2012/11/30

Бурхадгүй сар













Сахиус бурхадгүй сар өнөөдрөөр дуусч маргааш манай энэ хавь дахин бурхадтай болно. Яг нарийн ярьвал маргааш биш маргаашаас эхлэн магад хэд хоногийн дотор. Гэхдээ үнэнийг хэлэхэд ажил энэ тэр гэж аахилж уухилж явсан болохоор бурхад байсан үгүйг байн сууж анзаарах сэхээ байсангүй. Нэг мэдсэн "бурхад явчхав уу", нэг мэдсэн "эргэж ирэх гэж байна уу" гээд л сууж байна. Энэ хүртэл уншаад зарим нь "гарцаагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл байна" гэж бодсон байхаа :)

Гэхдээ нээрээ манай энэ хавьд 神無月 (канназүки) буюу махлан орчуулбал “бурхад байхгүй сар” дуусах гэж байна. Бурхад хаачсан бэ гэвэл, өнө удаан жилийн заншлаараа бүх японы асуудлыг хэлэлцэхээр Кюүшүү арал руу явсан байгаа. Эрт дээр үеэс бурхад жилд нэг удаа Кюүшүү арлын Изүмо Тайша сүмд (дээрх зураг) цуглан хуралдаж бүх японы асуудлыг хэлэлцэн шүүдэг ажээ. Тиймээс мэдээжийн хэрэг Изүмо сүм орчимд энэ сарыг 神在月 буюу “Бурхадтай сар” гэж нэрлэдэг.

Япон Мэйжигийн шинэчлэлээс хойш аргын тоололд шилжиж саруудаа 1, 2, 3 гэж аягүй армаанчиг бусаар нэрлэх болсон нь харамсалтай. Хуучин бол 如月 (кисараги), 弥生 (яёи), 霜月 (шимоцүки ) гээд үнэн уянгалаг бас утгатай нэртэй байсан. Бурхадгүй сар нь билгийн тооллын 10 сарыг заах боловч аргын тооллоор 11 сарын эхээс 12 сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Тэгээд л өнөө маргаашаас бурхад эргэж ирэх ёстой гээд л сууж байна даа :)

Бурхад гэснээс 神 (ками) гэдэг үгийг монголоор юу гэж орчуулах нь зөв бол доо...
Би агуулгаас хамааран “сахиус", “лус”, “савдаг”, “уул усны эзэн”, "бурхан", “лус савдаг” гээд янз янзаар л орчуулаад байгаа. Япон хүмүүс эрт дээр үеэс анимизмын шүтлэгтэй тул хүрээлэн буй байгаль, уул нуруу, гол мөрөн, ой хөвч, хад чулуу, ер нь бүх юм өөрийн гэсэн 神 буюу сахиустай, эзэн савдагтай гэж итгэж ирсэн. Монголоор “сахиус”, "савдаг" гэхэд үгийн утга буух боловч бүх үгийг үүгээр орчуулж бас боломгүй. Жишээ нь, япончууд дээр үеэс япон орноо “神々の国” (камигами но күни) гэдэг. 神 нь ганц тоо, 神々 гэвэл олон тоо болно. 国 гэдэг нь “улс, орон” гэх утгатай ханз тул би энэ хэллэгийг “бурхдын орон” л гэж орчуулдаг. “Лус савдгуудын орон” гэвэл нэг л тиймэрхүү тээ... хэхэ. Бас япон хүмүүс нутгаа “八百万の神” (Яоёрозү но ками) буюу 8 сая бурхадтай гэдэг. 8 сая гэдэг нь мэдээж тоолж тогтоосон тоо биш, "тоолж баршгүй олон" гэсэн утгатай хэлц үг. Орчин цагийн япон хэлэнд 8 саяыг "хаппякү ман" гэнэ. Ханз адил боловч зөвхөн бурхдыг тэс ондоо дуудлагаар "Яоёрозү" гэж унших тул би энэ хэллэгийг "Найман живаа бурхад" гэж орчуулдаг. Энэ хэллэгийн оросоор "Восемь мириад богов" гэж орчуулсан нь уугуул хэллэгийн онцлогийг хадгалан утгыг гаргасан тул даж санагддаг. Харин англиар янз янзаар орчуулдаг ч "all the gods and goddesses", "all the deities" гээд нэг л тиймэрхүү, утга нь ок боловч уянга байхгүй.

Нээрээн, Ерөнхий сайд асан Мори энэ хэллэгээс болж ихээхэн онигоонд орж байсаншдээ... 2000 оны хавар хаанахын ч юм бэ индрээс япон бол 神の国 (ками но күни) буюу "бурхны орон" гэж хэлж л дээ. За тэгээд маргааш нь сонин сэтгүүл, зурагт телевиз ... мань хүнийг барьж идэх нээ. Шүүмжлэх нь шүүмжилж, шоолох нь шоолж, ундууцах нь ундууцаж. Гаднынхан бас яаж дуугай байх вэ. Япон бурхны орон юм бол бид одоо юу юм?! гээд... хэхэ. Гэхдээ хөөрхий ерөнхий сайд 神々の国 (камигами нь күни) гэсэн бол асуудал ноль. Гаднынхан ч гэсэн "ааан, уул болгон, гол горхи болгон өөрийн гэсэн эзэн савдаг 神-тай тул улс орноо 神々-ийн орон гэх нь аргагүй, япон анимизм шүтлэгтэй шдээ" гээд л өнгөрөх байсан биз.

 Ингэхэд юу ярьж байлаа? Уул нь би өнөөдөр нэг хайкүгийн тухай бичих гээд л... хайкүгийн тухай бичихийн тулд “бурхадгүй сарыг” тайлбарлах гээд л ... тэгсэн ерөнхий сайдын онигоо ярьчихсан хадуурч байна.

Хүмүүс хайкүгийн тухай асуухад ихэнхи хайкүг орчуулах аргагүй ээ, орчуулахыг оролдсон ч “галуу дугарав уу гэтэл галуу дугарч байлаа” гэсэн юм болно гэхээр итгэхгүй эргэлзээд байдгийм. Гэхдээ нээрээ хайкүг ойлгоход дан ганц хэлний мэдлэг дутна. Нэлээд олон юм толгой, сэтгэлд байж байж хайкүгийн утгыг олж сайххыг нь мэдрэх юм шиг байгаам. Жишээ нь Чин Хоорай хэмээх тайвань охины бичсэн энэ хайкүг юу гэж ойлгох вэ?

日の本のくらしに慣れて神無月 
ひのもとの くらしになれて かんなづき

Хи но мото но күраши ни нарэтэ канназүки
http://www.nhk.or.jp/haiku/backnumber/111024.html

日の本 ‐ япон оронг ханзаар 日本 гэж бичнэ. 日 нь “нар”, 本 нь “үндэс, эх” гэсэн утгатай ханз. Нэг үгийг хоёр ханз болгон задалж хооронд нь хамаатуулахын тийн ялгалаар холбосон байна. Тиймээс утгачилбал “нарны үндэс” болно. 
くらしに慣れて ‐ амьдралд дасаад
神無月 ‐ бурхадгүй сар

Бүгдийг нийлүүлбэл “Ургах нарны үндэс хавийн амьдралд дасаад бурхадгүй сар”.
Юу гэж ойлгох уу?

Нарны үндэс - япон хэлтэй ямар ч хүн үүнийг уншаад “аан Японыг хэлж байна” гэж ойлгоно. くらしに慣れて гэдэг нь махчилбал “амьдралд дасаад” боловч “амьдралд дастал” гэж орчуулж бас болно. Ер нь хайкүд энэ хэсэг нь “зангилаа” гэх үү, “suspense”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Харин тайлал нь “бурхадгүй сар” ажээ.

“Япон дахь амьдралд дастал - бурхадгүй сар (ирэв)”
Юу гэж ойлгох уу?

Бодол болон сууж байтал энэ хайкүг тайвань хүн бичсэнд хамаг учир байж. Тайвань ч гэсэн угтаа анимизмын орон. Тэгэхдээ бүр японоос ч илүү. Уул, гол, хад чулуу гэлтгүй эргэн тойрны амьтай, амьгүй бүх юм өөрийн гэсэн “эзэн бурхантай” гэж итгэдэг гэнэ. Тиймээс бурхдаар хүрээлүүлэн амьдарч байсан охин харь холын японд ирээд, эндхийн амьдралд арай ядан дасан байтал гэнэт “бурхадгүй сар” ирнэ гэхээр хэцүү биз дээ?! Цаагуураа япон дахь гадаад хүний амьдрал хэцүү, ганцаардаж байна гэсэн утгатай хайкү ажээ.

Ер нь хайкүг ойлгоход японы юу нь (ямар цэцэг, ургамал, шувуу, шавьж) юуг илэрхийлэх вэ гэдгийг мэдэх нь чухал. Жишээ нь, сакүра хаврыг билэгдэхээс илүү юм гэдэг агшин зуур улирч үгүй болохыг илэрхийлнэ. Нарсны мөчир - урт удаан наслах, сайн сайхан; мөчир дээрх хар хэрээ - ганцаардал, хөгшрөл; сүсүки өвс - намар, уйтгар гэх мэт. Ер нь ондоо орны хүнд энэ бүхэн хэцүү л дээ. Нөгөө талаас япон хүнд ч гэсэн "өнчин хайлаас",  "хамхуул", "бор толгой" гэх үг та бидэнтэй адил тусах уу гэвэл,  мэдээж үгүй.  Хадуурахнээ дахиад...  Мөн хайкүг ойлгоход жилийн улирал, ёс заншил, зонхилох баярууд зэрэг японы тухай ерөнхий мэдлэг хэрэгтэй, орчинд нь амьдарч энэ бүхнийг “мэднэ” гэхээс “мэдэрсэн” байвал бүр ч сайн. Бас нэлээд олон хайкүгийн хувьд зохиогдсон цаг үе, өмнө хойно болсон түүхэн үйл явдал ч чухал байдаг. Харин миний мэдлэг тааруухан, мэдрэмж мааруухан тул хайкү ойлгохдоо одоо хүртэл тиймэрхүү.

6 comments:

Тэмээчин бүсгүй said...

Бурхангүй газарын чөтгөр галзуурна гэдэг чинь харин бурхангүй сартай нээх холбоотой юм шиг санагдах чинь ...

Цагаанаа said...

гоё сонирхолтой бичлэг байна,
саяхан манай япон хэлний хичээл дээр хайку-н тухай хичээл орсийн, уншаад үзэхээр 4н улирлын нэг нь заавал тусгагдсан байдийн болуу гэж ойлгосоншд, тэгээд хүүхдүүд бүрээр нэг хайку бичүүлж ангийн ханан дээр өлгөцгөөсийн. Миний бичсэн хайку

オリンピック
一人で見たら
寂しい хэхэ

Сүрэн said...

>Тэмээчин бүсгүй

Бурхан чөтгөр хоёрыг сайн муу хоёр тал болгон тэрсэлдүүлэн тэмцэлдүүлдэг нь загалмайтны шашин болов уу. Бурхан хүнд ивээлтэй, satan чөтгөр нь хүнийг уруу татаж нүглийн замд оруулдаг гэх мэт. Загалмайтны шашин monotheism гэвэл японы уламжлалт Шинто шүтлэг нь animism. Уул хад, мод, гол мөрөн болгон өөрийн гэсэн эзэнтэй, сахиус савдагтай гэж итгэн эртнээс тахиж ирсэн. Харин тэднийгээ сайн муу гэж онц ялгахгүй. Зарим савдаг нь хүмүүст хоргүй, зарим наадаж тохуурхана. Изүмогийн хуралд бүгд очих тул ард нь "чөтгөр" үлдэнэ гэсэн ойлголт бас байхгүй л дээ.

>Цагаанаа

オリンピックに限らず、
寂しいよね

чандаа said...

Зочлоод гарахад сайхан урамтай байдаг шүү.

byambaa said...

Naiz mundag sh dee. Blogoor ni shagaih bolgondoo uuriiguu golood, naizaaraa baharhaad gardag shuu. Amjilt husey. daraa chatad tuhtai taaray...

Сүрэн said...

>чандаа

bayarlalaa

>byambaa

ありがとう urgelj naizdaa uram hairlaad. neeree yariagui udjee... tokyo irehguimuu