2014/02/26

Эвээр эсвэл дөрөөр





Монголд нэг дүү маань цалингаа ихээхэн хэмжээгээр хасуулсан сурагтай. Хасуулсан шалтгаан нь “ажилдаа олон удаа хоцорч ирсэн” явдал. Үнэхээр нойроо дийлээгүй, цагтаа сэрээгүй ухамсар муутай ажилчид буюу өөрийн буруугаас хоцордог хүмүүс байдаг л даа. Гэхдээ манай дүү тэдний тоонд орохгүй ээ... хэхэ... “Энэ муу одоо дүүгээ өмөөрөөд” гэж бодож байна уу? Дүүгийн хувьд сарын турш бараг өглөө болгон ажилдаа хоцрох шалтгаан байсиймаа... урьд өмнө хожигдож байгаагүй хүн гэнэт яагаад баахан хожигдов, одоо яагаад цагтаа ирээд байна гэдгийг эргэн тойрны хүмүүсийн зарим нь ойлгоод, зарим нь дүрмээр далайлгаад ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой... тэр ч яахав. Зүгээр үүнээс үүдэн “цаг барих” цаашлаад "цаг бариулах" гэдэг асуудлын тухай жаахан эргэцүүлсэн юм.

Япончууд цаг барьдаг тухай манайхан их ярьдаг, давхар “монголчууд бүтэхгүй ээ, байнга удна, байнга хоцорно” гэж ч их шүүмжилдэг. Сүүлийн үед арваад жилийн өмнөхтэй харьцуулахад байдал нэлээд сайжирсан ч японыг хараахан яаж гүйцэхэв. Үүнийг гэхдээ би шүүмжлэхгүй ээ. Харин ч аравхан жилийн дотор асар хурдан цаг барьдаг болоод байна гэж боддог. Угаасаа монголд цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээвэр юу билээ, замын түгжрэл ямар билээ гэж бодохоор цаг барихгүй гэхээс барих нь гайхамшиг. Жишээ нь японд богоон зогсоод (цас орсон, осол гарсан) ажилдаа хоцорвол буудлын ажилчнаас “богоон тэдэн минут хоцорсон” гэсэн бичиг авч даргадаа өгөөд л болоо. Хувь хүний хариуцлагатай үл холбоотой шалтгаанаар хоцрохыг асуудал болгохгүй. Томхон компниуд flex time нэвтрүүлсэн учир бүр ч амар. Өглөө 10:30-аас үдээс хойш 15:30 хүртэл заавал ажил дээрээ гозойж байна, харин 10:30-аас өмнө, 15:30-аас хойш ажилдаа хэд гэж ирээд хэд гэж явах нь хэнд ч падгүй, ажилчин өөрөө зохицуулах учраас “flex”. Жишээ нь монголоос хамаатан садан ирсэн үед долоо хоног ажилдаа 10 гэж ирээд 16 гэхэд гараад явж болно. Тэгээд орой ирж, эрт харьсан цагаа өөр долоо хоногт илүү цагаа ажиллаж нөхнө (сарын дүнгээр өдрийн 8 цаг ажиллахыг давуулж болох ч дутааж болохгүй учир). Гэнэтийн ямар нэг юм гарахад хувь болон хувьсгалын ажлаа зохицуулахад нэлээд тустай систем юм. Ганц гэм нь зарим жижиг, дунд хэмжээний, зах зээлийн өрсөлдөөнд үзэж тарч байгаа компаниуд энэ системийг нэвтрүүлээгүй... за тэр ч яахав, далийчихлаа.

Бодоод байхад соц үеийн субботник ч бай, одоогийн компаний ажил ч бай... монголд хүнээр юм хийлгэхдээ сануулах, албадах, шахах, тулгах, болохгүй бол загнах, цалин хасна шүү гэж айлгах, тушаал дэвшүүлэхгүй шүү гэж сүрдүүлэх, эцсийн эцэстээ жинхэнээсээ цалин хасч тушаал буулгах... зэрэг ямар нэгэн байдлаар “хүч хэрэглэх” хандлага давамгайлдаг мэт. Жишээ нь, соц үед ямар ч албан байгууллага долоо хоногт нэг удаа улс төрийн яриа хийдэг байсныг өнөөгийн хүүхдүүд мэддэг болов уу? Улс төрийн ярианы ирц хатуу бүртгэлтэй, тасалж хоцорвол шууд цалингаас хасдаг, элдэв янзаар торгодог байв. Ээж нэг удаа хөдөөнөөс хүнд өвчтэй хүн ирэхэд яах ч аргагүй улс төрийн яриагаа таслаад сарын ч билүү жилийн ч билүү шагналаа хасуулж гомдолтой үлдсэнийгээ ярьж билээ. Гомдолтой гэдэг нь тэр болтол үнэн хичээж ажиллаж байсан учраас тэр юм. Одоо олон долоон motivation гэгчийг их ярьдаг ч үнэндээ ийм л юмнаас болж буурдаг. Сорри, далийчихлаа. Юуг хэлэх гэсэн бэ гэвэл, соц үеийн улс төрийн ярианы торгууль нь одоогийн ихэнх компаний “тэдэн минут хоцроход тэдэн төгрөг торгоно” гэх дүрмээс чанарын ямар ч ялгаагүй. Манайхан соц үеийг “коммунист” гэж их муулдаг ч иймэрхүү олон жишээнээс харахад соц тогтолцооны сайныг нь хаяад, саарыг нь авсан мэт санагддаг. Ингэхэд япончууд яадаг бол? Олон үг нуршилгүй шууд жишээ татъя:

Япончууд үргэлж цаг барьдаг байгаагүй. Мэйжигийн эргэлтээр (1868—1889) Эдо үе дуусч, япон асар хурдтай улсаа шинэчилж, улс даяар шинэ сургууль, компани, үйлдвэр байгуулагдаж эхлэхэд тэр үеийн захирал, удирдагчид өнөөгийн монголын пүүс компаний захирал, дарга нартай яг адил асуудалтай тулгарсан нь саяхныг хүртэл тариачид байсан хүмүүс ерөөс ажил албандаа цагтаа ирдэггүй явдал байж. Яаж энэ хүмүүсийг цагт нь ирүүлж байгууллага, үйлдвэрээ тогтвортой ажиллуулах уу гэсэн асуудлыг шийдэхийн тулд зарим удирдагчид загнаж зандарч, зарим нь учирлаж аргадаж байсан байх. Нарийн судлаагүй тул өнөөгийн монголын зарим компани шиг цалин хасч байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан дор бүрнээ янз янзаар л үзсэн байх гэж таамаглана. Гэвч улс даяараа ийм байж болохгүй тул эцсийн эцэст асуудлыг шийдсэн арга нь миний нэрлэдэг “жинхэнэ япон сэтгэлгээний” илрэл юм. Манайхан шиг хүчлээгүй нь мэдээжийн хэрэг. Зүгээр “яавал энэ хүмүүс цагтаа ирэх үү?” гэдгийг янз янзаар бодож хэлэлцсэний эцэст бүх сургууль, албан байгууллага, үйлдвэрт яг 8 цагт төрийн сүлд дуулал (угтаа бол эзэн хаанд урт наслахыг ерөөсөн дуу) эгшиглүүлж бүгдээрээ дагаж дуулах дүрэм гаргасан байгаам. Үйлдвэр зогсох, хичээлээс хоцрох зэргийг “надад падгүй” гээд юман чинээнд тоодоггүй бол энэ хүмүүст юу “падтай” вэ гэдгийг бодоод “эзэн хаанаа шүтдэг тул эзэн хааны сүлд дуунаас хоцрох ёсгүй, алдас болно гээд цагтаа ирж таараа” гэж таамагласан нь “тааж мэддэг таван хаан” аятай таарсныг хэлэх илүүц биз. Мэдээж ганц хоёрхон жилийн дотор байдал гэнэт өөрчлөгдөөгүй ч цаг барих эхлэл ийнхүү тавигдсан гэдэг.

Ямарваа асуудлыг шийдэхдээ сайнаар хэлбэл “эвээр”, муугаар хэлбэл “муу хүнийг аргаар мухар үхрийг дөрөөр” хандах энэ хандлагын бас нэгэн жишээ татъя. Монголд болсон явдал тул өмнөх жишээг бодвол дөхөм болов уу. Улаанбаатарт сургууль барьж байсан японы барилгын компаний (монгол жаахан юм чинь ямар компаний тухай ярьж байгааг хүмүүс мэдэх байх, гэхдээ тэр яахав) монгол дахь салбарын дарга “айхтар” проблемтэй учирсан нь барилгачдын ихэнх нь цалин буусны маргааш ажилдаа ирдэггүй байж. Ирсэн хэд нь урд өдрийн шоуны үнэр ханхлуулаад юун ажиллахтайгаа манатай. Япончууд бодвол учирлах, гуйх, сануулах... зэрэг эхэндээ янз янзаар үзсэн байх. Гэвч тусыг эс олсон тул монголын нөхцөлд тааруулан маш хурдан нэгэн шийдвэр гаргасан нь цалингийн дараа өдрийг амралтын өдөр болгож, оронд нь сард нэг удаа хагас бүтэн сайнд ажиллахаар тохирсон байгаам. Иймээс энэ түүх аль аль талдаа хаппи эндээр өндөрлөжээ.

Юуг хэлэх гээд байна вэ гэвэл, манайхан угаасаа юманд наанатай цаанатай ханддаг сайн талтай, одоо түүнийгээ жаахан лавшруулаад “яавал хүнийг хөдөлгөж хүссэн үр дүнд” хүрэх вэ гэдэг талаас нь боддог болчихвол... Дуулахнээ, дээр үеийн намын ажилтнууд л ийм юманд “сайн” байсан юм шиг байгаам, учир нь ажлын гол нь дандаа хүнтэй харьцах... өөрийн биеэр үзсэн биш гэхдээ хэлж мэдэхгүй юм. Тийм ажил хийж байсан хүмүүсийн тэмдэглэл байдаг болов уу. Японы бас нэг сайн тал нь бараг юм болгоны тухай, ямар ч ажлын тухай хэн нэгний бичсэн, тэмдэглэсэн, хадгалсан тэмдэглэл, дэвтэр, эргэцүүлэл, ном, материал байдаг явдал, гэхдээ энэ тухай яриа тусдаа :)

2014/02/15

Уран зохиолын туухай цуурав




Бусдаас яаж дутахав, би бас цуурмаар байна... кк
Энэ долоо хоног ингэхэд юу болоод өнгөрчихвөө?

Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн боловсролын програмаас БҮРМӨСӨН хасна гэж монголын үндэсний ТВ мэдээлээд, тэр даруй хүмүүс “яааж байгаам энчдооо” гэж “цуураад”, Ерөнхий сайд “цуурсан хүмүүстэй хариуцлага тооцно” гэж ноцтой анхааруулаад, тэгэнгүүт “цуурхал цацсан” үндэсний ТВ-тэй хариуцлага тооцох уу, “цуурхлын эх үүсвэр” боловсролын яамыг хариуцлагад татах уу, аль эсвэл ам амандаа "эсэргүүцэж цуурсан” ард иргэдийг буруутгах уу? гээд зүйл бүрийн бодол, таамаг дэвшүүлэн дахин нэг сайн “цуурч” байтал “алдаа байлаа” хэмээн яамныхан зарлаад, хариуцлага тооцох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх болоод, нэг мэдэхнээ хагас бүтэн сайнтайгаа золгоод амар сайхандаа жаргав аа. Нээрээ юун тэр холливүүд, болливүүд... Монголд чинь яам тамгын газрууд, Ерөнхий сайд, ард иргэд бүгд нийлээд сүпэр детектив үзүүлнэ шүү дээ. Үүнийг эсэргүүцэж шүүмжлэх хүсэл ага, багаасаа би Шерлок Холмсын адал явдалд дуртай байсан, детективын баатрууд дүрдээ хэт итгээд боевикдэхгүй л бол болж байна, болж байна (боевикд би дургүй).

Энэ бүхний хажуугаар асуудлын гол юу байсныг ойлгоогүй өнгөрөв. Шерлок Холмсод дуртай баагийнууд чинь өөрсдөө сайн Шерлокдож даанч чаддаггүй юм л даа. Уран зохиолын хичээлийн цагийг нэмэхээр болсон уу, хасахаар болсон уу, монгол хэлний хичээлтэй нийлүүлэхээр болсон уу, салгахаар болсон уу, угаасаа асуудлын гол нь уран зохиолын хичээлийн хэрэгтэй, хэрэггүйг тогтооход байсан уу, аль эсвэл заах арга барилыг сайжруулахад байсан уу... бүү мэд. Ямар ч байсан 1998 оноос уран зохиол, монгол хэлний хичээлийн цагийг багасгасан нь үнэн бололтой, одоо харин яах гээд байгаа юм бол доо...

Ингэхэд энэ бүх “цуурхлын” цаана “уран зохиол хэрэгтэй эсэх”-ийн тухай тун сонин маргаан өрнөжээ. Ихэнх нь аялгуу сайхан монгол хэлээ бид уран зохиолоос өөр юугаар дамжуулж сурах юм, хүүхдийг хүн шиг хүн болгож хүмүүжүүлдэг энэ агуу сайхан ертөнцийг хасч яахин болно гэж эсэргүүцнэ. Үүний өөдөөс уран зохиол сурахыг “шүлэг цээжлэх” гэж томъёолон үүн шиг хэрэггүй юм байхгүй гэж зарим нь маргана. Үнэхээр уран зохиолын хичээл дээр шүлэг цээжлэхээс цаашлаагүй бол нээрээ ч хэрэггүй л хичээл байх. Бас сургуульд сурснаараа уран зохиолд дуртай болохгүй, хувь хүүхдийн онцлог, гэр бүлийн орчин илүү нөлөөлнө, тиймээс зүйтэй асуудал дэвшүүлсэн байна гэх хүмүүс ч ганц нэг буй бололтой. Хараад байхад ихэнх хүмүүсийн бодол нь “би дунд сургуульд уран зохиолын хичээлээс юу сурав”, “би сургуульд сурснаараа уран зохиолд дуртай болсон уу үгүй юу” гэдэг хувь хүний туршлага дээр суурилж буй ажээ. Тэр нь ч аргагүй. Гэхдээ учир дутагдалтай. Нөгөө талаас юмыг “хэрэгтэй, хэрэггүй” гэж дүгнэх нь угтаа юуг “хэрэгтэй” гэж үнэлэх вэ, юуг чухалчлах вэ, үнэ цэнийг хаанаас хайх вэ гэдэг асуудал руу яваад орчихно. Харин үнэ цэнийн үнэлэмжийн хувьд өнөөгийн монгол дундад зууны улсууд ч атаархмаар тархай бутархай байна даа. Тиймээс зөвхөн өөрийн бодлоо өгүүлсүү:

Урлагийн янз бүрийн төрөл дундаас зөвхөн уран зохиол л бүх хүнийг "бүтээлч" болгодог. Учир нь уран зохиолыг зохиолч бичдэг боловч хоёр хүн хамтран бүтээдэг – нэг нь зохиолч нөгөө нь уншигч. Худлаа гэвэл үүнийг уншаад үзээрэй:

   Бороо орж байна.

Уншсан даруйд та бороо орж буйг ургуулан дүрсэлнэ. Таныг дүрслэх бороо минийхээс тэс өөр. Ширүүн бороо, зөөлөн бороо, аадар бороо, нартай бороо... талд, говьд, цөлд, хотод орох бороо... хаврын бороо, намрын бороо... та бороо орохыг цонхны цаанаас эсвэл гэрийн үүдээр харж зогсоно... гэх мэт наян хүн наян янзын бороо төсөөлнө. Ийм учраас уншигч бүр хамтран бүтээгч байдаг. Зарим зохиолчийн ертөнцийг “хамт бүтээлцэхэд” үнэн гоё, заримынх нь үгүй. Мянган хүн магтсан ч гэлээ надад Кафка, Абэ Кообоо, Мишима нарын ертөнц сонирхолгүй. “Өдий том болчхоод ийм юм уншисаар л байна уу” гэж эгч намайг шоолсон ч Даррэлын гэр бүлийнхний Корфу арал дахь адал явдал гого. Дунд сургуульд “шимтэн уншсан=ургуулан төсөөлөхөд сайхан байсан” зарим номыг одоо нэг хуудас эргүүлээд л эвшээнэ, заримыг нь харин шинээр нээж шимтэн уншина. Ийм болоод л уран зохиолын тухай маргаан тасаршгүй бас нэг бодлын утгагүй. Дүгнэхэд, дурын хүнийг "бүтээлч хүн" болгодог гэдгээр уран зохиолыг үнэлээд баршгүй. Гэхдээ уран зохиолын ач холбогдол үүгээр тогтохгүй ээ. 

Энэ өгүүлбэрийг уншина уу?
“Халх голын дайнд ЗХУ, Монгол улсын талаас ойролцоогоор 9 мянган цэрэг амь үрэгдсэн”
Одоо үүнийг уншина уу?
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм

“Эх орны дайнд оросын ард түмэн 20 сая хүнээ алдсан” гэх баримтыг түүхийн ном, викигээс унших нэг хэрэг, “Хүний хувь заяа” тууж унших ондоо хэрэг. Монголд аймшигт хэлмэгдүүлэлтээр олон мянган лам, сэхээтнүүдээ хоморголон устгасан тухай толгойгоороо “мэдэх” нэг хэрэг, “Хувьсгал танаа өчье” романыг уншиж “мэдрэх” өөр хэрэг. Гренландын уугуул иргэд хэлээ мартаж, уламжлалт соёлоо алдаж буй тухай сониноос унших нэг хэрэг, “Смиллагийн цасны мэдрэмж” номоос үндэс угсаагаараа өрнийн нийгэм, глобализацид уусан алга болохын айдас, түгшүүр, цөхрөлийг мэдрэх өөр хэрэг.

Уран зохиол хүнийг хүн шиг болгож төлөвшүүлэхээс гадна нийгмийг ч гэсэн “хүний нийгэм” болгож төлөвшүүлэхэд нөлөөлнө. Гюгогийн “Эцсийн өдөр” роман хэвлэгдэхэд европ хүмүүс нийтээрээ цочирдсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эс бөгөөс цаазаар авах ялын тухай маргаан өрнөх байсан гэж үү? Үгүй тэгээд 1829 он хүртэл хүн хүнээ цаазаар авч буй тухай хүмүүс мэддэггүй байсан юмуу? Мэдээж мэддэг байсан, гэхдээ тэр нь “Африкт арслан байдаг” гэсэнтэй адил “мэдлэг” төдий л байсан юм.

Үүнээс цааш залхаахаа болих уу даа... эцэст нь хэлэхэд уран зохиолд тухайн ард түмний түүх, соёл шингэхээс гадна хамгийн гол нь сэтгэлгээ илэрнэ. Гэхдээ энэ тухай яриад эхэлбэл нэг биш нэжгээд бичлэг хийх болно...