Хаврын баярт очив, бууз хуушуур идэв, дуу бүжиг сонсов, хамгийн гол нь найзуудтайгаа амаа ар дээрээ гартал чалчив. Мөн цэцэрлэгийн хажуу дахь номын санд зохион байгуулсан “Монгол коллеж” семинарт сууж мундаг мундаг хүмүүсийн илтгэл сонсов. Урьсан хүмүүс, ярьсан сэдэв нь сонирхолтойгоос гадна өнөөгийн нэн тулгамдсан асуудлыг хөндсөн тул зохион байгуулагч нарт гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Семинарт ирэгсдийн 80% нь монголыг сонирхдог япон хүмүүс байсан нь жаахан харамсалтай. Учир нь япончууд гэхээс бидэнд илүү хэрэгтэй зүйл хүмүүс ярьж байлаа. Юутай ч толгойд тогтоосноо хүмүүстэй хуваалцъя гэж бодлоо:
1.Улаанбаатар хотын усны дэд бүтцийн тухай
Тоохокү Соёлын Их Сургуулийн багш Ешикава Минорү
Улаанбаатар хотын ус цэвэрлэх Төв байгууламж нь Оросын тусламжаар 1964 онд баригдсан. Тухайн үед хотын хүн амыг 300 мянгад хүрнэ гэж тооцоолж барьсан. Шинэ үйлдвэр баригдаж, хотын хүн ам өсөхийн хирээр хүчин чадлыг нь нэмэгдүүлж өргөтгөл хийж байв. Өдөрт 230,000 куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай ч эдүгээ өдөрт 170,000 куб метр ус л цэвэрлэж байна. Ерөнхийдөө тус байгууламж нэлээд хуучирсан. Мөн 150 км-ийн ус татуургын шугам сүлжээ ч цөм муудаж хуучирсан.
Энэ байгууламжид усыг механик, биологийн аргаар цэвэрлэдэг. Анхаарах зүйл: Биологийн аргаар (бичил биет хийж цэвэрлэх арга) цэвэрлэхэд бохир усыг усан санд дор хаяж 30-40 цаг байлгах хэрэгтэй. Даанч багтаамж муу тул наймхан (!) цагийн дараа дутуу цэвэрлэсэн бохир усыг буцаагаад Туул гол руу урсгаж байна.
Зөвхөн орон сууц биш аж үйлдвэрийн гаралтай усыг ч энд цэвэрлэнэ. Тэр нь нийт усны 40 хувийг эзэлнэ, хог ихтэй, химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан байдаг. Ялангуяа хром зэрэг хүнд металл агуулсан бохир ус асуудал үүсгэнэ. Энэ байдлыг шийдэх хоёр л арга байна: 1) ус цэвэрлэх шинэ байгууламж барих, 2) арьс ширний үйдвэр зэргийг хотоос гаргах (энэ тухай яригддаг ч тодорхой авсан арга хэмжээ алга).
Өрхийн усны хэрэглээ:
Орон сууц: өдөрт 200-300 литр
Гэр хороолол: өдөрт 7-20 литр
Усны үнэ:
Орон сууц (халуун, хүйтэн ус): 1 лит 0.42-0.56 төг = 0.02-0.03 иен
Гэр хороолол: 1 литр 2 төг = 0.1 иен
Токио хотын ам бүл 3 дундаж өрх: 1 литр 0.16 иен
Гэр хорооллын усыг худгийн ус гэж их андуурдаг. Үнэндээ хотын усан хангамжаас авч буй тул орон сууцны айлтай адил. Харин үнийн хувьд Токио хотын усны өртөгтэй адил байгааг юу гэж ойлгох вэ? Нийт системийн гажуудал гэхээс өөр аргагүй. Ялангуяа гэр хорооллын хүмүүсийн дундаж амьжиргааг бодоод үзэхэд. Мөн гэр хорооллын жорлон, муу усны нүх нь бохирдлын эх үүсвэр болж байна. Нэг зун байгаад нүүчихвэл асуудалгүй. Харин олон арван жил нэг газраа хамаг бохироо асгаж байгаа нь хөрс, хөрсний ус цаашлаад агаар бохирдоход хүргэж буй.
Гол асуудал:
Монголын засгийн газар, яам тамгын газрынхан янз бүрийн төлөвлөгөө хийж байна, боловсруулж байна, ингэх тэгэх санаатай байна гэж ярих нь сайхан ч хэрэгжилт доголдолтой. Мөн монголд “сонгууль” гэгч айхтар юмыг байнга бодож тооцоолохгүй бол болохгүй. Усны дэд бүтцийг сайжруулна, шинээр ус цэвэрлэх байгууламж барина гэдэг олон жилийн асуудал. Японд хүртэл аль нэг дүүргийн усны дэд бүтцийг шинэчилье гэвэл 1 жил судалгаа, 1 жил зураг төсөл гаргах, 3 жил барих зэрэг дор хаяж 5 жил хэрэгтэй. Харин монголын хувьд өвөл барилгын ажил хийх боломжгүй тул 8-10 жил хэрэгтэй гэнгүүт ихэс дээдэс, албан тушаалтнуудын сонирхол буурчихдаг. Нэлээд олон хүнээс “2016 оны сонгуулийн үеэр наад ус цэвэрлэх байгууламжийн чинь ядаж нэг хана босчихсон байх уу? Тийм бол зөвшөөрөхөд бэлэн” гэх үг сонсч байлаа. Бүгд хэрэгтэй, нэн даруй хэрэгтэй, ус хөрс бохирдож байна гэж санал нийлэх боловч 2016 онд дөнгөж зураг төсөл нь бэлэн болно гэхээр дуугаа хураачихдаг. Монголын төрд нийслэлийнхээ усны дэд бүтцийг улс төрийн өрсөлдөөн, нам сонгуулийн үзүүлэн тоглолтоос ангид авч үзэж шийдвэрлэх чадвар алга. Сонгуулийн төлөөх шоуг л бодох тул монголын төр засгийнхан “хурдыг” үлэмж үнэлж (スピード感を求める), гялс хийчих юм хүсэмжилнэ. Даанч гялс хийж болохгүй юм байдгийг, чухал байх тусмаа гялс манс хийж болдоггүйг, хийхээ хойшлуулж байх хооронд газар ус нь бохирдож буйг тоож бодолцох нь цөөхөн.
(бусад илтгэлийн тухай дараагийн бичлэгт)