2014/03/18

"Монголын сонгомол өгүүллэг" - гомдов




Түрүү жилийн гайхснаа бичсэн тээ. Одоо гомдсноо бичье. Яахаараа аль аль нь орчуулгатай холбоотой байдгийн... Япон хэлтэй нь наашаа. Би энд хүн муулах гэж байна. Муулах ч гэж дээ гомдол мэдүүлэх гэж байна. Гомдол ч гэж дээ... нөгөө... нөгөө ч гэж дээ... яппари гомдол... /хоолой зангирах/... Гэхдээ биеэ бариад, нялмсаа арчаад... /хм хм хоолой засах/... эхнээс нь ээлж дараатай ярья.

Оршил:
Монголын уран зохиолыг япон хүмүүс мэддэг билүү? Хариулт ойлгомжтой. Япон гэлтгүй монгол зохиолчдыг ямар ч орныхон мэдэхгүй. Яах вэ, үндэс угсаа нэг гэсэндээ өвөрлөгч түмэн, буриадууд маань л мэднэ, бусад нь байхгүй. Аргагүй шүү дээ, орчуулга байхгүй юм чинь. Я.Кавабата нобелийн шагнал авахдаа уран бүтээлийг нь англи хэлнээ хөрвүүлсэн орчуулагчдын гавьяаг цохон дурдаж байсныг хүмүүс мэдэх байх. “Олон ч хүн хэлдийн, олон ч хүн мэддийн - орчуулга байгаагүй бол Кавабата нобель авах нь цементнээс цэцэг ургахтай адил” гэмээр байгаа бол түр азнаарай. Цементнээс ч гэсэн хааяа цэцэг ургасан харагддаг юм. Харин Кавабатагийн хувьд магадлал хужир давснаас хус мод ургахтай адил байсан байх. Учир нь Нобель авахад гадаад хэлээр түүний гуравхан (!) роман, ганц хоёр өгүүллэгийн түүвэр л хэвлэгдсэн байв. "Гадаад хэлээр" гэж ганц англи хэлийг хэлээгүйг минь анхаарна уу?

Гомдол:
Ноднин Аюурзана, Өлзийтөгс хоёрын эмхтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” түүврийг япон орчуулагч япон хэлнээ орчуулж хэвлэснийг мэдээд баахан баярлав. Оюутан байхын сургуульдаа сонин гаргаж одоо эндэхийн томоохон хэвлэлийн газар редактор хийж байгаа найздаа үзүүлнээ, унш гэж дарамталнаа гээд элдвийг төсөөлөөд гого байв. За тэгээд орчуулга авлаа... харлаа... хаялаа... хаялаа гэнэ, үүнийг бичиж сууна. Утгын алдаа дэндүү их юм. “Сум”, “аймаг” зэрэг нэг янзаар нэгтгэж орчуулах үгийг хэдэн янзаар буулгасан байх юм. Найруулга тиймэрхүү. Зарим өгүүлбэрийн утгыг япон хүн уншаад ойлгохгүй байх жишээний. Нэг үгээр хэлбэл, орчуулагч ажлаа нягталж ерөөс шалгаагүй юм байна.

Эх зохиолыг буруу ойлгосон, цэвэр хэлний алдаа дэндүү их. Жишээ нь С.Эрдэнийн "Хулан бид хоёр" өгүүллэгт Хулан нөхрөө зүхэж "Үхсэн хойноо Чингис хаан бол" гэхийг "яг" тэр чигээр нь буулгасан нь оросоор бол “Он будет Чингис ханом после смерти” гэх маягийн орчуулга болжээ. Өөрөөр хэлбэл "Үхсэн хойноо Чингис хаан бол", "Үхсэн хойноо Чингис хаан болно" – энэ хоёр өгүүлбэрийн утгын ялгааг орчуулагч үл мэдэх ажээ. Хэсэг хэсэгтээ монголчууд гэж нэг тийм сонин, хачин, ёоёотой хүмүүс мэт сэтгэл төрөхөөр ч орчуулга байна. “Сүжиглэнгүй” гэснийг "сүжиггүй” гэж андуурч орчуулаад, “бие нь хөшөөд” гэснийг “бие нь чулуу болоод” гэж орчуулахаар арга байжуу. Сүрэн одоо муугаа мэдэхгүй хүн муулахтайгаа гэж бодож байвал П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийн зөвхөн эхний хэсгээс түүсэн эдгээр алдааг харна уу:

Айлын ааштай эхнэр хүүхдүүдээ загнаж үглэх хэсэг:
Хэзээ амар заяа үзэх хүн бэ би?! Хэсэг ч болов төвшин суух цаг ирээсэй! Хүний хүүхдүүд хичнээн сайхан байна вэ?! Яасан гэж намайг зовооно вэ?

-いつになったら平穏が訪れるんだ、俺に?!少しでもいい、落ち着く時間が来て欲しい!他の連中はとても幸せなんだろう?!どうして俺だけ苦しめるんだ?!

Өгүүллэгийг эхэнд эхнэр үглэж яншаад, нөхөр үглэхийг нь таг дуугай сонсч хэвтээд элдвийг тайван эргэцүүлэх атал өгүүлэгчийг андуурснаас болж өгүүллэгийн аяс эхнээсээ “нэг л биш” болж хувирна.

Ер тамхи бол ямар ч бай эр хүний нөхөр юм байна. Мань шиг нэг нь сэтгэлээ тайтгаруулах гэж олж нээгээ ч бил үү?! Өөд муутай болохоор нь л дэлхий даяараа тамхинд орчихов гэж дээ.

じっさい煙草というのは、なんと言っても男の友なんだ。俺たちのような誰かが心を鎮めるために見つけて来たんだろう?!役に立たないからこそ世界中が煙草に耽ったんだろう。

Надаас дайжих нь дутаж гэнэ.
わたしから逃げるだけじゃ足りないわけ。

Харанхуй болчхоод байхад 18-тай хүү нь гэртээ ирсэнгүй гэж эхнэр үглэх хэсэг:
Өдий шөнө орой болчихоод байхад тэр хүн айлд хичээл хийгээд сууж гэнэ дээ. Нүд чинь сохров уу? Доод Бадарчийн улцан шар охинтой нийлээд хаа нэгтээ годгонож яваагаас хаа зайлдаг юм? Бас охид эргүүлэх санаатай. Чиний гар ганзаганд хөл дөрөөнд хүрсэн эр хүн чинь тэр үү? Зөв дөрөөлсөн нь тэр үү? Тэр хулман шар хүүхэнгүй байж чадахгүй болчихож уу? Хүзүү толгойгоо наачих шахсан л явж харагдана лээ. Ичээсэй билээ?

今宵も更けて、あいつは他家で勉強しているんだとさ。目が見えなくなったのかい?下のバダルチの泣き顔色白の娘とどっかをうろつくしかないのかい?それに娘たちを追い回すつもりだ。一人前の男になったつもりなのかしら?頭が首から落っこちそうだ。恥ずかしくないの?!

Аавын бодол:
“Хүү маань үнэхээр Бадарчийн охинд сайн болж уу?” Орой ажлаас ирж яваад орцны үүдэнд хоёулантай нь халз тулгарсан нь бий.

「息子はじっさいバダルチの娘に似つかわしいのか?」夜、仕事から戻って来たとき、アパートの入口のドアのところで二人で向き合って寄り添っていた。

“Хүүхдүүд үерхэг дээ үерхэг...”
「子供たちは同世代だ、同世代。

Дэлэг “Алтан шар үстэй охин доо” гэж өөртөө дахиад хэлнэ. Эхнэртэйгээ зөрж сөргөж байгаа нь энэ. Эхнэр нь яаж чиг дуулахав даа. “Алтан шаргал үстэй, алиа хөөрхөн охин доо”. Хүүгээ бодохоос инээд ч хүрч бас хайр нь хүрч байжээ. Сайн охинтой үерхэхэд юу нь эртдэх вэ? Миний хүү. Гэхдээ эхлээд дунд сургуулиа төгс. Дараа нь дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшээд аваг! Ингэвэл сая аж амьдрал төвхнөх биш үү? Тэрнээс биш одооноос оодонгийн тугал шиг хаа хамаагүй харайж гүйж болохгүй.

デレグは「金色に光る髪の娘だ」と自分自身にもう一度言う。妻とはまったく正反対なのだ、かの女は。妻はどうして相手にしようとしないのか。「金色に光る髪の、おちゃめで可愛い娘だ」息子のことを考えるより、頬が緩むし、愛情さえ感じていた。よい娘と友だちになるのに早すぎるということがあるものか。息子よ。だが、まず中学校を卒業しろ。それから大学を出て、専門知識を習得しろ。そうすれば、すぐに生活はよくなるんじゃないか?それだけではない、これからは尾の短い仔牛のように、どこでもかまわず「跳びはね」走り回ることはできない。

Иймэрхүү утгын илт алдаанаас гадна анзаараагүйн алдаа, хальт буруу ойлгосон алдаа, тэмдэг алдсанаас өгүүлбэрийн өнгө өөрчлөгдөх зэрэг “бага сага” алдаа ч олон:

Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа.
喧嘩騒ぎが繰り返されないと淋しく感じるだけでなく、怒りやすく泣きやすい変わった人間なのだ。

Тэр нулимс одоогийнхоос их өөр. Аз жаргал өөрийн нулимстай... 
その涙は今のものとは大いに違う。幸福は自分の涙とともに…

Та нарын эрдэм сурч гялалгайх ч дээ.
あなたたちは人を喜ばすほどちゃんと勉強をしていないじゃない…。

Май энэ хог гаргаж хая! Гар хөлөө зүсч гай таривзай!
このゴミを出してきて!手足を切らないように気をつけて。

Очин цагийн ярианы монгол хэлээр бичигдсэн нэг өгүүллэгийн зөвхөн гуравны нэгийг шүүхэд л ийм байна. Бусад орчуулга ямар болсныг сонирхвол харьцуулж уншаарай. Миний хувьд үүнээс илүү олон үг хэлэх илүүц биз ээ... гэхдээ надад орчуулагчийг учиргүй буруутгах хүсэл алга. Уран зохиолын орчуулга ямар хэцүү гэдгийг өөрөө ганц хоёр юм орчуулж блогдоо оруулдгийн хувьд мэднэ. Тиймээс ийм зузаан ном орчуулж монголын уран зохиолыг япон хүмүүст хүргэе гэсэн Шибанай орчуулагчийн сайхан сэтгэлийг хүндэтгэнэ. Үнэнхүү сэтгэл байхгүй бол баргийн хүн орчуулга, нэн ялангуяа уран зохиолын орчуулга барьж авахгүй шүү дээ. Даанч япон хэлтэй монгол хүн эсвэл монгол хэлтэй япон хүн гуйж орчуулгаа шалгаж нягталсан бол.... гэж бодохоор үнэхээр харамсалтай. Ямар ч орчуулагч алддаг. Алдаагүй орчуулга гэж бараг байхгүй. Гэхдээ алдааны тоо, хэм хэмжээ гэж байна. Мөн өршөөж зөвшөөрч болох алдаа, зөвшөөрч болохгүй алдаа гэж бас байна. Иймээс буруу орчуулсныг буруутгахгүй юм гэхэд орчуулгаа шалгаагүй, эргэж хараагүй, эргэлзэж нягтлаагүй гэдгийг асуудал болгон дэвшүүлмээр санагдав.

Гуравхан романы орчуулгад үндэслэн Кавабатад нобелийн шагнал олгосон Нобелийн хорооныхон түүний хэл найруулга, хэв маяг, арга барилыг гадаад хэл рүү буулгана гэдэг маш хэцүү, орчуулгын явцад нарийн өнгө аяс гээгдсэн байж таарна, гэхдээ л орчуулга нь Кавабата хэр хэмжээний зохиолч болохыг сайн тодорхойлно гэж дүгнэн бичиж байжээ (*1). Энэ үүднээс авч үзвэл энэхүү орчуулгаас монгол зохиолчдын тухай ямар дүр зураг буух бол доо. Нэг зохиолчийн нэг бүтээл байсан бол бас ч яахав (уул нь ч яахав биш л дээ), монголын шилдэг зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийн эмхтгэл шүү дээ гэж бодохоор гомдмоор юм... Зөв орчуулга, уран сайхан орчуулга хэр чухал болохыг Аюурзана, Өлзийтөгс хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ, тэр тухай ярих илүүц биз. Гол нь сайхан орчуулгын цаана сайн орчуулагч байдгийг санаад орчуулах эрхийг хэнд өгөхөө яагаад бодоогүй вэ? Монголын уран зохиолыг "орчуулаад өгье" гээд гадны орчуулагчид оочерлож зогсоогүйг ойлгож байна аа... Гэхдээ л ганц нэг өгүүллэгийн орчуулгыг хүн амьтнаар дамжуулан шалгаж болоогүй юм байх даа.

Угаасаа монголын уран зохиолыг гадныхан мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Сонин эгзэг нь таарч сонирхсон нэгэн энэ номыг уншаад “За, энэ одоо монголын шилдгүүд нь юм байхдаа” гэж бодно гэхээс ... /дахин хоолой зангирах/

P.S. Номны хавтасны дизайн их таалагдлаа.

--------------------------------------------------------------------------------

*1 Нобелийн хорооны илтгэл: "... translation offers especially great difficulties and is apt to be far too coarse a filter, in which many finer shades of meaning in his richly expressive language must be lost. But the translated works do give us a sufficiently representative picture of his (Kawabata's) personality."

9 comments:

Anonymous said...

ene neeren arai l orshuuljee.

Piglet said...

Харамсалтай юм. Дээр үеийн орчуулгууд ямар мундаг байлаа даа гэж шууд бодогдлоо.

Anonymous said...

япон хэл рүү монгол хүн орчуулсан уу,япон хүн орчуулсан болов уу.Утгачлалыг сайн баримтлах хэрэгтэй юм шиг байгаа юм тэ.

Сүрэн said...

> Anonymous
tehhh

>Piglet
Yes, 『帽子をかぶった狼―モンゴル短編集』-tei zuirleshgui

> Anonymous
Шибанай Шюүжи (柴内秀司) хэмээх япон хүн

tomhuu said...

翻訳者のモンゴル語の理解がこれでは、出版する意味が無いね。

tomhuu said...

uerheg, uerhegのところは、笑ってしまった。

Сүрэн said...

>tomhuu
harin tiimee, uilahuu ineehuu

Anonymous said...

しばないと申します。
こちらの記事がモンゴルのニュースサイトに転載されて話題となり、わたしも人に教えられて読みました。
もっともなご批判と思います。
わたしの翻訳の未熟さがモンゴルの皆さんの大事に思っておられる作品を台無しにしたと言われるのは当然と思いました。
翻訳を詳細に読んで下さった管理人の方へお礼を申し上げるとともに、不快な気持ちを持たれた方々にお詫びを申し上げます。
今日(2014年12月9日)、この翻訳本の日本での発売を中止し、残りの本を裁断処分するよう出版社に依頼しました。
以後、誤解を振りまく本は流通しないことをご報告します。
どちらに連絡したらよいのか分からないのでコメント欄を利用させていただきました。

Сүрэн said...

Сайн байна уу?

Хариу бичсэнд баярлалаа. Мөн шүүмжлэлийг минь хүлээн авсанд их баярлалаа.
Нийтлэлдээ бичсэнчлэн, монголын уран зохиолын дээжийг япон хүмүүст хүргэе гэсэн сайхан сэтгэлийг тань би гүнээ хүндэтгэнэ. Таныг номоо нягталж шалгаад дахин гаргаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсье. Танаас үлгэр дууриал авч би өөрөө ч аливаа шүүмжлэлд тань шиг байр суурьтай хандахыг хичээнэ. Маш их баярлалаа.

Хүндэтгэсэн,
Сүрэн