Монгол хэлний дүрмийг өөрчлөх тухай санал дэвшүүлэхэд сонин хэвлэл, интернэтээр ширүүхэн маргаан, бүр заримдаа хэрүүл өрнөж байсан нь саяхан. Миний хувьд дүрэм өөрчлөх санаачлагыг буруутгах гэхээс 11 сард шинэ дүрэм гаргаад, 12 сард ЗГ-аар батлуулаад, 1 сард шинэ үсэгт шилжинэ гэдэг асар хурдан хэрэгжилтийг буруутгаж байв. Шинэ дүрэмд шилжихийн тулд ядаж нэг жил тайлбарлаж, ойлгуулж, олны дэмжлэг авах хэрэгтэй. Монгол хүн бүрд хамаатай, хэлний амин чухал асуудлыг зүгээр дээрээс эрдэмтэд шийдээд “ардууд дуугүй дагацгаа” гэдэг цаг үе өнгөрсөн баймаар... гэж бодож байлаа.
Харин Хаврын баяраар зохион байгуулсан семинарт суухдаа шинэ дүрэм, бичиг үсгийн тухай тэр их саналаа хэлж, маргаж мэтгэлцэж, улайрч дайрч байсан нь Монгол улсаар л хязгаарлагдаж байсныг анзаарч ойлгов. Бас харамсав. Өвөрлөгч түмэн, буриад, халимагийг бодож дурдах нэг ч хүн байсангүй, дурдъя гэсэн ч мэдэхгүй, мэдлээ гэсэн ч “ямар пад байлаа” гэх сэтгэл өнөөдөр давамгайлж буй. Гэхдээ байнга ийм байгаагүй гэдгийг Танака багшийн яриа сануулж арай өөр өнцөг, өргөн цар хүрээгээр сэтгэхэд уриалсан нь нэн сонирхолтой байсан учир үүнийг тэрлэж сууна.
Танака Кацүхико бол Хитоцүбашигийн их сургуульд олон жил багшилсан хэл шинжлэлийн эрдэмтэн, монгол судлаач хүн. Гэхдээ наян настай буурал багшийг танилцуулах хэрэггүй болов уу. Энд байгаа монголчууд сайн мэднэ, монгол судлаач хүмүүс бүр ч сайн мэднэ. Бичсэн номноос нь монголтой холбоотой ганц хоёрыг дурдахад: “Талын хувьсгалчид – монголын тусгаар тогтнолын замнал” (草原の革命家たち-モンゴル独立への道), “Монголын хувьсгалын түүх” (モンゴル革命史), “Номонханы дайн: Монгол ба Манж-Го улс” (ノモンハン戦争-モンゴルと満洲国). Далийж тэмдэглэхэд, японд Халх голын дайныг "Номонханы хэрэг (incident)" гэдэг ч Танака багш "дайн" гэснийг анхаарна уу (манай талын хүн байхгүй юу).
Танака Кацүхико "Монгол хэлний тухай"
Юуны өмнө дэлхийн дахинаа хэлний хувьд ямар түгээмэл үзэгдэл явагдаж буйг ярья. Эдүгээ дэлхийд 6000 орчим хэлээр хүмүүс хоорондоо ярьж байгаа ч зуугаад жилийн дараа буюу 2100 он гэхэд 90%-ээс 95% нь мөхнө гэж эрдэмтэд үздэг. Дэлхийн түүхнээ олон хэл үүсэж, мөхөж байсан боловч орчин цагт аливаа хэл хэрэглээнээс гарах, улмаар сөнөх үйл явц глобализаци зэрэг нийгэм, эдийн засгийн олон шалтгаанаар улам хурдасч байна. Эдийн засгийн хүчтэй хэлнүүд бусдыгаа “ноёрхож, эрхшээлдээ оруулах” процесс дэлхийн дахинаа өрнөж байна. Үүнийг байгалийн шинжлэх ухаанд явагдаж буй процесс тод харуулна: өдийг хүртэл эрдэмтэд байгалийн шинжлэх ухаантай холбоотой эрдмийн ажил, өгүүллээ өөрийн хэлээр бичиж, дараа нь англи хэл рүү орчуулдаг байсан бол сүүлийн үед анхнаасаа англиар бичих явдал газар авч байна. Англиар бичихгүй бол дэлхийн тавцанд гарах боломжгүй болж, 20 жилийн дараа байгалийн шинжлэх ухааны бүх судалгаа гагцхүү англиар бичигдэнэ гэх тооцоо ч хүртэл байдаг.
Хэдий дэлхийн дахинаа иймэрхүү процесс явагдаж буй ч ярих хүн нь байвал хэл яаж ийгээд тэсээд байж байна. Учир нь хэл мөхөх гол шалтгаан бол хүмүүс эх хэлээрээ ярихаа болих явдал. Монгол хэл мөхөх 90%-ийн хэлд орох эсэхийг монголчуудын сэтгэл зүрх мэднэ. Монгол хэлээрээ ярихаа больсон цагт үндэстний хувьд ч монголчууд сөнөнө гэж би боддог. Тиймээс монгол хэлийг мөхлөөс аврах тухай одооноос бодож эхлэх хэрэгтэй. Үүний тулд монголчууд хэлний хувьд нэгдэх хэрэгтэй болов уу? Эс бөгөөс өмнөх зууны түүх харуулснаар монгол хэлний хүч бага багаар сульдсаар л байна.
Дэлхийн түгээмэл 20 хэлээр тус бүр 50 саяас дээш хүн ярьж байна. Харин нийтдээ 7 сая гэгдэх цөөн тооны монголчууд 3, 4 өөр бичиг үсгээр ойлголцож, жилээс жилд хоорондоо хэл нэвтрэлцэх нь хэцүү болоод байна. Тиймээс 7 сая монголчууд 3, 4 өөр хэлээр ярьж байна гэсэн ч хэтрүүлсэн хэрэг биш юм (хэл шинжлэлийн ангилал бус жирийн нэгэн хүний хувьд байдал ямар вэ гэдгийг хэлж буй, Сүрэн.) Долоохон сая монголчууд хил дамнасан хэд хэдэн бүлэгт хуваагдаж, дүрмийн хувьд өөр бичиг үсэгтэй байгаа нь: өвөр монголчууд босоо монгол бичгээр бичиж, Монгол улс, буриад, халимагууд кирилээр бичих нь адил боловч дүрмийн хувьд тэс өөр. Иймээс юуны түрүүнд түүх сануулъя:
20 зууны эхэнд энэ асуудалд хамгийн их санаа зовж сэтгэл зүрхээ зориулсан нь буриадын сэхээтнүүд бөгөөд нэн ялангуяа Базар Барадийн болов уу. Барадийн Петербургийн их сургуулийг дүүргэж, сургуулийнхаа дорно дахины тэнхимд арваад жил монгол хэл заасан боловч нутагтаа буцаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд бүхнээ зориулахаар шийдсэн нэгэн. Тэрээр 1923 онд Буриад-Монголын автономит улсын боловсролын сайдаар томилогдож, 1931 оноос латин үсэгний дүрэм боловсруулж, түүнийгээ дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн юм. Барадийн латин үсэг боловсруулахдаа буриад төдийгүй халх аялгаар бичихэд ч тааруулж, монголчууд нэгдмэл үсэгтэй байхыг чухалчилж байв. Тухайн үеийн ЗХУ-д эсперанто хэл дэлгэрч, латин үсэг “моодонд” ороод байсан нь Барадийны санаачилгад нэмэр болсон (оросууд хэт эсэргүүцээгүй) гэж болно. Халимаг 1930 онд латин үсэгт шилжээд, 1938 онд кирил үсэгт шилжсэн. Монгол улс ч латин үсэгт шилжиж, латинаар ном сонин хүртэл гаргаж амжсан боловч тун удалгүй кирил үсэгт шилжив. (Сүрэн далийхад, Нацагдорж латин үсгийг их дэмжиж байсаншдээ, энэ тухай гэхдээ яриа тусдаа). Латин үсэгт шилжээд ном зохиол хэвлэж байсан улс гэнэт кирил үсэгт шилжсэн нь мэдээж улс төрийн шалтгаантай. Монголчууд нэг бичиг, нэг хэлээр хил дамнан нэгдэхээс ЗХУ айсан юм (モンゴル人の国家を超えた連帯を恐れた) Улмаар Базар Барадийн 1937 онд баривчлагдан “ЗХУ-ын эсрэг тагнуул туршуул хийсэн” хэргээр буудуулав. Ер нь сануулахад, зөвхөн хэл бичгийн асуудлаар 1000-аад монгол хүн хэлмэгдэж амь үрэгдсэний ихэнх нь буриадууд. Монголд ялгаагүй хэл бичгийн хүмүүс хэлмэгдэж, цөөн хэдэн эрдэмтэд өвөр монголд ч бас амь үрэгдсэн. Гэвч хэдий богино хугацаанд ч гэлээ нэгдмэл бичигтэй байсан нь Базардийны амжилт бөгөөд үүнийг монголчууд түүхнээ мартах учиргүй.
Ингэхэд, жишээ татаж ярих нь илүү ойлгомжтой болов уу. Өнөөдөр нааш ирэхдээ “Хаврын баяр” гэж кирилээр, ハワリンバヤル гэж японоор бичсэн самбар харлаа. Япон хүмүүс олон байх шиг байна, тиймээс өнөөдрийн бидний цуглах болсон арга хэмжээний нэр буюу “хаврын” гэдэг үгээр жишээ татаж тайлбарлая.
Өвөр монголд монгол бичгээр ийнхүү бичнэ (бичиж үзүүлнэ), дуудлага нь: khabur
Монгол улсад буюу халх аялгаар: хавар
Буриад: хабар
Халимаг: хавр
Үүнээс харахад буриадаар бичих нь монгол бичигт ойр юм. Монгол улс харин халх аялгуунд тааруулж “хавар” гэж бичдэг болсон. Монголд ч ялгаагүй “хабар” гэж болох байсан ч оросын кирил цагаан толгойн “б”, “в” зэрэг бүх үсгийг оруулах бодлого байсны улмаас ийнхүү бичих болов. Халимагийн хувьд маш сонирхолтой ч гадаад хүнийг зовоосон дүрэмтэй: үгний эхний эгшгийг л зааж өгөөд бусад эгшгийг нь бичдэггүй. Яагаад гэвэл монгол хэлэнд “эгшиг захирах ёс” (母音調和) бий. Өөрөөр хэлбэл, эр эгшигтэй үгэнд эм эгшиг холилддоггүй. Тиймээс эхний эгшгийг нь заагаад өгсөн байхад арын дагалдах бүх эгшиг ойлгомжтой болно гэж үзээд ийм дүрэм зохиосон билээ. (Сүрэн далийж жишээ татахад: “Хальмг үнн” (сонины нэр), цаасн, күүкн, негдгч бөлг г.м. Дүрмийг нь мэдсэн байхад эдгээр үгийг ямар ч монгол хүн төвөггүй "Хальмаг үнэн", "цаасан", "күүкэн", "нэгдэгч бөлөг" гээд уншчихна)
Буриад – энхэ, сара
Монгол (халх) – энх, сар.
Монгол бичгээр enkh-e, sar-a гэж бичих тул Монгол улсад сүүлийн эгшгийг аваад хаясан нь ойлгомжтой. Авсан шалтгаан нь “бичихгүй ч монголчууд ойлгоно” гэж сэтгэснээс гадна орчин цагийн халх дуудлагад аль болох дөхүүлэхийг хүссэн болов уу.
Эгшиг гээгдэх ёсон: хавар – хаврын
Энэ нь англи зэрэг хэлэнд байхгүй, хэлний ховор үзэгдэл юм. Монгол бичгээр бичихэд эгшиг гээхгүй, уншихдаа харин монголчууд гээж дуудаад уншчихдаг. Үүнийг нарийн дүрэм гаргаж зохицуулна гэдэг ярвигтай. Өнөөгийн монгол улсын дүрэм нь гадаад хүн байтугай монголчууд өөрсдөө ч сурахад хэцүү.
Ингээд дүгнэхэд, аль нэг ястны аялгад (халх, буриад, халимаг, өвөр монголын аялга) тохируулъя гэвэл бусдыг нь хохироож, сөнөөхөд хүргэнэ. Энэ үүднээс авч үзвэл, монгол бичиг нь нэгдмэл бичиг байсан учир бүгд нэг янзаар бичээд өөр өөрийн аялгаар уншиж байлаа. Угаасаа монгол хэлний хувьд хэт нарийн дүрэм боловсруулах нь буруу болов уу. Дүрэм аль болох бүдүүн баараг талдаа байвал зүгээр (規則はある程度ずぼらなのが良い). Учир нь хэт нарийн дүрэм гэдэг зөвхөн нэг аялгын тухайн цаг үеийн дуудлагыг л гаргана.
Гэхдээ Монгол улс, буриад гээд бүгдээрээ монгол бичигт шилжинэ гэдэг хэцүү. Оросуудын дунд амьдрах халимаг, буриад байтугай Монгол улс шилжинэ гээд шилжиж чадахгүй байгаар ардчиллаас хойшхи 20 жилийн түүх харууллаа. Уугуул монгол бичгээ хадгалсаар ирсэн өвөр монголчуудыг кирилд шилжүүлнэ гэдэг ч бүтэхгүй. Тиймээс бүх монгол ястнууд хэрэглэж болох энгийн, ойлгомжтой, хэт нарийн бус дүрэмтэй латин үсгийг монголчууд өөрсдөө боловсруулбал сайн даа гэж миний бие бодном.
Багшийн ярианы энд тэндээс:
20-р зууны монголын 30-аад оны түүх хамгийн сонирхолтой. Монголын хувь заяа яаж ч эргэж мэдэх нь харагдаж хүйтэн хөлс асгарах ч үе байна, Өвөр монгол, Ар монгол хоёр нэгдэх олон боломж байсан нь харагдаж харамсал ч төрнө. Ихийг бодуулах тул монголын хувь заяа сайн, муу хаашаа ч холбирч магад байсан энэ үеийг сонирхоорой гэж хүмүүст зөвлөе.
Япон хүмүүст японы нутгийн янз бүрийн аялгын тухай хэлээд хэрэггүй байх, гэхдээ настай хүний хувьд нэгэн хууч хөөрөхөд, 1960-аад онд Америктэй байгуулах аюулгүйн баталгааны гэрээг эсэргүүцэж оюутнууд их хэмжээний жагсаал, цуглаан хийж байлаа. Америкаас өндөр албан тушаалтан ирэхэд Нарита онгоцны буудлыг тэр чигээр нь бүслээд машин хөдлөх ч аргагүй болгож байв. Тэр үед Токио хотын цагдаа хүч хүрэхгүй орон нутгаас цагдаа татсан байв. Гэтэл Наритад татагдсан Аомори муж, Сацүмагийн (одоогийн Кюүшүү арал) цагдаа нар хоорондоо ойлголцохгүй хөгийн явдал болсон юм. Үндэсний телевиз бүрэн нэвтрээгүй цаг үе тул өнөөгийн төв аялгыг (Токио буюу Эдо аялга) алсын мужийн цагдаа нар мэдэхгүй аль аль нутгийн аялгаараа яриад, бие биенээ ойлгохгүй жагсагчдыг яаж ч чадаагүй юм. Энэ хэргээс хойш иймэрхүү арга хэмжээнд нэг нутгийн цэрэг, цагдаагийнхныг татдаг болов. Зурагтаар алс мужийн хүн ярихад доогуур нь төв япон аялгаар subtitle гаргах нь сүүлийн үед багасаж, зөвхөн настай хүмүүс ярихад л гаргадаг болжээ. Телевизийн ачаар гэх үү, хар гайгаар гэх үү, залуус бүгд төв аялгыг ойлгодог болоод нутгийн аялга бага багаар алга болж буй.
Орчин цагт хэл хамгийн хурдан мөхөж буй улсуудын тоонд Папуа Шинэ Гвиней орно. Эрдэмтэд янз бүрийн тоо хэлдэг ч тэндэхийн олон арал, ой ширэнгэнд 1000 орчим хэлээр хүмүүс хоорондоо ярьдаг. Ямар ямар хэл байгааг, хүмүүс хоорондоо яг ямраар нь яриад байгааг мэдэхэд бэрх ч нэг амар арга байдаг. Тэр нь библи худалдаж авах. Дэлхийн хамгийн олон хэлнээ орчуулагдсан ном буюу библийн орчуулга байвал хэлний учир ч яаж ийгээд олдно гэдэг.
Би анх 1965 онд Монголд очсон. Тэр үеийн Улаанбаатар өндөр барилгагүй, асфальтан замгүй ч элдэв хог хийсээгүй, цэвэрхэн хот байлаа. Улсын нийслэлээ гоё байлгая гэх ухамсар ч тэр үеийн хүмүүст илүү байсан.