Оросын Сноб сайтын блогоос би хүүхдийн сэтгэл зүйчээр олон жил ажиллаж буй Катерина Мурашоваг унших дуртай. Сэтгэл зүйч хүнд онол номын мэдлэгээс гадна нарийн мэдрэмж, зөн совин, хүнийг гэсэн, хүүхдийг гэсэн чин сэтгэл хэрэгтэйг түүний нийтлэлүүд гэрчилнэ. Товчхондоо бичлэгүүд нь маш сонирхолтой тул уншууртай, нэлээд юм бодогдуулдаг тул мөлжүүртэй. Хувийн ашиг сонирхол хөөлгүй цэвэр зарчмын үүднээс улсын жирийн нэгэн хүүхдийн эмнэлэгт насаараа ажиллахаар шийдсэн нь хүндлүүштэй.
Балигийн тэмдэглэлийг үргэлжлүүлэхээс өмнө хэн нэгэнд хэрэг болуужин гэмээн энэхүү нийтлэлийг орчууллаа.
К.Мурашова "Бороо оруулагч"
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)
- Байдал ийм байна... гэснээ хөвгүүн зөөлөн сандал дээр тухтай байрлал олох гэж дороо жаахан хөдлөв. “Манай аав бас нэг гэр бүлтэй. Тэнд би дөрвөн настай охин дүүтэй гэж ойлгосон. Ээж энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ. Аав нэг л өдөр биднийг орхиод өөр дээр нь хүрээд ирнэ гэж тэр эмэгтэй хүлээдэг байх, аав тэгж амласан юм шиг байна лээ. Тэгээд хааяа "Энэ асуудлаа нэг тийш шийд" гэж тулгадаг юм. Тэгэнгүүт аав хам хум гүйж очин аргадаж тайвшруулна, хааяа бүр харанхуй шөнөөр ч яваад өгнө, Манай гэрийнхэн бүр дасчихсан, тэгж явахыг нь “ажил дээрх онцгой байдал” гэдэг. Гэхдээ миний бодлоор аав явахгүй л дээ. Тэр эгчийн толгойг эргүүлсэн хэвээр энэ янзаараа үргэлжлэх байх. Миний эрэгтэй дүү тархины саажилттай (англиар "cerebral palsy", оросоор "ДЦП" буюу "Детский церебральный паралич" гэдэг, манай эмч нар "дэцэпэ" эсвэл "тархины саажилт" гэдэг бололтой, орч.). Ээж дүү хоёр дээхэн танд үзүүлэхээр ирж байсан, гэхдээ та санахгүй байх л даа. Дүүгийн минь толгой зүв зүгээр, одоо хоёрдугаар ангид сурдаг, компьютер ч оролдоод эхэлчихсэн. Харин гар, хөл нь тиймэрхүү. Ээж миний дүүг бүрэн дүүрэн эмчилж эдгээх эм хаа нэгтээ байх естой гэж боддог юм. Тэгээд дүүд морь унуулдаг, дэцэпэтэнгүүдийн дунд дэлгэрсэн сүүл үеийн “мода” юм гэнэ лээ. Бас одоо Крым авч явж далайн гахайтай хамт сэлүүлэхээр мөнгө цуглуулж байгаа. Ленька гэхдээ мориноос их айдаг, байнга л унаж байдаг юм. Далайн гахайны тухай ч “Тэнд очоод тэгээд л живээд үхчих байх” гэсэн. Тэд бас Псков мужийн нэг домч эмээ дээр очсон удаатай, Ленькад хараал хүрсэн байна гээд хараалыг хариулах үйл хийсэн гэсэн. Эмээ маань хорт хавдартай. Байнга эмчилгээ хийлгэж байгаа, хааяа эмнэлэгт, хааяа гэртээ ардын эмчилгээний аргаар...
- Харин чи?
Хүү шуудхан:
- Бие загатнаад үргэлж маажиж байдаг, бас хичээлдээ муу, дандаа хоёр авдаг гэж хариулав. (Хурууных нь завсраас арьсны нейродермит өвчнийг би хэдийн анзаарсан юм)
- Та тэгээд надаад юу зөвлөх үү? Би энэ бүхнийг яаж засаж чадах уу? Ер нь засаж болох уу?
- Мэдэхгүй гэж би үнэнээ л хэллээ. "Болохгүй л болов уу? Дүүгий чинь тархины саажилтыг эмчилж болохгүйн адил".
- Тэгвэл би явах уу? гээд жаалхүү даруй өндийв.
- Гэхдээ би чамд нэг түүх ярьж өгье, бороо дуудагчийн тухай.
- За, би янз бүрийн түүхэнд дуртай – ийнхүү хэлээд хүү хумсныхаа үзүүрээр хүзүүгээ маажаад миний яриаг сонсохоор бэлдэв.
- Энэ нэлээд дээхэн, ЗХУ гэж байхад болсон явдал юм. Миний нэг танил хятад судлаач ардын зан заншил судлахаар ажлынхантайгаа хамт Хятадад томилолтоор явж байв. Нэг өдөр хятад хамтран ажиллагч нь утасдаад “Эндэхийн нэг мужид бүтэн дөрвөн сар бороо ороогүй гэнэ. Ургац сүйрээд, өлсөх аюул нүүрлээд байна. Тиймээс гурван тосгон байдаг бүх мөнгө нийлүүлээд ондоо мужаас бороо оруулагчийг залж авчирахаар болсон гэнэ. Та нарт сонирхолтой байх болов уу. Гэхдээ би энэ тухай юу ч хэлээгүй шүү, Хятадын коммунист нам иймэрхүү ид шид, илбэ дэлбийн юмыг эрс буруушаадаг юм”.
Манай судлаачдын сонирхол хөдлөлгүй яах вэ. Шуудхан угсаатан зүйн судлалтай холбоотой нэг шалтаг бодож олоод заасан газар нь явж очив. Тэднийг тосгонд ирдэг өдөр бороо оруулагч – давжаа биетэй хорчийсон өвгөн хятад ч мөн ирсэн гэнэ. Өвгөн өөрийг нь тосгоны хамгийн захын байшинд оруулаад, өдөрт аяга будаа өгч байхыг гуйв. Манай судлаачидтай бол ярилцахаас эрс татгалзсан гэсэн. Тосгоны захирагч “Бороо оруулагч одоо төвлөрөх хэрэгтэй. Ажлаа хийж дуустал нь хүлээвэл ямар вэ. Тэр болтол манайд хоноорой” гээд орос судлаачдыг гэртээ урив.
Гурав дахь өдөр бороо оржээ.
Өвгөн ажлын хөлсөө (тэр мужийн хэмжээгээр бол асар их мөнгө) аваад гэрийн зүг буцахаар бэлдэв. Гэхдээ тосгоны захирагч орос судлаачдын хүслийг уламжлахад “Одоо бол жаахан ярилцаж болно” гээд нааштай хандсан гэнэ.
- Та хэрхэн бороо дуудсан тухайгаа ярихгүй юу? – миний танил цаг алдахгүйн тулд шуудхан л гол асуултандаа оржээ – Бодвол тусгай ёс үйл гүйцэтгэдэг байх, тийм үү? Тэр үйлийг эцгээс хүүд удам дамжин өвлүүлдэг үү?
- Та нар чинь юу ярина вэ?! – өвгөн мэл гайхав – Би бороо дуудсан гэж үү? Би ид шидтэн юмуу? Над шиг өчүүхэн амьтан энэ дэлхийн агуу аяс, аянга салхи бороог удирдаж чадна гэж та нарын толгойд яаж ороо вэ?!
- Тэгвэл та юу хийсэн юм бэ? – манай хятад судлаачид бас гайхав – Бороо орж байна шүү дээ...
- Хэн ч хэзээ ч хэнийг ч өөрчилж чадахгүй хэмээн өвгөн хятад хуруугаа гозойлгон нухацтайхан шиг дуугарав. "Гэхдээ хүн болгон өөрийгөө удирдаж чадна. Даруу дүр үл эсгэн шулуухан хэлэхэд би энэ урлагт тодорхой оргилд хүрсэн хүн. Би зохис төгөлдөр, маш зөв байдалтай энд ирээд эндэхийн бүх юм эвгүй, зохис муутай, төгөлдөр бус байгааг харав. Юмны зохицол барилдлага алдагдсан байна, ургац сүйрч байна, хүмүүс зовж шантарч байна. Энэ бүхнийг би өөрчилж чадахгүй. Би ганцхан өөрийгөө л өөрчилж чадна, өөрөөр хэлбэл өөрийгөө “зөв” биш “зөрүү” болгож чадна. Өөрийгөө зохицолгүй, төгөлдөр бус болгож, энд болж буй бүхэнтэй өөрийгөө нийцүүлж чадна."
- Тэгээд? Бороо хаанаас ороо вэ?
- Эндэхийн бүхэнтэй нийцэж нийлснийхээ дараа би мэдээжийн хэрэг, өөртэйгөө ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө зөв, зохистой, төгөлдөр (harmonious, орч.) байдалд буцааж оруулсан юм. Гэхдээ тэр үед би хэдийнээ энэ нутгийн бүхий л орчинтой нийлсэн байсан учир намайг зөв байдалдаа эргэн орохын хэрээр эндэхийн бүхэн ч аажмаар, бага багаар, эсэргүүцэлтэй хэдий ч зөв замдаа орсон юм. Энэ газар шороонд одоогоор ган тайлах бороо “зөв”. Тийм учраас бороо орсон болно. Миний “дуудах” үүнд ямар ч хамаагүй...
- Өө, тийм амар юм бол та яагаад ийм их мөнгө хөлсөндөө аваа вэ? Энэ тариачид байдгаа шавхан байж таны төлбөрийг гаргасан шүү дээ?
- Яагаад гэвэл би бие дорой настай хүн. Зөрчил зөрүүтэй, төгөлдөр бус байдалд (disharmony, орч.) өөрийгөө нийцүүлж оруулахад тэр гажуу орчинтой адил хэмжээний зовлон амсана. Сайн дураар өөрийгөө зөв байдлаас зөрүү байдалд оруулна гэдэг маш үнэтэй гэж хэлээд өвгөн яриа дууссан болохыг дохиогоор мэдэгджээ. Тэр өдөр өвгөн тосгон руугаа буцаад, орос судлаачид Бээжин рүү буцахаар ган тайлагдсан мужийг ардаа орхив.
Хүү нэлээд удаан дуугүй сууснаа:
- Та надаа энэ бүхнийг зүгээр нэг ярьж өгөөгүй биз дээ? Та намайг...
- Яг тийм. Чамд өвгөн хятад шиг өөрийгөө буруу зөрүү, төгөлдөр бус байдалд оруулах ч хэрэг алга. Үүнийг наад загатнаа маажуур, муу дүн хоёр чинь гэрчилнэ. Гол нь энэ бүхэн чиний хувийн асуудал биш болох нь ойлгомжтой байна л даа. Яагаад гэвэл чи ухаантай – чиний насан дээр гэр бүлийнхээ тухай ингэж ярьж чадах хүүхэд ховор шүү. Мөн эмнэлгийн дэвтрийг чинь үзэхэд бусдаараа бол чи эв эрүүл.
- Би тэгээд яаж өөрийгөө “зөв” байдалд оруулах вэ?
- Өөрөө дотроо “зөв” гэж боддог ч өдий болтол хийж байгаагүй зүйлээ няцашгүй, туйлбартайгаар хийж гүйцэтгэх хэрэгтэй.
Хөвгүүн дахид бодолд автсанаа итгэл муутайхан,
- Өөрөөр хэлбэл улайтлаа хичээлээ хийх хэрэгтэй юм байна гэв. Бас өглөө болгон биеийн тамирын дасгал хийх. Өөрөө хийгээд дараа нь дүүдээ хийж өгөх. Чипс идэхээ болиод арьсны эмчийн зөвлөсөн хоолны горимыг барих. Сургуулийн дараа Ленькатай цэцэрлэгт дугуй унаж зугаалах (дүү маань алхаж явахаас илүү дугуй унахдаа сайн байхгүй юу). Ангийнхныгаа тэнэг мангараар нь дуудахаа болиод ээжийн зөвлөснөөр хүн бүрийн сайн чанарыг олж харах.... Тэгээд таны бодлоор энэ бүхэн надад тусална гэж бодож байна уу?
- Туршилт гээд бодчих гэж хэлээд би мөрөө хавчив – Туршаад үзвэл тус болох эсэх нь ойлгомжтой болно. Гэхдээ гүйж гүйцэдгүй юмаа гэхэд ядаж бие чинь халаалт авна шдээ...
- Тэгээд хэр удаан турших уу?
- Өвгөн хятад 50-60 жил дадлага хийсний дараа 3 өдөрт бороо оруулдаг болсон, харин чи дөнгөж эхэлж байна... Эхэндээ 3 сарын хугацаа товлоод явцын үр дүнгээ шалгаж байвал ямар вэ? Үр дүн сайтай бол үргэлжлүүлээд, үгүй бол болих шиг амар юм хаана байна. Тэгэхээр дараагийн удаа зуны сүүл, 9 сарын эхэн үед ирээрэй. Болж байна уу?
- Анха гэж хариулаад хүү гэртээ харив.
Би хөвгүүнийг үе үе санаж, чадаасай билээ гэж санаа зовж байлаа. Түүний насан дээр хэний ч хяналт сануулгагүйгээр санаж бодсон зүйлээ тууштай, туйлбартай үргэлжлүүлэн хийх шиг хэцүү юм байхгүй. Чадах болов уу?
Хүү 9 сарын 2-нд над дээр ирэв.
- Ленька! – үүд нээв үү үгүй юу дүүгийнхээ нэрийг хэлээд – Ээж дүүгийн бие морь унаад бас герман эм уугаад сайжирсан гэж бодож байгаа. Гэхдээ жинхэнэ учрыг бид мэднэ, тээ... Би Ленькад хятад өвгөний тухай хэлсэн, ухаантай юм чинь миний дүү шууд ойлгосон.
- Ёстой сайн байна! – би хүүг магтаад дугуйн дасгал, ахын анхаарал хоёр дүүгийнх нь байдлыг сайжруулсан байх ёстой гэж дотроо бодов.
- Бас эмээгийн эмч ремисс (өвчний намжилт, орч.) нь сайн байгаа, бүтэн жил ирэхгүй байж болно гэсэн.
- Чи өөрөө яаж байна?
- Чи өөрөө яаж байна?
- Би хичээлийн жилээ хоёрхон гуравтай төгссөн. Аав бас саяхан намайг том болсныг анзаарсангүй, надаас сурах юм их байна гэж хэлсэн. Жишээ нь хоолны дэглэмээ алдалгүй барихыг (хүүгийн гар цэвэр байгааг би орж ирэнгүүт нь л анзаарсан, гэхдээ зун нейродермит угаасаа сайжирдаг л даа)... Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ хятад юм үнэн болж таарах нээ?
- Тэгэлгүй яахав – үүнийг би итгэлтэй хэлэв – Үнэн гэдгийг чи өөрөө баталсан биз дэ?