Япон хүүхдүүд арван жилдээ уран зохиолын хичээл дээр үздэг Акүтагавагийн өгүүллэг. Рашёомон, Ширэнгэд хоёроос илүү энэ өгүүллэгийг япончууд мэдэх байх шүү.
Р. Акүтагава "Тэргэнцэр"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)
Одавараг Атамитай холбох нарийн төмөр зам тавих ажил Рёохэйг найман нас хүрдэг жил эхэлсэн билээ. Рёохэй төмөр замын ажил харахаар өдөр бүр тосгоны зах руу явна. Төмөр замын ажил гэхээс төмөр замын тэргэнцэрээр шороо зөөж байгаа нь хүүгийн сонирхлыг татаж тийнхүү харахаар очдог байв.
Шороо ачсан тэргэнцэрийн ард газар шорооны хоёр ажилчин зогсож явна. Уулын бэлээр уруудах учир тэргэнцэр хүний хүч дэмгүй эрчээ аван хурдална. Тэргэнцэр савлан дайвалзаж салхи татуулан давхихад ажилчдын хантаазны хормой дэрвэж, нарийхан төмөр зам тахийж муруйна – Рёохэй энэ бүхнийг харан ажилчин болох юмсан гэж мөрөөднө. Эсвэл ядаж ганцхан удаа ажилчидтай хамт тэргэнцэрийн ард тийн зогсоод давхиж үзэхсэн гэж бодно. Тэргэнцэр тосгоны захын тэгш газар ирээд аяндаа зогсоно. Зогсов уу, үгүй юу ажилчид шаламгай гэгч нь үсрэн бууж тэргэнцэрт ачсан шороог төмөр замын төгсгөлд асгана. Тэгээд тэргэнцэрээ түрсээр сая ирсэн замаараа дахин уул өөд зүтгэнэ. Рёохэй тэр үед тэргэнцэрт суудаггүй юм гэхэд ядаж араас нь түлхэх юмсан гэж бодно.
Өвлийн хоёрдугаар сарын эхэнд Рёохэй нэгэн үдэш хоёр насаар бага дүү бас дүүтэй нь нас чацуу хөрш айлын хүүтэй хамт тосгоны зах, тэргэнцэр тавьсан газар руу явжээ. Тэнд үдшийн бүрийд шавар шороо болсон тэргэнцэрүүд эгнэсэн байлаа. Харин эргэн тойронд нь хаашаа ч харсан ажилчдын бараа харагдсангүй. Гурван хүү айж эмээсээр хамгийн захын тэргэнцэрийг түлхэв. Хөвгүүдийн хүч нь дүймэгц тэргэнцэрийн дугуй гэнэт хяхтнан дуугарч аажуухан хөдлөв. Тэр дуунд Рёохэйгийн хүйтэн хөлс асгарав. Гэвч дахин хяхтнахад Рёохэй айсангүй. Гурван хүүг түлхэхэд тэргэнцэр түр тар хийн төмөр замаа даган өгслөө.
Тийнхүү арван кэн(*1) хиртээ явтал төмөр зам нэлээд өгсүүр болж, хэчнээн түлхээд ч тэргэнцэр гурван хөвгүүний хүчинд урагшлахаа болив. Харин ч эсрэгээр гурвуулаа дийлдэж ухрах тохиолдол гарна. Рёохэй одоо боллоо гэж бодоод хоёр дүүдээ дохио өгөв:
- Cууя!
Хөвгүүд нэгэн зэрэг гараа татан авч тэргэнцэрт үсрэн орцгоолоо. Эхэндээ тэргэнцэр аажуухан дайвж байснаа аяндаа хурдаа авч эрчлэн уруудав. Тэр даруй харах бараа нүдний өмнө ярагдан хуваагдаж, хоёр тийш асар хурдтай тэлэн өргөжив. Хацар алгадах үдшийн салхи, хөл доор түчигнэн доргих тэргэнцэр – Рёохэй тэнгэрт хөөрсөн мэт баярлаж байлаа. Гэвч тэргэнцэр хоёр, гурван минутын дараа байсан газраа буцаж ирээд зогсов.
- Дахиад нэг түлхье!
Рёохэй хоёр дүүтэйгээ дахиад тэргэнцэрийг түлхэхийг завдав. Гэтэл дугуй эргэж ч амжаагүй байтал ард нь гэнэт хэн нэгний хөлийн чимээ сонсогджээ. Сонсогдоод зогсохгүй хөлийн чимээ гэнэт зандран загнах ууртай дуу болж хувирав:
- Муу золигнууд! Тэргэнцэрт гар хүрэхийг хэн зөвшөөрсөн юм бэ?
Тэмдэгтэй хуучин хантааз, улиралдаа зохицоогүй сийрсэн малгай өмссөн өндөр ажилчин архан талд нь зогсож байлаа. Гэвч түүний бараа хараанд өртөх үед Рёохэй хоёр дүүтэйгээ аль хэдийнээ тав, зургаан кэн зугтаж амжсан байв. Түүнээс хойш Рёохэй гэрийн ажилд зарагдчихаад буцаж явах үедээ талбайд тэргэнцэрүүд эзгүй байхыг харсан ч дахин сууж зүрхэлсэнгүй. Тэр ажилчны төрх одоо ч Рёохэйн ой тойнд хаа нэгтээ зурайн тодорно. Бүрэг харанхуйд цайрах жижиг шар сийрсэн малгай... гэвч тэр дурсамжийн өнгө ч жилээс жилд бүдгэрсэн ажээ.
Арваад хоногийн дараа Рёохэй дахиад ганцаараа их үдийн алдад ажлын талбайд очиж тэргэнцэрүүд ирж буцахыг харан зогсож байлаа. Гэтэл шороо ачсан тэргэнцэрээс гадна дэр мод ачсан нэг тэргэнцэр гол шугам болох өргөн замаар өгсөөд ирэв. Тэр тэргэнцэрийг хоёр залуу түрж явна. Тэр хоёр Рёохэйн нүдэнд нэг л дулаахан санагджээ. Жаалхүү “Энэ ах нар лав загнахгүй байх” гэж бодоод гүйж очин,
- Ах аа, би түлхэлцээд өгөх үү? гэж асуув.
Судалтай цамц өмссөн ажилчин доош харан тэргэнцэрээ түрсэн чигтээ Рёохэйн найдаж байсанчлан “Тэгээч, түлхээд өгөөч” гэж уриалгахан хэлэв. Рёохэй тэр хоёрын дунд ороод хамаг хүчээрээ түлхэж эхлэхэд чихэндээ ороомог тамхи хавчуулсан нөгөө залуу нь:
- Миний дүү ч чадалтай байна шүү гэж Рёохэйг магтав.
Явж байтал эгц өгсүүр зам аажмаар налуувтар болж эхлэв. Рёохэй дотроо “Одоо болно” гэж хэзээ хэлэх бол гэж түгшиж явлаа. Гэвч хүчлэн тонгойж байсан хоёр залуу өндийн нуруугаа тэнийлгээд дув дуугай тэргэнцэрээ түрсээр. Рёохэй тэсгэл алдан, эмээн эмээн “Би хэчнээн түлхсэн ч болох уу?” гэж асуухад хоёр залуу “Болно оо” гэж зэрэг хариулав. Хөвгүүн “Ямар сайн ах нар вэ” гэж бодлоо.
Тав, зургаан чёо(*2) хиртээ явсны дараа зам дахин тахийж өгсүүр болов. Замын хоёр талаар бэрсүүт жүржийн талбайд олон жимс нарны гэрлийг шимэн шаргалтана. “Өгсүүр зам нь гоё юм аа, удаан түрнэ” – Рёохэй ийн бодоод хамаг чадлаараа түлхэхийг хичээв.
Жүржийн талбай дундуур өгсөж гарахад төмөр зам гэнэт уруу болов. Эрээн цамцтай эр Рёохэйд “За суу” гэхэд Рёохэй шууд үсрэн суув. Гурвуулаа үсэрч гармагц тэргэнцэр жүржийн моднуудын сэнгинэм сайхан үнэрийг сэвэлзүүлэн жирийтэл уруудан хурдлав. Салхи хүрмийг нь дүүргэн явахад Рёохэй “Түлхсэнээс суусан нь гоё” гэж мэдээжийн юм бодлоо. “Явахдаа удаан түлхвэл буцахдаа удаан сууна” гэж ч бас бодов.
Хулсан шугуйтай газар ирээд тэргэнцэр аажуухан зогсоход гурвуулаа бууж хүнд тэргэнцэрээ урьдын адил түрэв. Нэг мэдэхнээ хулсан шугуй холимог ой болов. Өгсүүр замд заримдаа хатсан навчинд харагдахгүй болтлоо хучигдсан, зэвэрсэн төмөр замын хэсгүүд ч таарч байлаа. Замын тэр хэсгийг өгсөн гартал өндөр хадан хясааны цаана хөвөө хязгааргүй, хүйтэн нэлгэр далай цэлийн харагдав. Далай харагдмагц Рёохэй гэнэт гэрээсээ дэндүү хол явчихсанаа ухаарав.
Гурвуулаа дахин тэргэнцэртээ суулаа. Тэргэнцэр баруун талдаа далайн эрэг дагуу ургасан моддын мөчир доогуур хурдална. Гэвч Рёохэй түрүүнийх шигээ баярлаж хөөрсөнгүй, “Одоо харихгүй бол болохгүй” л гэж дотроо бодож байлаа. Гэхдээ очих газраа очихоос нааш тэргэнцэр ч, тэд өөрсдөө ч буцаж чадахгүй гэдгийг мэдээж Рёохэй сайн ойлгоно. Удалгүй тэргэнцэр эгц зүссэн уулын хормой түшсэн, тутрагын сүрлэн дээвэртэй цайны газрын өмнө ирж зогсов. Хоёр ажилчин дотогш ороод хөхүүл хүүхэд үүрсэн цайны газрын эзэн бүсгүйтэй яриа дэлгэн аажуу тайван цайлж эхлэв. Харин Рёохэй ганцаар үлдээд жаахан хямарч дэмий л тэргэнцэрээ хэд тойрч үзлээ. Тэргэнцэрийн бат бэх банзан хананд үсэрч наалдсан шавар хатсан байх ажээ.
Нэлээд хүлээсний дараа чихэндээ ороомог хавчуулсан залуу (гэхдээ энэ үед чихэнд нь ороомог байсангүй) гарч ирээд тэргэнцэрийн хажууд зогсох Рёохэйд сонинд ороосон боов өгсөнд Рёохэй “Баярлалаа” гэж хөндий дуугаар хэлэв. Гэвч тэр даруйдаа гэмшиж, хүйтнээр хариулснаа цайруулах гэсэн шиг баглаатай боовноос нэгийг авч амандаа хийжээ. Боовонд сонингийн цаасных бололтой, газрын тосны үнэр шингэсэн байлаа.
Гурвуулаа тэргэнцэрээ түрж налуухан хөтлөөр дээш өгсөв. Гэвч энэ удаад Рёохэй гар нь тэргэнцэрийг түлхэвч сэтгэлдээ тэс ондоог бодно.
Хөтөл даваад уруудаж буутал түрүүнийхтэй адил цайны газар таарав. Ажилчид тийш орсны дараа Рёохэй тэргэнцэр налж суугаад харих тухай л бодно. Энэ үед жаргах нарны туяа цайны газрын өмнө цэцэглэсэн тоорын модны оройг шүргэж байв. Рёохэй “Нар жаргах нь ээ...” гэж бодмогц байж суух аргагүй болов. Жаалхүү тэргэнцэрийн төмөр дугуйг өшиглөж нэг үзээд, ганцаараа хөдөлгөж дийлэхгүйгээ мэдэвч араас нь түлхэж нэг үзээд үймсэн сэтгэлээ аргална. Тэгж байтал ажилчид гарч ирээд тэргэнцэрт ачсан дэр модоо буулгаж эхлэнгээ Рёохэйд ажиг ч үгүй ийн хэллээ:
- Миний дүү, одоо хариарай. Бид өнөөдөр эндээ хононо.
- Их оройтвол гэрийнхэн чинь санаа зовно шүү.
Рёохэйн дотор зурсхийв. Удахгүй харанхуй болно, ноднин жилийн сүүлээр ээжтэйгээ Ивамүра тосгонд очсоныг бодоход өнөөдрийн зам гурав, дөрөв дахин хол байсан, өнөөдөр гав ганцаархнаа ийм хол ирсэн... Энэ бүхнийг Рёохэй агшин зуур ойлгож золтой л уйлчихсангүй. Гэвч уйлаад нэмэргүй гэж бодлоо. Жаалхүү ажилчин залууст эв хавгүй мэхийн ёслоод төмөр зам дагуу ум хумгүй гүйв.
Рёохэй хар хурдаараа нэлээд удаан гүйлээ. Гүйж байхдаа тээртэй санагдсан учир өвөрлөсөн боовоо замын хажуу руу чулуудав. Модон ултай сүрлэн шаахайгаа ч зэрэг тайлж хаяв. Оймстой хөлийнх нь улыг хайрга чулуу хатгаж, нухаж өвтгөсөн боловч хөл нь хамаагүй хөнгөрч гүйх нь хурдан болжээ. Рёохэй зүүн талдаа далайн амьсгааг мэдэрсээр өндөр хөтөл өөд гүйж гарав. Үе үе хоолой нь зангирч нүдэнд нь нулимс тунарна. Гэвч Рёохэй өөрийгөө хүчлэн тэвчиж, гагцхүү хамар нь шархирч амьсгаа нь шуухитнана.
Хулсан шугуйн хажуугаар гүйн өнгөрөхөд үдшийн гялбаанд туяарах Хиганэ уулын оройгоос жаргах нарны сүүлчийн туяа татарч байлаа. Рёохэй улам сандарч тэвдэв. Ирэх, буцах зам адилгүй учраас тэр үү, эргэн тойрны бүх юм ондоо харагдаж санааг нь зовооно. Тэгтэл хөлсөнд норсон хувцас нь хүртэл тээртэй санагдсан тул ум хумгүй гүйсэн чигээрээ хүрмээ тайлж замын хажуу руу шидэв.
Бэрсүүт жүржийн талбайд ирэх алдад эргэн тойрныг харанхуй улам нөмрөв. Рёохэй “Амьд л үлдвэл” гэж бодон халтирч бүдэрсэн ч гүйсээр л байлаа.
Холоос бүрэг харанхуйд арай хийж тосгоны зах дахь төмөр замын ажлын талбай харагдахад Рёохэйд дуу тавин уйлмаар санагдав. Гэвч царай нь үрчийж, доголон нулимс унагасан ч уйлалгүй тэвчин гүйсээр байлаа.
Рёохэйг тосгонд гүйж иртэл замын хоёр талаар айлуудын гэрэл хэдийнээ ассан байжээ. Айлуудын гэрлэн дундуур гүйж явахдаа толгойноос нь уур савсаж буйг жаалхүү мэдэж байв. Амьсгаадан гүйх Рёохэйг хараад худгаас ус зөөх хүүхнүүд, тариан талбайгаас буцах эрчүүд “Хүүе, яагаа вэ?” гэж дуудан асууцгааж байлаа. Гэвч жаалхүү барааны дэлгүүр, үсчин, гэрэл ассан айлуудын урдуур хар хурдаараа таг дуугай гүйн өнгөрөв.
Гэрийнхээ үүдэнд гүйж ирээд Рёохэй тэсэлгүй хоолой мэдэн цурхиран уйллаа. Уйлах дуугаар нь аав, ээж хоёр нь санд мэнд гарч ирэв. Ээж нь нэг юм хэлэнгээ Рёохэйг тэврэхийг оролдох авч Рёохэй гар хөлөө савчин эхэр татан уйлсаар байлаа. Түүний дэндүү чанга, дэндүү их уйлах дуунаар хөрш айлын гурав, дөрвөн авгай хүүхэн харанхуйд гэрийнх нь гадаа ирэв. Ээж аав, цугласан хүмүүс бүгд ам амандаа түүнээс уйлах учрыг нь асууна. Гэвч Рёохэй уйлахаас өөрийг үл мэднэ. Тийм хол замыг ганцаар гүйж ирэхдээ ямар их айж тэвдэснээ бодохоор орь чангаар хэчнээн уйлавч уйлж барахгүй мэт хүүд санагдах ажээ.
..............................................................
Рёохэй хорин зургаан настайдаа эхнэр хүүхдийн хамт Токиод иржээ. Одоо тэр нэгэн сэтгүүлийн газрын хоёр давхарт улаан үзэг барин хянагч хийдэг. Гэхдээ Рёохэй бага насныхаа тэр нэгэн өдрийг хааяа ямар ч учир шалтгаангүй санадаг юм. Ямар ч учир шалтгаангүй? Хатуу бор амьдралд ядарсан түүний нүдний өмнө одоо ч гэсэн тэртээх өдрийнх шиг бүрэг харанхуй ой шугуй, өгсүүр уруутай нарийхан зам бүдгэрч тодрон үргэлжилсээр...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
*1 кэн – уртын нэгж, 1.82 метр
*2 чёо – уртын нэгж, 109.09 м
Орчуулгын тухай тайлбар:
Зохиолын нэр буюу японоор トロッコ, англиар "trolley", оросоор "вагонетка" гэх энэ үгийг монголоор юу гэхийг мэдэхгүй нэлээд удаан хайв. Өвөр монголчууд “Зүтгүүр тэрэг” гэж орчуулсан байна лээ. Гэхдээ “зүтгүүр” гэдэг оросоор “локомотив”. Энэ өгүүллэгт гарах тэргэнцэр зүтгүүргүй учраас тэгж орчуулж боломгүй санагдана. Манайд ийм тэрийг зарим уурхайд ашигладаг юм билээ, уул уурхайн толиноос харахад “бэсрэг чингэлэг” гэж байсан. "Тэрэг" гэж орчуулахаар "төмөр замаар тэрэг явдгиймуу" гээд, "тэргэнцэр" гэж орчуулахаар "тахир дутуу хүмүүсийн тэргийг л тэргэнцэр гэдэг шдээ" гээд, "чингэлэг" гэхээр "төмөр хайрцаг шиг эдийг л тэгдэг биз дээ" гээд... яаж ч орчуулсан найз нөхөд маань намайг шүүмжилнэ. Гэхдээ оронд нь санал болгох үгс нь "тэрэг", "зүтгүүр тэрэг", "чингэлэг", "төмөр замын тэргэнцэр", "бэсрэг чингэлэг" зэргээс цаашлахгүй... Мэргэн нөхөд туслана уу? Уул нь доорх зурган дээрх шиг юмыг л хэлээд байгаам...
9 comments:
Тэргэнцэр чигээрээ зүгээр бус уу. Угаасаа энэ үгний хэрэглээ өргөн хүрээг хамардаг болохоор. Хэн ч уншаад ямар тэргэнцрийн тухай яригдаж байгааг ойлгохоор байна.
>Piglet
Bayarlalaa
Сүрэн эгчээ,сайхан орчуулжээ.Тэргэнцэр гэдэг нэрээрээ зүгээр юм шиг санагдаж байна.
Bayarlalaa, Dairii :)
Huurhii huuhed ih l aisan bn daa. Ter ajilchid yasan muuhai yum bee, huuhdiig ter hol gazar daguulj yavchihaad , erthen hari gd butsaahgui. Goy uguulleg orchuulsand bayarlalaa. Huuhed murtluu ter hol zamd uilahgui guiseer, yamar ch gsn irsen bn shuu.
Заримдаа хүнд хэлье гэвч хэлж чадахгүй зүгээр л уйлмаар үе тохиолддог маань санаанд орчихлоо.
>Anonymous
Bayarlalaa.
>Tuya Tuya
Bi baga nasaa l dursaj orchuulsan... tiim ue gehdee baina shuu.
үнэхээр сайн орчуулсан байна. энэ бүх өгүүллэгүүдээ ном болгоод гаргавал зүгээр юм шиг санагдлаа. япон өгүүллэгийг монголд голдуу орос хэлээс орчуулсан байдаг. их алдаатай, муухан. жишээ нь д.цоодол гуай нэг алдартай япон зохиолчийн өгүүллэгүүдийг орчуулсан байсан нь арай л дэндүү алдаатай байсан. дэлхийн шилдэг зохиол цувралд ном болж гарсан байсан. харин та их сайн орчуулдаг юм байна. таалагдлаа.
> Anonymous
Bayarlalaa. Udahgui Akutagawagiin orchuulgiin tuuver garna.
Post a Comment