2012/04/17

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" II

үргэлжлэл

Хүүгийн хэсэг

- Ээж ээ, анх удаа Сөүлд ирэх ямар байна? Сөүлийн анхны шөнө ямар байна?
- Гоц гойд юм алга аа гээд ээж инээв.
Ээж намайг харах гэж эргэж хэвтээд, аль дээр улирч өнгөрсөн он цагийн тухай хуучилж эхлэв.
- Миний хүү ээжийнхээ анхны хүүхэд. Хүүгийн минь ачаар амьдралд тохиолдсон анхны зүйлийг тоолно гэвэл Сөүлд ирснээр тогтохгүй шүү дээ... Хүүгийн минь хийсэн, хэлсэн болгон ээжид нь шинэ ертөнц байлаа. Миний хүүгийн ээждээ бэлэглэсэн “анхны” зүйлсийг тоолж баршгүй. Анх удаагаа гэдэс томорч, анх удаа хөхөнд сүү орж, анх удаа хүүхэд хөхүүлсэн... Ээж нь хүүгийнхээ насан дээр чамайг төрүүлсэн шүү дээ. Чиний хөлөрч час улаасан, нүдээ тас анисан царайг анх хараад... Хүмүүс анхны хүүхэд төрөхөд бөөн баяр болдог гэдэг, харин ээжийнх нь сэтгэл үймж орхисон юм... Би үнэхээр энэ хүүхдийг төрүүлсэн гэж үү? Одоо би яах вэ? гээд ээж нь айсандаа хуруунд чинь хүртэл хүрч зүрхлээгүй... Миний хүү харин бяцхан гараа чанга гэгч нь атгаж байсан...

*************

- Миний хүүгийн гар хөлийн хуруу өдрөөс өдөрт том болж байгааг хараад ээж нь ямар их баярладаг байв аа. Ядрахаараа ээж нь хүү дээрээ очно. Хүүгийнхээ алгыг нээж бяцхан хуруунуудыг нь тэнийлгэн харж, хөлийн хурууг нь илнэ. Тэгээд л эрч хүч орох шиг болно. Анх удаа хүүдээ гутал өмсгөхдөө ээж нь ёстой бөөн баяр болсон юм. Хүү минь тэнтэр тунтар алхаад ирэхээр хичнээн их баярлан инээдэг байв аа. Хэн нэгэн миний өмнө алт мөнгө, алмас эрдэнэс цацаж асгасан ч ээж нь тэгтлээ их инээхгүй байсан. Хүүгээ анх сургуульд оруулахад ямар байсан гээч? Хүүгийнхээ цээжинд нэрийн тэмдэг, нусны алчуур хадаж өгөхөд жинхэнэ том эр болсон шиг санагдаж, ээж нь бахархаж байлаа. Хүүгийн минь хөл сараас сард том болж буйг харж баярлах сэтгэлийг юутай зүйрлэх вэ? Өдөр болгон ээж нь “Хүү минь өсөөрэй, торниж том болоорой” гэж дуулдаг байлаа. Тэгтэл нэг л өдөр хүү минь ээжээсээ том болчихсон байв.
Ээж миний толгойг илснээ
- Миний хүү өндөр том болоосой гэж өдөр болгон хүсэж байсан атлаа нэг л өдөр ээжээсээ том болсныг чинь хараад ээж нь жаахан айсан шүү гэв.

*************

Тэр намар ээж аавгүйгээр ганцаараа цагаан будаа хураасан юм. Намайг туслах гэхээр “Чи хичээлээ хий” гээд ширээний зүг заана. Будаагаа хурааж дууссаны дараа дулаанхан бүтэн сайн өдөр таарвал ээж дүү нарыг дагуулаад уул өөд амтат төмс малтахаар явна. Бүгд харуй бүрий болохын алдад бор улаан өнгийн амтат төмстэй тэрэг урдаа түлхэж ирнэ. Надтай цуг гэрт үлдэж хичээлээ хийхийг хүссэн ч загнуулаад уул өөд явсан дүү минь худгийн хажууд хумсныхаа завсар орсон шороо цэвэрлэж байхдаа дургүй хүрсэн нь илт, ийн асуув:
- Ээж! Том ах Хёнчол тийм чухал юм уу?
- Тийм! Чухал!
Ээж бодох ч үгүй хариулаад дүүгийн дагз руу хөнгөхөн алгадаж орхив.
- Тэгвэл бид танд хэрэггүй юу?
- Үгүй, хэрэггүй!
- Тэгвэл бид явлаа, аав дээр очлоо!
- Юу гэнэ ээ, чи?!
Ээж гараа далайснаа гэнэт зогсоод,
- Та нар ч бас чухал. Та нар бүгдээрээ чухал. Нааш ир, миний чухал хүүхдүүд ээ гэхэд бүгд нирхийтэл инээлдэв.
Өрөөндөө, ширээнийхээ ард гадаах яриаг чагнаж суусан чухал Хёнчол чи ч бас инээж байлаа.

*************

Охин дүү маань оройн хоолны оронд хоёр шил шар айраг хөнтрөөд цүнхнээсэээ дэвтэр гаргаж хуудсыг нь эргүүлж байснаа нэг хуудас дэлгэж надад өгөв. Өлөн элгэн дээрээ шар айраг ууснаас нүүр нь улаа бутарна. Дэвтрийг нь гэрэлд дөхүүлээд уншвал ургуулан төсөөлөхдөө гаргуун, сэтгэлийн хөдлөл ихтэй гэхэд дүүгийн маань бичиг бодсоноос нямбай, цэгцтэй аж.

Би хараагүй хүүхдүүдэд ном уншиж өгөхийг хүснэ.
Би хятад хэл сурна.
Би баяжвал багавтар хувийн театртай болно.
Би өмнөд туйлд очмоор байна.
Би Сантьяго руу мөргөлийн аянд явмаар байна.

Иймэрхүү “би”-гээр эхэлсэн гучаад мөр үргэлжилж байв.
- Энэ юу юм?
- Ноднин 12 сарын 31-нд, он гарахын даваан дээр амьдралдаа бичиг цаас цоохорлохоос гадна өөр юу хиймээр, хийж үзмээр байгаагаа бодоод жагсаалт гаргасан юм. Зүгээр зугаа болгож бичсэн хэрэг. Ирэх арван жилийн хугацаанд хичээж байгаад заавал хийж гүйцэтгэх зүйл, мөн зүгээр хүсэж сонирхсон зүйлийн жагсаалт... Гэхдээ үүнд ээж минь алга. Надад ээжтэйгээ хамт үзэх юмсан, хийх юмсан гэх зүйл үгүй байжээ. Үүнийг бичиж байхдаа би ээжийн тухай бодоо ч үгүй... Харин одоо...

***********

Хёнчол уруулаа хазахад цээжээр нь халуу шатах шиг болов. Багын зуршлаараа нүүрээ гараараа үрэх гэж байснаа ээжийнх нь зөөлөн гар мэдрэгдэх шиг болоход болив. Ээж нь түүнийг гараа үрж, мөрөө хавчиж суухад үнэн голоосоо дургүй. Харангуутаа гарыг нь алгадаж мөрийг нь тэгшилдэг байсан. Тэргүүнээ гудайлган бөгтийж суухыг бүр ч үзэхгүй, шууд нурууг нь алгадаад “Нуруу цэх, цээж ханагар, эр хүн шиг бай” гэдэг байв...
Хёнчол прокурор болж чадаагүй юм. Ээж нь “Миний хүү хууль сурч, прокурор болохыг хүсдэг" гэж хэлж байсан ч, он жилийн уртад тэр нь ээжийнх нь ч гэсэн хүсэл мөрөөдөл болсныг ойлгох ухаан түүнд дутжээ. Прокурор болно гэдэг түүнд хүүхэд насны биелэгдээгүй мөрөөдөл төдий л санагдана. Тиймээс ээжийнхээ мөрөөдлийг ч давхар баллаж орхисон хэмээн өдий хүртэл төсөөлөө ч үгүй. Ээж нь хүүгээ хойш татаж, мөрөөдөлд нь хүргэж чадсангүй гэж насан туршдаа өртөө буруу өгч явсныг Хёнчол сая л ухаарчээ. Уучлаарай ээж ээ, хүү нь хэлсэн амандаа хүрсэнгүй. Олж чаддаг л юм бол үлдсэн амьдралаа ээжийгээ энэрч асрахад зориулахсан гэх хүсэл зүрхийг нь дэлсэнэ. Гэвч хэдийнээ хожимдсныг тэр өөрөө ч мэдэж буй ажээ.

  үргэлжлэл дараагийн бичлэгт

3 comments:

Dairii said...

Өөрийн эрхгүй ээжийгээ үгүйлж эхэллээ байна шүү,хэхэ.Ээжтэйгээ хамт мөрөөдсөн мөрөөдлөө хурдан биелүүлж,магнайг нь тэнийлгэж,сэтгэлийг нь амраахсан.

Сүрэн said...

eejteigee hamt muruudsun muruudul ... iinee :)
hurdan biyelehiig husen eruuye !

Dairii said...

... bayarllaa.hicheenee.