өглөө, оройд гэрийнхээ цонхоор шилмүүст ойг үргэлж харж байвч хүүхэд ганцаараа тэр бөглүү ойн харанхуй руу явж орно гэдэг арай дэндүү аймаар учир зүрх үл хүрнэ. Тиймээс нөмөр нөөлөгтэй аавыгаа даган нүдний өмнөх үл мэдэх ертөнц рүү алхаж орно гэдэг ээжид сэтгэл догдлом баяртай байсан биз ээ.
Аливаа дуу чимээг шингээн үгүй хийх шилмүүст ойн аниргүйд аавтайгаа холоо хол, баримжаа алдам хол явсаны эцэст гэнэт аглаг ой тасарч хадан цохионд хүрч ирэв. Ээж санаандгүй доош хартал залуухан үзэсгэлэнт бүсгүй тэртээ доор, хавцлын голын эрэг дээр тонгойн хувцас угааж байлаа. Нүд салгалгүй ширтэн хартал орон зай сорогдох аятай хумигдаж, тэртээ хол эгнэн ургасан шилмүүст моддын орой дээрээс бүсгүйн угааж буй кимоногийн час улаан цэцгэн хээ, хүйтэн тунгалаг усанд хөдлөх зөөлөн цагаан хуруу нь энүүхэнд байгаа мэт маш тод харагдав. Тийн атал бүсгүй цагаан шилэн хүзүүгээ нааш харуулан хором ч атугай эргэж үл харна. "Царайг нь харах юмсан" гэж бодон бүсгүйг ширтсээр, шигдсэн аятай тэнд хэчнээн удаан зогсоо вэ. Уулын оройгоос аавынх нь дуудах дуу хүнгэнэн бууж ирэхэд гэнэт сэрэх шиг болж, хавцлын голыг өндрөөс дахин хартал дөнгөж сая тодоос тод харагдаж байсан бүсгүй арчигдсан мэт алга болсон байлаа.
Ээж энэ тухай ярих үед зүүдлэж буй мэт царайд нь гунигийн сүүдэр татдаг байв. Ээжийг зургаан настай байхад төрүүлсэн ээж нь өөд болсон гэдэг.
Ээжээс энэ яриаг дуулснаас хойш би "Өвгөн түлээ мод зэхэхээр уул өөд явж, эмгэн хувцас хунараа угахаар гол өөд явжээ..." гэж эхэлдэг өнөө үлгэрийг зүгээр сонсон өнгөрөөж чадахгүй болов. "Эмгэн гол өөд..." гэхэд л балчир ээжийн минь харсан сэрүүн зүүд нүдний өмнө зурагдах билээ.
Тэр цэцгийн нэрийг "фүшигүро-сэнноо" гэдгийг би нэлээд хожуу мэдсэн юм. Зуны өдөр шилмүүст моддын өлмийн өвсөн дунд хааяахан таарах таван дэлбээт улаан цэцэг. Бусад цэцгэнд байхгүй тэр тод улаан өнгөний үзэсгэлэн хүүхэд миний сэтгэлд хүртэл гуниг татам шингэсэн байж.
Ээжийн минь хамгийн хайртай цэцэг билээ. Өвс ногоон дунд жижиг улаан гялбааг нь хаа холоос шууд олж харах бөгөөд тийнхүү олж харах бүр сэтгэл догдлоно. Ээжийн харсан тэр уулын бүсгүйн угааж байсан кимоногийн цэцгэн хээ нь энэ цэцэг байснаас гарцаагүй мэт санагдана. Ооэяма уулын Шүтэн-доожи мангасын (*1) эрхшээлд орсон бүсгүй хавцлын голд уйлан уйлан угааж байсан цусан будагт кимоногийн улаан өнгө нь ч энэ цэцгийн өнгөнөөс зайлшгүй гэж бодогдоно.
Ооэяма уулын Шүтэн-доожи мангасын тухай эвгүй аймаар яриаг өвөөгийн үеэс манайд амьдран ажиллаж байсан Бан-санаас дуулсан юм. Бан-сан үг дуу цөөтэй, үнэнч хүн боловч үе үе хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралд орж, газар доорх түлээний өрөөнд хэдэн өдрөөр ч бүгээд гарч ирдэггүй байв. Хүүхэд шиг гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй хүн боловч лагс хар аниргүйд автаж, зөвхөн нүд нь урдахаа таг гөлрөн гялалзаж суух үе гарна. Тийнхүү хувирах нь маш огцом тул том хүмүүс Бан-саны тухай ам муутай байв. Ер нь түүнийг бие даасан эрүүл хүнд тооцдоггүй байв.
Бан-сан кайдан (аймшгийн яриа, орч.) ярих дуртай. Гэхдээ ердийн үед дуу цөөтэй Бан-сан ширүүн царайтай өмнөө нэг цэгийг тас ширтэн суугаад, таг итгэлтэйгээр ярьж эхлэхэд ямар ч яриа аймшигтай санагдана л даа. Өөрөө өөрийнхөө ярианд автаж, аймшгийн ертөнц рүү урван орох мэт буюу. Тиймээс ч Бан-саны яриа бусад том хүмүүсийн ярианы адил эцэс сүүлд нь инээлгэсэн тайлал үгүй. Яриа нь цаанаа л нэг хүчтэй, сонссоны дараа сэтгэлд хөндүүр үлдээдэг байв. Жишээ нь, нэг ийм явдал тохиолдсон удаатай.
Зуны эхэн үеийн нэгэн үдэш хоёр ри (*2) хэртээ хажуугийн тосгон руу Бан-саныг хэл хүргүүлэхээр явуулав. Гэтэл яаралтай хариу хүлээж байсан атал хэдэн цаг өнгөрсөн ч Бан-сан байдаггүй. Тэрээр бүр шөнө дунд өнгөрсөн хойно ад чөтгөрт бариулсан мэт цонхийсон царайтай буцаж ирээд, үүдний өндөрлөгийн шалан дээр лагхийн сууснаа "Эзэгтэй, би сүнстэй учрав" гээд ярьж эхлэв.
Тосгоны захад иртэл нэгэн гэрийн саравч дор юката (*3) өмссөн залуухан бүсгүй зогсож байсан гэнэ. Бүсгүй Бан-санд хандан гэрийн үүдэнд наасан Вакамия сүмийн сахиусыг авч өгөхийг хүссэн учир хэлсэн ёсоор болгоотол тэр даруй бүсгүй гүймэл модон хаалгыг нээлгүй, уусах мэт гэрийн дотогш орсон гэгэ. Бан-сан юкатагийн ханцуй салхинд намиран урсаж, гулсан алга болохыг л харан үлдэж. Хэсэгтээ тэр гэрийн үүдэнд зогсож байтал гэнэт "Аа-ааа!" гээд аймшгийн чарлах дуу гарсан учир тэсэхийн аргагүй болж тэндээс зугтан ирлээ гэснээ Бан-сан "Тэр айлын хадам эхийн дарамтыг даалгүй өөд болсон бэр өшөөгөө авахаар буцаж очсоноос гарцаагүй дээ" гэв.
Эмэгтэй хүний гуйсан даруй айлын үүдний сахиусыг амархан авчихдаг нь хачирхалтай ч Бан-сан тэрийгээ огт тайлбарлахгүй, гагцхүү сүнсний дүр байдлыг нүдэнд харагдтал бодьтой ярьж дүрсэлнэ. "Дахиад л Бан-сан ганц хүний жүжгээ тоглон үзүүлж байна уу" гээд аав инээх боловч шөнө дунд чийдэнгийн гэрлийн дор цонхийсон хөх царайтай, хагас буурал толгойтой Бан-сан нэгийг шийдсэн байдалтай ярихыг сонсоход арын үс сөрвийх шиг болж, хамаг бие чичирсхийнэ. Ээж бид хоёрт Бан-сан жүжиглэж буй мэт санагддаггүй байв. Бан-сан бол жирийн хүнд үл үзэгдэх юмсыг тодоос тод харж, мэдэрч чаддаг нэгэн байсан болов уу.
Бан-саныг том хүмүүс "хачин амьтан", "толгой нь жаахан эргэчихсэн юм, зайлуул" гэлцэнэ. Тиймээс сэтгэлээ нээж хөгжилтэйгээр зөвхөн хүүхэд буюу надтай л ярьна. Намайг Бан-саны яриаг сонсоход аав дургүйцэх боловч номд бичсэн үлгэр домогтой харьцуулахад хар цагааны тод зааггүй, бараан голдуу яриа нь сонирхолтой учир би зав л гарвал Бан-саны яриаг сонсохоор очдог байлаа.
Бан-сан сүмийн дэргэдэх мөргөлчдийн хонох байрын манаач бас хийж байсан учир орой болохоор ажлаа дуусгаад ой руу буцна. Мөргөлч огт ирээгүй намуухан ойн шөнөөр Бан-сан нэг удаа "Хүү минь, чи эмагийн асарт эма (*4) харах дуртай, гэхдээ асар дотор байхдаа болгоомжтой байгаарай. Тэр чинь хүний хүсэл шуналаар дүүрсэн газар. Чам шиг залуу хүн сэрэмж алдвал санаандгүй саар юм шүгэлж мэднэ шүү" гэв.
Эмагийн асар гэдэг нь гол сүмээс хорин чулуун шат уруу газар, бөөндөө ургасан тав зургаан шилмүүст моддын доорх барилгыг хэлнэ. Дотор нь төрөл бүрийн эма багширтал дүүжилсэн байв. Кабүки жүжгийн янз бүрийн хэсгийг зурсан эма байна. Жижиг амсартай бөөрөнхий шилэнд таван өнгийн том бөмбөлөг хийж зүүсэн эма ч байна. Тийм жижиг амсраар тийм том бөмбөлөгүүдийн хэрхэн яаж оруулсныг би бодоод бодоод учрыг нь олоогүй билээ. Шахмал зураг наасан модон хавтан унах нь уу гэмээр хазайсан харагдана. Хажуугийн хавтан дээр Япон-Хятадын дайн уу, Япон-Оросын дайн уу, япон сэлмээр мөрийг нь тас цавчсан, цус нь олгойдсон цэнхэр дүрэмт хувцастай дайсны цэрэг зурсан байна. Байлдааны хөлөг онгоцын зураг ч байна. Хөгз, чийгний эхүүн үнэр шингэсэн тэр байшинд би хэдэн цаг ч болов зогсоод, уйдамгүй төсөөллийн ертөнцөд умбадаг байлаа.
Гэвч Бан-саны хэлснээр "хүний хүсэл шунал" шингэсэн нь тийнхүү өндөрт ил тод өлгөсөн эма биш, харин олон эмагийн дунд чихэж дүжилсэн, асрын модон хананы завсар зайд хүслээ бичиж өлгөсөн эгэл жирийн, жижигхэн эма болов уу. "Миний нөхрийг архинаас гаргаж хайрла. Хоёр хүүхдийн хамтаар амь наана, там цаана гуйж байна. Могой жилтэй эмэгтэй", "Эр минь тэр хүүхнээ хаяасай. Миний насыг богиносгоод ч болов энэ хүслийг биелүүлнэ үү. Гучин гуравтай бүсгүй" гэж бичээд дор нь боодол үс уясан эма ч байх. Эматай холбож уяагүй дан боодол үс ч олон бөгөөд эмагийн асар төдийгүй мөргөлийн сүмийн багана, хашааны завсар зайд хүртэл өлгөж дүүжилсэн байна.
Бороо салхинд гандаж цайсан эмэгтэй хүний үс хальт харсан ч гэлээ дотор эвгүйрэм. Хаяа эмагийн зурганд ховсдуулан гөлөрч зогсохдоо санаандгүй хана руу дөхөж ойртвол аалзны шүлс шиг нарийхан үс салхинд хийсэн хүзүү шүргэнэ. Тэр үед бие чичрэм айдас, огиудас зэрэг хүрнэ. Нэгэн удаа, хэд нугалж боосон баглаа үсний цаасан уяа тасарч газарт унасан байхыг хараад санаандгүй өргөж үзтэл ямар ч тайлбаргүй, гагцхүү аймшигт хараалын үгс эгнүүлж бичсэн байсанд сэртэс хийн цочиж билээ.
Бан-сан "Сэрэмжтэй байхгүй бол саар юм шүгэлж мэднэ шүү" гэж ийм юмыг хэлж байсан болов уу. Гэхдээ л эмагийн асарын хөгзний үнэр, төрөл бүрийн эмагийн зургууд миний сэтгэлийг эзэмдэх увдистай буюу. Тийм учир том хүмүүсийг нууцыг хальт шагайлган харуулдаг эмагийн асар луу сав л хийвэл очиж, элдвийг бүрэг бараг бодож зогсохоо больж чадахгүй байв.
Нэгэн жил, зуны амралт дуусах алдад эмагийн асрын саравчин доор тонгойн суугаад, жижигхэн нүх малтан амьдрах "шоргоолжны там" шавжны (*5) үүрийг харж байлаа. Шоргоолж барьж нүх рүү унагахад юүлүүрийн хэлбэртэй хонхорхой даруй хариу хөдлөнө. Дотроос нь зугтаан гарахыг хичээх шоргоолжийг зориуд буцааж унагах нь, саяхныг хүртэл хачин жигтэй эма харж цус хөөрсний дараа бол яг таарсан тоглоом байлаа.
Ойд нар эрт жаргаж харанхуйлна. Зуны дөнгөж зургаан цаг болж байхад хүмүүс бүдэг бадаг харагдаж, харанхуй бүхнийг бүрхэж эхэлнэ. Гэнэт үл мэдэг чимээ гарсан учир дээш хартал гол сүмээс жаахан дор, чулуун шатнаа бөгтийсөн хүний дүр харагдав. Тэрээр бараг мөлхөх шахам, арай хийн чулуун шатаар өгсөн гол сүмийн өмнө очоод, том хүний нуруу хэр өндөр хандивын модон авдрын өмнө зогсон хамаг сэтгэлээсээ залбирч байснаа өврөө уудлан мөргөлийн мөнгөө гаргаж, өөрийн толгойноос өндөр хандивын хайрцаг руу шидэж оруулахыг оролдов. "Ча-рин" гэж хангинах дуу гарч, хүрэл зоос ойчин өнхөрч чулуун шатны голд очоод тогтсон бололтой.
Толгой нь газар шүргэх шахам бөгтийсөн эмгэн нэг шат, нэг шат уруудан бууж, тэр хавиар тэмтрэн хайж эргэлдсэний эцэст арай гэж олсон хүрэл зоосоо гартаа атган дахин дээш гарч шидэж оруулахыг хичээв. Дахин өрөвдөм дуу гарч, зоос хандивын хайрцгийн хажууд унав. Ашгүй энэ удаа эмгэн зоосоо хайхаар дахин шат уруудах хэрэггүйг хараад миний сэтгэл амрав. Эмгэн хэд хэдэн удаа хандивын авдарт толгой хүргэн залбирсныхаа дараа зоосоо авдрын өмнө, газар хичээнгүйлэн тавиад чулуун шатаар уруудаж эхлэв. Намайг анзааралгүй эмагийн асрын өмнүүр өнгөрөн одох түүний царайг хараад би "Аан, ээжийг минь энэ хүн төрүүлсэн юм байна" гэж бодов. Өөрөө ч хүртэл гайхмаар санаандгүй, тас итгэлтэй нээлт байлаа. Энэ тухай ямар нэгэн зүйл урьдаас мэдэж байсан юмгүй, ямар нэгэн сэжүүр шалтгаан ч байгаагүй билээ.
Гэхдээ хүүхэд гэдэг, том хүмүүс өөрийнх нь ээж аав, эргэн тойрны хүмүүсийн тухай сэрэмж алдан ярихыг гайхам зөн совингоороо гадарлан ойлгож, сэтгэлийн гүндээ тогтоож байдаг юм.
Удалгүй, улам харанхуй болсон ойгоос гаръя гэтэл миний нүдэнд ээжийн хайртай "фүшигүро-сэнноо" цэцгийн часхийм улаан өнгө дүрэлзэн тусав. Яагаад эмэгтэй хүн тийм өрөвч зөөлөн, тийм үзэсгэлэн гоо боловч сэтгэлийн гүндээ улаан цэцэг нандигнан нууж, өрдөн галлаж байдаг юм бол. Ээж минь ч мөн ялгаагүй болов уу.
Эмэгтэй хүн гэдэг ихэд хачин. Би нээрэн, өрнийн үлгэрт хэт автсан явахдаа нэгэн дуугүй дөлгөөн охиныг олны нүдэн дээр үнсэж орхив оо. Тэгээд тосгон даяар амьтны ярианы бай болоход тэр охин надаас хамаагүй хэцүү байх ёстой атал бүхнийг дуугүй тэвчиж, царайнаас нь юу бодож байгааг нь таах аргагүй байлаа. Тэр охины сэтгэлд ч улаан цэцэг дүрэлзэн асаж буй эсэхийг, бодоод бодоод ерөөс ойлгоогүй билээ.
"Фүшигүро-сэнно" бол эмзэг туяахан, часхийм тод, зуны цэцэг байсан билээ.
--------------------------------------------------------------------------------------------------------
- Шүтэн-доожи – Ооэяма нь Киото хотын барун хойд зүгт байдаг уул. "Шүтэн-доожи" нь Ооэяма ууланд амьдардаг, ероолгүй мэт архи уудаг (нэрнийх нь эхний хоёр ханз "архи уух" гэсэн утгатай), уулнаас бууж хүмүүсийн эд хөрөнгө, охид хүүхнүүдийг хулгайлдаг гэх үлгэр домгийн мангас.
- ри – зай заах нэгж, 3.9 км.
- юката – дан даавуун зуны хөнгөн кимоно.
- эма – хүслээ бичиж сүмд өргөдөг нэг талдаа зурагтай модон хавтан; сүм бүрийн эма хавтаны хэлбэр, зураг өөр өөр.
- 蟻地獄 – үгчлэн орчуулбал "шоргоолжны там". Тэмээлзгэний төрлийн шоргоолж идэштэй шавж, англиар "ant lion", оросоор "муравьиный лев" гэдэг.