Барагцаалж хэлбэл эртээ урдын цагт, нарийн ярьвал 200 жилийн тэртээ Германы Оберндорф хотод Йозеф Мор хэмээх лам аж төрөн амьдран сууж байв. Амгалан сайхан амьдарч байтал азгүй явдал тохиолдсон гэнэ. Сүүмийнх нь хуучин орган хөгжмийг огтоно мэрж идээд дуу гаргах хөгжим биш дуугүй баахан мод болгосныг Йозеф лам 1818 оны 12 сарын яг 24-ний орой мэдсэн гэнэ. Жирийн нэг өдөр бол бас ч яахав. Гэтэл маргааш сүсэгтэн олон лам багшийн сургааль, зул сарын дуу сонсохоор үй олноор цуглах учир ийм золгүй явдал тохиолдсонд ламтан ихэд гуниглав. Гэвч гунигласан ч гуниад суух зав ер байсангүй. Ламбугай хоёр жилийн өмнө бичсэн нэг шүлгээ санаад, хөгжмийн багш Франц Грубер дээр хамаг хурдаараа харайлган очиж шүлгэнд нь "a cappella" (хөгжимгүй дангаар), эсвэл ганц гитар хөгжимтэй дуулж болох энгийн ая зохиож өгөхийг гуйсан гэнэ. Ийнхүү 100 гаруй хэлэнд орчуулагдсан зул сарын хамгийн нэртэй дуу "Намуун шөнө" ("Silent night") зохиогджээ.
Золгүй явдал эерэгээр эргэсний үр дүнд бий болсон энэ дуу зуугаад жилийн дараа бас нэг төстэй үйл явдал дагуулсан аж. Дэлхийн нэгдүгээр дайнд герман, англи цэрэг ид үзэлцэж байсан 1914 оны 12 сард Ипр хотын дэргэд байрлаж байсан герман цэргүүд зул сарын баяраа тэмдэглэж сүлд модоо чимээд
Stille Nacht, heilige Nacht!
Alles schläft, einsam wacht
Nur das traute hochheilige Paar,
Holder Knabe mit lockigem Haar,
Schlaf in himmlischer Ruh,
Schlaf in himmlischer Ruh.
гэж дуулахад нөгөө талаас англи цэргүүд түрэн дэмжээд
Silent night, holy night,
All is calm, all is bright
Round yon virgin mother and Child.
Holy Infant, so tender and mild,
Sleep in heavenly peace,
Sleep in heavenly peace.
гэж дуулсан гэдэг. Дайтаж байсан талууд байлдахаа түр больж, эгэл жирийн цэргүүд нөгөө талын цэргүүдтэй уулзан танилцаж, идээ будаагаар бие биенээ дайлж, ар гэрийнхнийхээ зураг хөрөг үзүүлэн ярилцаж бас хоорондоо хөл бөмбөгийн тэмцээн явуулсан алдарт "Christmas Truce" буюу зул сарын баярыг тохиолдуулж хийсэн албан ёсны бус түр найрамдал ийнхүү дуугаар эхэлжээ (*).
Аль аль талын цэргүүд "түр найрамдлын бүс" дээр уулзахдаа дайн дуусч гэртээ харихыг хамгаас илүү хүсч байсан нь мэдээжийн хэрэг. Гэвч дайн үргэлжилсээр байлаа... Таван сарын дараа буюу 1915 оны 4 сард Германы арми Ипр хотын дэргэд дэлхийн түүхэнд анх удаа химийн зэвсэг хэрэглэсний улмаас(**) олон англи цэрэг хорт хийнд амиа алдаж, дайны эмгэнэл нэг хуудсаар нэмэгдсэн түүхтэй (тэр үед хэрэглэсэн хийг хожим хотын нэрээр иприт гэж нэрлэсэн). Харин сонин түүх гэвэл, азаар амьд үлдсэн англи цэргийн нэг нь нутагтаа ирж эмчид үзүүлтэл эмчийн нүд орой дээрээ гарч, мэл гайхаж цэл хөхрөх гэгч болсон гэнэ. Учир нь, залуу дайнд явахдаа тухайн үед эмчлэгдэшгүй хорт хавдартай байсан атал дайнаас буцаж ирэхэд хавдар нь ор мөргүй алга болсон байж. Ийнхүү орчин үеийн анагаах ухаанд химийн эмчилгээ хэмээх нэгэн салбар бий болжээ.
Юм гэдэг дандаа хоёр талтай гэдгийг энэ хоёр түүх харуулах болов уу...
----------------------------------------------------------------------------------
* алдарт “Christmas Truce”-ийг би арай амархан тайлбарлав. Цэргүүд идээ будаагаа хуваалцаж хөл бөмбөг тоглосон нь үнэн боловч илүү нарийн түүхийг мэдмээр байвал гүүгэлдэхийг хүсье.
** далийж хэлэхэд, дэлхийн түүхэнд анх бөгөөд цорын ганц удаа бактереологийн зэвсгийг Монголын нутаг дэвсгэрт Халх голын дайны үеээр хэрэглэсэн юм.
7 comments:
Дайтаж байсан талууд байлдахаа түр больrж эгэл жирийн цэргүүд нөгөө талынхаа цэргүүдтэй уулзан танилцаж идээ будаагаар бие биенээ дайлж ар гэрийнхнийхээ зураг хөрөг үзүүлэн ярилцаж бас хоорондоо хөл бөмбөгийн тэмцээн явуулсан
дайн гэхээр л дотор арзайгаад байдын. муусайн даргануус нь зүгээр гэвтээл, аймар олон залуус бие биедээ өсгүйм байж алалдаал...
anyway, goe medeelel bn :)
comment bayarlalaa :)
neeree dain hiiheer shiidsen humuusiig uursdiig ni daind yavuulj baival taarna..
goy tuuh..
hehe, isuus gej buyantai nohor ter odor ni torson bilw..
Анх Герман дуу байсныг нь мэдэх юм бн. Харин ламтан гуайн хэцүү байдалд орохдоо зохиолгосон дуу гэдгийг нь сая л мэдлээ.
Өвлийн цагт нэвтрүүлгээрээ нилээн явуулдаг байж билээ.
Энэ бичлэгийг бас 12-24-нд бичсэн бн ш дээ. хэхэ. Бас мэдрэмжтэй
Udriin mend Bumbuulei,
>нэвтрүүлгээрээ нилээн явуулдаг байж билээ
yamar nevtruulgeer ?
Post a Comment