2016/01/14

Өвлийн бүсгүй




Кавабатагийн адил 新感覚派 чиглэлийн нэгэн төлөөлөгчийг танилцуулъя. 新感覚派-г англиар тэр чигээр нь shinkankakuha гэх юм билээ. Хүчлэн орчуул гэвэл неосенсуализм гэдэг байх даа. Гэхдээ ангилал чиглэл яах вэ, энгийн атлаа асар гоё мэдрэмж төрүүлдэг зохиолч байгаа юм.

Ёкомицү Риичи “Өвлийн бүсгүй”
横光利一「冬の女」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Бүсгүй хулсан хашаа дээгүүр хажуу айлын цэцэрлэгийг харан зогсоно. Цэцэрлэгт хэдэн ширхэг өвлийн удвал газар мөлхөн найгах ажээ. Шүүрдэж бөөгнүүлсэн шаргал навчсын доороос тэнгэр өөд утаа суунаглана.
- Та юу бодоо вэ? хэмээн бүсгүйгээс асууж үзээрэй.
Хэрэв бүсгүй ханцуйгаа цээжиндээ наан,
- Намрын дуу гэж хариулах аваас түүнийг болиулах хэрэгтэй.
Гараас нь аярхан бариад ийн хэлээрэй:
- Та ирэх хаврын тухай бодохгүй бол болохгүй. Гэртээ орж цай чанавал ямар вэ? Хаврын хувцсаа бэлдсэн үү? Халуун ус пор пор хийн буцлах тогооны хажууд оёдол оёорой. Удахгүй нөхөр тань даарсан улаан гартай гэртээ ирнэ. Тэр хүртэл та өнгөрсөн намрын тухай бодолд автан суувал горьгүй. Намарт жаргал үгүй шүү дээ. Заа, одоо гэртээ ороорой. Нүүрсний сав руу гараа дүрэх дургүй бол бээлий өгье. Хүйтэн ус гарыг тань хайрсан ч мөд ирэх нөхрийнхөө хөрсөн хурууны үзүүрийг бодоорой. Цэцгийн дэлгүүрийн цонхон дээрх цэцэг гандаагүй байна. Хананы галын дээрээс цэцгийн ваар авч, тоосыг нь арчин юуны түрүүнд нэг нарцисс хийгээрэй. Довжоо дээр нарны гэрэл муурыг бүүвэйлэн унтуулж, бяцхан гөлөг өөрийн гэрэлт сүүдэртэй тоглож буй. Гэвч та камелия цэцгийг харж болохгүй шүү. Тэр цэцэг гуниг авчрана. Агуулахын дэргэд дэлбээгээ чимээгүйхэн гээн зогсох билээ. Та амьсгал аван халуун цагаан уур эрчтэйхэн гаргаарай. Унасан цэцгийн дэлбээнд гайхан хөөрөх шувуу адил буюу. Гартаа цагаан лууван тэврэн, гал тогоогоо тойруулж харан инээгээрэй. Нөхрийн тань авчирсан боодлоос шинэхэн алчуур дэрвэн гарч ирэх болов уу. Ингэхэд, удахгүй хавар ирнэ. Гадаах гар угаах усны чулуун сав, шанаганы эргэн тойронд балын зөгийнүүдийн далавчны дуу сонсдох болно. Хөдөө тосгодоос хотыг зүглэх унаа машины тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Дунхай шувууд холын орноо буцаж, хатсан мөчрөөс шинэхэн нахиа хүч түрэн цухуйна. Янаг амрагийнхаа гарыг атган гадуур зугаалах залуу хосуудыг та харах болов уу. Тэр үед та нөхрийнхөө гарыг атган “Хар даа, хавар иржээ. Тийм ээ?” гэж хэлээрэй. Гэхдээ тэрхүү мөчид нөхрийн тань хаврын пальто хөгз чийгний үнэртэй байж болохгүй биз дээ.

4 comments:

bayabaga said...

saihan uguulleg baina.

Сүрэн said...

>bayabaga

Bayarlalaa

P.S. "Baba yaga" gej bichih aldav :)

Anonymous said...

yamar sain oguulleg ve, Suren mundag shuu, sain orchuuljee bas...

Сүрэн said...

>Anonymous

Bayarlalaa