"Чихний чимэг болсон аялгуу сайхан" монгол хэлээ,
"Үсэг болгон эрдэнийн шинжтэй, үе болгон эрдмийн шимтэй" монгол бичгээ
үеийн үед уламжлан өвлүүлэхийн төлөө...
2020 оны 7 сарын 22-нд Японы Newsweek сэтгүүлд гарсан Өвөр Монгол дахь монгол хэлний боловсролыг хориглох шийдвэр, Хятад улсын өөр үндэстнийг өөртөө шингээх бодлогын тухай нийтлэлийг орчуулав. Япон эхийг уншихыг хүсвэл энд дарна уу.
“Монгол хэлний боловсролыг халах хориг” буюу
дээрэнгүй үзлийн үүднээс Хятад улсын гаргасан цочир шийдвэр
Хятад улс “IT-ийн эрин үед үл нийцэх хэл” хэмээх ялгаварлан гадуурхах үзэлд тулгуурлан, өөр үндэстнийг өөртөө уусган шингээх бодлогыг улам эрчимжүүлж байна:
Хятад улсын Засгийн Газар энэ оны 6 сарын сүүлээр “Намрын хичээлийн шинэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль дахь монгол хэлний хичээлийг хориглох” агуулга бүхий улс төрийн зорилготой нууц бичгийг Өвөр Монголын Өөртөө Засаг Оронд хүргүүлж, монгол хэлний боловсролыг алгуур алах тушаал буулгав.
Юуны түрүүнд Түнляо хотоос энэхүү тушаал хэрэгжиж эхлэх боловч Түнляогоор зогсохгүй нь хэнд ч ойлгомжтой. Бага сургуулийн “ёс суртахууны хичээл”-ийг хятад хэлээр зааж эхлэх бөгөөд, дунд сургуулиас эхлэн монгол хэлний хичээлээс бусад бүх ерөнхий боловсролын хичээлийг дан ганц хятад хэлээр заахаар болсон байна. Ийнхүү шийдсэн шалтгаан нь ихэд бардам дээрэнгүй: “Монгол хэл бол сүүл үеийн шинжлэх ухаан, техник технологи хийгээд хятад үзэл бодол, ёс суртахууныг заахад үл тохирох учир илүү “дэвшилтэт” хэл болох хятад хэл IT-ийн эрин цагт нийцнэ” гэж.
Эхэндээ, энэхүү шийдвэрийн улмаас олон монгол багш нар ажлаа алдах учир эсэргүүцэж эхэлсэн боловч, яваандаа өөр үндэстний соёлыг арчин алга болгохыг гол зорилгоо болгосон Хятад улсын уусган шингээх бодлогод хүмүүс хилэгнэж, эсэргүүцэхэд хүрсэн байна. Аливаа хэлийг “орчин цагийн шинжлэх ухаан, техник технологи заахад үл тохирно” гэж зөвхөн хятадууд л дорд үзэж, ялгаварлан гадуурхдаг байх.
Түүхийн хуудсыг сөхвөл, Хятадын шинжлэх ухаан нь XIII зуун хүртэл удаан хугацаанд зогсонги байдалд байсан юм. Хятадын шинжлэх ухаанд ахиц дэвшилт гарч хурдацтай хөгжсөн нь Монголын Эзэнт Гүрэн бүрэлдэж, улмаар Араб, Перс зэрэг баруун зүгийн хамгийн сүүл үеийн шинжлэх ухаан, үзэл бодлыг зүүн зүгт авчирсан үеэс үүдэлтэй. Бээжин хотод өдий хүртэл байгаа одон орон судлалын хүрээлэн хийгээд араб, перс хэлнээс хятад хэлнээ орчуулагдсан шинжлэх ухааны олон ном судар үүнийг гэрчилнэ. Тухайн үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт нээлт нь зүүн зүгт монгол хэлээр дамжин түгсэн юм.
Монголчууд хатуу хамгаалах үндэстний өөртөө засан тохинох эрх:
Монголын Эзэнт Гүрэн задарснаас хойш ч XVIII зууны сүүл хүртэл монгол хэл бол Евразийн олон хаант улсын хувьд ордны хэл хийгээд гадаад харилцааг хөгжүүлэх дипломат хэл байсан юм. Манж Чин гүрэн Өмнөд Азийн улсууд уруу элч төлөөлөгч илгээхдээ монгол хэл хэрэглэх явдал байсан. Өөрөөр хэлбэл, монгол хэл нь перс, араб хэлний адил Евразийн талбарт улс төрийн өндөр байр суурьтай байв. Тийм ч учир орос хэл хийгээд олон түрэг хэлэнд монгол хэлнээс гаралтай улс төрийн ихээхэн үг хэллэг үлдсэн юм.
Монгол хэл нь улс төр хийгээд олон улсын харилцаанд өндөр ач холбогдолтой байсан учир Хятадын Засгийн Газар үүнээс тувт болгоомжилж ирсэн түүхтэй. Монголчууд Дэлхийн II дайнаас хойш тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улс хийгээд Хятад улс дахь Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хуваагдан амьдрах болсон билээ.
Ленины тунхагласан үндэстний өөртөө засан тогтнох үзэл буюу ямар ч үндэстэн өөрийн үндэстний улсаа байгуулах эрхтэй хэмээх үзэл зарчмаас монголчууд нэг ч удаа ухраагүй болно. Үндэстнийг нэгтгэхийн тулд үг хэлийг нэг байлгаж, хатуу хамгаалах хэрэгтэй. Тийм ч учир БНМАУ, БНХАУ, ЗХУ зэрэг гурван улсад хуваагдан амьдарч буй монголчууд 1957 он хүртэл нэг кирилл үсэг хэрэглэж байсан юм. Гэтэл ЗХУ, БНХАУ хоёрын харилцаа муудаж эхлэнгүүт Хятадын ЗГ Хятад дахь монголчууд кирилл үсэг хэрэглэхийг хориглож, кирилл бичиг хэрэглэхийг дэмжсэн хүмүүсийг хэлмэгдүүлэн шийтгэсэн болно. Тэр цагаас хойш Өвөр Монголын Өөртөө Засах Оронд босоо уйгаржин бичиг хэрэглэж, Хятадын ЗГ ч үүнийг дэмжиж байсан юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол улс олон жил хэрэглэсэн кирилл үсгийн тухай бодлоо өөрчилж, уламжлалт уйгаржин бичгийг сэргээн хэрэглэх бодлого гаргасан билээ. Энэ чигээр хоёр улсад хуваагдан амьдарч буй монголчууд нэг бичиг үсэгтэй болж, нэгдсэн нэг үзэл бодолтой болно гэж дүгнэсэн Ши Жиньпины засаг монгол хэлний сургалтыг бүрмөсөн хориглох шийдвэрийг хүч түрэн гаргав.
Хятад улсын хувьд ийнхүү хүч хэрэглэн “амжилт” олсон түүх бий. 2009 оны 7 сард Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Оронд гарсан уйгаруудын бослогыг зэвсэгт хүчээр дарсныхаа дараа уйгар хэлний боловсролыг хэрэг дээр бүрэн зогсоож өдийг хүрсэн болно. Хүүхдүүд нялх багаасаа хятад хэлээр яривал “Хятад улсыг хайрлаж, хятад хан үндэстний нэг хэсэг болно” гэх зорилго бүхий өөр үндэстнийг өөртөө шингээн уусгах бодлогыг тууштай баримталж буй Ши Жиньпины засаг энэ бодлогоо монголчууд амьдрах Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ч хэрэгжүүлж ирсэн юм.
Эцэст, энэ бүхнийг монголчууд хэр удаан эсэргүүцэн тэмцэж чадах бол.
------------------------------------------------------------------------------------------------------------
Хятадын ЗГ-ын ӨМӨЗО-д монгол хэлний боловсролыг хориглох шийдвэрийг Япон улсад суугаа монгол эрдэмтэн, багш нар эсэргүүцэн гарын үсэг цуглуулж буй учир энэ линкээр орж гарын үсгээ зурж, өвөрлөгч түмнийг дэмжихийг хүсье. Далайд дусал гэгчээр ганц гарын үсэг ч хэрэгтэй бөгөөд тустай гэдгийг санана уу. Баярлалаа!