2013/03/21

Я. Кавабата "Гал өөд явах тэр минь"

 

 Кавабата Ясүнаригийн алдартай "Алгын чинээ өгүүллэгүүд" түүврээс Зүүдчинд зориулж орчуулав :)

 Я. Кавабата "Гал өөд явах тэр минь"
 川端康成「火に行く彼女」
 Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Холоо, нуурын ус бүдэг гэрэлтэнэ. Хуучин цэцэрлэгийн өмхийрсөн устай цөөрмийг сартай шөнө харж буй мэт өнгөтэй ажээ. Нуурын цаад эргийн төгөл чимээгүй шатаж байлаа. Бадарсан галын тойрог харсаар байтал тэлж өргөжив. Ойн түймэр бололтой. Нуурын эргээр тоглоомон юм шиг хурдлах галын машин усны толионд тод тусна.
  Уулын бэлийг харлуулан хүмүүсийн цуваа зогсоо зайгүй дээш өгсөж ирнэ. Анзаартал, эргэн тойрны агаар чимээгүй, хатсан аятай гэрэлтэнэ. Тэртээ уулын хормой дахь хот тэр аяараа улаан галын далай.
  Бүсгүй олон хүмүүсийг эвтэйхэн зөрж өнгөрөөд ганцаар доош уруудна. Уулын бэлийг тэр ганцаараа уруудаж явна. Дуу чимээ огт үгүй, сонин нам гүм ертөнц.
  Шулуухан галын далай өөд явах түүнийг хараад миний дотор давчдав. Тэр үед үгээр биш ч гэлээ түүний сэтгэлтэй ийнхүү ярилцсан билээ.
  - Чи яагаад ганцаараа уруудна вэ? Шатаж үхмээр байна уу?
  - Үгүй, би үхэхийг хүсээгүй. Гэхдээ баруун талд таны гэр байгаа. Тийм учраас би зүүн зүг рүү явна.
  Харах барааг галын дөл эзэгнэн дүрэлзэх ахуйд ганц хар цэг - түүний дүрс нүдийг минь хатгах адил өвтгөхөд би сэрэв. Нүдний булангаар нулимс урсаж байлаа.
  Миний гэрийн зүг алхахыг ч үл хүснэ гэж хэлэхийг нь би хэдийнээ мэдэж байжээ. Гэвч түүний юу гэж бодох нь хамаагүй. Гагцхүү, би өөрийгөө хүчлэн түүний сэтгэл хөндийрч хөрсөнтэй эвлэрсэн дүр эсгэж байсан ч сэтгэлийнх нь хаа нэгтээ, намайг гэх ганц дусал үлдсэн хэмээн бодож явахыг хүссэн билээ. Түүний бодит хүсэл сэтгэлтэй огт холбоогүй, өөрийн дураар ийнхүү бодохыг зорьсон юм. Өөрийнхөө эл байдлыг шорвогоор шоолсон ч гэлээ нууцхан энэ горьдлогоо амьд үлдээхийг хүссэн билээ.
  Гэтэл ийм зүүд зүүдэлнэ гэдэг түүнд намайг гэх ширхэг ч сэтгэл үлдээгүй гэж би өөрөө, сэтгэлийнхээ өнцөг булан бүрээр итгэчихсэн хэрэг үү?
  Зүүд гэдэг миний сэтгэл. Зүүдэн дэх түүний сэтгэл нь, миний ургуулсан түүний сэтгэл. Миний л сэтгэл юм. Мөн зүүдний сэтгэлд бардам зан, нэрэлхүү араншин үгүй билээ. 
  Ийнхүү бодон гунигт автав.
  (1924)

7 comments:

Khulan Jugder said...

Ийм сайхан блог хөтөлдөгт баярлалаа. :D Их зүйл уншиж, мэдэж авч байна даа.

Сүрэн said...

>Khulan Jugder

bayarlalaa :)

Anonymous said...

Сайн байна уу, Сүрээн. Маш их баярлалаа.
Акутавад юундаа тэгтлээ их татагддагаа энэ өгүүллэгээс илүү их мэдрэх шиг болов.
Энэ зүүдийг дахиад жаахан үргэлжлүүлмээр... Охид яг л тэгээд галын зүг яваад өгдөг. Тэгэхэд түүний сэтгэлд нэг ч дусал нулимс үлдээ болов уу гэсэн горьдлого хичнээн байсан ч битгий яваач гэж хэлж, сөхрөн унаж, уйлж, чаргуулдаж чадаагүй, яагаад гэвэл тэр тусам тэр улам зүтгэнэ гэдгийг зөнгөөрөө мэднэ. Тэгээд хараад л, дуугүй л хараад үлдсэн. Гунигтай, бас ихэмсэг дүрийг байдгаараа гаргах гэж үр дүнгүй хичээсэн.. Тийм л дүртэй ард нь зогсоод үлддэг. Тэгээд тэр горьдлого маань тасарсаных юм байна гэж бодох, дотор зүрхэнд минь юу ч үлдээгүй юм байна гэж итгэх бүр хэцүү, ...
Гэтэл төд удалгүй өнөөх охин тэр гал дундаас гараад нааш ирдэг. надруу ирдэг. Харцнаас нь ямар нэгэн горьдлого эрэн, өмнөөс нь гараа тосдог ч тэр миний алган дээр яг л шатчихсан навч шиг унадаг. Унаад л алган дээр минь үнс болчихдог. Тэгээд би тэр үнсийг зүрхэндээ наачихаад, аль нэгхэн буйдхан байх, хатуу архитай, бас том бөгстэй ч хямд үнэтэй хүүхэнтэй уушын газар луу очиж, нэг стакан архинд тэр үнсийг хийж хутгаад уучихдаг. Тэгэхгүй бол тэсмээргүй..., Zuudchin

peakfinder said...

Сайхан орчуулах юмаа. Маш их баярлалаа. Бага сагаар ингээд японы уран зохиолтой танилцаад байгаадаа их олзуурхаж байгаа шүү.

Сүрэн said...

>Zuudchin

yanziin tugsgul baina ! :)

>peakfinder

bayarlalaa

byambaa said...

chi mini mundag shuu. baharhaad barshgui.
iimerhuu orchuulga hiij uzeh yumsan gej bodovch sachii hurehgui yum doo gej kkk

Chinii orchuulaad bgaa zohioluudaas jpnaar ni olj unshihiig bodno oo. Gehdee orchuulsaniig chin unshaad l iim mundag zohioliig unshaad oilgoh bolov uu gej halshraad bdgiin kkk

Сүрэн said...

urgelj uram uguud arigatoo.
ene zohioluudiig minii naiz yamar ch tuvuggui unshichihna. hoshoo suru :)
bas sonirhol baival chadal hurne gej neg ug baidag daa... hoyulaa orchuulga yariad suuval goyo baiku yu