Хаврын урь, хаашаа ч юм бэ өдрүүд...
Гадаа униар, хамаг сэтгэл хачин дуниар...
Харгуй холд одмоор ч юм шиг, хамаг найзаа дуудаад наргимаар ч юм шиг,
аминчилж хэн нэгэнтэй ярилцмаар ч юм шиг, аальгүйтэж баахан инээмээр ч юм шиг.
Гадаа гарч нусгай жаалуудтай нуугдаж тогломоор, ну погоди гэж хөөцөлдмөөр.
Дотор байж дотоод ертөнцөө ажмаар, бодлоо цэгцэлж бор өдрүүдээ цэгнэмээр.
Байгаль дэлхийгээ дагаад сэтгэл санаа сэргэх шиг, сэргэх атлаа сэмхэн жаахан үймрэх шиг, гэрэл татаж гэгэлзэх ч гэнэтийн гунигт автах шиг. Ааш зан, амгалан тайвангийн барьц алдагдаж яргуй мэт ялдам зөөлөн өдөр байх, яргай мод мэт ярвайж суумаар ч өдөр байх. Зарим өдөр хамаг хүмүүст хайртай гэж зарламаар, заримдаа гэхдээ хаашаа ч юм бэ тонилцгоо гэж бүгдийг нь зандармаар...
2009/03/21
Хавар
2009/03/11
Хавар
Хэн хүнгүй л хатуу хуяг бүрхүүлтэй.
Амьдралын нугачаанд алдах, гэнэдэх, гомдох, аргаа барах, амаа барих, итгэл алдах, найдвар тасрах болгонд өнөөх бүрхүүл нь яст мэлхийн хуяг шиг жилээс жилд хатуураад томроод байна.
Гэхдээ л мянга түмэн давхрагын тээртээ дор зөв зөөлөн, өр нимгэн, хүүхэд нүдэлсэн, сайханд итгэсэн, хүмүүсийг хайрласан нэгэн байх.
Хааяа хааяа хамаг хуягнаасаа гарч дотно гэж бодсон нэгэндээ хорвоод мэндлээд "Ээж ээ би ирлээ" гэж инээмсэглэх шиг "Найз минь би ийм шдээ" гэж өөрийгөө харуулна. Хуяг бүрхүүлд баригдсан үед хүндлээд найзархаад байсан нэгэн яагаад ч юм яг энэ үед нялцгай биетэнг няц бяцлах шиг өр өөд өвдтөл өшиглөж орхино.
Тэглээ гээд яах вэ дээ, өнхөртөл өшиглүүлсэн ч зүрхээ нээж сэтгэлээ дэлгэх хүнээ таниагүй гэж өөртөө л буруу өгч өлөн гөлөг мэт өвдсөн газраа долоохоос өөр аргагүй. Яваандаа жил жилийн зэрэглээнд хуягаасаа гарах нь багасч цөөрнө. Эцэс сүүлдээ галбын говийн үлэг гүрвэл мэт ястжаад хад оргилоос унаагасан ч хагархааргүй болно.
Гэхдээ л хааяа хааяа... хавар цаг ирж, хангай байгаль сэргэхэд зүрхний нэг цохилтоор яргуй нүдлэх шиг болно. Хамаг сэтгэлээ хатуу хуяг, харанхуй агуйд түгжээд яахин билээ, нарт хорвоод төрснөөс хойш нандин бүх эрдэнээ наадах шагайн адил найраад цацсан ч яахав дээ... Харамгүй цацаж дуусгаад цаанаа цалгих юмгүй үлдсэн ч харуусахгүй, харамсахгүй, халаглахгүй... гэж бодогдоно.
Subscribe to:
Posts (Atom)