2014/06/11

Хаврын баяраар 2: Шороон алт олборлох аюул




  2. Сүзүки Юкио "Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөө"
  - Гол усны сав газар шороон уурхайгаас алт олборлох тухай -

Монголд алтыг үндсэн орд, шороон орд гэсэн хоёр аргаар олборлож, голдуу ил олборлолт (open-pit-mining) явуулдаг. Үндсэн ордод химийн арга хэрэглэнэ. Шороон ордны хувьд их хэмжээний усаар зайлж угаагаад алт тунгааж авах нь гол технологи. Химийн арга хэрэглэхгүй учир байгальд "харьцангуй ээлтэй" гэгдэж байсан энэ арга нь монголын гол горхийг сүйтгэх гол шалтгаан болж байна. 1м3 (куб метр) шороог (砂礫) угаахад 4-12 тонн ус хэрэглэх тул байгаль орчинд үзүүлэх урт хугацааны хохирол асар их. Хангайгаас говь руу урсдаг голууд ширгэхэд хангайд хөрсний хуурайшилт явагдахаас гадна говьд цөлжилт даамжирна. Тухайн голыг өгсөн уруудан ундаалж байсан хүн, мал бүгд хэцүүдэх учир алтны уурхайн асуудал нэг сум, аймгийн газар нутгаар хэрхэвч хязгаарлагдахгүй. Гэвч дэлхийн нийтийн шороон ордыг хориглох хандлага Монголд хараахан хүрээгүй харагдана. Юуны түрүүнд эдийн засгийн үзүүлэлт танилцуулъя.

Сүүлийн арван жилийн экспортын гол бүтээгдэхүүний график:
Эндээс харахад нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос, ноолуур, цайр (цинк), алт зэрэг голлоно. 2009 оноос нүүрсний экспорт огцом өсч байснаа хятадын засгийн газар нүүрсний хэрэглээг багасгах бодлого явуулсны улмаас сүүлийн 2 жил буурсан. Монголын экспортод уул уурхай үргэлж ноёлох байр суурь эзэлж байгаагүй. 1999 он хүртэл мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспорт жил бүр тогтвортой өсч, 1999 онд нийт экспортын 50% хүрсэн. Гэвч 1999 онд монгол WTO-д элсэхийн тулд импортын барааны татварыг 0% болгосны улмаас (ийм тэнэг юм гэж байх уу?) үндэсний үйлдвэрлэл бүрэн нурсан. 1999 оноос мал аж ахуйн экспорт жил бүр буурсаар эдүгээ 10% хүрэхгүй байна. Эсрэгээр 1999 оноос уул уурхайн экспорт жил бүр нэмэгдэж буй.

Ашигт малтмалын экспорт:
Хятадын экспортоос 100% хамааралтай байгаа нь монголын сул тал. Бусад орон руу гаргах тухай яригдаж буй ч бодит байдал ийм байна:
 Нүүрс: 99.7% Хятад
 Зэс, төмрийн хүдэр, цайр: 100% Хятад
 Молибден: 80.4% Хятад, 17.4% Солонгос, 2.2% Мексик
 Фтор: 60.8% Орос, 36.7% Хятад, 0.3% Солонгос.

Ашигт малтмалын хайгуулын эрх:
Аймгуудын нийт газар нутгийн хэмжээ & уурхайн хайгуулын эрх олгосон нутаг дэвсгэрийг хэмжээг харьцуулсан график (2005-2009 оны үзүүлэлт). Эндээс харахад монголд хайгуулын эрх олгоогүй аймаг алга. Дорноговь, Өмнөговь, Орхон аймгуудын үзүүлэлт 100% тул аймгийнхаа газар нутгийн бүх хэмжээнд хайгуулын эрх олгочихсон гэж ойлгож болно. Ихэнх аймгуудын үзүүлэлт 50% хүрсэн, зөвхөн Улаанбаатар л 0% байна. Улсын хэмжээнд авч үзвэл Монгол улс нийт газар нутгийнхаа 40%-д хайгуулын лиценз олгочихсон үр дүн гарч байна. Тиймээс Монгол бол пүүс компаниудад их хэмжээний хайгуулын эрх олгосон, уул уурхайг хөхүүлэн дэмжих замаар улсаа хөгжүүлэх бодлого баримталж буй улс гэж дүгнэж болно. Хайгуулын эрх авсны дараа хайгуул хийхгүй дамжуулж зарах бизнес ч нэг үе цэцэглэж байсан. Энэ нь эдийн засгийн бүтээн байгуулалт хийхгүй хайгуулын эрх авах арын хаалга, мотортой хүмүүст үлэмж ашиг олгохоос гадна хээл хахуулийг асуудлыг ч лавшруулсан.

Economy VS ecology:
Эдийн засаг бус байгаль орчны талаас асуудлыг авч үзвэл уул уурхайн хор хөнөөлийг Монголын байгаль даах чадалтай юу? гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Монгол орон бол бороо хур багатай, усны ундарга цөөн, байгалийн нөхөн сэргэх чадвар муу. Тийм атал нийт газар нутгийнхаа 40%-д хайгуулын лиценз олгочихсон нь үнэнхүү түгшүүртэй үзүүлэлт юм.

Доорх бол дэлхийн 37 орны уурхайн лицензийг харьцуулсан хүснэгтийн нэг хэсэг. Хайгуул хийх газрын хэмжээ, жилийн дундаж тунадас хамгийн бага гэсэн хоёр үзүүлэлтээр Саудын Араб, Монгол тэргүүлнэ.

Улс Лицензийн
талбай
Жил. дундаж
тунадас
Байгаалийн
бүс
Ашигт
малтмал
Олборлох
арга
Саудын Араб 1,000,000 59 цөл газрын тос цооног
Монгол 400,000 241 ойт хээр, хээр тал, говь, цөл зэс, алт, нүүрс г.м. ил олборлох
Папуа Шинэ Гвиней 255,750 3,142 ширэнгэ, халуун бүс алт, зэс, газрын тос ил олборлох

Жилийн бороо тунадасны хэмжээг дүгнэхэд Монголыг төв Азийн Саудын Араб гэж болно. Бороо хур бага, хуурай уур амьсгалтай Монгол орны ой хөвч, тал хээр нутаг нь усны эргэлтийн маш эмзэг баланс дээр тогтож буй. Бороо орохгүй тул ухаж сэндийчсэн газар амархан цөлжинө, эргүүлж сэргээхэд маш хэцүү, бараг боломжгүй. Тиймээс өнөөгийн уул уурхайн энэ бүх үйл ажиллагаа Азийн цээжнээ хоёр дахь Сахараг бий болгож буйгаас ялгаагүй:



Шороон уурхайг хориглох тухай хууль:
Саяхныг хүртэл их хэмжээгээр алт олборлож байсан улсууд шороон уурхай, гол усны сав газар олборлолт хийхийг хориглож байгаа нь дэлхийн нийтийн хандлага юм.

Аргентин: Байгаль орчныг хамгаалах зорилгоор Rio Negro (2005 оны 8 сар), Tucuman (2007 оны 4 сар), Cordabo (2008 оны 9 сар) аймгуудад бүх төрлийн металлыг ил аргаар олборлохыг хориглосон.

Болив: Олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор усны (гол, горхи, нуур, цөөрөм, усан сан) сав газраас 100 метр зайд бүх төрлийн уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. 1997 он.

Хятад: Байгаль орчныг хамгаалахын тулд гол мөрөн, ой хөвч, газар тариалан эрхлэх зориулалт бүхий газар алт олборлохыг 2006 оны 12 сараас хориглосон. Төвдийн өөртөө засах орны газар нутагт 2006 оны 1 сард шороон уурхайгаас алт олборлохыг хориглосон.

Колумб: 
Байгаль орчныг хамгаалах зорилгоор гол усны сав газар алт (шороон уурхай, үндсэн уурхай) олборлохыг 2010 оноос хориглосон.

Коста-Рика: Байгаль орчныг хамгаалах зорилгоор ил аргаар олборлолт явуулах бүх төрлийн уурхайг хориглосон. 2010 оноос.

Эквадор: Байгаль орчныг хамгаалах зорилгоор ил аргаар олборлолт явуулах бүх төрлийн уурхайг хориглосон. 2004 оноос.

Эдгээрээс харахад бороо хур их ордог, жилийн дундаж тунадас нь Монголоос хэд дахин их, байгаль орчин нь харьцангуй сэргэх чадвар сайтай орнууд хүртэл шороон уурхай, ил уурхай, гол мөрний сав газрын уурхайг хориглосон байна. Тэгтэл усны ундарга, гол мөрний сав газарт алт олборлосны уршгаар Монголд үй олон гол горхи дундарч, ор мөргүй ширгэж буй нь өнөөгийн бодит байдал. Зарим аймаг, сумын нутагт голын эхэнд буй ой модыг тайрах замаар алт олборлож байгаа нь нийт экосистемийг устгаж буй хэрэг юм. Усны ундарга газрын ой модыг яаж ч хичээгээд нөхөн сэргээхэд хэцүү. Мөн зарим аймагт мөнх цэвдгийг хайлуулах аргаар алт олборлож буй нь сэтгэл түгшээнэ.

Урт нэртэй хуулийн асуудал.
"Урт нэртэй" гэж хүмүүс товчлон дуудах хууль нь "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль" юм. Энэ хуулийг 2009 онд баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш гол мөрний эх, усны сав газар олборлолт явуулах 1300 гаруй лицензийн 242-ыг хүчингүй болгосон. Гэвч хэрэгжилт доголдолтой байна. Үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулсан компаниуд нэгдэж, уурхайд оруулсан хөрөнгө мөнгийг нь улсын сангаас нөхөн төлбөр хэлбэрээр эргүүлж төлөхгүй юм бол байгалийн нөхөн сэргээлтийг хийхгүй гэж гүрийсэн. "Уул усыг нь сүйтгэх замаар алт олборлож ашиг олсны хариуд нутгийн уугуул иргэдийн төлөө, нутаг усных нь төлөө, цаашлаад монгол улсынхаа газар нутгийн төлөө заавал байгалийг нөхөн сэргээх ёстой" гэж үзэх ёс суртахуун дутагдаж байна.

Энэ хуулийг одоо уул уурхайн компаниудад ашигтайгаар өөрчлөх гэж байна. Монгол улсын нийт экспортод алтны эзлэх хувь 2005 хүртэл өндөр байсан боловч эдүгээ экспортын орлогын 1% болтол буурсан. Мөн гол усны сав газар, шороон уурхайгаас ил олборлодог алт нь нийт алтны экспортын өчүүхэн жижиг хэсгийг эзэлнэ. Тиймээс алтны үндсэн уурхайг хорьдоггүй юм гэхэд ядаж шороон уурхайг хорьж гол усаа хамгаалах шаардлагатай. Нэн ялангуяа, Монголд голын тоо хэд билээ, усны ундарга хэр элбэг билээ гэдгийг бодоход энэхүү асуудлыг хэрхэвч хойшлуулж үл болно. Үүний тулд алт олборлодог бусад улсуудын баримт, байдлыг судалж монголчуудад объектив мэдээллийг хүргэхийг зорьсон билээ.

----------------------------------------------------------------------------------

P.S. Өөрөөсөө нэмэх нь: ТИС-ийн судалгаанаас харахад 2007 оны байдлаар Монголд 852 гол, 1181 нуур цөөрөм, 2777 булаг шанд бүрмөсөн хатаж ширгэсэн байна. Эдгээр гол горхи, нуур шандыг алт, нүүрс, уран эргүүлж өгөх үү? Уух усгүй, ургах модгүй болсон цагт алтан аяга нь байлаа ч дүүргэх усгүй бол хэрэг юун.

8 comments:

Anonymous said...

Яг энэ өгүүллээ хэд хэдэн сонингууд ба news.mn, news.gogo.mn, shuud.mn д өгч нийтийн хүртээл болговол олон нийтийг дажгүй сэрээж экологийн сайн үйл болмоор өгүүлэл байна.

Сүрэн said...

Bayarlalaa, anom ta edgeer saitad ugch olnii hurteel bolgood ugvul bayarlah baina

byambaa said...

yamar udaan huleevee, hehe.odoo tuhtai unsina.

Сүрэн said...

>byambaa

unuu margaashaas gesen hun chin baidaggui yu... sorry sorry :)

Anonymous said...

http://mining.time.mn/content/46438.shtml

Сүрэн said...

> Anonymous

Bayarlalaa

Anonymous said...

Medehgui yumniihaa tuhai bolson boloogui yum orchuulj tavih demii bishuu? Ashigt maltmalaa uhaj davuu talaa ashiglaj mungu olj teriigee bolovsrol eruul mend geh met salbartaa hiij baij hugjinu, esvel heden malaa dagaad amitan shig amidarch baihuu? Europe, Amerik geed bugd l ene zamaar yavsan. Harin orchuulsan uguulleguud chin super yum, yamar ch goyo orchuuldag yum.

Сүрэн said...

> Anonymous

1. Судлаач хүний тавьсан илтгэлийг юунд үндэслэн "болсон болоогүй" гэж дүгнэж байгаа тань ойлгомжгүй байна. Мөн миний мэдэх мэдэхгүйг та яаж мэдэх вэ дээ?

2. Ашигт малтмал ухахыг бүрэн хоригло гэж хаана бичсэн байна? Зэс, нүүрсээ бүү олборло гэж хаана бичсэн байна? Алтны тухайд ч олборлох хоёр арга байдгаас зөвхөн нэгийг нь шүүмжилж, ил аргаар олборлох нь ямар гамшиг дагуулдгийг бичсэн байгаа биз дээ? Хүний бичээгүй юмыг бичсэн болгох дэмий л болов уу, мөн уншсан юмаа зөв ойлгох хэрэгтэй болов уу.

3. Мал дагавал ам тосдоно гэж мэдэхээс биш мал дагавал амьтан болно гэж ёстой бодож байсангүй. Мал аж ахуйгаа дагасан Австрали, Шинэ Зеланд амьтан болсон юм алга л байна. Эцсийн эцэст алтгүйгээр хүн амьдарч чадна. Харин уух усгүй, идэх махгүй, дулаан ноосон хувцасгүй амьдарч чадна гэдэг юу л бол, ялангуяа монголын нөхцөлд... улс маань малынхаа буяныг гаргаж чадахгүй байгаа нь л таны хэлдгээр ухаан нь ширгэсэн "амьтны" шинж байх.

4. Европ, америкийг дагах алба уу? Дагаж дуурайх гэхдээ амархан ... Хөгжсөн бусад орны туршлагаас авахыг нь аваад, хаяхыг нь хаяад өөрийн замаа олно гэдэг харин ухаан зарсан хэцүү ажил учир.

4. Орчуулгыг минь үнэлсэнд баярлалаа.