2013/09/21

Америк бидэнд туслах уу?


Италийн нэрт зохиолч Эдуардо дэ Филиппо америкийн хэрэглээний нийгэм, банк санхүүгийн байгууллагын гажуудлыг "Леман Бразэрс" дампуурахаас аль жараад жилийн өмнө олж харан, ийм богинохон өгүүллэгт базаж ёжилсныг бишрэв. Бишрэхийн шидээр итали хэлнээс анх удаа орчуулж зүрхлэв:

Эдуардо дэ Филиппо "Америк бидэнд туслах уу?" 1947
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

 Тайз бэлтгэх хооронд эдийн засгийн бодлогын тухай ярья ...
 Ер нь би гудамжинд таарсан хүмүүстэй хөөрөлдөх дуртай - амьдралын тухай тэднээс сурч мэдсэнээ тайз руу шилжүүлэхэд дүрүүдийн минь хүнлэг чанар улам тодордог билээ. Жишээ нь, нэгэн өдөр Наполигээр зугаалж явахдаа Тотонно хэмээх тэрэгчинтэй тааралдаж, түүнээс ийн асуулаа: “Бидний санхүүгийн байдлын тухай та юу гэж бодож байна? Америк бидэнд туслах болов уу?” Тотонно уг асуултын тухай үдэш орой үргэлж бодож байсан мэт хариултынхаа зөвд бүрэн итгэлтэй ийнхүү хариулав:
 - Мэдээж. Тусалж л таарна. Өөрсдийнх нь сонирхолд нийцэхээс хойш.
 - Яагаад өөрсдийнх нь сонирхолд нийцнэ гэж?
 - Яахав, та зөвшөөрвөл би нэг жишээ татъя. Та таваг хийдэг галзуугийн тухай яриаг мэдэх үү?
 - Үгүй.
 - Тэгвэл би танд одоо ярьж өгье гээд Тотонно ярьж эхлэв: Галзуугийн эмнэлгийн (Тотонно яагаад өнөөгийн байдлыг галзуугийн эмнэлэгтэй зүйрлэснийг мэдэхгүй ч дэлхий нийтээрээ ухаанаа алдсаныг хэлж байсан байх) олон тасалгааны нэгэнд сэтгэцийн өвчтэй хүмүүс байжээ. Тэдний нэгнийх нь ор цэцэрлэг өөд харсан цонхны дор байсан агаад тэр этгээд - уул нь ч хорхойд хоргүй гар урчин л даа - цэцэрлэгийн шавраар таваг хийх солиотой байж. Өнөөдөр урлана, маргааш урлана... нэг л өдөр хийсэн таваг нь орных нь доор, шүүгээнийх нь хажууд, коридор дагуу - энд тэнд бага багаар овоорох болжээ. Бусад нь өдрөөс өдөрт нэмэгдэх энэ олон тавгийг гайхал, баясал хосолсон байдалтай бахдан харна. Тэдний нэг нь:
 - Надад нэг таваг өгчих, тэгэх үү? гэж гуйв.
 - Оронд нь юу өгөх юм?
 - Надад мөнгө алга.
 - Тэгвэл нэг товчоо өгчих, оронд нь би чамд таваг өгье.
 Тэр мөчөөс эхлэн өвчтөнүүд таваг авахын тулд товчоо тасдаж эхлэв. Өнөөдөр тасдана, маргааш тасдана... нэг л өдөр бүгдээрээ өмдөө ч тогтоох товчгүй болцгоов. Хамаг товч нь дуусч, таваг авах товч үлдсэнгүй. Гэтэл ваарчин эр галзуугийн ганцаардалдаа автан тавгаа урласаар л байлаа. Ийнхүү хэд хоноход эмнэлгийн тасалгаа дахин тавгаар дүүрэв. Солиотой эр тэднийгээ зарахыг оролдсон ч хэн нь ч авахыг хүссэнгүй.
 - Найзууд аа, та нар миний тавгийг авах ёстой. Яагаад гэвэл би солиотой. Би таваг хийхгүй байж чадахгүй - энэ бол миний солио шүү дээ.
 - Тийм л дээ, гэхдээ бидэнд товч алга.
 Тэр шөнө ваарчин эр цурам хийсэнгүй. Тэрээр дараа өдрийн өглөө, нар мандахын алдад нөхдөө цэцэрлэгийн довжоо дээр дуудаж цуглуулахад бүгд түүнийг тойрон шахцалдаж том цэцэрлэгийг дүүргэв.
 - Найзууд аа, би энэ асуудлыг шийдвэрлэх арга олохын тулд шөнөжин уйлж залбираад огт унтаж чадсангүй. Энэ баглаатай бол та нараас авсан товч. Буцааж өгье, та нар минь үргэлжлүүлэн тавгаа аваарай.

Итали эх: Eduardo De Filippo "L'America ci aiuterà?"

3 comments:

Bayarkhuu said...

Ямар гоё ёгтлоо вэ.

ДЭЛГЭР said...

Их гоё мэдээлэл байна. Маш бодууштай?

Сүрэн said...

>Д.Баярхүү
>ДЭЛГАР

tehh...