2011/05/11

Р. Акүтагава "Бэрсүүт жүрж"


Р. Акүтагава "Бэрсүүт жүрж", 1919  
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Үүлтэй бүрхэг өвлийн үдэш байж билээ. Би Ёкосүка–Токио чиглэлийн галт тэрэгний хоёрдугаар зэргийн вагоны буланд суугаад бодолдоо автан галт тэрэг хөдлөх шүгэл дуугарахыг хүлээж байлаа. Аль хэдийнээ гэрэл ассан вагон дотор ховор тохиолдлоор надаас өөр зорчигч үгүй. Цонхоор гадагш харвал бүдэг харанхуй буудал дээр үдэгсдийн бараа хэдийнээ тасарч, гагцхүү торонд орсон гөлөг үе үе хуцах гунигтай дуу сонсогдоно. Энэ бүхэн миний тэр үеийн сэтгэлийн байдалтай сонин гэмээр нийцэж байв. Миний ухаан сүүдэртэж, хэлэхийн аргагүй их ядарснаас цас будрах бүрхэг тэнгэр мэт бараан байлаа. Би пальтоныхоо халаасанд хоёр гараа лав шургуулсан чигтээ тэнд байгаа оройн сонин гаргаж гарчиглах дур ч хүрэхгүй сууж байв.

  Тэгж байтал арайхийж галт тэрэг хөдлөх шүгэл дуугарлаа. Би сэтгэл жаахан тайвшрахыг мэдрэн толгойгоороо цонх налж нүдний өмнө галт тэрэгний буудал бага багаар ухарч эхлэхийг хүлээв. Гэнэт модон гэтаны(*1) чих дэлсэм тачигнах дуу гарч, тасалбар шалгах хаалганы зүгээс сонсогдов уу гэтэл, төдөлгүй кондукторын зандран загнах дуутай хамт миний сууж байсан хоёрдугаар зэргийн вагоны хаалга тас хийтэл нээгдэж арван гурав, дөрвөн насны жаахан охин ганцаараа, санд мэнд дотогш орж ирэв. Яг тэр мөчид галт тэрэг нэг том татганаж дайвснаа зугуухан хөдөлж эхлэв. Нэг нэгээр тасран холдох буудлын шонгийн мод, хэний ч юм мартаж орхисон бололтой усны тэрэг, вагон доторх хэн нэгэнд ёсолж бөхийх буудлын зөөгч – энэ бүхэн цонх өөд тургих утаа манан дунд хагацаж буйдаа харуусах аятай арагш ухран ард үлдэн хоцров. Би ашгүй нэг сэтгэл уужрах шиг болж ороомог тамхиа асаангаа хүнд зовхио анх удаа өргөж өмнөө суусан охины царайг зэрвэс харав.

  Тосны дусал ч үгүй үсээ(*2) мөнгөн гүйлсний навч засалтаар(*3) хойноо шууж боосон, шалбарч сайртсан хоёр хацар нь дотор эвгүйрэм минчийж улайсан, харах байдлын л хөдөөний охин байв. Бас болоогүй шар ногоон өнгийн элэгдсэн ноосон ороолт урдаа унжуулж өвдгөн дээрээ том боодол тавьжээ. Хагарч эвэршсэн гараараа боодлоо тэврэх агаад алгандаа гуравдугаар зэргийн вагоны тасалбар хичээнгүйлэн атгасан харагдана. Надад энэ охины болхи эршүүд царай ер таалагдсангүй. Бас түүний хиртэй хувцас хунар ч муухай санагдав. Ядаж байхад хоёр, гуравдугаар зэргийн вагоны ялгааг ч ойлгохгүй тэнэг бүдүүлэг нь уур хүргэм. Тиймээс би ороомог тамхиа асаагаад нэгд, энэ охин энд сууж буйг мартахын тулд халааснаасаа оройн сонин гаргаж өвдгөн дээрээ дэлгэв. Сонины хуудсан дээр цонхоор тусах гадны гэрэл гэнэт дан цахилгаан чийдэнгийн гэрэл болж хувирахад муухан хэвлэгдсэн хэдэн нийтлэлийн гарчиг нүдний өмнө үсэрч гарах мэт тодров. Галт тэрэг Ёкосүка төмөр замын олон туннелийн эхнийх рүү орсон нь энэ ажээ.

  Цахилгаан чийдэнгийн гэрэлд оройн сонины хуудсыг эргүүлж тойруулж гарчиглавч миний уй дарамтыг үргээх юм олдсонгүй – орчлон өдрөөс өдөрт улиг болсон үйл явдлаар дүүрэн аж. Найрамдлын гэрээ байгуулах асуудал, шинээр гэрлэгсэд, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг, нас барагсдын жагсаалт... Туннельд орсон даруйдаа галт тэрэг явах чиглэлээ эсрэг зүг эргүүлсэн мэт сонин сэтгэгдэл төрж, би нэг уйтгарт нийтлэлээс нөгөө рүү хараагаа гүйлгэн шилжүүлж байлаа. Тэгэх зуураа энэ охин – бараан саарал амьдралын бодит төлөөлөгч гэсэн царайтай урд минь сууж буйг санаанаасаа гаргаж чадаагүй юм. Туннельд орсон энэ галт тэрэг, хөдөөний энэ охин мөн хэнд ч хэрэггүй шалдир балдир нийтлэлээр дүүрэн энэ оройн сонин – бүгд бэлээхэн тэмдэг биш гэж үү? Энэ бүхэн үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралын бэлгэ тэмдэг биш бол юу гэж? Миний дургүй хүрч бүх юм утгагүй санагдаж, уншиж эхэлсэн сониноо чулуудаж хаяад дахин толгойгоороо цонх налж үхдэл мэт нүдээ анин зүүрмэглэж эхлэв.

  Түүнээс хойш удаагүй болов уу. Гэнэт нэг юманд сэрдэсхийн сэрж эргэн тойрноо харваас мөнөөх охин хэзээ амжсан юм, миний хажууд шилжин суугаад хамаг хүчээрээ цонх онгойлгох гээд үзэж байв. Гэвч хүнд шилэн цонх нээгдэхгүй байгаа бололтой. Түүний сэтэрч сайртсан хацар улам улайж, үе үе хамрын нусаа татах чимээ нь амьсгаа давхцах бяцхан дуутай хамт чихэнд сонсогдоно. Энэ бүхэн надад ч өрөвдөх сэтгэл төрүүлсэн нь үнэн. Гэвч яг одоо галт тэрэг дараагийн туннель руу орох гэж байгааг хатсан шаргал өвс нь үдшийн бүрийд цайрах хоёр талын уулын гүвээ цонх уруу ойртон дөхөж буйгаас шууд ойлгож болох. Тийм байтал охин хаалттай цонхыг зориуд буулгах гэж буйн учрыг би ойлгосонгүй. Үгүй ээ, энэ муу охин дураар аашилж байна гэхээс өөр шалтгаан бодогдсонгүй. Тиймээс урьдынх шигээ хахир сэтгэлээр хандаж, эвэршсэн гараараа шилэн цонх онгойлгох гээд хамаг хүчээрээ ноцолдож буйг нь үүрд үл бүтээсэй гэж хүсэх мэт хүйтэн харцаар харж байлаа. Удсан ч үгүй галт тэрэг нүсэр чимээ гарган туннель руу орохтой зэрэг охины нээх гэж байсан цонх ч пад хийтэл доош буув. Тэр даруй дөрвөлжин нүхээр хөө шиг хар агаар амьсгал боох утаа болон хувирсаар вагоны дотогш хүчтэй түрэн орж ирэв. Угаас хоолойн өвчтэйг хэлэх үү, халаасны алчуур гаргаж нүүрээ таглах завдалгүй энэ их утаанд автсан болохоор би бараг амьсгал авах завсаргүй тасралтгүй ханиалгав. Гэвч охин намайг тоосон шинжгүй толгойгоо цонхоор гарган, шанааныхаа үсийг харанхуйн салхинд хийсгэн галт тэрэгний явах зүг ширтэх ажээ. Охины энэ дүрийг вагоны гэрэл болон утаан дунд харах үед цонхны гадаах аажмаар цэвэршин цайж, тэндээс газар шороо, хатсан өвс ногоо, ус чийгний үнэр хүйтэн агаартай цуг сэнгэнэн орж ирээгүйсэн бол би нэлээд удаан ханиалгасандаа энэ танихгүй охиныг толгой түрүүгүй загнаж, буцааж цонх хаалгах байснаас гарцаагүй.

  Энэ үед галт тэрэг туннелээс алгуурхан гулсан гарч шаргал өвсөн бүрхүүлтэй хоёр уулын хооронд хавчигдсан нэгэн ядуу суурингийн төмөр замын гармыг өнгөрөх гэж байлаа. Гармын ойр хавьд навсгар, өнгө үзэмж муутай сүрлэн, шавар дээврүүд түлхэлцэх мэт бие биедээ наалдсан харагдана. Өртөөчин дэвж буй бололтой цагаавтар дарцаг үдшийн тэнгэрт шарлан дэрвэнэ. Арай хийж туннелээс гарав гэж бодсон тэр мөчид би зэлүүд гармын хашлагын цаана улаан хацартай гурван банди мөр зэрэгцэн зогсож буйг олж харав. Бүгдээрээ энэ үүлтэй бүрхэг тэнгэрт даруулсан мэт намхан. Мөн энэ суурингийн өнгөтэй адил бараан саарал хувцас өмсчээ. Тэд толгой гэдийлгэн өнгөрч буй галт тэргийг харж байснаа гэнэт нэгэн зэрэг гараа даллан өндөр нарийн дуугаар үл ойлгогдох зүйл хамаг чадлаараа хоолой мэдэн хашгиралдав. Яг тэр мөчид билээ. Цонхоор биеэ хагас гаргасан охин сайртсан гараа сунгаж баруун, зүүн рүү даллав уу гэтэл, гэнэт нарлаг өдрийн шим дулааныг шингээсэн сэтгэл баясам өнгийн тав, зургаан бэрсүүт жүрж галт тэрэг үдэх хүүхдүүдийн дээрээс тал тал тийш таран тэнгэрээс буув. Би өөрийн эрхгүй амьсгаагаа хурааж нэг дор бүгдийг ойлгов. Энэ охин, бодвол гэрээсээ хол айлд зарагдаж ажил хийхээр яваа энэ охин, өвөртөө хийсэн бэрсүүт жүржээр эгчийгээ үдэхээр төмөр замын гарамд ирсэн дүү нараа баярлуулъя гэж бодсон ажээ.

  Үдшийн гэрэлд уусах төмөр замын гарам, бяцхан ангаахайнууд жиргэх шиг хоолой чангалах гурван хөвгүүн, тэдний дээрээс буусан бэрсүүт жүржийн улаан шар нарны туяа – энэ бүхэн цонхны цаана нүд ирмэх зуур болоод өнгөрөв. Гэвч сэтгэлд минь өр өвтгөм тодоор зурагдан үлджээ. Тэгэхэд үл ойлгогдох дулаанаар сэтгэл дүүрч дэлгэр болсныг мэдэрсэн юм. Би толгой өргөн тэс ондоо хүн өмнөө харж буй мэт охиныг сайтар ажиглав. Охин миний эсрэг суудалд буцаж суугаад урьдынх шигээ хагарч сэтэрсэн хацраа шар ногоон өнгийн ноосон ороолтондоо нааж, том баадан тэврэх гартаа гуравдугаар зэргийн суудлын тасалбар чанга атган сууна.

  Би энэ үед анх удаа хэлэхийн аргагүй их ядарснаа мөн үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралыг хэсэг хугацаанд ч атугай мартаж чадсан билээ.

  Тайшёо 8 оны 4 сар (1919 оны 4 сар)

-------------------------------------------------------------------------

 *1 гэта – япон модон шаахай; хиёри гэта – ихэвчлэн бороогүй нартай өдөр өмсөх богино ултай гэта.
 *2 эмэгтэйчүүд үсээ улажлалт маягаар засахдаа тосолдог байв.
 *3 мөнгөл гүйлсний навч засалт (ичёогаэши) 銀杏返し – угтаа самурай ангийн нөхөрт гараагүй эмэгтэйн үс засалт боловч Мэйжигийн шинэчлэлээс хойш нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүд энэ маягаар үсээ засах болсон.

 *** япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/98_15272.html

9 comments:

Anonymous said...

sxan zoxiol bna.bayarlalaa

Anonymous said...

хэн нэгнээс гэрэл гэгээг олж мэдрэх сайхан.тэр гэрэл гэгээ нь ариусал болдог байх.
сайхан зохиол байна. дараагийн зохиолыг хүлээе.

Зүүдний тэмдэглэл said...

Сайхан. Хэсэгхэн зуур ч болов ядрал гутралыг мартав. Баярлалаа.

GaNaaOU said...

Энгийн юм шиг хирнээ, Япон хүний сэтгэлгээтэй, сайхан зохиол байна. 39

Сүрэн said...

erdenen, Anonymous, Зүүдний тэмдэглэл, GaNaaOU

Bayarlalaa !

Tsubaki Sanjuro said...

Сайхан орчуулжээ, баяр хүргэе. Балжирын Догмид зохиолчийн Аргагүй амраг гэж богино өгүүллэг санаанд орлоо. Үдшийн бүрэнхийд морио услан зогссон залуу нуурын цаад хөвөөнд нэгэн бүсгүй цээжинд цэцэг дэлгэрэм сайхан дуулж байхыг сонсоод, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байгаа гэж төсөөлөн, манай нутагт ийм сайхан дуулчихаар хоолойтой үеийн бүсгүй байхгүй, явуулын хүн л байх, аваад суучихгүй ч гэсэн, энэ эгэлгүй сайхан дуучны царайг нь харах юмсан гэж явж очтол, саахалтых нь Лхам гэдэг царай муутай охин байдаг тухай өгүүллэг.
...Хонь, адууны билчээрт өдөртөө хэд тааралддаг, хамар хацар нь ганы наранд холцруутсан тэр бүрэг ноомой охиныг ийм бигтруул шиг сайхан дуулахын чинээ зүүдэлсэнгүй явж. -Би чамайг нас уртасмаар ийм сайхан дуулдаг гэж даанч санасангүй. Чи Аргагүй амрагаа дахиад нэг дуулаач гэвэл - Нуур усгүй газар ер дуулсан болдоггүй юм гэх нь тэр. -Тэгвэл хоёулаа буцаад нуур дээр очъё. -Яршиг. Би чамаас айж байна гээд инээмсэглэлээ. Түүний өдөж хатгасан юм шиг тохуутай инээмсэглэлд миний төрхгүй зан хөдөлж алчуурыг нь шүүрэн авлаа. -Алчуурыг чинь барьцаанд авлаа. Дуулах байхаа өөрөө мэдээрэй.
...Хүний дэргэд миний хоолой ер гардаггүй юм. Чи эндээ зогсоод чагнаж бай, би чамаас холдож байгаад дуулъя гэж хэлээд яваад өглөө. Гэвч тэр дуулсангүй. Алчуураараа намайг хуурч орхичихоод дуулахгүй явчихлаа гэдгийг нь мэдсэн хэрнээ би түүний араас гүйцэж очиж элдэвлэн зовооё ч гэж санасангүй. Чиний дууг сонсох хувьтай хүн би биш байжээ. Хүний сэтгэлийн дууг алчуур адил булаан авч болдоггүйг ухаарсан миний бие Хөх бүрдийн нуурт хавар эрт ирдэг хэдэн лам шувууг саахалтынхаа охин Лхамаас илуу шохоорхон сонирхож явсандаа харамсч харанхуй шөнө, эзгүй хээр өөрөө өөрөөсөө ичив..

Сүрэн said...

Tsubaki Sanjuro,

Bayarlalaa!
Saihan uguulleg baina, hesgees ni oruulj ugsund uneheer bayarlalaa. Mongol ahui shingesen iim zohiol unshih goyoshu.

Anonymous said...

Sain baina uu?Saihan orchuulga baina.Taniig hundlen bishirdeg negen baina.
"Bersuut jurj"ih gun utgatai uguulleg shuu.Bi unshaad ih uilj bilee.Aild zartslagdahahaar yavj baigaa, ergej duu nartaigaa uulzaj chadahgui ch baij magadgui hoorhii ter yaduu sairan hatsartai jaahan ohiniig bodohoor ter uyeiin hetsuu amidral nudend haragdah shig bolson.Tanii orchuulgiin"Энэ охин, бодвол гэрээсээ хол ажил хийж аав ээждээ нэмэр болох гэж буй энэ охин.「・・・奉公先へ赴おもむこうとしている・・・」
"gej bichsen hesegt sanalaa bichmeer sanagdlaa.Deer ued yaduu ailiin ohin hedhen togrogoor aild zartslagdahaar yumuu esvel buur hudaldagdah ni ih baisan gesen."Ajil hiij aav eejdee nemer boloh" gej bichvel odoo uyeiih shig ajil hiij mongo huraahtai adilhanaar tosoolj magadggui yum shig sanagdaad,ta ene hesgiig dahin neg harj sanalaa hairlana uu?
Altaa

Сүрэн said...

>Altaa

Comment баярлалаа.
Таны (чиний?) хэлснээр миний орчуулга буруу байж магад. Тиймээс бодъёо...

"Ажил хийх" гэж орчуулсны учир нь "奉公" гэдэг үг "айлд зарцлагдах" гэдэг утгаас гадна "шавь орж мэргэжилд суралцах" гэсэн утга давхар агуулдаг учраас. Жишээ нь, оёдолчин айлд очиж тухайн айлын хар бор ажлыг хийнгээ оёдол сурж, яваандаа оёдолчин болох тохиолдолд ч 奉公 гэнэ. "Айлын хамаг ажлыг хийнэ" гэсэн утгаараа "Oшин" киноны охин айлын хүүхэд харж зарцлагдаж буйтай адил ч "давхар юм сурна" гэсэн утгыг нь бодохоор дан ганц "зарцлагдах" гэсэн үгээр орчуулж болохгүй мэт санагдана. Тийм учраас "ажил хийх" гэж орчуулсан юм л даа. Мөн ээж аав нь бололцоотой бол охиноо хол явуулж айлд шавь ч бай, зарц ч бай хийлгэхгүй тул "аав ээждээ нэмэр" гэсэн үг оруулсан юм... hmmmm...

Энэ өгүүллэгийн англи орчуулгыг харахад
"This girl, perphaps leaving home now to go into service as maid or an apprentice..."
гэж буй тул "зарц" & "дагалдан шавь" гэх хоёр утгыг зэрэг бичсэн байна. Тэгж тодруулахаас зайлсхийж "ажил хийх" гэж ерөнхийлсөн нь оновчтой шийдвэр биш байсан байж магад. Ялангуяа орчин үеийн уншигч, өнөөгийн нөхцөл байдлаар бодоход.

Өөр анзаарсан зүйл, алдаа байвал хэлээрэй. Баярлана шүү :)