Р. Акүтагава "Кэса, Моритоо хоёр"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)
Нэг
Шөнө. Моритоо хашааны гадна сар ширтэн хатсан навчис гишгэж бодолд автана.
Түүний өчил
“Тэргэл саран гарчээ. Сар гарахыг үргэлж тэсэн ядан хүлээдэг атал гагцхүү өнөөдөр би гэрлээс нь айж байна. Өдий хүртэлх “би” өнөө шөнийн дотор үгүй болж маргаашаас алуурчинд хувирна гэж бодохоос хамаг бие дагжин чичирнэ. Хоёр гар минь цустахыг төсөөлж үзээч! Тэр мөчид би өөртөө ямар хараал барсан муухай амьтан санагдах бол. Ядаж үзэн ядах өстөн дайснаа хороох гэж байсан бол ингэтлээ зовж шаналахгүйсэн. Гэвч өнөө шөнө би өс хонзонгүй эрийг алахаас өөр замгүй.
Би түүнийг эртнээс таних ч нэрийг нь Ватарү Саэмон-но-жёо гэдгийг саяхнаас л мэдсэн. Гэхдээ түүний цагаан царай, эр хүнд баймгүй эелдэг зөөлөн төрх хэзээнээс харцанд минь торсон юм бол? Түүнийг Кэсагийн нөхөр болохыг мэдээд нэг үе хардах сэтгэл төрж байсан нь үнэн. Гэвч тэр хардалт одоо миний сэтгэлээс ор мөргүй алга болжээ. Тиймээс Ватарү миний хувьд хайр дурлалын өрсөлдөгч мөн ч гэлээ надад түүнийг үзэн ядаж, өширхөх сэтгэл үгүй. Харин ч эсрэгээр, би түүнийг өрөвдөж байна ч гэж болно. Кэсаг өөртөө татахын төлөө Ватарү хичнээн их хичээж чармайсан тухай Коромогава авхайгаас дуулаад өхөөрдөх сэтгэл хүртэл төрж билээ. Кэсаг эхнэрээ болгохын тулд Ватарү шүлэг хүртэл зохиож сурсан(*1) гээ биз дээ? Тэр хээгүй шулуун зантай самүрай эрийн хайрын шүлгийг бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэл төрнө. Гэхдээ шоолж тохуурхсан инээмсэглэл биш ээ. Бүсгүй хүнд таалагдахын төлөө тэгтлээ хичээх эр хүн миний сэтгэлийг хөдөлгөнө. Эсвэл миний хайрлаж дурласан хүүхэнд тэгтлээ таалагдахыг хичээх эр хүний хүсэл тэмүүлэл, амраг нь болох надад нэг төрлийн сэтгэл ханамж өгч байж ч мэдэх юм.
Гэвч ийнхүү ярихын чинээ би Кэсаг хайрлана гэж үү? Кэса бид хоёрын хайр дурлал өмнө, одоо гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Би нөхөрт гарахаас нь өмнө Кэсад хайртай байсан. Эсвэл өөрийгөө түүнд хайртай гэж бодож байсан. Гэхдээ одоо бодоход тэр үеийн миний дурлалыг цэвэр ариун гэх аргагүй. Би Кэсагаас юу хүсч байсан бэ? Залуу зандан байсан болохоор би Кэсагийн биеийг л хүсч байсан нь тодорхой. Жаахан хэтрүүлж хэлбэл, Кэсаг хайрлах миний сэтгэл бол бие махбодын тэрхүү дур хүслийг гоёмсгоор чимж байсан дэвэргэн мэдрэмжээс цаашлахгүй. Үүнийг дараах асуулт нотлоно. Кэсатай уулзалгүй гурван жил болоход би түүнийг мартаж чадаагүй нь үнэн боловч, хэрэв тэр үед биеийг нь эзэмдсэнсэн бол би ялгаагүй гурван жил мартаж чадахгүй санаж хүсэмжлэх байсан уу? Хэдий ичгүүртэй ч надад “тийм” гэж хариулах зориг алга. Кэсаг гэх миний сэтгэлд биеийг нь эзэмдэж чадаагүйд харамсах харуусал нэлээдгүй холилдсон байсан. Ийн ээдрээтэй сэтгэлээр би айн түгшиж асан, тэгсэн атлаа тэсэн ядан хүлээж байсан харилцааг Кэсатай үүсгэчихлээ. Одоо миний сэтгэл ямар байна? Өөрөөсөө дахиад асууя. Би үнэхээр Кэсад хайртай юу?
Гэвч хариулахаасаа өмнө би эс хүссэн ч гэлээ эхнээс нь бүгдийг эргүүлж нэг санах хэрэгтэй. Ватанабэ гүүр барьсны баяр ёслолын үеэр санаандгүй гурван жил хараагүй Кэсатай таарснаас хойш би хагас жилийн турш түүнтэй дахиж уулзахын төлөө төрөл бүрийн арга сүвэгчилсэн юм. Санасандаа ч хүрч уулзаж чадав. Үгүй ээ, уулзаад ч тогтоогүй. Би хүсч мөрөөдөж байснаараа Кэсаг өөрийн болгож чадав. Гэвч тэгэхэд зөвхөн биеийг нь эзэмдэж чадаагүйд харамсах харуусал ноёлж, намайг тийнхүү үйлдэлд түлхсэн гэж үл болно. Учир нь, би Коромогава авхайн гэрт Кэсатай хамт нэг өрөөнд сууж байхдаа тэрхүү харуусал хэзээнээс ч юм, нэг мэдэхнээ нимгэрсэн байсныг мэдэв. Би тэр үед хүүхэн хүний биеийг хэдийнээ үзчихсэн байсан нь миний хүслийг сулруулсан болов уу. Гэвч түүнээс ч том шалтгаан нь, Кэсагийн царай төрх гундсанд байлаа. Өнөөгийн Кэса гурван жилийн өмнөх Кэса биш болжээ. Арьс нь өнгөө алдаж, нүднийх нь эргэн тойрон нь хөхөрч сүүдэртжээ. Хацар, эрүү нь шуугдаж урьдын махлаг булбарай нь үлгэр мэт үгүй болсон байв. Зөвхөн түүний тунгалаг хар нүд л өөрчлөгдөөгүй хэвээр байлаа. Түүний царай төрхийн өөрчлөлт миний хүсэлд хүчтэй цохилт өгсөн нь лавтай. Би гурван жил уулзаагүй Кэсаг анх хараад өөрийн эрхгүй цочирдож харц шилжүүлснээ одоо ч сайн санаж байна...
Тийнхүү урьдын хүсэл замхарсан байтал би яагаад тэр хүүхэнтэй холбогдож орхив? Нэгд, би түүнийг дийлж эрхэндээ оруулах гэсэн сэтгэлийн сонин хөдлөлд автсан юм. Өөдөөс харж суусан Кэса авааль нөхөр Ватарүдээ хайртайгаа албаар дөвийлгэн ярьж байлаа. Гэвч түүний яриа надад оргүй хоосон санагдав. “Энэ хүүхэн нөхрөөрөө хоосон сайрхан бардамнаж байна” л гэж би бодсон. “Эсвэл надаар өрөвдүүлэхийг хүсээгүйдээ ийнхүү ярьж байна” ч гэж бас бодсон. Тэгж бодохын сацуу энэ хоосон бардамналыг нь илчлэх хүсэл хором хормоор хүч авч билээ. Гэвч “Түүний үгийг яагаад худал гэж бодсон бэ?” эсвэл “Чи өөртөө хэт итгэлтэйгээс Кэсагийн яриаг худалд тооцсон биз” хэмээн хэн нэгэн өөдөөс хэлбэл надад өөрийгөө цагаатгах үг алга. Гэлээ ч би түүнийг худал хэлсэнд итгэлтэй байлаа. Одоо ч би тийнхүү итгэсэн хэвээр байна.
Гэвч тэр үед зөвхөн түүнийг дийлье гэсэн хүсэл намайг эзэмдсэн гэвэл бас худлаа. Түүнээс гадна... хэлье гэхээр хацар халуу оргих шиг санагдана. Хэдий ичгүүртэй ч би цэвэр хуял тачаалд автсан байв. Тэр хүүхний биеийг эзэмдэж чадаагүйдээ харамсах харуусал биш. Түүнийг эзэмдэхийг хүссэн хүсэл ч биш, бүр дорд, хангаж л байвал хэн ч байсан хамаагүй, дур тачаалын төлөөх дур тачаал байсан юм. Янхан худалдаж авах ямар ч эрээс би тэр үед долоон дор байсан.
Ямартай ч би ийм сэдлийн улмаас Кэсатай холбогдов. Холбогдов гэхээс илүү хүний эхнэр Кэсагийн нэр төрийг гутаав. Ийнхүү одоо эхний асуултандаа эргэж очвол... Үгүй ээ, иймдээ тулчхаад Кэсад хайртай эсэхийг өөрөөсөө асуух хэрэг алга. Хайртай гэхээс харин ч эсрэгээр хааяа түүнийг үзэн ядах сэтгэл төрнө. Бүх юм дууссаны дараа уйлан хэвтэх Кэсаг хүчээр тэвэрч босгоход, тэр ичих нүүргүй надаас ч илүү ичгүүртэй харагдаж билээ. Арзайж сэгсийсэн үс, хөлөрсөн нүүрнийх нь будаг шунх... тэр хүүхний бие, сэтгэлийн муухайг илчлээгүй зүйл ер үгүй. Хэрэв тэр мөч хүртэл би түүнийг хайрлаж байсан бол, миний сэтгэл тэр өдөр үүрд замхарсан болно. Харин тэр мөч хүртэл хэрэв би түүнийг хайрлаж байгаагүй бол, тэр өдөр миний сэтгэлд шинээр үзэн ядалт төрсөн ч гэж болно. Гэтэл өнөө шөнө би эс хайрлах хүүхний төлөө эс үзэн ядах эрийг алахаар завдаж буй бус уу!
Үүнд хэн ч буруугүй. Би өөрөө, өөрийнхөө амаар “Ватарүг алъя” гэж хэлсэн юм. Кэсагийн чихэнд амаа наан тийм үг шивнэснээ бодохоор би ч солиорчихсон байсан гэлтэй. Гэхдээ л би тэгж шивнэсэн. Шивнэхгүй гэж бодон шүдээ тас зуусан чигтээ, шивнэсэн. Яагаад тийнхүү шивнэсэн бэ? Одоо эргэж бодоод ч ойлгох юм алга. Гэхдээ хүчилж бодвоос, би тэр хүүхнийг жигших тусам, үзэн ядах тусам, дотроос нэг юм хатгаж түүнийг улам дорд унагаж доромжилмоор санагдаад байсан юм.
Чингэхийн тулд хайртайгаа гайхуулаад байсан авааль эр Ватарү Саэмон-но-жёог нь алахыг Кэсад санал болгож хүлээн зөвшөөрүүлэх шиг энэ зорилгод нийцэх зүйл үгүй. Тийм учир би хар дарсан зүүдэнд автсан хүн шиг хүсээгүй аллагыг хүчээр тэр хүүхэнд тулгасан байх.
Тэгсэн ч “Ватарүг алъя” гэхэд хангалттай шалтгаан болохгүй гэвэл, дараа нь хүний мэдлээс хальсан далдын хүч (буг чөтгөр гэсэн ч яадаг юм) миний сэтгэл санааг эзэмдэн залж, нүглийн замд оруулсан гэхээс өөр арга алга. Ямар ч байсан би нэг л зүйлийг Кэсагийн чихэнд уйгагүй давтан хэлж байлаа.
Тэгж байтал Кэса гэнэт толгойгоо өндийлгөөд номхоноор миний саналыг зөвшөөрч байна гэж хариулав. Зөвхөн тийн амархан зөвшөөрсөн нь миний гайхлыг төрүүлсэн юм биш. Царайг нь хартал Кэсагийн харцанд өмнө хэзээ ч харж байгаагүй сонин гэрэл гялалзаж байлаа. Тэр даруй “Садар эм!” гэж бодогдохын зэрэгцээ цөхрөл гэмээр мэдрэмж гэнэт сэдсэн зүйлийн аймшгийг нүдний минь өмнө ангал мэт дэлгэв. Энэ бүхий л хугацаанд тэр хүүхний завхай, гундсан төрх туж намайг зовоож байсныг хэлэх илүүц биз. Чаддагсан бол би амласнаа яг тэнд, тэр дор нь няцаамаар байсан. Тэр завхай хүүхнийг тийнхүү шившиг гутамшгийн ёроол уруу түлхэж унагамаар байсан. Хэрэв тэгсэн бол – тэр хүүхнээр хэдий би хүслээ хангаж тоглосон ч гэлээ – зүй ёсны уур хилэнгийн цаана хүн чанар минь толгой хоргодчих зай олох л байсан. Гэвч надад тэгэх сүйхээ дутсан. Кэса миний доторхыг нэвт шувт харсан янзтай гэнэт царайгаа хувиргаад намайг цоо ширтсэн тэр мөчид – би үнэнийг хэлье – яг тэр мөчид би цаг, өдөр тохироод Ватарүг алахаар андгайлсан юм. Учир нь эс зөвшөөрсөн тохиолдолд Кэса надаас өшөө авна гэхээс айсан хэрэг. Тийм ээ, тэр айдас одоо ч миний зүрхийг базчихаад тавихгүй байна. Хулчгар амьтан гэж намайг шоолмоор байвал дураа ханатал шоолцгоо. Гагцхүү тэр мөчид Кэсаг хараагүй хүн л тэгж намайг шоолно. Нулимсгүй нүдээрээ уйлах түүнийг хараад би цөхрөл алдан “Ватарүг алахгүй бол Кэса – өөрийн гараар биш ч гэлээ – ямар ч байсан намайг ална. Тэгсэн дор би өөрөө Ватарүг алъя” гэж бодсон юм. Миний айдас... Намайг ам өгсний дараа Кэса нүдээ буруулан цонхигор цагаан хацартаа хонхор гарган инээсэн нь миний айдас үндэслэлтэйг нотлох бус уу?
Ээ харла, тэр ёрын андгайнаас болж би бузартахын дээдээр бузартсан сэтгэлдээ хүний амь хөнөөсөн нүгэл нэмэх нь. Хэрэв өнөө шөнө би амнаасаа буцвал... Үгүй ээ, чингэхийг би тэвчихгүй. Нэгд, би андгайлсан. Мөн Кэсагийн өшөө авалтаас айж буйгаа ч би хэлсэн – энэ бол хэрхэвч худал айдас биш. Гэвч бас өөр зүйл байна. Тэр юу вэ? Намайг, өөдгүй хулчгар намайг гэмгүй эрийг алахад түлхэх тэр их хүч юу вэ? Би мэдэхгүй. Мэдэхгүй боловч... магадгүй... үгүй ээ, тийм байх учиргүй. Би тэр хүүхнийг жигшдэг. Түүнээс айдаг. Үзэн яддаг. Тэглээ ч, тэглээ ч би түүнд хайртай юм болов уу?”
Моритоо нааш цааш алхах ч дахиж үг үл дуугарна. Сарны гэрэл тусна. Хаа нэгтээгээс имаё(*2) дуу сонсогдоно:
Ай, хүний сэтгэл Түнэр харанхуй лугаа адил
Хүсэл шуналын галд шатаж
Хийсэн одох амь болой
(төгсгөл дараагийн бичлэгт)
...........................................................................................................................
*1 Хэйан үед (794-1185) дурлалт хосууд бие биедээ хайрын шүлэг илгээх заншилтай байсан.
*2 имаё – Хэйангийн дунд үеэс Камакүра үе (1185–1333) хүртэл дэлгэрсэн дууны нэгэн төрөл.
*2 имаё – Хэйангийн дунд үеэс Камакүра үе (1185–1333) хүртэл дэлгэрсэн дууны нэгэн төрөл.
2 comments:
Тэр мөчид би өөртөө ямар хараал барсан муухай амьтан санагдах бол. Ядаж үзэн ядах өстөн дайснаа хороох байсан бол ингэтлээ зовж шаналахгүйсэн. Гэвч өнөө шөнө би өс өвөртлөөгүй эрийг алахаас өөр замгүй.
Тэр мөчид би өөртөө хичнээн их хараал хүртсэн бузар этгээд санагдах бол? Үзэн ядах өсиөн дайснаа хороох гэж байгаа бол ингэтлээ тарчилж шаналахгүйсэн. Гэвч өнөө шөнө би өс хонзонгүй эрийг алахаас өөр замгүй...
Гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна. Сүүлийн үед хэт модон хэт махчилсан орчуулга уншиж байгаад үүнийг уншсан чинь цангаж цангаж байгаад сайхан хүйтэн ундаа уусан мэт мэдрэмж төрлөө.
Post a Comment