Нетээр тэнэж яваад япончууд хулгайлсан, үгүй монголчууд хулгайлсан, үгүй аль аль нь хулгайлсан... гээд хөөрхөн маргаан уншчихав. Сүрэн учрыг олж хужрыг тунгааваас хэн нь ч хулгайлаагүй юм аа. Гэхдээ орчин цагт байсан бол яах аргагүй монголчууд бас солонгосчууд хулгайлсан болж таарна. Юун тухай яриад байна вэ гэвэл Японы "Төмөр замын дуу", Монголын "Хүмүүн төрөлхтөн" & Солонгосын "Сурагчдын дуу".
Товч мэдээ:
Энэ дуу Мэйжигийн 33 он буюу 1900 онд зохиогдсон бөгөөөд 1987 он хүртэл Япон улсын хамгийн урт дуунд тооцогдож байв. Арлын орны өнцөг булан бүрийг холбосон хэд хэдэн төмөр замын тухай дуунаас бүрдэнэ. Эхний дуу нь Токио, Нагоя, Кёото, Осака, Кообэ зэрэг худалдаа аж үйлдвэрийн томоохон зангилаа хотуудыг холбосон 588 км урт Тоокайдоо төмөр замын тухай. Токиогийн Шинбаши буудлаас (тэр үед Токио буудал хараахан баригдаагүй байсан) эхлээд Шинагава, Ёкохама, Ёкосүка, Камакүра, Одавара, Шизүока гээд төмөр замын томоохон буудал, зам дагуух үзэсгэлэнт газар, нэртэй сүм хийд, түүхэн дурсгалт газруудын тухай магтан дуулна.
Дараагийн дуу нь Тоокайдоо төмөр замын төгсгөл буюу Кобэ хотоос Кюүшүү арал хүртэл тавьсан Санъёо төмөр замын тухай. Кобэ хотоос эхлэн Хёого, Окаяма, Хирошима, Ямагүчи мужуудын төмөр замын гол буудлууд, уул нуруу, сүм дугана, цэцэрлэгт хүрээлэн, боомт хот гээд бахдам бахархам бүхнээ дуулна. Удаахь дуу нь Токиогийн Үэно буудлаас хойд нутаг руу тавьсан Оошюү Иваки төмөр замын тухай. Тэр нь өнөөгийн Тоохокү шугам & Жёобан шугам. Далийхад, Кавабавагийн алдарт "Цасны орон" руу энэ төмөр замаар явна... Дүгнэхэд, бүх гол төмөр замын тухай дуулдаг учир энэ дууг Япон улсын төмөр замын сүлд дуу ч гэж болно.
Өмнөх зууны эхний хэсэгт япончууд Хятадыг эзэлчихсэн, Манж-Го улсыг байгуулчихсан, тэр нь Өвөр монголын газар нутгийг бас хамарчихсан байсан. Манжуурт япончууд үй олноороо нүүж суурьшаад, сургууль соёл байгуулаад (Шиба Рёотароод орчуулга хийсэн "Тал нутгийн тэмдэглэл" зохиолын баатар Цэвэгмаа гуай багадаа тийм сургуульд явж япон хэл сурсан) үйлдвэр бариад, төмөр зам тавиад... ихээхэн юм өрнүүлж байсан даа. Нутагтаа сонсож байсан дуугаа ч авч очсон байж таарна. Тэр нь манайд эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай дуу "Хүмүүн төрөлхтөн" болоод, Солонгост эрдмийг эрхэмлэхийг сургасан "Сурагчдын дуу" болсон юм. Хэдий тийм ч оюуны өмчийн тухай ойлголт байгаагүй үеийн юмыг (тодруулбал Европ, Япон, АНУ-д байсан, Хятад & Монголд байгаагүй) хулгайлсан гэж болохгүй л болов уу.
Үг: Оовада Тэкэки
Ая: Ооно Үмэвака & Үэ Санэмичи
P.S. 1987 онд зохиогдсон Японы хамгийн урт дуу үнэн дэнэг. Дэндүү дэнэг учир нэрийг нь ч энд бичихгүй. Гэхдээ дэнэг юм хийж энэ дуунаас "хамгийн урт дуу" цолыг булаасан нь харамсалтай.
1 comment:
Анх ирээд Шинагава буудал дээр сонсож байсан шиг санагдаж байна, бүр гайхаад Хүмүүн төрөлхтөн явж байна шд гээд, яагаад энд энэ ая явдаг билээ гээд бүр гайхаж байж билээ. Сүүлд төмөр замын дуу гэдгийг мэдсэн ч гэсэн аль улс нь зохиогоод аль нь хуулсан гэдгийг мэдээгүй өнгөрсөн. Одоо ойлголоо.
Post a Comment