2011/12/14

Үггүй захидал



Мүкоода Күнико (1929-1981).
Шёовагийн (1926-1989) сүүл үеийг төлөөлөх олон ангит кино зохиогч, нийтлэлч (essayist), Наоки шагнал хүртсэн зохиолч. Японы телевизийн нэг үеийг энэ бүсгүйг дурдахгүйгээр ярих аргагүй. Олон ангит киног нь үзээгүй боловч өгүүллэг болон эссэйд нь дуртай.
Зав гараад нэг эссэй орчуулж үзэв... (дайны үеийн японы шууданг давхар бишрэв). Дээхэн нэг эссэйн эхлэл сонин санагдаад орчуулсныг хэрэв сонирхвол - "Нүд".




  Мүкоода Күнико "Үггүй захидал" эссэй, 1985
  向田邦子 「無口な手紙」、(『男どき女どき』より)
  Орчуулга: Сүрэн

  Би өөрөө чалчаа болоод ч тэр үү, олон үггүй эр хүн болон захидалд дуртай. Ялангуяа эр хүний захиа үг цөөтэй бол бүр ч дуртай.
  Эрт дээр цагт, хүмүүс бичиг үсэг мэддэггүй байхдаа хол байгаа амрагтаа сэтгэлээ чулуугаар дамжуулан илэрхийлж байсан гэдэг. Залуу эр өөрийнхөө сэтгэлд таарах чулуу олоод аянчин гийчнээр бүсгүйдээ хүргүүлнэ. Бүсгүй нь чулууг аваад нүдээ анин хоёр алгаараа чулууг барьж мэдэрнэ. Хурц өнцөгтэй бол өвдсөн биш байгаа, хэцүүхэн зүйл тохиолдсон юм болов уу, сэтгэлийг нь юу зовоож байгаа бол гэж санаа зовж, гөлгөр, бөөрөнхий чулуу бол сайн явж байна даа гэж санаа амарна. “Чулуун захидал” гэгдэх энэ заншил сэргэж, нэгэн өдөр булиа эрчүүд “чамайг би гурвын гурван жил хүлээлээ” гэх бул чулуу гэрийн үүдэнд авчирвал хэцүүхэн байдалд орох боловч (үнэндээ хагартлаа баярлана) энэ “чулуун захидал” гэдэг нь хайрын захианы анхны хэлбэр байсан болов уу гэж бодогдоно.
  Одоо үед үг ихдэж өгүүлбэр олширчээ. Үүний хариуцлагын хагасыг радиогийн нэвтрүүлэгч, зурагтын хөтлөгч, бас надад үүрүүлж болох ч хамгийн их буруутан нь зурагтаар өдөр болгон гардаг олон ангит кинонууд. Ямартай ч сүүлийн үед эрчүүдийн захидал, ялангуяа залуучуудын захидал дэндүү олон үгтэй “чалчаа” болж, бичсэн үг өгүүлбэрээр нь эр эмийг нь ялгах аргагүй болжээ. “Захидал бичих арга” зэрэг ном түүврээс хуулсан өгүүлбэр, эсхүл сэтгэл шингээгүй үхмэл өгүүлбэрийн дэргэд “бичиж” байгаа бус “ярьж” байгаа мэт захидал мэдээжийн хэрэг илүү. Илүү нь илүү боловч “хүүхэн шиг” сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Эсрэгээр сүүлийн үед бүсгүйчүүдийн захидал “эр хүн шиг хүчтэй” болж, ажлын газар, контор оффис бус тэс ондоо салбарт “хүйсийн эрх тэгш байдал” биеллээ олж буйг юу ч гэж ойлгомоор юм бэ.

  Ил захидлаар мэнд хүргэх хэвшсэн үг, хэлбэр байдаг ч тухайн хүнээс өөр хэн ч бичиж үл чадах дүрслэл ч юм уу, ганц өгүүлбэр өөрийн эрхгүй үгүйлэгддэг. Европоор аялж байхдаа найз минь надад илгээсэн ил захидалдаа, тэр өдөр идсэн өглөө, өдөр, оройн хоолны цэсээ л бичсэн байсан. Би нэлээд хугацаанд тэр ил захидлаар хоолны жорын номдоо хавчуурга хийж билээ. Ер нь сайн захиа, ялангуяа ил захидал нэг авиа илүү хайкү шүлэгтэй төстэй, тийм захидлын мөр хоорондоос нутаг байгалийн өнгө харагдаж, тухайн газрын үнэр үнэртэж, дуу сонсогдох шиг болдог.

  Өдий болтол авсан захидал дундаас миний сэтгэлд хамгийн их хоногшсон нь дайн дуусах үед охин дүүгийн аавд бичсэн ил захидлууд байдаг. Токиогийн бөмбөгдөлт өдрөөс өдөрт ширүүсч байсан тул дөнгөж сургуульд орсон дүүгийн цүнхэнд нэрийг нь бичсэн цагаан будааны аяга хийж өгөөд бусад сурагчидтай хамт хөдөө рүү шилжүүлэх болсон юм (*). Ээж аав хоёр дүүд юм юм бэлдэж өгөх гээд завгүй байсан тул юун бичиг үсэг заахтай манатай. Тиймээс дүү зөвхөн нэрээ л чүү чамай бичиж чадах төдий. Бөмбөгдөлтөөс хамгаалах үүднээс шөнө гэрэл гаргах хориотой тул аав харанхуй өрөөнд, муухан чийдэнгийн гэрэлд уул мэт овоолоостой ил захидал дээр өөрийн нэр, манай гэрийн хаягийг бичиж суусныг санана. Дүүг хөдөө явахын урд орой аав боодол ил захидал дүүгийн жижиг цүнхэнд хийнгээ
  - Миний охин сайн бол тойрог зураад өдөрт нэг ил захидал шуудангийн хайрцагт хийж байгаарай гэв.
  Дөрөв, таван өдрийн дараа дүүгээс эхний ил захидал ирэв. Ил захидлаас хальж гарах дөхсөн томоо гэгчийн тойрог улаан харандаагаар зурсан байлаа. Токиогоос замдаа ядарч ирсэн хүүхдүүдэд орон нутгийн “Улсаа хамгаалах эмэгтэйчүүдийн холбооны” гишүүд хоол унд бэлдэн дайлж цайлсан тул дүүд хөдөө зугаалгаар явж байгаа мэт санагдсан нь гарцаагүй. Гэтэл маргааш нь ирсэн ил захидлын тойрог арай л жижгэрсэн байлаа. Аав тэр орой ажлаасаа ирээд ороолтоо гялс манс тайлсан болоод зочны өрөө рүү хурдлав (дайны үед жирийн ард иргэд ч цэргүүд шиг хөлдөө ороолт ороодог байсан). Бидний хоолны ширээн дээр тавьсан ил захидлыг аав аваад, харандаагаар сулхан зурсан тойргийг юу ч хэлэлгүй удаан харан зогсож байлаа.
  Дүүгээс ирэх ил захидлын тойрог яваандаа багасаад, яваандаа чагт болоод, яваандаа чагттай ил захидал ч ирэхээ болив. Дүү минь хөхүүл ханиад тусаад хэвтэрт орсон байж л дээ. Ээж дүүг авчрахаар яваад, тэс өөр хүүхэд мэт яс арьс болтлоо турсан охиноо дагуулж ирэхэд аав зочны өрөөнөөс хөл нүцгэн үүд рүү гүйн гарч, дүүг тэврэн авч уйлж билээ. Том болсон эр хүн уйлахыг тэгэхэд би амьдралдаа анх удаа харсан юм.

  Муугаа мэдэхгүй элдвийг бичигч надад захидлын тухай энэ тэр гэж бусдад сургааль айлдах эрх даанч байхгүй. Би өөрөө тэмээ таварцагласан юм шиг муухай бичигтэй. Тийм байж бас хирээ мэдэхгүй гоё захидал бичихийг санаархана. Бэлэн наагаад явуулчих марк байхгүй гэх мэт аахар шаахар шалтгаанаар залхуурч захианы хариу удаадаг над шиг хүн энэ тухай юу ч ярихав. Гэхдээ захидалд муу, сайн захидал гэж байдаггүй. Бичгийн хэв муухай ч бай, хариуг удаасан ч бай огт бичихгүй байснаас л хамаагүй дээр. Учир нь захидал мэндчилгээг бичих ёстой үед нь бичихгүй байна гэдэг нүдэнд үл үзэгдэх өр тавьж буйтай адил билээ.

--------------------------------------------------

  * дайн дуусах алдад Токио хотын бага ангийн сурагчдыг Токиогоос хол, хөдөө газар ангиар нь шилжүүлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байв.