2013/09/04

Сэми... мүши... Фүжи

 

Урд шөнө сэмитэй байлдаад. Байлдаад ч гэж дээ, барьж авах гэж үзэлцээд. Одоо тэгээд нойр дутуу, хэд гэж унтсаныг бүү мэд. Унтахаасаа өмнө угаасан хувцсаа хатаах гээд тагтан дээр гартал сэми (англиар “cicada”, оросоор “цикада”) ороод ирдгийн. Тэгээд гаргах гэж өрөөгөөрөө хэдэн цаг давхиваа. Хальт сэтгүүлээр цохиж алдгиймуу гэж бодогдсон ч зүрх хүрэхгүй шдээ. Бас ядаж байхад би сэмид хайртай гэх нь хаашаа юм, гэхдээ л гайгүй ханддаг.. хэхэ. Миний хувьд ханаби, мацүри, дээвэр дээрх пиав, мөстэй үмэшү, какигооритой зэрэгцэн эндэхийн зуны “бэлэг тэмдэг” байхгүй юу. Сэмид дуртай япончууд дуугаар нь ялгаж ангилаад байдгийм байна лээ. Сонсолгүй над мэт нь тэгж ангилна гэж юу байхав. Гэхдээ л зуны ид халуун үе, халуун буусан үеийг нь ялгаад, дуу нь сулраад ирэхээр "зун дуусах"-ын гуниг, намрын синдромын эхэн шат эхлэх гээд байдийн... Нутагтаа бүрмөсөн буцахаар зуны сэмигийн дууг санах байх даа... Ингэхэд далийчихлаа.

Сэмиг томхон аягаар дарж аваад доор нь хатуу цаас шургуулаад балконоор гаргах гэж бөөн юм болов. Нүд нь нуруун дээрээ байдгиймуу, сэмхэээээн дөхөж байтал шууд үргээд нисчихнэ. Нисэхдээ энд тэнд унаж тусахыг яанаа, ядаж байхад намайг чиглэн нисч орилж чарлуулаад. Цэцэрлэгт энэ тэрт явж байхад сэми хүн мөргөөд байдаг даа... хараагүймүү хаашаайн гэмээр. Нүд нь ардаа байнуу, аль эсвэл далавч нь тийм мангар маягаар нисэхээс өөр аргагүй болгодгиймуу... бүү мэд. Анивэй зүгээр сууж байхад нь барина гэж байхгүйм байна лээ. Унаж тусаж явахдаа аз болж үүд нь нээлттэй шүүгээ рүү ороход барьж авч гаргав. Тэгсэн сэмитэй хөөцөлдөх хооронд цонхоор өөр зөндөө олон шавж ороод ирчихсэн байдийн. Бүгдийг нь гаргах гэж бөөн л юм болов.

Ингэхэд япон хүмүүс цэцэг ургамлаас гадна шавж хорхойд ихээхэн ач холбогдол өгдгийг хайкү сонирхогчид, энд амьдарсан хүмүүс мэдэх байхаа... Одоо бараг дэлхий даяараа эндэхийн хаврыг сакүратай хамтатган ойлгодог болжээ. Харин зун, намрыг илэрхийлэхэд хорхой шавж ихээхэн чухал. Япон хүмүүс ч хорхой шавжиндаа хайртай гэж жигтэйхэн. Хүүхдүүд ч шавжаар их тоглоно. Эрэгтэй хүүхэд болгон багадаа кабүтомүши (Japanese rhinoceros beetle, дээрх зураг), күвагата (stag beetle, дээрх зураг) зэргийг тэжээж байсан байх. Энэ заншил нь япон хүнтэй суусан гаднынхныг ухаан алдуулах шахна. Манай нэг найз нэгэн орой гэртээ иртэл 4 настай хүү нь үзлийн муухай том шавжаар тоглож байх юм гэнэ. Орилж чарлаад гаргаж хаях гэтэл хүү нь шавжаа хамгаалаад сүйд. Балиар юмыг хаанаас барьж авчрав гээд загнах гэтэл “аав өгсөн, үнэтэй авсан гэсэн”. Үймээний дуугаар нөхөр нь өрөөнөөсөө гарч ирснээ “хүүдээ хөөрхөн бэлэг авсан байгааз”. Мань найзын хэлэх үг нь барагдаад над руу ярихаар шийдсэн байгаам... кк. Гэхдээ хүн гэдэг амьтан юунд ч дасдагаас хойш, яваандаа харах болгондоо цочсон хэвээр ч орилж чарлахаа байсан гэсэн... ккк. Бас яааж байгаад ч гэлээ шавж нь үхэхэд хүүтэйгээ хамт цэцэрлэгт оршуулаад “чётто канашикатта” гэсэн :)

Хүний биш өөрийн түүхээс яривал, монголд байхад япон найз маань дүүгийн 3 настай пацаанд кабүтомүши гээд янз янзын шавжийг янзын дуурайлгаж хийсэн тоглоом бэлэглэсийн. Зүгээр ч нэг пиавар тоглоом биш, жинхэнэ юм шиг гялтганаад, хөл гар нь хөдөлж мөдлөөд сүпэр тоглоомууд байсим. Дүү ч бөөн баяр бөөгнүүлж тоглож хөөрөөд. Тэгсэн нэг өдөр урвайчихсан сууж байна. Яасан гэтэл "хөгшин аав хамаг шавжийг хаячихсан" гэнэ. Ааваас “та энчдоо яаж байгаан” гээд ихээхэн эрэлхэг хариу нэхтэл “хүүхдийг хачин муухай жоом шиг юмаар тоглуулаад” гээд Сүрэн ёстой толгой түрүүгүй загнуулсан шдээ... ккк. Бүүр дарaa японд байхад дүү сургуульд орчихсон, өнөө шавжнуудыг захиж байнаа. Одоо том болооз дээ, яахнуу гэсэн чинь “охидыг айлгамаар байна”. Энэ хөвгүүд үү...

Шавжны тухай ярьсных Иссагийн (小林 一茶) нэг хөөрхөн хайкү танилцуулъя. Хүмүүс гэхдээ мэдэх байх л даа. Сэллинжэрийн “Franny and Zooey”-ийг уншсан хүмүүс лав мэднэ. Сониноос энэ хайкүг гаднынхан сайн мэддэг ч япон хүмүүс барагтаа мэддэггүй юм билээ. Иссагийн бусад хайкү нь илүү нэртэй болоод тэр байх. Ингэхэд эмгэн хумс шавж мөн үү? Зоологийн хичээл арван жилд завсардсаны гай ингээд гараад байдийн... энивэй:

  蝸牛 そろそろ 登れ 富士の山

  Орчуулга: R.H. Blyth
    O snail
    Climb Mount Fuji,
    But slowly, slowly!

  Орчуулга: В.Маркова
    Тихо, тихо ползи,
    Улитка, по склону Фудзи
    Вверх, до самых высот!

  Орчуулга: Царевна-Л.
    О улитка,
    по склону Фудзи взбирайся
    потихоньку

  Сүрэн:
    Эмгэн хумс минь,
    Фүжи уулын бэлээр
    Аажуухан өгсөөрэй

Энийг уншихаар эмгэн хумсыг аягүй “болелшиклэмээр” санагддийшдээ. Хөөрхий минь хэзээ хүрэхийн болдоо... Томоос том зорилго тавиад өөрийн аясаар мацаж явтал Сүрэнг ч бас хэн нэг нь болельшиклэх болуу... За тэр ч яахав, яаж ч бодсон Марковагийн орчуулга утгын хувьд буруу байна даа. Эмгэн хумсыг оргил өөд тэмүүл, дээш зүтгэж гар гэж турхираагүй учир Царевнагийн орчуулга япон утгад илүү нийцнэ.

5 comments:

Anonymous said...

Өөрийн чинь 2010-11 хавийн хэдэн постуудыг гялс гүйлгэв тэгээд комент үлдээхээр хуруу жаахн загатнав. кк

Миний гайххаар японууд нилээн эвгүй өнцгөөс баруунжих хандлагад ороод одоо нийгэмшилтийнхээ хөгжлийн түгжрэл мухардалдаа ороод төрийн удирдлага нь ганц жил тутам солигдоод сүүлийн хэдэн жилд хүн ам нь 0,5%-ар жил бүр багасаад нэг тиймэрхүү дүр зурганд орсон юмуу санагддаг. Тиймээс Монголчууд бид Америк ч бус Япон ч бус аль алинаас нь суралцсан маягийн бусдын алдааг давтахгүйг хичээсэн оптимальний замаар хөгжих ёстой тиймэрхүү үзэл бодлуудыг нь бид түүж өөрсөндөө наах хэлэлцэх нь илүү Монголжуулсан ухаалаг хувилбар болно гэж дүгнэмээр байна.

Сүрэн said...

>Anonymous

Comment баярлалаа. Санал нэг байна. Манайхан америк, япон гэлтгүй орос, хятад, солонгос... за ер нь суралцахаар ямар орон байна бүгдэнгээс нь сурахыг нь сураад, авахыг нь аваад хаяхыг хаяад монголдоо тааруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэхдээ монголжуулна гэдэг сурсан бүхнээ дахин нэг бодож эргэцүүлж дүгнэж цэгнэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ухаан шаардсан "ядаргаатай процесс". Тийм учраас манайхан амраар нь гадныхныг шууд дууриах хандлагатай байгааг сүүлийн 90 жилийн түүх харуулж буй мэт.

Японы баруунжих хандлага гэдэг нэг комментод багтаах аргагүй нэлээд том сэдэв. Япон хүмүүс өнгөн талдаа өөрчлөгдсөн ч цаанаа бол хэвээрээ гэдэг. Тэр тухай Акүтагавагийн бичсэнийг хэрэв сонирхвол: http://surensuren.blogspot.jp/2013/02/blog-post_11.html

Anonymous said...

Хариунд баярллаа. Японы нэг мэдээлэл нь тэнд огт очиж үзээгүй зайнаас ажигладаг ихэнх гадныхныг их гайхшруулдаг. Энэ нь тэнд жил бүр 12000-14000 насанд хүрээгүйчүүд амиа хорлодог нийгмийн үзэгдэл байна. Дэлхийд 3-т байдаг хүчирхэг эдийн засагтай гүрэн Япон нь яагаад ийм их нийгмийн стресс хямралтай жижиг хүүхдүүдээ байж боломгүй замаар алддагийг дотроос нь сайн дүгнээд тайлбарлавал?

Сүрэн said...

> Anonymous

Янз бүрийн л шалтгаантай... япон хүмүүс өөрсдөө ч энд удсан гадныхан ч наян янзын шалтгаан хэлж дүгнэж тайлбарладаг. Гэхдээ хавтгайруулж нэг, хоёр, гурав, дөрөв, гүйцээ гэж тоочих аргагүй асуудал л даа. Өвчин, зовлон бэрхшээл зэрэг дэлхийн ямар ч орны ямар ч хүнд тохиолдож болох шалтгаан биш "япон" маягийн шалтгаан гэвэл үхлийг хачин янзаар "арманчикладаг" уламжлалт сэтгэлгээг нэрлэж болох юм. Энэ тухай тэгж байгаад нэг пост бичих бодолтой байгаа.

Суут зохиолчийн амиа хорлох тухай бодол гэвэл http://surensuren.blogspot.jp/2013/06/blog-post.html ... хэхэ, өөрийн блогны линк сайн оруулж байнаа...

Btw, Акүтагава "...амьдралын бэрхшээл, өвчин зовлон, сэтгэл санааны шаналал зэрэг... миний туршлагаас харахад эдгээр нь үндсэн шалтгаан хэрхэвч биш юм. Эдгээрийн ихэнх нь гол шалтгаанд хүргэх замыг заах л төдий зүйлс" гэж буй.

Сүрэн said...

Уучлаарай, зөвхөн хүүхдүүдийн амиа хорлолтын тухай асуусныг буруу ойлгосон байна. Миний дээрх хариу бол насанд хүрэгчдийн тухай. Хүүхдүүдийн хувьд сургуулийн "ижимэ" буюу нэг анги, сургуулийн хүүхдүүд нэгийгээ гадуурхан дээрэлхэж сэтгэл санааны дарамтанд оруулдаг нь амиа хорлоход хүргэдэг гол шалтгаан.
Харин яагаад хүүхдүүд бие биенээ бөөрөлхөн дээрэлхдэг вэ гэвэл... судлаачид энэ тухай хэдэн боть ном бичиж, зурагтаар жил болгон янз бүрийн нэвтрүүлэг хийж асуудлыг өнцөг бүрээс (дээрэлхэх шалтгаан, сэрэмжлэх арга, сургууль яах ёстой вэ, эцэг эхчүүд яавал зүйтэйвэ...) шийдэхийг оролдож байгаа ч харамсалтай нь үр дүн муутай л харагдана...