Миний хамгийн дуртай яруу найрагчдын нэг нь Махтумкули. Аавын оуютан байхдаа авсан Махтумкулигийн шүлгийн түүвэр дунд сургуульд байхад "минийх" болсон санагдана... гэдэг нь миний бодол. Учир нь санаандгүй нэг ярианаас эгч бас "тоочиглосон" байсныг мэдсэн юм... кк. Тэгээд яахав дээ, "Махтумкули минийх, яагаад гэвэл би илүү дуртай", "Үгүй, үгүй, та биш би илүү дуртай", "Танд яахав Ремаркийг өгье", "Авахгүй юмуу? Аан, за тэгвэл Ремарк минийх. Бас Цвейг", "Аан? Үгүй, үгүй, ёстой тэгж ярихгүй", "Орос "Догшин жаран" минийх шүү", "Бас Түдэв гуайн "Нүүдэл суудал" романы орос орчуулга минийх" гээд ширүүхэн яриа өрнүүлж байснаа гэнэт хоёулаа аавынхаа гэрээс гараагүй байж хэдэн номыг нь хувааж авах тухай маргаж буйгаа ойлгож, баахан ичиж, ажилдаа явсан ааваасаа зовж, ярианы сэдэв уул нь "дуртай ном" байсныг бантсандаа хоёр биедээ батлахыг хичээж... Мөн болоогүй ээ, дүү бас энэ ярианд оролцох эрхтэй билүү... гэж :) Sorry, далийчихлаа. Махтумкулийг ярьж байсан шдээ.
Ингэхэд зохиолч, хот хоёрын хамгийн сайхан учрал гэвэл би О.Хэнри, Нью-Йорк хоёрыг нэрлэнэ. Зохиолч & хүүхэд гэвэл яриан байхгүй Л.Кэролл & Элис. Яруу найрагч & бүсгүй гэвэл Данте & Бэатричэ, Пушкин & Керн гээд зөндөө зөндөө, тэдний нэг нь Махтумкули & Мэнгли. Харин хоёр яруу найрагчийн учрал гэвэл миний хувьд Махтумкули, Тарковский хоёроос дээр гарах нь үгүй. Туркмен хэл мэдэхгүй учир Махтумкулийн яруу найргийг орос хэлээр, Тарковскийн орчуулгаар л сэтгэлдээ шингээсэн дээ. Дундад Азийн түүх, соёл, уран зохиолыг сонирхох болсон минь ч энэ хүнээс эхтэй.
Ингэхэд, гоо бүсгүй шалгаруулах янзан бүрийн тэмцээн "Монголын мисс", "Дэлхийн мисс", "Хорвоогийн (сэрүүднээ) мисс" гэх нэртэй байдаг даа. Үнэндээ инээдтэй санагддаг, ялангуяа монголоор "мисс" гэж бичих нь. Ийм тэмцээний мөн чанар бус зүгээр нэрнийх нь тухай ярихад, Туркменд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг Махтумкулийн насан туршдаа хайрлаж, тоймгүй олон шүлэг найргаа зориулсан бүсгүйн нэрээр "Мэнгли" гэж нэрлэдэг нь арай л учиртай агаад уянгатай. Махтумкулигийн Мэнглид зориулсан шүлгүүд гэдэг... ямар сайндаа хожмын нэгэн яруу найрагч "Хайр дурлалын яруу найраг арвин их ургацаа ганц Махтумкулид өглөө, түүнээс хойш хоосон талбай самнаж, энд энд тэнд унасан ширхэг буудай түүх л бидэнд үлдээд байна" гэж байх вэ дээ. Гэхдээ тэр тансаг сайхан шүлгүүд сэтгэлийн асар их энэлэл шаналлаас үүдэн төрсөн байж мэдэх юм. Махтумкули шүлгийнхээ ард "Фраги" гэж нэрээ тэрлэж байсан нь "хагацсан" гэх утгатай. Хайртай Мэнглигээсээ хагацсан, хоёр ах нь дайснуудад олзлогдож амиа алдсан, хоёр хүүгээ алдсан, өөрөө эх нутгаасаа хол олон жилийг олзонд өнгөрүүлсэн...
Ингэхэд, "ингэхэд ингэхэд" гэж байгаад зогсоо зайгүй хөврүүлэх шинжтэй. Уул нь өнөөдөр.. "Мэнгли" гэдэг нэр бүсгүйн жинхэнэ нэр биш Махтумкулийн өгсөн нэр, туркмен хэлээр "мэнгэ" гэсэн утгатайг мэдэж баярласнаа л бичиж гэж байлаа. Монгол хэлний "мэнгэ"-тэй бас ижил төстэй байгааз. Миний баярлах зүйлээ гэж.
Жич: Коммент бичсэн буянтны ачаар "Мэнгли" гэдэг нь "мэнгэт" буюу "мэнгэтэй" гэсэн утгатай үг болохыг мэдэв. Ийнхүү Мэнглигийн мэнгэний тухай Махтумкулигийн бичсэн нэгэн шүлэг улам утгатай, улам яруу болов.
Жич: Коммент бичсэн буянтны ачаар "Мэнгли" гэдэг нь "мэнгэт" буюу "мэнгэтэй" гэсэн утгатай үг болохыг мэдэв. Ийнхүү Мэнглигийн мэнгэний тухай Махтумкулигийн бичсэн нэгэн шүлэг улам утгатай, улам яруу болов.
6 comments:
Sonirholtoi bailaa.
Менгли гэж туркмен хэлээр "мэнгэт" гэсэн утгатай. Түрэг хэлэнд мэнгийг мас монголтой ижил "менг/мэнг" гэдэг. Түүнд -ли дагавар залгагдаж байгаа юм (монголын -тай/тэй, -т гэдэгтэй дүйцнэ.)
сонирхолтой санагдлаа
чадвал орсоос орчуулсан хувилбараар хүргэвэл ?
>tungaamnh
Баярлалаа
>Anonymous
Баярлалаа! Махтумкулийг эх хэлээр нь унших боломжтойд тань атаархаж байна :)
>Цагаанаа
Махтумкулийг соц үед монгол хэл рүү орчуулсан байх шүү.
орос хэл сурна :)
Ах эгч нар Лениний ботид мөн ч олон захиа нуудаг байсан даа :D
Post a Comment