2024/11/07

Дино Буццати "Анагоорын хэрэм"

 

Дино Буццати "Анагоорын хэрэм"
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)


  Тибэстид очиход нутгийн хөтөч “Хэрэв та Анагоор хотын хэрмийг харахыг хүсэж байвал үзүүлье” гэв. Гэтэл газрын зураг хартал Анагоор гэх хот алга. Элдэв мэдээллээр баялаг жуулчдын хөтөч номд ч тэрхүү хотыг дурдаагүй байв.
 “Газрын зурагт тэмдэглэгдээгүй ямар гээч хот юм бол?”
 Миний асуултад хөтөч ийн хариулав: “Маш том, баян бас хүчирхэг хот боловч манай Засгийн газар үл тоодог, эсвэл үл тоосон дүр эсгэдэг учир газрын зурагт тэмдэглэгдээгүй юм. Анагоор бүхий л хэрэгцээгээ өөрсдөө хангадаг бөгөөд хэнд ч үл захирагдана. Бие даан оршдог учир хааны сайдууд хүртэл босгыг нь давж үл чадна. Хол, ойрын ямар ч хоттой худалдаа наймаа хийдэггүй. Бүрэн хаалттай. Бат хана хэрмийнхээ цаана хэдэн зуун жил оршиж буй хот юм. Хэн ч хэзээ ч тэндээс гарч байгаагүйг бодоход хүмүүс нь хотдоо аз жаргалтай амьдарч буй болов уу.”
 “Гэхдээ газрын зураг дээр, – гээд би өөрийнхөөрөө зүтгэв, – Анагоор нэртэй хот алга байна шүү дээ. Бодвол, эндэхийн олон домог ярианы нэг байх. Халсан цөлийн халуун агаарын төрүүлсэн зэрэглээ л байх”.
 “Үүр цайхаас хоёр цагийн өмнө хөдөлбөл сайн” – Магалон хэмээх нэртэй нутгийн хөтөч эр миний үгийг дуулаагүй мэт хэлэв. “Таны машинаар явбал бид үд гэхэд Анагоорт оччихно. Ноёнтон, би таныг өглөөний гурван цагт ирж авъя”.
 “Үнэхээр таны ярьж байгаа шиг хот бол газрын зураг дээр давхар тойргоор тэмдэглээд нэрийг нь том үсгээр бичсэн байх ёстой. Гэтэл Анагоор нэртэй хотыг дурдсан юу ч олсонгүй, тэгэхээр тийм байхгүй хот гэдэг нь ойлгомжтой. Гурван цагт би бэлэн байна аа, Магалон”.

 Ийнхүү бид өглөөний гурван цагт машиныхаа гэрлийг асаан цөлийн замаар урд зүгт хөдлөв. Дулаацах гэж найдан ар араас нь угсруулан тамхи татаж байтал зүүн талд тэнгэрийн хаяа гэрэлтэх нь харагдаж, даруй нар гарч халуун илчээр хамыг юмыг халаан чичрүүлэв. Уул хадны дүрс тодхон туссан нуур намаг эргэн тойронд харагдаж байвч үнэндээ тэнд хувин ус ч байхгүй, зөвхөн элс болоод улайссан чулуу л байлаа.
 Гэхдээ машин маань ямар ч асуудалгүй дуулгавартай урагшилж, 11 цаг 37 минутад миний хажууд сууж байсан Магалон “Хар даа, ноёнтон” гэв. Үнэхээр би өмнөө хэдэн олон километр үргэлжилсэн, хориос гучин метр өндөр, шаргал өнгөтэй, энд тэнд цамхаг сүндэрлэсэн хотын хэрэм харав.
 Дөхөж явахдаа хэрэм ханын доор хүмүүс буудалласан байгааг анзаарав: энд тэнд өрөвдмөөр өмгөр майхан, дунд гарын цацар, туг далбаа намирсан баячуудын асар зэргийг барьсан харагдана.
 “Энэ юун хүмүүс вэ?” – Магалоноос ийн асуухад “Хотод орохыг найдан хаалганы хажууд хоноглож буй улс юм” хэмээн тайлбарлав.
 “Өө тийм үү, хаалга байдаг юм уу?”
 “Том, жижиг маш олон хаалга байдаг, магад зуу гаруй байгаа байх. Гэхдээ хэрэм нийтдээ маш урт учир нэг халгаанаас нөгөөг хүртэл нэлээд зайтай”.
 “Тэр хаалганууд хэзээ нээгддэг вэ?”
 “Бараг хэзээ ч нээгддэггүй. Гэхдээ заримыг нь нээгдэнэ гэлцдэг. Өнөө шөнө үү, маргааш уу, гурван сарын дараа юу, таван жилийн дараа юу, үүнийг хэн ч мэдэхгүй – энэ бол Анагоорын агуу нууц юм”.
 Бид хотын хананд хүрч очоод цул төмрөөр хийсэн бололтой аварга том хаалганы өмнө зогсов. Орохыг хүлээсэн олон хүн цугласан байлаа. Ядарсан бедуинууд, ядуу гуйлгачид, гивлүүртэй бүсгүйчүүд, лам хуврагууд, зэр зэвсэг агссан дайчид, тэр байтугай бараа бологчдоо дагуулсан хаа нэгтээ улсын ханхүү хүртэл байв. Байсхийгээд хэн нэгэн очиж лантуугаар цохиход төмөр хаалга хүнгэнэж дүнгэнэнэ.
 “Анагоорынхон энэ чимээг сонсоод хүрч ирж хаалгаа нээгээсэй гэж хүсэн хүмүүс цохиж байгаа юм. Хэрэв цохихгүй бол хэн ч хаалга нээж өгөхгүй гэж тэд итгэдэг юм” – хэмээн хөтөч тайлбарлав.
 Надад эргэлзээ төрөв: “Энэ хананы цаана үнэхээр хүмүүс байгаа гэж үү? Хот аль хэдийн үхчихсэн юм биш үү?”
 Харин Магалон инээмсэглэв: “Энд анх ирсэн хүн болгон тэгж боддог юм. Би ч ялгаагүй, хананы цаана амьд хүн байхгүй гэж бодож явлаа. Гэхдээ хүн байгаагийн баталгаа бий шүү. Зарим үдэш, гэрэл таарсан тохиолдолд, олон хүлист хүж зэрэг уугиулсан мэт тэнгэр өөд утаа суунаглахыг харж болно. Гал түлж, хоол хийж байна гэдэг хананы цаана хүмүүс амьдарч байгаагийн шинж шүү дээ. Мөн үүнээс ч илүү нотолгоо бий – Анагоор нэг удаа олон хаалганыхаа нэгийг нээсэн юм.
 “Хэзээ тэр вэ?”
 “Тодорхой огноог, үнэнийг хэлэхэд, хэн ч мэдэхгүй. Зарим нь сар эсвэл сар хагасын өмнө гэдэг, зарим нь хаалгаа нээснээс хойш хоёр, гурав, бүр дөрвөн ч жил өнгөрсөн гэдэг, гэтэл зарим нь бүр султан Ахмэр Эргун эрх барьж байсан үеиййн явдал гэлцдэг.”
 “Ахмэр Эргун хэзээ эрх барьж байсан бэ?”
 “Бараг гурван зуугаад жилийн өмнө... Гэхдээ ноёнтон, та үнэхээр азтай юм... Хар даа. Хэдий үд болж агаар халуу шатаж байгаа ч тэндээс утаа гарч байна”.
 Гэнэт, их халууныг эс харгалзан хэрмийн гадаа цугласан эрээн мяраан хүмүүс даяараа шуугьж эхлэв. Бүгд майхан, цацраасаа гараад хэрмийн цаадах хөдөлгөөнгүй агаарт өөдөө чичирхийлэн суунаглаж буй хоёр саарал утсан утааг заацгаана. Хүмүүсийн догдолсон дуу давхардаж сонсогдоод нэг ч үг ойлгосонгүй. Гэхдээ тэдний сэтгэл хөөрсөн нь илт байлаа. Хөөрхий, энэ муу хоёр утаа дэлхийн хамгийн гайхамшигтай бүтээл мэт, үзсэн харсан хүнд ойрын жаргалыг амлах мэт шуугих ажээ. Харин надад энэ бүхэн дараах шалтгаанаар үндэслэлгүй санагдаж байв.
 Юуны өмнө, утаа харагдана гэдэг хаалга нээгдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг биш учир хөөрч баярлах шалтгаан үгүй.
 Хоёрт, хэрэв хэрмийн цаанаас эндэхийн энэ их үймээн шуугианыг сонссон бол – мэдээж, сонссон байж таарна – хаалгаа нээх битгий хэл эсрэгээр хаах байлгүй.
 Гуравт, утаа дангаараа Анагоор оршин суугчидтай гэдгийг батлахгүй. Хэрэг дээр, аагим халуун нарнаас болж санаандгүй гал гарсан байж мэднэ. Эсвэл – энэ таамаглалын магадлал бусдаас арай өндөр – хүнгүй үхсэн хотыг тонох гэж ханан дахь нууц хаалгаар дотогш орсон дээрэмчид гал асааж гаргасан утаа байж мэднэ.
 “Сонин юм аа, – гэж би бодов, – Анагоорт утаанаас өөр хүн амьтан амьдарч байгаагийн шинж алга: хүмүүсийн дуу хоолой, хөгжим, нохой хуцах дуу, харуул хамгаалалт, хананы цаанаас цухуйх хэрэгт дурлагсад – эдгээрийн аль нь ч алга. Маш сонин юм”. Тэгээд би асуув:
 “Магалон, нөгөө чиний ярьж байсан хаалга нээгдэхэд хэдэн хүн дотогш орж чадсан бэ?”
 “Зөвхөн нэг л хүн” гэж Магалон хариулав.
 “Бусад нь яасан бэ? Хөөгдсөн юм уу?”
 “Тэр хаалга нь бадарч мөргөлчидийн үл тоох хамгийн жижиг хаалганы нэг байсан юм л даа. Тийм учир тэр өдөр гадна нь хэн ч хүлээж байсангүй. Орой болоход нэгэн аянчин хүрч ирээд хаалга тогшив. Тэр хүн энэ хот Анагоор гэдгийг мэдэхгүй, орохдоо ямар нэг онцгой юм хүлээгээгүй, гагцхүү нэг шөнийг өнгөрөөх оромж л гуйсан гэдэг. Юуны ч тухай юуг ч мэдэхгүй тэрээр цэвэр санаандгүй тохиолдлоор тэнд байж таарсан юм. Зөвхөн тийм болоод л түүнд хаалга нээж өгсөн байх”.

 Миний тухайд гэвэл, би энэ хэрмийн гадаа бараг хорин дөрвөн жил хүлээлээ. Гэвч хаалга нээгдсэнгүй. Тиймээс одоо би нутаг буцна. Намайг юмаа бэлдэж буйг хараад мөргөлчид толгой сэгсэрнэ. Тэд “Хөөе, найз минь, юунд яарна вэ?” гэцгээнэ. “Чөтгөр аваг гэж, жаахан тэвчээртэй байл даа. Чи амьдралаас дэндүү ихийг хүсээд байна.”