2015/01/08

Сэтгэлээ дагаад


  

  Сүзанна Тамаро "Сэтгэлээ дагаад", 1994
  Susanna Tamaro "Va' dove ti porta il cuore"

Дэлхийн 35 хэлнээ орчуулагдсан итали бүсгүйн зохиол. Италид хэвлэгдсэн жилдээ 2 сая хувь борлогдсон, Японд гэхэд л 500 мянган хувь зарагдсан бэстсэллэр. Далийхад, Умбэрто Экогийн “Сарнайн нэр” (итали хэлнээс монгол руу орчуулах буянтан гарч ирээсэй билээ...) ч хэвлэгдсэн жилдээ 2 сая орчим хувь борлогдож бэстсэллэр болж байлаа. Гэхдээ статистик ч яах вэ, зүгээр энгийн хэлээр бичигдсэн сайхан зохиол учир танилцуулмаар санагдав.

Италийн нэгэн хотхонд амьдрах эмээгийн Америкт сурахаар одсон ач охиндоо бичсэн захидлуудаас зохиол бүрдэх тул зохиомжийн хувьд маш энгийн. Эмээ захидалдаа өөрийн туулсан амьдрал, гэр бүлийн харьцаа, ач охиныхоо бага насны дурсамж, амьдрал хийгээд бурхнаас асуух асуулт... эртнээс хэлмээр байсан ч хэлж чадаагүй зүйл, зүгээр санаанд ороод хуваалцмаар санагдсан зүйл гээд янз бүрийн юмны тухай бичнэ. Бүгдийг нь нийлүүлээд уншсаны дараа үлдсэн сэтгэгдэл гэвэл しっとり гэхээс өөр үг олдохгүй нь.

Нэлээд дээхэн уншсан болохоор нарийн ширийнийг мартсан ч уншсандаа таатай байснаа сайн санаж байна. Харин өнөөдөр италийн уран зохиолынхон (зохиолчид, уран зохиол судлаачид, шүүмжич нар) энэ номыг хэрхэн хүлээж авсан тухай санаандгүй нэгэн нийтлэл уншаад авдраа, авдраа гэнэ компьютэрээ ухаж бас бус тэмдэглэл хөтөлснөө гаргаж ирэв. Ер нь бол Италийн уран зохиолынхон зад шүүмжилсэн юм байна л даа. Зарим нь бүр “Итали уран зохиолын шившиг” гэж нэрлээд ийм ном бэстсэллэр болсныг ард олны доройтол гэж хүртэл үзсэн байх юм. Хэт их шүүмжлэлд өртсөн болоод тэр үү, бүсгүй 2000 онд Ром хотоос Тосканагийн хөдөө рүү нүүж найм, есөн муур нохой тэжээн ганцаараа амьдрах болсон гэнэ. Хэнд ч ойлгомжтой энгийн хэлээр бичсэнийг надаас эхлэн олон уншигч үнэлсэн байх, ер нь ная гарсан настан буурал хорьтой ач охиндоо нэээх кэцүү үгтэй захидал бичих үү? Тэгтэл шүүмжлэгчид хэн бүхний ойлгох энгийн хэллэгийг “хүүхэд, хүүхнүүд, хөгшчүүлд таарсан” гэж тодорхойлоод уран зохиолын хэл гэдэг тодорхой хэлбэрийг баримтлахаас гадна нарийн тансаг байх ёстой гэж шүүмжилсэн ажээ. Хмм... Ийм үзэл гэхдээ дан ганц италиар хязгаарлагдахгүй л дээ. Олон үг хэлж болох ч Бокаччо тухайн үед ноёрхож байсан "уран зохиолыг сонгодог латинаар л бичих ёстой" гэх үзлийг үл тоомсорлон амьд ярианы хэлээр Дэкамэроныг бичсэн нь яамай.

Бас нэг сонирхол татсан зүйл бол “Сэтгэлээ дагаад” (махчилбал “Зүрх хаашаа чиглүүлнэ, тийшээ яваарай”) гэх зохиолын нэрийг ч маш олон хүн шүүмжилсэн юм байж. "Үгүй, үүний одоо юуг нь шүүмжилдэг байна аа?" гэж гайхаж байвал та лав загалмайтан биш ээ. Өнө эртний католик шашны уламжлалтай Итали оронд хүн гээч бурхны сургаалийг “ухамсраараа” дагах ёстой, “сэтгэлээрээ” дуртай зүйлээ хийж дунд чөмгөөрөө жиргэж болохгүй гэж итгэх хүмүүс өнөө хэр олон аж. Энэ тухай Сүзанна “Барууны орнуудын хүмүүс өөрийн сэтгэл рүүгээ өнгийн харж, дотоод сэтгэлээ шударгаар харж чадахаа байсан. Бүгдийнх нь толгой л хэрээс хэтэрхий том болоод байна” гэжээ. (Сүзаннатай санал нийлэх ч хэний манаагүй сүүлийн үед 頭でっかち болоод байх шиг)

Хамгийн гол нь каратэгээр хичээллэдэг Сүзанна “Сэтгэлээ дагаад” гэдэг үгийг “Хагакүрэ” (葉隠) хэмээх Японы бүшидо үзлийн сургааль номоос авсан байжээ. Манайхан сэлмийн их мастер Миямото Мүсашигийн “Таван цагариг”-ийг сайн мэдэх боловч “Хагакүрэ” хараахан олны танил болоогүй мэт. Ер нь бол дутахгүй сайн ном, Японыг сонирхсон хүн болгонд уншихыг санал болгоё. Сонирхуулахад, Сүзанна өөрийгөө урд насандаа Японд амьдарч байсан гэж боддог гэнэ. Учир нь багадаа “Японд байхдаа... танаас өөр хар үстэй, хар нүдтэй ээжтэй байхдаа...” гээд сонин сонин юм их ярьж байсныг ээж нь тэмдэглэн үлдээсэн гэнэ. Даанч загалмайн шашин & барууны орнуудад дахин төрөхийг “дорнын төөрөгдөл” гэж үзэх тул эргэн тойрны хүмүүс охиныг “жаахан эрүүл биш” гэж боддог байсан бололтой.

Үг олдож үхэр холдлоо, олон үг нуршилгүй зохиолын зарим хэсгээс танилцуулъя:

Хүүхэд, хөгшчүүл адилхан ажээ. Шалтгаан нь ондоо боловч аль аль нь эмзэг. Амьдралын оргил үе нь хараахан ирээгүй, эсвэл оргил үеэ аль хэдийнээ өнгөрөөсөн тул зүрх сэтгэл нь хэв маягт баригдалгүй чөлөөтэй, дураараа амьдарна. Өсвөр насанд хүрэх үед хүүхдийн биеийн эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх хуяг бий болж эхэлнэ. Хуяг бүрэлдэх явц сувдтай төстэй – шарх нь лав, том байх тусмаа хуяг нь хатуу болно. Гэхдээ нас ахих тусам тэрхүү хуяг олон жил өмссөн хувцас адил элэгдсээр, нэг л мэдэхнээ нимгэн хэсгээрээ задарч хагарна. Даанч эхэндээ анзаарахгүй дээ. Өөрийгөө хуягтай хэвээр санаж байтал нэг л өдөр шалихгүй юманд гомдож, жаахан хүүхэд шиг уйлж өтөлснөө мэднэ.

*****

Санаандгүй явдал?
Еврей хэлэнд “санаандгүй” гэх үг байдаггүй гэсэн. Санамсаргүй, санаандгүй зүйлийг араб хэлний “аз” гэдэгтэй төстэй үгээр илэрхийлэхээс өөр аргагүй гэнэ. Сонин байгаа биз? Сонин боловч “Тийм ээ” гэж бас толгой дохимоор шүү. Бурхан байх тул санаандгүй болон санамсаргүйд орон зай байхгүй, түүнийг заах үг ч хүртэл байхгүй. Бүх юм болох ёстой жамаараа болж, хэнд ч юу ч тохиолдсон бүх юм учир шалтгаантай. Ямар ч эргэлзээгүй ийнхүү итгэх хүмүүстэй уулзах бүр үнэхээр атаархал төрнө.


*****

Хүн тодорхой нас хүртэл хувь заяны тухай боддоггүй. Чиний насны залуу хүн бүхнийг өөрийн сонголт хийгээд хийсэн, хичээсэн зүйлийн үр дүн гэж итгэхийг хүсэх нь зүйн хэрэг. Зам тавих ажилчин адил чулуу өрж өөрийн явах замаа өөрөө бий болгоно гэж бодно. Үнэндээ зам аль хэдийнээ бэлэн, хэн нэгний урьдаас бэлдсэн замаар алхаж явахаас цаашгүй гэдгийг нэлээд хэдэн жил сар өнгөрсний дараа анзаарна. Дөчин насны үзүүрт дөхөхийн алданд анзаарч, бүх юм өөрийн хүссэнээр болоод байдаггүйг ойлгож эхлэнэ. Гэвч хувь заяаг нухацтай бодож ойлгоход дөчин нас арай эртэднэ. Жар дөхөж, эргэж харах зам урдах замаас урт болоход өмнөө нүдэнд өртөөгүй олон зүйлийг анхаарах болно. Ирсэн зам шулуун дардан биш, хаа сайгүй салаа зам байсныг ч анзаарна. Зарим салаа замын эхэнд “Хааш хүргэх бол?” хэмээн эргэцүүлж байсан бол заримыг нь огт анзааралгүй өнгөрөөснөө ч ойлгоно. Тэр үед урагшилж болох байтал зогсчихсон байж, тэнд яагаад эргэв, энд юунаас болж буцав гэх зэргээр элдвийг бодно. Сүгорокү тоглоомыг санаж байна уу? Амьдрал нэг тиймэрхүү эд юм даа.

*****

Өнгөрсөн зүйл сэтгэл өвтгөх нь хэлээгүй орхисон зүйл байгаа учир.

*****

Амьдралын замд эргэлзэж, зүг чигээ алдвал мод хэрхэн ургаж том болдгийг санаарай. Навч нахиа ихтэй ч үндэс муутай мод бол нэг хүчтэй салхи шуурга дэгдэхэд л унаад өгнө. Үндэс сайтай ч навч нахиа муутай бол модны шим шүүс сайн гүйж чадахгүй хатаж орхино. Үндэс, навчис, аль аль нь адилхан тэгш өсөж ургах нь хамгийн сайн шүү дээ. Миний охин ч гэсэн үндсээ газарт бат суулгаарай. Тэгвэл хүмүүст нөмөр болж чадна, аюулаас зугтах оромж ч болж чадна. Улирал ээлжлэн солигдоход цэцэг, жимс ч ургаж боловсорно.

Урдах зам олон салаалж харагдаад алийг нь сонгохоо мэдэхгүй бол “Аль нь ч байсан яах вэ” гэж яаран шийдэлгүй, тэндээ суугаад хүлээгээрэй. Энэ дэлхийд мэндэлсэн мөч шигээ гүнзгий, том амьсгалаад олон юманд авталгүй зүгээр хүлээгээрэй. Дуугүй суугаад сэтгэлийнхээ дуу хоолойг чагнаарай. Тийнхүү сэтгэлийнхээ шивнээг дуулах аваас өндийгөөд, сэтгэлээ даган яваарай.

12 comments:

Тэмээчин бүсгүй said...

Гоё ном санал болгосонд баярлалаа. Цахим номдоо авчихлаа

Anonymous said...

Англи хэл дээр орчуулагдсан болов уу

Сүрэн said...

>Тэмээчин бүсгүй
Уншаад сэтгэгдлээ хуваалцаарай :)

>Anonymous
Англи орчуулга нь "Follow your heart".
https://www.goodreads.com/book/show/38913.Follow_Your_Heart

byambaa said...

Shine onii mend.

Mundag bichih yumaa. Olj unshihiig hicheenee.

Misomi said...

Шүүмжлэгчид жоохон "юм"тай гарууд уу гэхгүй юу. Хэсгээс нь л жоохон уншихад дурлаж байна шд олоод уншихаар шийдлээ...

Сүрэн said...

>byambaa

Shine onii mennd! Neg uulzaj yarih yumsan? :)

>Miso.somi
Tehh... Italid neleed olon hun "hel bichig iim baih yostoi" gesen conservative uzliig barimtaldag bololtoi.

Solo said...

Сайн уу таньд энэ номны еbook хувилбараар бий болов уу бүтэн цаг гаран хайчихжээ, олдоггүй ээ, итали хувилбараар нь олоод google translete рүү бичээд дараа нь тэрийгээ англиар бүрэн ойлгох гэж 2 өгүүлбэр хийж үзээд шантараад ер нь таниас асуугаад үзэе гэж шийдлээ бий бол та над руу майлдаж болох болов уу?

Сүрэн said...

>solo bold

Haramsaltai ni alga. Itali huvilbariig ni harin haanaas olov?

Solo said...

нэтээс хүсвэл би явуулж болно шүү, яахаа мэдэхгүй гайхаад л байна, итали хэл мэдэхгүйн дээр хөрвүүлэн хөрвүүлэн уншихад ихээхэн төвөгтэй байна, горьдлого тасрахгүй зөндөө нэт ухсаар л байна даа :-) нэг сайхан өдөр олох биз ээ

Solo said...

http://flipbook.cantook.net/?d=%2F%2Fedigita.cantook.net%2Fflipbook%2Fpublications%2F23927.js&oid=30&c=&m=&l=it&r=edigita.cantook.net&f=pdf

Solo said...

уучлаарай нэлээн удаж таны хариу бичсэнийг уншлаа http://flipbook.cantook.net/?d=%2F%2Fedigita.cantook.net%2Fflipbook%2Fpublications%2F23927.js&oid=30&c=&m=&l=it&r=edigita.cantook.net&f=pdf

Сүрэн said...

>solo bold

Mash ih bayarlalaa!