2009/12/11

41 чулуу...

Хүүгийнхээ хүрээд ирэхийг хоног тоолон хүлээж суусан өвөө минь 41 чулуу сайн татдаг найзындаа очиж ирэх өдрийг нь асууж гэнэ. Тэгсэн найз нь чулуу татсан даруйдаа уулга алдан год үсэрч босоод "Бушуул, түргэл, гэртээ харьж цайгаа чана!" гээд бөөн сандрал болсон гэнэ. Аав харин яг тэр мөчид гэрийнхээ гадаа бууж байсан гэдэг. Ер нь 41 чулуу татах, дал шатаах хоёрыг хамгийн ортой мэрэг гэлцэнэ. Ингээд, хоёр нүдээрээ үзээгүй учир “болсон явдал” гэж бүлтэрч арай боломгүй, домог гэхэд дэндүү саяхан, дайны өмнөхөн байна уу, дараахан болсон нэгэн яриа сонирхуулъя:

Хэдэн сайн эр азрага адуу хулгайлж Алтайн уулсыг давуулан хөөж гэнэ. Мэдээжийн хэрэг, араас нь дутуугүй сайн эрс алдсан адуугаа буцаахаар мордсон гэнэ. Үйл явдал Монголын баруун хязгаар, сүрлэг сайхан Алтайн уулсад өрнөх учир аль аль тал 41 чулуу татдаг хүн дагуулж явсан гэнэ.

Морьдынхоо хойноос нэхэн давхисан хүмүүсийн мэргэч замдаа бууж 41 чулуу татаад "За, бид ч гүйцэхээсээ өнгөрсөн байна. Жин үдийн нар зулай төөнөж байна, энд хэсэг зуур амраад харья. Буухдаа харин бүгдээрээ эмээлээ буруу харуулж тохоорой" гэсэнд бүгд үг дуугуй мориноосоо бууж хэлсэн ёсоор гүйцэтгэв. Жаал амарсаны дараа мэргэч дахин 41 чулуу татсанаа "Бушуулаарай, хамаг хурдаараа давхицгаа, одоо бид яг дээрээс нь бууна" гэв. Бүгд эмээлээ зөв тохон довтолгоод, үнэхээр амарч байсан хулгайч нарын яг дээрээс нь буусан гэнэ.

Учрыг тайлбал, зугтааж явсан хулгайч нарын мэргэч 41 чулуу татаад "Нэхэл дагуул тун ойрхон ирсэн байна, гэхдээ азын тэнгэр биднийг ивээж амжихгүй нь гээд тэд буцчихлаа" гэсэн байж. Тийнхүү хулгайч нар уул хад давахаасаа наана жаахан амрах санаатай гал түлж, цай чанаж байгаад баригдсан гэнэ.

Зарим үед эрийн сайн, хүлгийн хурд биш 41 чулуу татах хүний ухаан заль бүгдийг шийднэ ээ гэж. Далийхад, өнөө үед гар утас, мэс мэйлээр хэн хэзээ ирэхийг хэн нэгнээс асуултгүй мэдчихдэг нь та бидний аз ч юм шиг, хааяа гэхдээ үгүй ч юм шиг...

4 comments:

Attila said...

manai aav bas ih chuluu tatna aa. zugeer hobby maygaar geh yum uu daa. ih saihan bichleg bolj ee ho.

Сүрэн said...

Bayarlalaa Attila :)
aav, ah nariin chuluu tatahiig harj suuh bas goyo shuu

Light said...

chuluu tatahaar amrah shig boldog.oyun uhaan chuluun dotor orod uur ch yu ch bodohgui.

avraga mogoi said...

hehe bi chuluu tataj uzeeguiee tehdee zooson mungu shidne shuu...shidseer bgaad suld uu too yu gedgiig ni haj chaddag boltson, daraa chamd gaihuulnaaa