2017/02/21

Номын дэлгүүр...




Номын дэлгүүр орж гялс товлосон номоо аваад гаръя гэсэн хүн чинь нэг мэдсэн бүхэл бүтэн хоёр цагийг тэнд өнгөрөөчихсөн байх юм. Хоёр цаг бүү хэл хорин минут ч саатах санаа байгаагүй юм уг нь... Юу болоод өнгөрснийг Италийн нэрт зохиолч Итало Кальвиногийн “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” номын эхэн хэсгээс уншина уу? Энд тэнд отож байгаад, нуугдаж байгаад, гэнэдүүлж байгаад, секси харагдаж гэнэтийн сонирхол төрүүлж байгаад авахуулчих санаатай тоо тоймгүй олон номын атакийг хариулж хараахан сураагүй л байна...

Итало Кальвино: "Хэрэв өвлийн шөнөөр аянчин" романы эхэн хэсгээс
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

...Чи сониноос хэдэн жил шинэ ном бичээгүй Итало Кальвиногийн “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” роман хэвлэгдсэнийг мэдээд номын дэлгүүр орж худалдаж авав. Зөв хө.

Дэлгүүрийн цонхноо хэрэгтэй номынхоо хавтсыг шуудхан олж харав. Чи хараагаа даган дэлгүүрт орж Хэзээ Ч Уншиж Байгаагүй Номуудын нягт хаалтын хажуугаар өнгөрөв. Тэд чамайг айлган сүрдүүлье гэмээн тавиур, лангуунаас дүнсийн харцгаана. Гэхдээ чи тэдний сүрдүүлгэд автаж болохгүй. Учир нь номын өргөн чөлөөнөө Уншихгүй Байсан Ч Болох Ном, Уншихаас Бусад Зорилгоор Хэвлэгдсэн Ном, Бичигдэхээсээ Өмнө Уншигдсан Номын Бүлэгт Харъяалагддаг Учир Эхний Хуудсыг Эргүүлэхээсээ Өмнө Уншчихсан Номууд хэдэн бээр талбай эзэлдгийг чи хэдийнээ мэднэ. Ийнхүү хаалт хамгаалалтын гаднах бүсийг амжилттай давах боловч Олон Амьдралтай Бол Дуртайяа Унших Боловч Даанч Харамсалтай Нь Амьдралын Чинь Хоног Тоо Тоотой Номуудын явган цэрэг чам руу дайрна. Огцом маневр хийж тэднийг тойрч гараад чи,

Унших Бодолтой Ч Өөр Ном Түрүүлж Унших Ёстой Ном,
Худалдаж Авахаа Үнэ Нь Бууртал Хойшлуулж Болох Хэт Үнэтэй Ном,
Мөн Адил Шалтгаанаар Халаасны Хэвлэлт Гарахыг Хүлээж Болох Ном,
Хэн Нэгнээс Зээлж Болох Ном,
Хүн Болгон Уншсан Учир Өөрийгөө Ч Уншсанд Тооцож Болох Номын эгнээнүүдийн яг гол дунд ороод явчихна. Тэдний дайралтын хариулсаар,

Аль Эртнээс Уншихыг Төлөвлөж Байсан Номууд,
Олж Чадахгүй Хэдэн Жил Хайж Байсан Номууд,
Одоо Хийж Буй Ажилтай Холбоотой Номууд,
Хэрэг Болсон Үед Гар Доор Байвал Зүгээр Номууд,
Магадгүй Зун Хүртэл Уншихаа Хойшлуулж Болох Номууд,
Номынхоо Тавиур Дээр Бусад Номтой Зэрэгцүүлж Тавимаар Номууд,
Зөвтгөх Шалтгаангүй Боловч Гэнэтийн Хүчтэй Сонирхол Төрүүлэх Номууд бүгсэн хэрэм цайзын цамхгийн доор очно.

Одоо чи тэр олон байлдагчдын хүчийг цөөрүүлж чадлаа. Тэдний тоо хэдий их хэвээр ч гэлээ ямар чиг л байсан тоологдохоор болжээ. Гэвч Аль Дээр Уншсан Боловч Дахиж Унших Цаг Нь Ирсэн Номууд, Удаан Хугацаанд Уншсан Дүр Эсгэж Байсан Бөгөөд Үнэхээр Унших Цаг нь Болсон Номууд отож байгаад үе үе дайрч энэхүү түр намжсан байдлыг эвдэнэ.

Чи огцом зигзаг хийж тэр олон цохилт, дайралтаас бултах боловч Сэдэв Эсвэл Зохиолч Нь Сонирхол Татах Шинэ Номын цайз мөргөөд зогсчихно. Гэвч энэ цайзын хамгаалагчдыг Шинэ Бус (чиний хувьд эсвэл ерөнхийд нь) Зохиолчийн Эсвэл Сэдвийн Тухай Шинэ Ном, Огт Мэдэхгүй (ямар ч байсан чиний хувьд) Зохиолчийн Эсвэл Сэдвийн Тухай Шинэ Ном гэсэн хоёр бүлэгт хуваасны дараа шинэ хийгээд шинэ бусыг хүсэмжлэх хэрэгцээндээ үндэслэн (шинийг шинэ бусаас хайж, шинэ бусыг шинээс хайна) өөрт хэр хэрэгтэйг тодорхойлсноор эгнээнд нь нүх гаргаж болно.

Өөрөөр хэлбэл дэлгүүрийн лангуу, тавиур дээр байгаа номнуудыг хальт хараад чи шинээр хэвлэгдсэн “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” номоос нэгийг аваад эзэн нь болох бүрэн эрхээ тогтоохоор касс дээр очлоо...

4 comments:

cxmln said...

Сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе? Өөртэй чинь хэрхэн холбоо барих вэ? E-mail хаягаа үлдээж болох болов уу?

Сүрэн said...

Сайн сайн, сайн байна уу?
arslanzaan@yahoo.com гэсэн аймаар нэртэй мэйл хаягаар холбогдож болно :)

Anonymous said...

Интернет ухаж байж ингэж ойлгов.
"Аянчин - хэрэв нэгэн шөнө..."

Сүрэн said...

>Anonymous
Бэлээхэн орчуулгыг бичсэн байхад интернет ухах ямар хэрэгцээ байсныг мэдэхгүй ч энэ зохиолын нэрийг англи, орос, япон хэл рүү хэрхэн орчуулсныг сонирхуулъя:
Англи: "If on a Winter's Night a Traveler" (Хэрэв өвлийн шөнөөр аянчин)
Орос: "Если однажды зимней ночью путник" (Хэрэв өвлийн нэгэн шөнө аянчин)
Япон: 『冬の夜ひとりの旅人が』 (Хэрэв өвлийн шөнө нэгэн аянчин)