2011/05/19

Р. Акүтагава "Бисэйгийн итгэл"


  
  Акүтагава Рюноскэ "Бисэйгийн итгэл"

  Орчуулга: Сүрэн

  Бисэй бүсгүй ирэхийг хүлээж гүүрний доор түрүүнээс хойш зогсож байлаа.

  Дээш харвал гүүрний өндөр чулуун хашлагыг талд нь хүртэл мөлхөө ногоон ороожээ. Хашлагын завсар зайгаар нааш цааш холхих хүмүүсийн хувцасны цагаан хормой жаргах нарны хурц туяанд үе үе гялтас хийн салхинд дэрвэнэ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй аяархан исгэрэнгээ гүүрний доорх эрэг хөвөөг ажиглав.
  Гүүрний доор хоёр цүбо(*) хүрэхтэй үгүйтэй шар эрэг устай шууд залгана. Эрэг дагуу ургах зэгс дунд үхэр хавчны гэр бололтой, хэдэн дугараг нүх байх агаад давалгаа цохих болгонд үл мэдэг палхийх дуу сонсдоно. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хүлээж ядан усны захад очоод ганц ч завь үл өнгөрөх голын намуун мандлыг ширтэн харав. Голын эрэг дагуу ногоон зэгс завсар зайгүй битүү ургажээ. Мөн энд тэнд уд мод зэгсний дээрээс навч мөчрөө унжуулан саглайн найгана. Зэгс ус руу түрж шигүү ургаснаас эрэг хоорондын усны урсгал голын өргөнийг бодоход нарийсч харагдана. Тунгалаг усан тууз гялтгануур шиг ганц үүлний сүүдрийг алтлан, зэгс бургасан дундуур намуухан үелзэн урсана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усны захаас холдон нарийн эргээр ийш тийш алхангаа үдшийн бүрийд аажмаар автах эргэн тойрны анир чимээгүйг чагнав.
  Гүүрэн дээгүүр зөрж өнгөрөх хүмүүсийн хөл хэсэг хугацаанд тасарсан бололтой. Хүмүүсийн хөлийн чимээ, малын туурайн дуу, эсвэл дугуйн чихрах дуу – аль аль нь дээрээс сонсогдохоо больжээ. Салхины сэвэлзээ, зэгсний шивнээ, усан долгионы чимээ л сонсдож мөн үе үе хаа нэгтээ хөх дэглий чанга дуу хадаана. Гүн бодолд автсан Бисэй алхаагаа зогсооход хэдийнээ түрлэг эхэлсэн бололтой, голын шар эргийг угааж долгиолох ус түрүүнийхээс ойрхон гэрэлтэх ажээ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хөмсгөө зангидан, тэсэлгүй бүдэг харанхуй эргээр хурдан хурдан алхаж эхлэв. Тэр зуур голын ус сөөм сөөмөөр, төө төөгөөр эрэг өөд дээшилсээр. Голын ус нэмэгдэхийн хэрээр замаг зааг болон усны үнэр сэнхийж, хамаг биеэр нь сэрүү татуулан сэвшинэ. Дээш харвал гүүрэн дээр тусч байсан жаргах нарны хурц гэрэл аль хэдийнээ тасарч зөвхөн гүүрний хашлага л үл ялиг хөхрөх үдшийн тэнгэрт хайчилбар мэт харлана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй эцэстээ арга буюу зогсов.
  Голын ус гутлыг нь норгон, ган болдоос ч хүйтэн гэрэл цацруулан гүүрэн доорх эргийн хэвгий хэлтгий бүрийг дүүргэж халив. Тиймээс тун удахгүй өвдөг, гэдэс, цээж нь түрэлтийн өршөөлгүй их усанд автах нь гарцаагүй. Үгүй, энэ хооронд усны төвшин улам дээшилж, одоо бүр хоёр шилбэ нь голын усанд харагдахаа болив. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усан дунд зогссон чигээрээ эцсийн найдварын дөлөөр байн байн гүүр өөд, тэнгэр өөд ширтсэн хэвээр.
  Цээжээр нь татсан голын уснаа үдшийн бүрий улам хөхрөн гүнзгийрч, хол ойр шигүү ургах зэгс бургас, уд модны навчсын гунигтай шивнээг манан дундаас илгээх ажээ. Гэнэт алгана бололтой загас уснаас Бисэйгийн хамрыг шүргэн үсэрч гараад цагаан гэдсээ эргүүлэн эх голдоо эргэж оров. Загас харван өнгөрсөн тэнгэрийн энд тэнд хэдийнээ одод анивчиж, хурдан нөмрөх шөнийн харанхуйд мөлхөө ногоон ороосон гүүрний хашлага ч ялгарахаа байжээ. Гэвч бүсгүй ирээгүй л байлаа.

------------------------------------------

  Шөнө дунд, сарны гэрэл зэгс бургас, уд моддыг нэлд нь гэрэлтүүлэх үед голын ус үелзүүр зөөлөн салхитай шивнэн ярилцаад гүүрэн доороос Бисэйгийн биеийг дөлгөөн долгионоороо бүүвэйлэн далай уруу аажуухан авч одов. Гэвч түүний амин сүнс нь тэнгэрийн голд ганцаар гуниглах сарны гэрлийг санаж хүссэн юм болов уу. Тэрээр эзэн биеэ орхингуутаа ус болон замагны үнэр мөрөн голоос аниргүй уурших адил үл ялиг цайх тэнгэр өөд хөөрөн одсон билээ...
  Түүнээс хойш тэр сүнс тоймгүй олон удаа төрөл арилжсаны эцэст хэдэн мянган жилийн дараа дахин хүн болж төрөх тавилантай байжээ. Тэр нь миний энэ биед заяасан сүнс юм. Тиймээс би орчин үед төрсөн ч утга бүхий ажил хийж эс чадна. Би гэгээн өдрөөр ч, харанхуй шөнөөр ч манан мэт мөрөөдөлд автан амьдарч, гагцхүү ирж магад ид шид, гайхамшгийг хүлээнэ. Яг л үдшийн бүрийд, гүүрний доор үүрд үл ирэх хайртыгаа хүлээж байсан Бисэй лүгээ адил.

Тайшёо 8 оны 12 сар (1919 оны 12 сар)


* цүбо - талбайн нэгж, ойролцоогоор 3.3м2

* япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/24_15235.html

2011/05/17

"Рашёомон" өгүүллэг - нэрний учир


  Акутагава Рюноскэ япон үлгэр домог болон эртний уран зохиолоос санаа авч бичсэн зохиол олонтой. Жишээ нь "Рашёомон" өгүүллэг нь Хэйан үеийн (794-1185/1192) сүүл хэсэгт зохиогдсон японы эртний уран зохиолын дээжис, "Конжякү моногатари" буюу "Эрт эдүүгээгийн цоморлигийн" 29-р ботийн 18-р өгүүллэгээс санаа авч бичсэн зохиол болохыг хүмүүс мэдэх байх. Конжякүгийн эл өгүүллэг Акутагавагийн зохиолтой нэр бөгөөд үйл явдлын хувьд төстэй: Хэйанкёо буюу одоогийн Кёото хотын гол хаалга дээр нэгэн барлаг эр үхдэл хүүрийн үс зулгааж буй эмгэнэтэй тааралдна. Харин Акутагава энэ зохиолын нэрийг тэр чигээр нь зээлдэж авахдаа нэгэн бяцхан өөрчлөлт оруулсан нь монгол хэл рүү орчуулах аргагүй бөгөөд гагцхүү ханз үсэг сурсан хүмүүст л ойлгогдоно.

  Эрт эдүгээгийн цоморлигийн эл өгүүллэгийг японоор 羅城門 гэж бичнэ. 羅城 (ражёо) гэж дээр үеийн хот цайзыг тойруулж барьсан хэрэм хаашааг хэлэх бөгөөд 門 (мон) гэдэг нь “хаалга” гэсэн утгатай ханз юм. Нийлээд 羅城門 (ражёомон) гэдэг нь хот уруу орох гол хаалга гэсэн утгаатай болно (дээрхи зураг бол Кёотогийн урлагийн музейд хадгалагдаж буй Ражёомон хаалганы загвар). Харин Акутагавагийн өгүүллэгийн япон нэр нь 羅生門 буюу "Рашёомон" тул зохиолч голын ханзыг өөрчилсөн нь илэрхий. Ингээд асуулт...

  Акутагава ямар учраас 羅門 гэдэг нэрийг 羅門 болгож өөрчлөв?

  Айхтар асуулт мэт боловч зохиолыг уншсан бөгөөд ханз мэддэг хэн ч гэсэн амархан хариулж дөнгөх байх. “生” гэдэг нь “төрөх”, “амьдрах” гэсэн утгатай ханз. Зохиолын баатар бузар булай, муу муухайгаас жигшин зэвүүцэх ч эцэстээ муу замын мөр хөөнө. Амьдралын эрхээр хүн юу ч хийж магад, эмгэн шиг бузар булай үйлийн хүчинд “амьд явах” хүн ч байна... Үхэх үү сэхэх үү, өлсөх үү хулгай хийх үү... энэ бүхний цаана хүний амьдрах хүсэл, амьд явах хүслэн байгааг Акутагава ийнхүү ханз өөрчилж харуулсан болов уу.

2011/05/12

Хөшөө ...

  Харих болгонд энд тэнд ганц хоёр хөшөө нэмэгдсэн харагдах юм. Их дэлгүүрийн урд Битлзийн хөшөө анх хараад гайхсан гэж. Хотын маань төвд юун тухай, ямар учраас, хэнд юуг сануулах гэж Битлз залардаг байнаа ... гэснээс хэн юу бодож залдаг байна. Зөвхөн утаат Улаабаатар биш хөдөө аймаг, эзгүй тал гээд хаа сайгүй л хөшөө нэмэгдэх юм.  

  Буруугаар бүү ойлгоороой, хөшөө дурсгалыг учиргүй дургүйгэж эсэргүүцсэн юм биш. Битлзд ч би дуртай. Гагцхүү өдий хүртэл англи хүмүүс үндэсний бахархал Шекспиртээ хөшөө босгоогүйн учрыг Чэстэртоны ёгт нийтлэлээс уншиж нэгийг бодож хоёрыг эргэцүүлэв. Хажуу хоёр хөрш дээр үеэс л өргөн уудам нутгийнхаа өнцөг бүрт хөшөө баримал босгож байсан. Манайхан жараад жилий өмнөөс богсож эхлээд ойрын хэдэн жилд овоо сайн зүтгэж байх шиг. Миний бодлоор Сүхбаатар болон манжийн дарлалаас чөлөөлөх тэмцэлд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн хөшөө ок, эрдэмтэн мэргэдийн хөшөө ок, зураач зохиолч яруу найрагч нарын хөшөө ч ок. Ганцхан Чингисийн хөшөө л хэрэггүй байсан санагдана. Чэстэртоны хэлснээр "A statue may be dignified; but the absence of a statue is always dignified."

     The Zola Controversy
     Author: G. K. Chesterton

  There is the French monumental style, which consists in erecting very pompous statues, very well done. There is the German monumental style, which consists in erecting very pompous statues, badly done. And there is the English monumental method, the great English way with statues, which consists in not erecting them at all. A statue may be dignified; but the absence of a statue is always dignified. For my part, I feel there is something national, something wholesomely symbolic, in the fact that there is no statue of Shakspere. There is, of course, one in Leicester Square; but the very place where it stands shows that it was put up by a foreigner for foreigners.

  There is surely something modest and manly about not attempting to express our greatest poet in the plastic arts in which we do not excel. We honour Shakspere as the Jews honour God--by not daring to make of him a graven image. Our sculpture, our statues, are good enough for bankers and philanthropists, who are our curse: not good enough for him, who is our benediction. Why should we celebrate the very art in which we triumph by the very art in which we fail?

  үргэлжлэл: http://www.readbookonline.net/readOnLine/20628/

  P.S. Хот газрын чимэг, хотол түмний баясал болох уран сайхан баримлыг хэлээгүй юм шүү... андуурч бүү ойлгоорой.

2011/05/11

Р. Акүтагава "Бэрсүүт жүрж"


   Акүтагава Рюноскэ "Бэрсүүт жүрж", 1919
   Орчуулга: Сүрэн

  Үүлтэй бүрхэг өвлийн үдэш байж билээ. Би Ёкосүка–Токио чиглэлийн галт тэрэгний хоёрдугаар зэргийн вагоны буланд суугаад галт тэрэг хөдлөх шүгэл дуугарахыг бодолдоо автан хүлээж байлаа. Гэрэл аль хэдийнээ ассан вагон дотор ховор тохиолдлоор надаас өөр зорчигч үгүй. Цонхоор шагайж харвал бүдэг харанхуй буудал дээр үдэгсдийн бараа хэдийнээ тасарч, гагцхүү торонд орсон гөлөг үе үе хуцах гунигтай дуу сонсогдоно. Энэ бүхэн тэр үеийн миний сэтгэлтэй сонин гэмээр нийцэж байв. Миний ухаан сүүдэртэж, хэлэхийн аргагүй их ядарснаас цас орох үүлтэй тэнгэр мэт бараан байлаа. Би пальтоныхоо халаасанд хоёр гараа лав хийсэн чигтээ тэнд байгаа оройн сонин гаргаж гарчиглах дур ч хүрэхгүй сууж байв.

  Тэгтэл арайхийж галт тэрэг хөдлөх шүгэл дуугарлаа. Би сэтгэл жаахан тайвшрахыг мэдрэн толгойгоороо цонх налж нүдний өмнөх галт тэрэгний буудал бага багаар ухарч эхлэхийг хүлээв. Гэтэл гэнэт хиёри гэтаны(*1) чих дэнслэм тачигнах дуу гарч, буудлын орох хаалтын зүгээс сонсогдов уу гэтэл төдөлгүй кондукторын зандран загнах дуутай хамт миний сууж байсан вагоны үүд сав хийтэл нээгдэж арван гурав, дөрөв насны жаахан охин ганцаараа, санд мэнд дотогш орж ирэв. Түүний орж ирэхтэй зэрэгцэн галт тэрэг нэг том татганаж дайвснаа аажмаар хөдөлж эхлэв. Нэг нэгээр тасран холдох буудлын шонгийн мод, хэний ч юм бэ мартаж хаясан аятай усан тэрэг, вагон доторх хэн нэгэнд ёсолж мөргөх буудлын зөөгч – энэ бүхэн цонх өөд тургих утаа манан дунд хагацаж буйдаа харуусах янзтай арагш ухран ард үлдэв. Би арайхийж санаа амран ороомог тамхиа асаангаа хүнд зовхио анх удаа өргөж өмнөө суусан охины царайг хальт харав.

  Харах байдлын л хөдөөний охин байв: тосны дусал ч үгүй(*2) үсээ итэхүгаэши(*3) засалтаар хойноо шууж боосон агаад сорви нь цоохортож, нар салхинд хагарч сэтэрсэн хоёр хацар нь дотор эвгүйрэм минчийн улайна. Түүгээр барахгүй шар ногоон өнгийн элэгдсэн ноосон ороолт өврөөрөө унжуулж өвдгөн дээрээ том боодол тавьжээ. Боодол тэврэх хөлдөж хавдсан гар нь гуравдугаар зэргийн вагоны билет хичээнгүйлэн атгасан харагдана. Надад энэ охины болхи эршүүд царай нь таалагдсангүй. Бас түүний хиртэй хувцас хунар ч муухай санагдав. Ядаж байхад хоёрдугаар болон гуравдугаар зэргийн вагоны ялгаа ч ойлгохгүй тэнэг бүдүүлэг нь уур хүргэм. Тиймээс би ороомог тамхиа асаагаад, нэгд энэ охин энд сууж буйг мартах үүднээс халааснаасаа оройн сонин гаргаад өвдгөн дээрээ дэлгэв. Сонины хуудсанд тусах гадны гэрэл гэнэт дан цахилгаан чийдэнгийн гэрэл болон хувирахад муухан хэвлэгдсэн хэдэн нийтлэлийн гарчиг нүдний өмнө үсэрч гарах мэт тодров. Галт тэрэг Ёкосүкагийн олон тоннелийн эхнийх рүү орсныг ийнхүү хэлүүлэлтгүй мэдэв.

  Гэхдээ цахилгаан чийдэнгийн гэрэлд оройн сонины хуудсыг эргүүлж тойруулж гарчиглавч миний уй дарамтыг үргээх юм олдсонгүй – орчлон өдрөөс өдөрт улиг болсон үйл явдлаар дүүрэн ажээ. Найрамдлын гэрээ байгуулах асуудал, шинээр гэрлэгсэд, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг, нас барагсдын жагсаалт... Тоннельд орсон даруйдаа галт тэрэг явах чиглэлээ эсрэгээр эргүүлсэн мэт сонин сэтгэгдэл төрж, би нэг уйтай нийтлэлээс нөгөө уйтгартай нийтлэл рүү хараагаа шууд шилжүүлэн байлаа. Гэхдээ тэгэх зуураа энэ охин - бараан саарал амьдралын хүний бие дэх төлөөлөгч гэлтэй царайтай урд сууж буйг санаанаасаа гаргаж чадаагүй юм. Тоннельд орсон энэ вагон, хөдөөний энэ охин мөн хэнд ч хэрэггүй шалдир балдир нийтлэлээр дүүрэн энэ оройн сонин – бүгд бэлээхэн тэмдэг биш гэж үү? Үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралын илрэл биш бол юу гэж? Дургүй хүрч, бүх юм утгагүй санагдаж би уншиж эхэлсэн сониноо чулуудаж хаяад дахиад толгойгоороо цонх налж үхдэл мэт нүдээ анин зүүрмэглэж эхлэв.

  Түүнээс хойш удаагүй болов уу. Гэнэт нэг юманд эрдэсхийн сэрж эргэн тойрноо ажваас өмнө сууж байсан охин хэзээ амжсан юм миний хажууд шилжин суугаад хамаг хүчээрээ цонх онгойлгох гээд үзэж буй. Гэвч хүнд шилэн цонх санасных нь дагуу онгойхгүй байгаа бололтой. Түүний хагарч сэтэрсэн хацар нь улам улайж, үе үе хамрын нусаа сорох чимээ нь амьсгаа давхцах бяцхан дуутай хамт чихэнд сонсогдоно. Энэ бүхэн надад ч гэсэн өрөвдөх сэтгэл төрүүлсэн нь үнэн. Гэвч яг одоо галт тэрэг дараагийн тоннель руу орох гэж байгааг хатсан шаргал өвс үдшийн бүрийд гэрэлтэх хоёр талын уулын гүвээ цонх уруу ойртон дөхөж буйгаас шууд ойлгож болох. Гэтэл охин хаасан цонхыг зориуд буулгах гэж байгаагийн учрыг би ойлгосонгүй. Эсрэгээр, энэ муу охин дураар аашилж байна гэхээс ондоо шалтгаан бодож олсонгүй. Тиймээс урьдынх шигээ хахир сэтгэлээр хандаж, хөлдсөн гар нь шилэн цонх онгойлгох гэж хамаг хүчээр ноцолдож буйг үүрд үл бүтээсэй хэмээн хүсэх мэт хүйтэн харцаар харж байлаа. Удсан ч үгүй галт тэрэг нүсэр чимээ гарган тоннель руу орохтой зэрэгцэн охины онгойлгох гэж байсан шилэн цонх пад хийтэл доош буув. Тэр даруй дөрвөлжин нүхнээс хайлуулсан нүүрс мэт хар агаар амьсгаа боох утаа болон хувирсаар дотогш хүчтэй түрэн орж ирэв. Угаас хоолойн өвчтэйг хэлэх үү, халаасны алчуураар нүүрээ таглах завдалгүй энэ их утаанд автсан болохоор би бараг амьсгаа авах завсаргүй тасралтгүй ханиалгав. Гэвч охин намайг онцын тоосон шинжгүй толгойгоо цонхоор гарган шанааныхаа үсийг салхинд хийсгэн галт тэрэгний явах зүг ширтэх ажээ. Охины энэ дүрийг утаа тортог болон вагоны гэрэлд хараад, цонхны гадаах аажмаар цайж тэндээс газрын үнэр, хатсан өвс ногооны үнэр мөн усны үнэр хүйтэн агаартай цуг урсан орж ирээгүйсэн бол, би нэлээд хугацаанд ханиалгасандаа энэ танихгүй охиныг толгой түрийгүй загнаад буцаагаад цонх хаалгаснаас гарцаагүй.

  Гэвч галт тэрэг тэр үед тоннелээс алгуурхан гулсан гарч шаргал өвсөн бүрхүүлтэй хоёр уулын хооронд хавчигдсан нэгэн ядуу хотхоны захын төмөр замын гарам өнгөрч байв. Гармын ойр хавьд өнгө үзэмж муутай сүрлэн болоод шавар дээврүүд зай булаалдах мэт бие биедээ наалдсан харагдана. Бас өртөөчин дэвж буй бололтой цагаавтар дарцаг үдшийн тэнгэрт шарлан дэрвэнэ. Арай хийж тоннелээс гарав гэж бодсон тэр мөчид би зэлүүд гармын цаана улаан хацартай гурван банди зэрэгцэн зогсч буйг олж харав. Бүгдээрээ энэ үүлтэй бүрхэг тэнгэрт даруулсан мэт жигд нуруу намхан. Мөн энэ хотын бараан саарал төрхтэй адил өнгийн хувцас өмссөн ажээ. Тэд толгой гэдийлгэн өнгөрч буй галт тэргийг харж байснаа гэнэт гар даллан хоолой хайрлалгүй өндөр нарийн дуугаар үл ойлгогдох зүйл хамаг чадлаараа хашгиралдав. Яг тэр мөчид билээ. Цонхоор биеэ хагас гаргасан нөгөө охин хөлдсөн гараа сунгаж баруун, зүүн рүү даллав уу гэтэл гэнэт нарлаг өдрийн шим дулаан шингэсэн сэтгэл баясам өнгийн тав зургаан бэрсүүт жүрж галт тэрэг үдэх хүүхдүүдийн дээрээс тал тал тийш таран тэнгэрээс буув. Би өөрийн эрхгүй амьсгаа хурааж нэг дор бүгдийг ойлгов. Энэ охин, бодвол гэрээсээ хол ажил хийж аав ээждээ нэмэр болох гэж буй энэ охин өвөртөө хийсэн бэрсүүт жүржээр өөрийг нь үдэж хотын зах, төмөр замын гарамд ирсэн дүү нараа баярлуулъя гэж бодсон ажээ.

  Үдшийн гэрэлд уусах төмөр замын гарам, бяцхан ангаахайнууд жиргэх шиг хоолой чангалах гурван хөвгүүн мөн тэдний дээрээс буусан бэрсүүт жүржийн улаан шар нарны туяа – энэ бүхэн цонхны цаана нүд ирмэх зуур болоод өнгөрөв. Гэвч сэтгэлд минь өр өвтгөм тодоор зурагдан үлджээ. Тэгэхэд үл ойлгогдох дулаанаар сэтгэл дүүрч дэлгэр болсныг мэдэрсэн юм. Би толгой өргөн тэс ондоо хүн мэт өмнөө харж буй охиныг сайтар ажиглав. Охин миний эсрэг суудалд буцаж суугаад өмнөх шигээ хагарч сэтэрсэн хацраа шар ногоон өнгийн ороолтондоо нааж том баадан тэврэх гартаа гуравдугаар зэргийн суудлын билет чанга атган сууна.
  
  Би энэ үед анх удаа хэлэхийн аргагүй ядарснаа, мөн үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралыг хэсэг хугацаанд ч атугай мартаж билээ.

Тайшёо 8 оны 4 сар (1919 оны 4 сар)

-------------------------------------------------------------------------

 *1 гэта – япон модон шаахай; хиёри гэта – ихэвчлэн бороогүй нартай өдөр өмсөх богино ултай гэта.
 *2 тэр үед эмэгтэйчүүд үсээ улажлалт маягаар засахдаа тосолдог байв.
 *3 銀杏返しитэхүгаэши (ичёогаэши) – эдогийн сүүл үеэс эхлэн мэйжи, тайшогийн үед дэлгэрсэн эмэгтэй хүний үсний засалтын нэг хэлбэр

 * япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/98_15272.html