2010/02/24

Аймаар...

 To a Child dancing in the Wind
 W. B. Yeats (1865-1939)


   Dance there upon the shore;
   What need have you to care
   For wind or water’s roar?
   And tumble out your hair
   That the salt drops have wet;
   Being young you have not known
   The fool’s triumph, nor yet
   Love lost as soon as won,
   Nor the best labourer dead
   And all the sheaves to bind.
   What need have you to dread
   The monstrous crying of wind?

 Энэ сүүлийн мөр нэг л аймаар...

2010/02/18

Салхины нүд

Өнөө үед англи хэл сурч буй хэн нэгнээс "Яагаад англи хэл сурч байна?" гэж асуух хүн үгүй. Харин япон хэлний хувьд хэрэг өөр. Юун төлөө япон хэл сурсан, японы уран зохиол, урлагийг яагаад сонирхох болсныг асууж сонирхох хүн олон. Би ч ялгаагүй монгол, солонгос, hebrew зэрэг дэлхийн нийтийн хэрэгцээ биш minor хэл сурч буй танилуудаасаа юун тухайд өөрөөлд мөнгө төлж, өөрийгөө зовоон байж сурч байгааг нь асууж шалгаана.

Хариултын хувьд тухайн улсын түүх соёл нь сонирхол татсан, аялж явахад аягүй таалагдсан, ахин дахин очмоор санагдсан гэж хариулах хүн олон. Мөн хэдий цөөн ч гэлээ "響きが好き", "just liked the sound" гэж хариулах хүн ч мэр сэр тааралдана. Ийнхүү хариулах хүмүүс "энэ хэлний ийм үгэнд дуртай", "тэр хэлний тийм үгэнд дуртай" гэж ярих нь элбэг. Араб хэл мэдэхгүй ч арабаар нарыг "shamsun" гэдэг гэсэн, гоё үг байгаа биз, итали хэлний энэ үг ийм гоё дуудлагатай, хиндү хэлний тэр үг тийм гоё дуудлагатай, нээрээ Сү-рэн гэдэг гоё нэр байна шүү гэх зэргийн яриатай. Ашиг хэрэгцээг тооцоох тархи толгойн дүгнэлт бус "сонсгол" нь ямарваа нэгэн хэлийг сурах эхлэл болдог сонин хүмүүс гэх үү дээ. Гэхдээ сайн бодсон чинь би ч мөн тэдгээр хүмүүсийн нэг бололтой... даанч сонирхлоо дагаад давраад давхиад явчих хөрөнгө мөнгө, зав чөлөө алга юм даа.

Anyway, өнөөдөр уул нь ондоо юмны тухай бичих гэж байтал бодол маань борооны чимээнээр далийчих шиг болов. Хүмүүс сурч буй хэлнийхээ ямар үгэнд дуртай, эсвэл "гоё" гэж боддог вэ? Надад орос хэлний "Ярославна" гэдэг үг яагаад ч юм таалагддаг. Уянгалаг атлаа хүчтэй, нэг л гоё, яруу, жинхэнэ слав үг шиг санагддаг. Англи хэл гэвэл хамгийн гоё нь хүн болгоны мэдэх эгэл жирийн "window". Энэ үгний дуудлага биш утганд нь дуртай. "Wind" ба "eye" гэсэн хоёр үгнээс бүрдэх тул угтаа бол "салхины нүд" ажээ.

Wind eye-ийн гарал үүсэл гэвэл, эртний скандинавуудаас эхтэй гэдэг. Дээр үед скандинавууд, нэн ялангуяа шүлэгч найрагч скальдууд юмыг шууд нэрлэхээс зайлсхийж, жишээ нь усан онгоцыг "далайн буга" гэж нэрлэж байж. Нэг бодлын манайхан чоныг "хээрийн нохой", "саарал нохой" гэж шууд хэлэхээс цээрлэж байсантай төстэй. Anyway, зүгээр нэг "цонх" биш "тэнгис далайг туулан ирсэн салхи саатан тогтож танай гэрийг шагайж харах нүд" гэвэл угааж арчихад хүртэл урамтай биш үү :)

2010/02/17

Маргааш, маргааш...

  Tomorrow, and tomorrow, and tomorrow,
  Creeps in this petty pace from day to day,
  To the last syllable of recorded time;
  And all our yesterdays have lighted fools
  The way to dusty death. Out, out, brief candle!
  Life’s but a walking shadow; a poor player,
  That struts and frets his hour upon the stage,
  And then is heard no more: it is a tale
  Told by an idiot, full of sound and fury,
  Signifying nothing.

Оютан байваа... ангийнхаа хүүхдүүдтэй арван жил, сурагч ахуй нас гэж ай мөн ихийг дурсана. Их амьдрал, ирээдүйн тухай ч олныг ярьж мөрөөднө. Бүх юм бүдэг бадаг атлаа бүгдээрээ мундаг мундаг ажил хийж муугүй амьдрах нь ойлгомжтой мэт санагдах тул өдөөсхөн чинээ өчүүхэн биенээс илүү үлэмж чухал юм ярьна. Холын гэрэлт ирээдүйг хором хормоор ойртуулах тухай бодно. Эх орны хөгжил, ирэх цагийн онцлог, өнгөрсөн түүхийн үнэлэмж, өнөд мөнх нь юу вэ, хайр дурлал хаана вэ, хамгаас чухал нь юу вэ... Чухам Монгол орныг өргөөд хөгжүүлээд хөөргөөд явчих нь бид гэдгийг сонссон хүн бүхэн оройдоо ортол ойлгосон буй заа.

Ажил хийвээ... анд найзуудтайгаа оюутан ахуй цагаа арзайтлаа инээж дурсана. Аж амьдралаа дээшлүүлж, ахуй хороогоо сайжруулах тухай амаа олохгүй ярьна. Холооо холд байсан ирээдүй дөхөөд ирсэн ч юм шиг үгүй ч юм шиг, ойртож нэг харагдаад холдож нэг сүүмэлзээд. Гадаадад байгаа зарим нь монголоо үгүйлээд л , монголдоо байгаа нэг нь гадаадыг хүсэмжлээд л ...

Ирээдүй гэж ирдэггүй нэгэн гайхал. Эргэн тойронд үргэлжийн мөнхөд "одоо" л байгаад байна. Гэвч үйлтэй юм шиг үргэлж би хүлээцийн байдалд. Ирээдүйд ирэх сайхан бүхнийг хүсч мөрөөдөж явахдаа амьдралын утга учир энэ өдрийн үйл явдал, хором бүрийн айзам хэмнэлд нуугдаж буйг үл анзаарна. Энэ өдрийн инээд баясал, хэрүүл уруул, хүсэл хясал бүгд нийлээд "ирээдүйн" бүхнийг шийдэхийг умартчихна. "Одоо" хамгаас чухлыг мартдаг мангар зангаасаа болж манан мэт барьцгүй хүсэл мөрөөдөлд умбаж маргаашийнхаа төлөө бодьтой юм бодож төлөвлөхгүй, тодорхой зүйл тогтож сурахгүйгээр хорвоогийн бор бор хоногуудыг болжмор шувуу мэт жиргэн өнгөрөөж байх шиг... гэж хааяа бодох боловч магад маргааш ч би манан буданд умбаж явна.

Ингэхэд Шекспирийн Макбет монгол хэлнээ орчуулагдсан болов уу?

 И завтра, снова завтра, снова завтра,
 Крадясь, переступает день за днем
 К слогам последним хроники времен;
 А наши все «вчера» глупцам осветят
 Путь к пыльной смерти. Выгорай, свеча!
 Жизнь — тень идущая, актер несчастный:
 То мечется, то шествует в свой час
 По сцене, и — не слышен. Это
 Рассказ безумца, полон гневных звуков,
 Не значит ничего.


P.S. 2011/03
Макбетийн монгол орчуулга олдоогүй учир маргаашийнхаа тухай гиюүрч суусан хаврын өдөр, энэ постыг бичсэнээс бараг жилийн дараа англиас нь орчуулж үзлээ. Гиюүрч сууна гэдэг нэг иймэрхүү үр өгөөжтэй ч айлын хүүхдүүд аль болох гиюүрэхгүй байсан нь дээр биз ээ. Маргааш яахав, ирдгээрээ ирнэ, бид энд байж л байна, тэгээд нэгэн өдөр байхгүй болно, дэлхий маань гэхдээ эргэсээр л байна.

 Маргааш, маргааш, бас дахин маргааш,
 Цагийн дансны сүүлчийн мөчийг чиглэн
 Өдрөөс өдөрт өчүүхэн хурдаар урагшилна,
 Бидний бүх өчигдрүүд тэнэгүүдэд
 Булш өөд хүрэх замыг нь гэрэлтүүлж өгнө. Лаа, унтар!
 Амьдрал бол ердөө л алхаж яваа сүүдэр,
 Тайзан дээр гарснаа санаа зовон холхиж
 Цагаа барах муухан жүжигчин.
 Тэгээд сураггүй алга болно: амьдрал бол
 Тэнэгээр яриулсан чимээ, уцаар ихтэй үлгэр,
 Утга учир гэх юм үгүй.