Гурван итгэгч тосгоны захад байх цаазын газар руу явахдаа ч айж эмээсэн дүр төрх үзүүлсэнгүй. Цаазын газар нь оршуулгын газартай нийлсэн чулуурхаг зэлүүд газар ажээ. Тэнд очингуут хийсэн хэрэг, ялыг нь нэг нэгээр нь уншиж зарлаад тэднийг дөрвөн өнцөгт бүдүүн баганад хүлж ороов. Дараа нь баруун талд Жёан Осүми, дунд нь Жёан Магошичи, зүүн талд Мария Огин гэсэн дарааллаар цаазын газрын голд гурван багана босгож байрлуулав. Өдөр өнжилгүй тамлуулсан Осүми ихэд өтөлж хөгширсөн харагдана. Магошичигийн сахал нь ургаж нүүр нь цонхийн цайж судсаар цус урсч байгаагийн шинж үгүй. Харин Огин... Огин нөгөө хоёртой харьцуулахад онц өөрчлөгдөөгүй мэт. Хэдий тийм ч гал өрдөхөөр овоолсон нарийн гишүү мод гишгэн зогсох гурван итгэгчийн царай хэвийн агаад тайван ажээ.
Цаазын тавцанг хэдийнээс хэрэгт дурласан хүмүүс тойрон бүчжээ. Тэдний цаана, оршуулгын газрын тав зургаан нарс мод өргөн урт мөчрөө лавир мэт дэлгэн ургасан нь харагдана.
Цаазын бэлтгэл дуусангуут тамгын газрын ажилтан тун ёсорхуу байдлаар гурван итгэгчийн өмнө очоод “Ертөнцийн эзэний сургаалиас татгалзах аваас өршөөн соёрхох тул дахин бодож тунгаагтун, татгалзлаа гэсэн ганц үг гаргахад олс хүлээсийг тань даруй тайлж суллана” хэмээн зарлав. Гэвч хэн нь ч үг дуугарсангүй. Гурвуулаа тэртээ холын тэнгэр өөд ширтэх агаад уруул нь үл ялиг инээмсэглэл тодруулна.
Тамгын газрын ажилтнууд байтугай мөнөөх хэрэгт дурлагсад хүртэл хэсэг хугацаанд чив чимээгүй болцгоов. Тоо тоомшгүй олон нүд тэр гурвыг чавчилгүй ширтэнэ. Гэвч хүмүүс өрөвдөж зовсондоо дуугаа хураасан биш санж. Дэл сул үзэгчид гал дүрэлзэхийг амьсгаа даран хүлээж, харуул хамгаалагчид цаазын бэлтгэл, дэг журмаас залхаад ярих дур ч хүрэхгүй зогсоно.
Гэнэт аниргүйнд дунд хэн нэгэн "Би их эзний сургаалаас татгалзахаар шийдлээ" хэмээн тодоос тод хэлэхэд цугласан олон сортосхийв. Үүнийг Огин хэлсэн ажээ. Тэр даруй хүмүүс шуугиж эхэлсэн боловч Магошичи гунигтайгаар Огин руу харж тамирдсан дорой дуугаар ярьж эхлэхэд дахин чимээгүй болцгоов.
- Огин! Чөтгөр шулам чамайг хууран мэхэлсэн байна! Хормын төдий тэсвэрлэхэд чи Ертөнцийн эзний гэгээн дүрийг харах болно! - Магошичи үгээ хэлж дуусаагүй байтал Осүми ч гэсэн
- Огин! Огин! Чөтгөр чамайг эзэмдсэн байна. Залбир! Залбир, миний охин гэж хамаг хүчээ шавхан хэлэв.
Гэвч Огин хариулсангүй. Гагцхүү нүд нь тэртээ дээр лавир мэт навч нахиагаа дэлгэсэн нарс модыг ширтэнэ. Энэ хооронд харуулуудын нэг нь Огины олс хүлээсийг тайлж суллахад Жёан Магошичи цөхөрсөн аястай нүдээ анин “Бүхнийг мэдэгч бурхан тандаа бүгдийг даатгая” хэмээн амандаа бувтнан залбирав. Олс хүлээснээсээ суллагдаад Огин хэсэгтээ алмайран уруу харж зогсох авч Магошичи, Осүми хоёрыг харангуутаа сөхрөн унаж юу ч хэлэлгүй уйлж эхлэв. Даанч Магошичи нүдээ анисан хэвээрээ. Осүми ч гэсэн эсрэг тийш ширтээд Огины зүг үл харахыг хичээнэ.
“Эцэг эх минь намайгаа өршөөгээрэй” - Огин арай гэж ярьж эхлэв. “Би ариун сургаалиас татгалзлаа. Яагаад гэвэл... тээр цаана лавир мэт мөчир навчаа дэлгэсэн нарс моддын оройг хараад санаандгүй нэгийг бодсон юм. Оршуулгын газар, тэр нарс моддын доор нойрсох эцэг эх минь Ертөнцийн эзэний сургаалийг мэдэлгүй өнгөрсөн, тиймээс өдийд инфэрүнод (*1) байгаа нь гарцаагүй. Гэтэл би яахин ганцаар парайсод (*2 ) очиж чадах билээ. Би ч гэсэн эцэг эхийнхээ араас тамын ёроол уруу явъя даа. Аав минь, ээж минь, Зэсүсү-сама(*3), эх Мария дээр очиж золгоорой. Эзэний сургаалийг хөсөрдүүлсэн би харин амьд явж үл чадна....”
Сэтгэл нь үймсэн Огин үгээ зөөн байж ийн өгүүлээд эгштэл уйлахад Жёан Осүмигийн нулимс ч аягандаа багталгүй мэлтэлзэж хөлөн доорх гишүү дээр дуслав. Диваажинд очихын наана ингэж уйлж гуних мэдээжийн хэрэг итгэгч хүний хувьд зүй ёсны хэрэг бус. Жёан Магошичи эхнэрээ гаслантайгаар хараад царгиа өндөр дуугаар зандарч загнав:
- “Чи ч гэсэн чөтгөр шуламсанд автаа юу? Ертөнцийн эзэний сургаалийг хөсөрдүүлмээр байвал дураараа бол. Би ганцаар шатаж үхэхээ та нарт харуулая!”
- “Үгүй, би тантай хамт үхнэ! Гэхдээ... гэхдээ би...” – Осүми нулимсаа залгиад үгээ гүйцээв – “гэхдээ диваажинд очихыг хүссэндээ үл тэгнэм. Би...би зөвхөн тантай... хаа ч явсан тантай хамт байхыг л хүснэ”.
Магошичи удаан дуугаа хураав. Нүүр нь нэг хувхай цайж нэг хүрлийн бараантана. Духны нь хөлс хурсан харагдана. Магошичи сэтгэлийнхээ нүдээр өөрийнхөө анимаг (*4) харж байлаа. Сүнсийнх нь төлөө тэмцэлдэж буй тэнгэрийн элч чөтгөр хоёрыг тодоос тод харан зогсоно. Яг энэ мөчид хөлнийх нь доор уйлж хэвтсэн Огин өдөө хараагүйсэн бол... Даанч оройтжээ, Огин өөдөө харан нулимс дүүрэн нүднээсээ гэрэл цацруулан Магошичиг ширтэнэ. Нүднийх нь гэрэл зөвхөн гэнэн хонгор охины хиргүй тунгалаг сэтгэлийн гэрэл биш байлаа. “Хөөгдсөн Эвагийн охин” – бүх хүний сэтгэл зүрх хоёр нүдэнд нь гэрэлтэх ажээ.
- Аав минь! Тамд очъё. Ээж, би, нөгөө ээж, нөгөө аав – бид бүгдийг чөтгөр аван яваг.
Ийнхүү Магошичи ялагдав.
Манай орны итгэл үнэмшлийнхээ төлөө үхэх ял хүлээсэн хүмүүсийн тухай олон олон яриан дундаас үүнийг хамгийн гутамшигт түүх гэж хойч үедээ ярьж сургаж иржээ. Гурвын гурвуулаа ариун номлолоосоо татгалзахад үзэхээр ирсэн бүх хүмүүс хөгшин залуу, эрэгтэй эмэгтэйгүй бүгдээрээ тэднийг жигшин зэвүүцсэн гэдэг. Гэхдээ тэд шатах гал үзэгүйдээ тэгсэн байж мэдэх юм. Ямартаа ч чөтгөр тэр үед хагартлаа баярлаж, баярласандаа аварга том ном болон хувираад цаазын газраар шөнөжингөө ниссэн гэлцэнэ. Гэвч чөтгөр тэгэж их баярлахуйц амжилт гаргасан гэдэгт зохиолч би бээр ихээхэн эргэлзэнэ.
Засч залруулж санаа оноогоо харамгүй хайрласан Батхуяг андад special thanks !
------------------------------------------------------------------------
*1 inferno - там
*2 paradise - диваажин
*3 Зэсүсү-сама - Иисус Христос
*4 анима - сүнс
・япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/116_15168.html
・англи орчуулга: http://www.kanjipress.com/ra_ogin.php
・орос орчуулга: http://www.gramotey.com/books/37824515.htm
2009/12/31
Акүтагава Рюүноскэ, Огин (төгсгөл)
2009/12/30
2009/12/15
Нүдэнд тань хүүхэд... эсвэл хүүхэн
Алдарт Далийн орос хэлний тайлбар толиноос харвал: «Зрачок, зорочок, зеница, зенко, глядельце, зеркальце, человечек в глазу, круглая прорешка среди радужной перепонки» гэж байна. Орчин үед "зрачок" гэх боловч Далийн толинд "человечек в глазу" буюу "нүдэн дэх бяцхан хүн" гэсэн үг байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Яагаад гэвэл... яахав дээ, зүгээр л сонин учраас. Anyway, яриагаа цааш үргэлжлүүлбэл маш олон хэлэнд хүүхэн харааг "хүүхэд", "бяцхан хүн" гэсэн үгээр хэлдэг юм байна:
англи: pupil - сурагч, хүүхэд, хүүхэн хараа
таджик: mardumak - бяцхан хүн, одой хүн, хүүхэн хараа
санскрит: kanīnaká - эрэгтэй хүүхэд, kanīnaka – хүүхэн хараа (энэ хоёр үгний зөвхөн өргөлт нь өөр)
лезгин хэл (Дагестан): нини - хүүхэлдэй, вилин нини - хүүхэн хараа
караим хэл: бэбэк - хүүхэлдэй, бэбэй - хүүхэн хараа
япон: 瞳 гэсэн ханз "нүд" + "хүүхэд" гэсэн хоёр ханзнаас бүрдэнэ
Бас нэг сонирхолтой ажиглалт гэвэл нэлээд олон хэлэнд хүүхэн харааг "охин", "бүсгүй" гэсэн утгатай үгээр илэрхийлдэг юм байна:
эртний грек: κόρη – бүсгүй, хүүхэн хараа
латин: pupa – охин, хүүхэлдэй, pupilla - өнчин охин, хүүхэн хараа
итали хэлний pupilla гэдэг үг дээрх латин үгнээс гаралтай бөгөөд ижил утгатай (англи хэлний pupil ч гэсэн энэ үгнээс гаралтай)
португаль: menina – охин, menina do olhos – хүүхэн хараа
испани хэл: niña – охин, niña del ojo – хүүхэн хараа
Ингэхэд европ ямар ертөнцийн төв биш, уул далайг алхасвал:
сарыколь хэл (иран хэлний бүлэг; Шинжаан Уйгуур болон хил залгаа Пакистаны нутаг): γoc – бүсгүй, хүүхэн хараа
вах хэл (Памир хэлний бүлэг): rərčodə'k – охин, хүүхэн хараа
брахуи хэл (дравид хэлний бүлэг; Пакистан, Афганистан болон Ираны хил залгаа уулархаг нутаг): dutk – охин, хүүхэн хараа
малаялам (дравид хэлний бүлэг, Энэтхэгийн өмнөд хэсэг): kuṭṭi – хүүхэд, охин хүүхэд, зулзага, хүүхэн хараа
За ер нь хол яваад хэрэггүй, монгол хэлэнд юу гэдэг билээ... Орос тольноос олж харсан "человечек в глазу", монгол хэлний "хүүхэн хараа" сонин санагдаад энэ бүхнийг уул нь судалсан юм шдээ. Гэхдээ миний судлах гэж юу байхав, хэл шинжлэлийн мэдлэг ноль, чаддаг ганц эрдэм нь гүүгэлдэх. Тиймээс дээр бичсэн бүхнийг миний судалгаа гэж андууруузай, эндүүрүүзэй. Жинхэнэ сураад судлаад, шинжлээд бичээд нийтэлсэн хүн нь энд байна:
http://privetkavkaz.0bb.ru/viewtopic.php?id=1159
Гол нь яагаад ийм олон хэлэнд "бяцхан хүн", "хүүхэд", "охин" , "хүүхэн" гэх үгээр хэлдэг юм болааааа гэж баахан бодов. "Хүүхэд" болон "бяцхан" гэж хэлдгийн учир тун энгийн байж магад. Хүний өөдөөс харж суухад хүүхэн хараанд нь өөрийн тань бяцхан дүр тусч харагддаг даа... тэгээд л тэр байх. Simple ! Дээрх нийтлэлийг бичсэн хүн ч тэгж боддог юм байна. Yes !
Харин яагаад охин болон бүсгүй гэсэн утгатай үгээр хэлдэг юм бол... бүсгүйчүүл ертөнцийг аврах хамгаас сайхан, хөөрхөн, хиргүй тунгалаг нүдтэй учраас ?? гэж бодоод өнөөдрийн тэмдэглэл биччихлээ. Ямар азаар хүүхэн болж төрсим... hehe
2009/12/11
41 чулуу...
Хэдэн сайн эр азрага адуу хулгайлж Алтайн уулсыг давуулан хөөж гэнэ. Мэдээжийн хэрэг араас нь дутуугүй сайн эрс алдсан адуугаа буцаахаар мордсон гэнэ. Үйл явдал монголын баруун хязгаар, сүрлэг сайхан Алтайн уулсад өрнөх тул аль аль тал 41 чулуу татдаг хүн дагуулж явсан гэнэ.
Морьдынхоо хойноос давхисан хүмүүсийн мэргэч замдаа бууж 41 чулуу татаад "За бид ч гүйцэхээсээ өнгөрсөн байна. Жин үдийн нар зулай төөнөж байна, энд хэсэг зуур амраад харья. Буухдаа харин бүгдээрээ эмээлээ буруу харуулж тохоорой" гэхэд бүгд үг дуугуй мориноосоо бууж хэлсэн ёсоор гүйцэтгэсэн гэнэ. Жаал амарсаны дараа мэргэч дахиж 41 чулуу татсанаа "Бушуулаарай, эмээлээ зөв тохоод хамаг хурдаараа давхицгаа, одоо бид яг дээрээс нь бууна" гэхэд үнэхээр амарч байсан хулгайч нарын яг дээрээс нь буусан гэдэг.
Учрыг тайлбал, зугтааж явсан хулгайч нарын мэргэч 41 чулуу татаад "Нэхэл дагуул тун ойрхон ирсэн байж, гэхдээ азын тэнгэр биднийг ивээж амжихгүй нь гээд тэд буцчихлаа" гэсэн байж. Тийнхүү хулгайч нар Алтай давахаасаа наана жаахан амрах санаатай гал түлж цай чанаж байгаад баригдсан гэдэг.
Зарим үед эрийн сайн, хүлгийн хурд биш 41 чулуу татах хүний ухаан заль бүгдийг шийдэнэ гэж. Далийхад өнөө үед гар утас, мес мэйлээр хэн хэзээ ирэхийг хэн нэгнээс асуултгүй мэдчихдэг нь та бидний аз ч юм шиг, хааяа гэхдээ үгүй ч юм шиг...
2009/12/08
Хорин мутрын сар 3 (төгсгөл)
- Эмчээ гэж Лагэрссон түдгэлзсэн аястай дуудав.
- Сонсч байна, ахмадаа.
- Эмчээ... гэснээ Лагэрссон дахин эргэлзэж чичирсэн гараара эрүүгээ үрэв. Эмчээ, хүний гар хэр хүнд вэ?
Санаандгүй асуултанд Паульсен цочирдож
- Янз бүр. Дунджаар гурав дөрвөн хил гэж аярхан хариулав.
- Эмч ээ, бидэнд таны туслалцаа хэрэг болох нь гэж Лагэрссоныг сонин царайтай жуумалзан хэлэхэд Паульсен эмч юу ч хэлэлгүй аврал эрсэн харцаар бусдыгаа харав.
- Эмч ээ, та хорин гар тайрч чадах уу?
Паульсэн ууртайгаар мөрөө хавчив.
- Та хорин гар тайрч чадах уу?
- Мэдээж чадна. Гэхдээ би нэжгээд байтугай нэг ч гар тайрахгүй!
- Миний тушаалаар тайрах болно!
Лагэрссон чанга дуугарч туяат буугаа гаргахад Паульсэн эмч өөрийн эрхгүй нэг алхам ухарч зогсов.
- Би эмч хүн! Та надад тийм тушаал буулгах эрхгүй! Үгүй гэж танд давтаж хэлье!
- Паульсен, та намайг ойлго л доо – Лагерссон гуйж аргадсан дуугаар хэлэв. Бодоод бодоод бодын шийр дөрөв. Би хасч болох 64 хил оллоо. Таны үүрэг бол үүнийг биелүүлэх. Хэрэв та татгалзвал... би хүч хэрэглэхээс өөр аргагүй болно.
- Бурхан минь, та чинь араатан адгуус юм уу аль эсвэл алдар нэр хөөсөн арчаагүй амьтан юм уу? гэж Паульсэн уулга алдав. Харихад дэлхийн хүмүс өөрт чинь хөшөө барьж баярлана гэж мөрөөдөө юу? Мөрөөдөл чинь тэндээ хэвтэнэ, ийм юмны төлөө мөрдлөг үүсгэдэг юм!
- Боллоо! гэж Лагэрссон эмчийн яриаг таслахад Фултон, Алексей, Ирина нар ахмад уруу дөхөх гэсэн боловч Лагэрссон өрсөн
- Байрандаа! гэж тушаав.
- Та нар сонсч байна уу ? Ахмад галзуурчихаж – бидний гарыг тайрах гэж байна!
Паульсэн эмчийн үгэнд Иринагийн царай нь цайж өөрийн мэдэлгүй Алексейг түшив.
- Хүмүүс ээ сонс доо...
Лагэрссоны дуунаас ядарч туйлдсан нь илт байлаа.
- Сонс доо найзууд аа... үнэхээр би эрүүл ухаанаар сэтгэхээ больсон байж мэднэ. Эсвэл эмчийн хэлснээр хямд алдар эрсэн ч байж магад.. аль эсвэл өөрөө өөртөө гай уршиг тарьж байж магад. Гэхдээ энэ бүхэн дэмий хоосон яриа бөгөөд энэ хооронд бид үнэт цагаа л алдаж байна. “Ибист” ямарваа нэгэн аюул учирахгүйг ойлгох хэрэгтэй. Та нарын амь насанд ч мөн адил. Жирийн хорин хоногийн хожигдол байсан бол асуудлыг шийдэхэд амархан. Жаахан дасгал хийж жаал хоолоо сойход бид Титанаас хөөрөх байсан. Гэхдээ нэг өдөр байтугай нэг хором ч алдаж болохгүйг та нар хэлүүлэлтгүй мэдэж байгаа, сая сая хүний амь нас дэнсэн дээр байна шүү дээ... Та бүхнээс хэмжээлшгүй их золиос шаардаж буйгаа би мэдэж байна. Ахмадын хувьд намайг өөрийгөө золиослох ёстой гэж бодох хүн ч байж магад, гэхдээ тэр бол шудрага биш гээд Лагэрссон хэсэгтээ дуугаа хурааснаа
- Би та нарт хагас цагийн хугацаа өгье. Би нэлээд бодож бор толгойгоо гашилгасан, одоо та нарын ээлж. Ганц гар хайран байвал хагас цагийн дотор 64 хилээс салах ондоо арга олцгоо. Эс олдвоос бид бүгд гараа тайруулна гэж нэмж нухацтай хэлээд яриагаа дуусгав.
Лагэрссон хүйтэн хөлсөө арчаад сульдан сөгдөв. Зовхи хүнд оргин нүд нь анилдаж хараа нь манан татуулсан мэт бүрхэг болоход халуурч байна уу даа гэж бодов. Фултон мэдээлэх самбарыг налан хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсоно. Паульсен эмч амандаа юм бувтнаад булангаас булан уруу унан тусах аядан явна. Харин Ирина Алексей хоёр бие биедээ наалдан чив чимээгүй зогсоно.
- Та хэд юу бодож байгааг би мэднэ гээд Лагэрссон дахин ярьж эхлэв. Хэн нэгэн уур хилэндээ над уруу дайрахад би буудахаас өөр аргагүй. Тэгвэл бүх асуудал аяндаа шийдэгдэнэ... Даанч ганц гараа золиослоход гацах хүмүүс яалаа гэж алтан амиа тийм амраар алдах гэж. Үгүй дээ нөхөд өө, энэ удаа бид бүгдээрээ хувь хувиа хүртэх болно.
- Фултон... Лагэрссон найзыгаа сул дуугаар дуудав. Чи сайн дураараа, гав ганцаараа энэ хараал идсэн Титан дээр үлдэж үхэж чадах уу?
2-р нисэгч дуугай хөмсгөө зангидахад
- Чадах уу, Фултон? гэж Лагэрссон дахин шалгаав.
- Мэдэхгүй дээ, Арне... Үгүй байхаа.
- Тэгвэл яагаад та нар буруутгаж зэмлэсэн харцаар намайг цоолох шахан цоо ширтэнэ вэ... Бид хорхой шавьжнаас долоон доор, хулчгар хуурмаг хүмүүс юм даа.
Нүдээ анихад Лагэрссонд ар араасаа аймшигт дүр зураг харагдана. Өвчтнөөр дүүрсэн эмнэлэгүүд, ор дэр хүрэлцэхгүй эмнэлгийн үүд коридорт хэвтэх хүмүүс. Арга чарга байхгүйдээ арчаагүй доройгоо харааж зүхэх эмч нар. Хүний хүүр зөөсөн үй олон цуваа. Хайлуур(*) зуухнаас гарах үнэр утаа... аажмаар утаат үүл болон хувирснаар устаж үгүй болох хүн төрөлхтөн.
Лагэрссон хронометр цагаа харж
- За, цаг дууслаа гэхэд зовнилт нам гүм бүгдийг дарж гуниг цөхрөл хөлгийг бүрхэх шиг болов.
- Мэдлээ гээд Паульсен эмч түрүүлж дуугарав. Бид бишгүйдээ л нэг нэгнийгээ доромжилж долоон үг хаялцлаа. Одоо харин ажилдаа орцгооё. Надад шархны боолт, нэлээд олон боолт хэрэгтэй. Мөн гаргаж хаясан эм, эмийн хэрэгсэл бүгд хэрэг болно. Бас нэг туслах хэрэгтэй гэхэд тэр даруй хэзээ ч юм анагаах ухааны сургуульд сурч байсан гэх Жоог дуудав. Жоо харин ганцаар биш үргэлж хамт явах үй зайгүй найз Боб Аржитайгаа ирэв.
- Жоо, судсанд тариа хийж чадах уу?
- Хийж байсан, эмч ээ.
- Боб чи гадагш гарах өмсгөлөө өмс. Хөлгийн гадаа хаясан юмнуудын дотор хоёр гурван хайрцаг ороолт боолт байгаа, тэднийг олоод ир. Эмчээс өөр бас юу хэрэгтэйг асуу – Лагэрссонг ийнхүү тушаахад Боб мэгдсэн байдалтай ахмадаа харж хэсэг зогсов. Хөлгөөс гарангуут үүд хаалга тас хаагдаж энэ мөсөн цөлд гав ганцаар үлдэх мэт санагдах тул өөрийн эрхгүй айдас хүрнэ. Лагэрссон ч Бобын байдлыг ойлгосон бололтой. Гэвч тушаал бол тушаал гээд дахин давтах гэтэл хажууд байсан Фултон “би яваад ирье” гэлээ. Лагэрссоны магнай тэнийв.
- Фултон, чи надтай санал нийлж байна уу?
- Хэзээд нийлдэг шдээ, Арнэ.
Лагэрссоны цээжинд хурсан хар зангилаа алга болж гүнзгий амьсгаа авав. Бодол санаа нь цэлмэж, судсаар гүйх цусны эргэлт хурдасч бие болон сэтгэл санаа нь сэргээд ирэх шиг болов. Тэрээр нааш цааш алхан хэзээний шийдэмгий зангаараа тушаал буулгаж, гүйцэтгэл шалгаж нэмэлт шаардлага тавиж эхлэв.
Фултон ороолт боолт болон бас бус эмчийн захисан юмтай буцаж ирэхэд Лагэрссон бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдлагын танхимд цуглахыг тушаалаа. Хэлэх үг нь товч бөгөөд тодорхой тул багийн гишүүд чив чимээгүй сонсч зарим нь гайхсандаа амандаа ус балгасан мэт зогсоно. Гэнэт чимээ аниргүйг Клифт Ивенсийн дуу таслав. Том эр атлаа Клифт айлын хүүхдийн хийсэн хэргийн төлөө шийтгүүлсэн бяцхан жаалхүүг шиг уйлж
- Яагаад, яагаад ксемедринээс хаяж болохгүй гэж? Ксемедринээ хаяад, эсвэл хорин хоног хүлээгээд нисье! гэв.
- Чи эхнэртэй юу ?
Лагэрссоны асуултанд Клифт зүгээр л толгой дохив.
- Хүүхдүүд бий юу?
- Хоёр хүүхэдтэй, ахмад аа.
- Тэгвэл Клифт, намайг ойлгохыг бод. Бид сарын өмнө дэлхийгээс ниссэн. Энэ хугацаанд эхнэр хүүхдүүд чинь өвдсөн бол яана?
Клифт дахин толгой дохин нус нулимсаа арчаад толгойгоо өндийлгөв. Гэвч зарим гишүүд илт дургүйцсэн янзтай ахмадыг харж хэн нэгэн дохио өгвөл дайрахад бэлэн гэсэн байдалтай нударга зангидан зогсоно. Энэ бүхэн ахмадын харцнаас мултарсангүй, тэрээр туяат буугаа гаргаж ирээд хана өөд чиглүүлэв.
Аяндаа аймшигт тушаал дуулсаны гайхаш болон айдас хүйдэс арилахад нисэгчдийн харцнаас уур хилэн алга болж царай нь хэвийн болов.
- Хамгийн эхэнд би орно гээд Лагэрссон намуун дуугаар ярьж эхлэв.
– Хамгийн сүүлд Фултон. Энэ бол та нарт үл итгэсэн хэрэг биш. Гэхдээ... илүү дутуу гарч болзошгүй зүйлээс сэргийлэх хэрэгтэй. Мэс засалын дараа миний бие тэрүүхэндээ өөдтэй байхгүй нь ойлгомжтой, тиймээс түр хугацаанд хөлгийн удирдлага Фултоны мэдэлд очно. Фултоны ээлж иртэл миний байдал дээрдэх байлгүй. Бусад 18 гишүүд ямар дараалалтай мэс засал хийхээ сугалаагаар шийдээрэй. Бас нэг зүйл анхааруулъя. Сүүлийн хүний гарыг тайрахаас өмнө хөлөг онгоц хөнгөрөөд хөөрөх боломжтой болж магад. Гэвч үүнд найдах хэрэггүй шүү. Бидний нэг биш, нэлээд хэд биш, бид бүгд гараа тайруулах тавилантай гэдгийг санарай. Гэхдээ, мэдээжийн хэрэг эмчээс бусад нь... Хорин гар гаргаж хаясны дараа л би хөөрөх товчлуур дарах болно. Туяат буугаа ч гэсэн хөөрсний дараа хаяна. За ийм байна даа.
Лагэрссон яриагаа дуусгаад багийнхаа гишүүдийг эргүүлж харахад Алексей, Ирина хоёр жаахан зайдуу бие биенийхээ гарыг атган зогсоно. Лагэрссон тэдэн дээр очин
- Ирина, надад үнэхээр харамсалтай байна. Алексей та хоёр... гэж эхэлснээ хэлэх үг олдохгүй гацахад Алексей юу ч хариулсангүй. Ирина ч гэсэн дуугүй зогсч хоюулаа гунигтай боловч тайван харцаар ахмадаа харна. Лагэрссон анх танилцаж буй мэт бүх нисэгчдийнхээ царайг сайтар харан цааш алхаад Паульсэн дээр очоод
- Эмч ээ, би бэлэн. Эхэлж болно гэв.
Багш Дэвидийг дуудаж уншиж дууссан уу гэж асуухад Дэвид ширээнээсээ босч нэг гартаа номоо барин самбарт гарав. Түүний хацар нь улайж нүд нь гэрэлтсэн харагдана.
- Яагаад Титаныг “Хорин мутрын сар” гэдгийг мэдэв үү?
- Мэдлээ, багшаа.
- Тэгэхээр Дэвид, "Ибисийн" тэр нислэгээс хойш дөрвөн зуун жил өнгөрсөн. Тэр үеээс хойш сансрын нисэгч болгон олон жил амь биеэ хайрлалгүй ажиллаж зүтгэсний эцэст "Хүрэн мутрын” одонгоор шагнуулахыг хамгийн нэр төртэй, эрхэм хэрэг гэж үздэг. Энэ бүхнийг ойлгов уу?
- Ойлголоо, багшаа. Харин... Паульсен эмч яасан бол?
- "Ибисийн" эмч үү... гээд Круппэн багш санаа алдав. Паульсэн эмч бас олон одонгоор шагнуулж олон түмний хүндлэл хүлээсэн юм. Харин дараа нь... зарим сурвалжид эмчийг ослоор нас барсан гэдэг, заримд нь амиа хорлосон гэдэг...
- Амиа хорлосон гэж үү?! Яагаад вэ, багшаа?
- Мэдэхгүй дээ, хүү минь. Тэр үед зөвхөн эмчийн гарыг тайрах хүн олдоогүй болоод тэгсэн болов уу... Дэвид харцаа бууруулахад Круппэн багш ярьж эхлэв. Тэрээр зах хязгааргүй үргэлжлэх сансар огторгуйн тухай, цэнхэр дэлхийн зовлон жаргалаас ангид мичид эрхсийн тухай, хэмжээлшгүй хол орших одон далайн гайхамшгийн тухай ярина. Дэвид байрандаа очиж суухад багш хичээлээ үргэлжлүүлсээр. Багшийн үл ялиг гуншаа дууг сурагчид ховсдуулсан мэт чагнан сонсоно.
Зөвхөн Дэвид л өөрийн бодолд автсан байлаа. Тэрээр маргааш гэрийнхээ даалгаврыг сайн хийж ирэх тухай бодно. Мөн одон орон судлалын хичээл дээр дахиж найзуудтайгаа ярьж үймүүлэхгүй гэж шийдэв. Гагцхүү өнөөдөр түүнд багшийнхаа яриаг сонсох ямар ч арга алга. Мэс засалч болох бодлоо өөрчилсөнийг мэдээд аав гуних байх даа гэж бодогдсон ч өнөөдрөөс эхлэн дэлхийн бөмбөрцөг түүнд дэндүү жаахан санагдана. Дэвид дээш харахад ангийн хананд өлгөөтэй огторгуйн зураг харааг нь булаав. Бодолдоо автан суухад аажмаар эргэн тойрны эд юмс холдон алга болж Дэвид ангидаа ганцаар үлдэх шиг болов. Тэрээр холын оддын шидэт гялбаанд илбэдүүлэн тэдний нааш ир гэж дуудан мяралзахыг харан сууна.
----------------------------------------------------------------------
* англиар crematorium, оросоор крематорий. 1967 оны Дамдинсүрэн, Лувсандэндэв гуайн толинд хайлуурь гэж орчуулсан байна. Өөр санал болгох үг байвал хэлж өгөөрэй.
Хорин мутрын сар 2 (үргэлжлэл)
Лагэрссон хөлөг онгоцны удирдлагын тавцан дээр гараад тэндээс өөрийнхөө өрөө рүү аажим алхав. Тэрээр ядарсандаа одоохон муужирч унах нь уу гэмээр болсоныгоо мэдэрч өөрийн эрхгүй "хөгширч байна даа, удахггүй дөч хүрнэ. Их нас шүү энэ ажилд” гэж бодов.
Лагерссон тамхиа асаангаа хөлгийн дугариг цонхоор гадагш харав. Эндээс Титан тэр чигтээ мөсөн бүрхүүлээр хучигдсан амьгүй тал мэт харагдана. Хөх мөсөн заагаас нарийхан улаан зураасаар ксемедрин ууршин гарч гаригийн давхрага дагуу үелзэн урсана. Лагэрссон нэг биш удаа Титан дээр ирж байв. Эхний удаа 2031 онд газрын зураг авахаар ирээд яг арван жилийн дараа ээлжит зураг авахаар хоёр дахиа ирсэн. Харин энэ удаад гурав дахиа бөгөөд эцсийн удаагаа ирсэн биш байгаа хэмээн айсхийж байлаа.
Хөлөг онгоцноос 300 метрийн зайнд орших мөсөн толгойн цаанаас сансрын нисэгчид гарч ирж харагдав. Тэд мөрөн дээрээ олон цаг зүдэртэл ажилласны эцэст цуглуулсан ксемедринтэй сав үүрээд сансрын нисэгчдийн том цагаан өмсгөлдээ түүртсэн аястай ар араасаа удаан алхана. Лагэрссон багийнхаа бүх залуучуудыг алхаагаар нь таниж байв. Бүгдийг нь биш л дээ – хөлөг дээр хэдэн “шинэков” байсан – гэхдээ өмнө нь хамт нисч байсан хэнийг ч гэсэн 1000 метрийн цаанаас алхаагаар нь андахгүй таних итгэлтэй байлаа.
Лагерсон бүр сульдсан байдалтай хажуулдав. 900 хил! Энэ 900 хилээс ангижрахаас өөр аргагүй. Гэхдээ Лагэрссон бодлоо төвлөрүүлж чадсангүй. Тэрээр хорвоо ертөнцийн хачин жам ёс, энэ удаагийн сонин өвчний тухай бодож байлаа. Бүх дэлхий урьд өмнө байгаагүй сонин өвчинд нэрвэгдэхэд анагааж эдгээх ганц аврал дэлхийгээс сая сая бээрийн цаана байна гэж бодохооор “хачин юм” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Гэхдээ хэн мэдэхэв, энэ бүхэнд өөрийн гэсэн логик болон зүй тогтол байгаа ч юм билүү...
Ксемедрин! Олон жилийн өмнө Титан дээр анхны газрын зураг авч байхад энд тэнд тааралдах улаан өнгийн уур хий хүн төрлөхтөнд аврал авчрана гэж хэн санахав? Бас ксемедринийг судалсан Гамбург хотын эмч! Тахлын эсрэг ийлдэс хийх гэж төрөл бүрийн бодис, эм бэлдмэл судалж байгаад тэрээр өвчний бактерийг зөвхөн ксемедринээр дарж болохыг санаандгүй олж нээсэн. Гэхдээ энэ бүхэн санаандгүй явдал байв уу, аль эсвэл цаана нь хүмүүст үл мэдэгдэх зүй тогтол байна уу?
Лагэрссон шар тахал жилийн өмнө, Крузиус болон Благович нарын төсөл цаасан дээрхи сайхан зураг төдий байхад дэгдсэн бол юу болох байсныг төсөөлж үзэхийг оролдов. Жирийн атомын энергээр ажиллах сансрын хөлөг Титан уруу бүтэн жил хүрч очино. Тэр хугацаанд дэлхийн бүх хүн сөнөж дуусах нь ойлгомжтой... “Ибис” болон шидэт ксемедринийг бурхан ивээх болтугай гэж бодсоноо Лагэрссон гунигтайгаар жуумалзав – үүнийг сонсвол хэн ч гэсэн түүнийг үр дүн, үр өгөөжөөс өөр юм ярихгүй прагматик гэж хэлэх нь мэдээж.
Тамхи унтрахад Лагэрссон хүнд нойронд автав. Тэрээр зүүдэндээ хаашаа ч юм бэ хөвөн хөнгөн үүлээр хуй салхины хурдтай нисэх ч гэнэт хөл нь төмөр цутгасан мэт хүнд оргин доош унахад ёроолгүй ангал түүнийг залгив.
Лагэрссон холоо сонсдох хонхон дууны чимээнээр сэрэв. Бугуйн цагныхаа дэлхийн болон замын цаг заах хоёр нүүр харьцуулж харснаа “оройн хоол” хэмээн амандаа бувтнаад нүүр гараа угаагаад доош буув.
Оройн хоолны үеэр бүгд чив чимээгүй сууж байлаа. Паульсэн эмчийн санаа зовж буй нь нүүрэн дээр нь илт. Фултон аль болох тайван харагдахыг хичээх агаад Ирина, Алексей хоёр үе үе сонин харц солилцоно. Багийн бусад гишүүд хооллох доод танхимаас хүмүүсийн ярианы чимээ үл ялиг сонсдоно.
- Өнөөдөр ксемедрин хэдийг цуглуулав? - Лагэрссон юуны түрүүнд лавлаж асуув.
- 12 хил гэж Фултон хариулснаа, дахин хоёр удаа гарахад бид хэрэгтэй 60 хилээ цуглуулж дуусна гэж нэмж хэлэв.
- Нэг удаагийн гаралтад амжих хэрэгтэй.
- Яагаад ? Тэртээ тэргүй бид хоёр өдрийн наана нисч чадахгүй шүү дээ.
- Мэдэж байна - Лагэрссон эгдүүцсэн аястай хэлэв. Хөлгийн жинг бууруулах ажил эхлэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ байхыг би хүсч байна. Ирина, хаяж болох бүх юмны жагсаалт хийгээрэй. Алексей, чи онцын ач холбогдолгүй ч хэрэг болж магад юмны жагсаалт бэлэн болго. Эмч ээ, танаас би дэлхий хүртэл нисэхэд хэрэглэх хоол хүнс, хүчилтөрөгчийн хамгийн наад захын хэмжээг тооцолж гаргахыг хүсье. Бид хоолоо сойж хоёр уушгаа чангалах болох нь дээ... гээд ахмад босч үүд рүү явснаа
- Бас нэг юм мартаж хэмээн Фултонд хэлэв. Маргааш ксемедрин цуглуулж дууссаны дараа бүх гишүүдийн бууг хурааж аваарай.
- Түрийвч чинь хаана байна?
- Энэ байна гээд Жон өмднийхээ арын халааснаас түрийвчээ гаргаж өгсөнөө,
- Ахмад аа, энд зөвхөн эхнэрийн маань л зураг байна, 100 грамм ч хүрэхгүй гэж сөөнгөдүү хоолойгоор гуйв.
- Дугаа тат!
Лагэрссон зандраад бүгдийгээ гарга, цагаа ч бас гэж шаардав. Жон бүх эд хогшлоо нэг дор гаргаж бөөгнүүлээд уруу царайлан байрандаа очив. Ширээн дээр үзэг бал, энгэрийн сүлбээр зүү, тэмдэглэлийн дэвтэр, өнгөт харандаа зэрэг хуучин юмны худалдаачин баясмаар олон юм овоорсон харагдана.
- Дараагийнх.
Ширээ рүү 40 эргэм насны сэгсийсэн улаан шар үстэй шинэков дөхөж ирээд
- Клифт Ивэнс, ахмад аа гэж тайлагнав.
- Халаасаа суйлаарай, Клифт.
- Бүгдийгээ гаргасаан, ахмадаа - Клифт өмднийхөө халаасаа суйлж үзүүлэв.
- Сайна байна. Гэвч Клифт цааш явах гэтэл Лагэрсэн буцааж дуудав
- Бөгжөө ав даа, Клифт.
- Ахмад аа би авахыг оролдсон, ер болдоггүй.
- Тэгвэл саван түрхэж байгаад ав. Тэгээд ч авагдахгүй бол хуруугаасаа сална гэж мэдээрэй.
Хөлгийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдлагын танхимд цугласан байлаа. Лагэрссон бүгдийг шалгаж дуусаад
- Наад бүхнээ бушуухан гаргаж хая гэж тушаахад дөрвөн нисэгч хураасан эд юмстай маажинтай даавууг(*) тал талаас нь өргөн гарав.
Таван минут түгшүүртэй гэмээр аниргүйд өнгөрч, мэдээлэх самбарын ногоон, улаан бас дахиад ногоон гэрэл анивчихад бүгд дээш харлаа.
- Мэдээлэх самбарын үзүүлэлт ямар байна?
- Ахмадаа, 205 хил илүү байна.
Арнэ аргаа барсан байртай нүүрээ арчив. Ширээ сандал, гал тогооны хэрэгсэл, хамгаалагч бүс зэрэг тохь тухтай орчин үүсгэх бүх эд юмсыг хаясан байлаа. Дээрээс нь “хэрэг болж магад” буюу зайлшгүй хэрэгтэй биш эд зүйлсийг ч бүгдийг гаргаж хаясан. Өөр хаямаар юм үлдсэн гэж үү?
- Фултон! Осолын хэдэн өмсгөл үлдэв?
- Тав ахмадаа.
- Гурвыг нь хая. Паульсэн эмч ээ, нааш ирээрэй. Хоолны хэмжээний тухай ярих хэрэг байна.
Ахмад эмч хоёрыг дээш гарч явахад санаа зовж бодол болсон бусад гишүүд тал тал тийш тарцгаав. Зарим нь толгойгоо барин нүдээ анин газар сууна. Бусад нь тохиолдож болох муу зүйлийн тухай бодохгүйг хичээн тоглоом наргиа хийхийг оролдоно.
Хүдэр том биетэй, 90 хил жинтэй Боб Аржитайг хэдэн нөхөд нь тойрон зогсоно.
- Ингэхэд хүндийн хүч гэж ер юу юм бэ? – гэнэн хүүхэд гэмгүй юм шалгаах дуугаар Боб асуув.
- Илжиг минь, чамд нэг сайн гэгчийн тайлбарлаад өгье гээд хажууд зогсч байсан найз Жо нь даруй ханцуйгаа шамлав. Чи гэртээ, байрныха 41 давхарт сууж байна гээд боддоо. Би чамайг заамдаж аваад цонхоор гаргаад гэнэт тавибал юу болох уу? За яав, юу болж магадыг ойв уу?
- Жо минь дээ, эндүүрээд байна. Юу ч болохгүй. Чамд эсэргүүцэл үзүүлэх үүднээс Боб албаар газарт унахгүй агаарт тогтож зөрүүдлэнэ гэж хэн нэгнийг хэлэхэд зарим нь инээж, зарим нь мангар наргианаас залхлаа гэсэн байдалтай холдов.
- Инээх ч яахав. Би энэ бүхнийг үнэхээр ойлгохгүй байна. Та нарын бүхнийг мэдэгч царайлах ч тэрүүхэндээ. Би ч, та нар ч нэг л зүйлийг лавтайяа мэдэж байна: мэдээлэх самбар 205 хил илүү ачаа зааж байна. Үгүй тэгээд чөтгөр аваг гэж, нэг муу 205 хилээс болж Титан дээр байгаад байх хэрэг үү?
- Үнэхээр хөмөрсөн тогоо мэт хоосон толгойт илжиг юм даа гэж Жо дуу алдав. За яахав, чамд л гэж нүдэнд чинь харагдтал тайлбарлаж өгье. Чамд хоёр тавагтай жинлүүр байна гэж төсөөл дөө. Нэг тавган дээр чи сууж байна, нөөгөө тавган дээр 90 хил чулуу байна. Чиний жин ч гэсэн 90 хил гэвэл жинлүүр яах вэ?
- Өөр олигтойхон жишээ олдоогүй юу?! – Боб хоёр чих минь юу дуулчих нь энэ вэ гэсэн байдалтай уулга алдав. Мэдээж жинлүүр тэнцвэрээ хадгална.
- Яг зөв. Харин чи халааснаасаа үзгээ гаргаад хаябал чиний таваг жаахан дээшилнэ, тийм биз дээ. Одоо ойлгов уу?
- Мангар! - Боб бүр ундуйцсан аястай дуугарав. Жинлүүр яаж ажилладгийг би өөх хүлхэж өлгийнд хэвтэж байхаасаа л мэднэ.
- Гэхдээ антиграв ч гэсэн тийм л зарчмаар ажиллана шдээ, ямар ч ялгаа байхгүй.
Гэвч Жо хэлэх үгээ гүйцээж амжаагүй байханд хэн нэгэн
- Чимээгүй, Фултон ирж байна гэв.
Фултон бөөгнөрөөд зогсч буй нисэгчид дээр очоод найрсгаар
- За хүүхдүүдээ, бүгдээрээ илүү бүх хувцсаа хаях хэрэгтэй гэхэд Боб Аржитай баахан хөхөрч инээснээ
- Зүйтэй хө, ахмад биднийг чармай нүцгэн дэлхий дээр буулгахаар шийдэж гэв.
- Боб, чи марзганахаа боль. Харин та нар зүгээр зогсолгүй гутал цамцаа хурдан тайлцгаа.
- Энэ тушаалыг бүгд биелүүлэх үү? - Боб гэмгүй дуугаар асуухад Фултон хариуд толгой дохив.
- Өө гоё, гоё – Боб хөөрсөн байдалтай хоёр гараа илбэв. Сүйт бүсгүй нь нааш ганц хоёр бууж ирэхэд Алексей Платов инженер дургүйцэхгүй биз дээ?
- Тэнэг амьтан! – бусад нисэгчид хөхрөлдөхөд Фултон бүр уурласан дуутай хэлэв.
- Би зүгээр л... тоглосон юм, хүмүүсийн сэтгэлийг жаахан засах гэж – Боб ийнхүү гэмшингүй дуугаар хэлэхэд Фултон мэгдсэн янзтай Бобыг харснаа мөөрөн дээр нь зөөлхөн алгадаад үүд рүү алхав.
Онгоц нисэхэд 18 цаг дутуу байлаа. Удирдлагын танхимд Лагэрссон, Фултон, Паульсэн эмч, Алексей болон Ирина нар дахин цуглав.
- За тэгэхээр, юу ч болсон ксемедринд гар хүрч болохгүй. Би 60 хил ксемедрин авчирах тушаал авсан, би 60 хил ксемедрин аваачих болно. Нэг ч грамм дутаахгүй гэж ахмадыг хэлэхэд бүгд зөвшөөрсөн байдалтай толгой дохилоо.
- Одоо тэгээд яах уу? – эмч санаа алдав. Мэдээлэх самбар илүү 64 хил зааж байна. Энэ илүү 64 хил олж хаяхад бидэнд яг 18 цаг байна...
- Бид тэр илүү 64 хилийг хэзээ ч хаанаас ч олохгүй. Хөлөг дээр одоо нэг ч илүү юм байхгүй – Лагэрссон найзуудыгаа харахад тэд асуудлын учир болон уран шийдвэр зөвхөн ахмадын гарт байгаа мэт өөдөөс нь ширтэнэ.
Доороос нисэгчдийн дуу сонсдов. Тоглоом наргиан хэлж байсан хэд нь дуугаа таг хурааж нисэгчдийн дургүйцэл бага багаар ихэсч буй нь илт.
- Та нар надаас юуг хүсэв? – өөдөөс ширтэх найзуудаасаа Лагэрссон ууртайгаар асуув. Мэдээж сугалаа татаад “хэн азгүй нь энд үлдэж үхнэ” гэж хэлэх хамгийн амар. Ганцаараа, золбин нохой мэт...
Гэвч дөрвөн офицер энэ үгийг нь дуугүй өнгөрөөж гагцхүү яахаа мэдэхгүй бас зэмлэнгүй харцаар Лагэрссоныг хараа салгалгүй ширтэнэ.
- Эсвэл та нарын нэг нь намайг хөлөг онгоцоо орхих ёстой гэх бодож байна уу? Мэдээж би ахмад. Ахмадын хувьд үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэсэн үг үү?
- Хэн ч тэгэж хэлээгүй – Фултон дуу муутайхан дуугарав.
- Инээдтэй юм. Аюул нүүрлэсэн тохиолдолд хөлгийн ахмад хамгийн сүүлд хөлөг онгоцоо орхих ёстой. Харин та нарын бодлоор би түрүүлэх ёстой болж байна уу? гээд Лагэрссон эвгүй өнгөөр инээв.
- Арне, онгоц газардахад антиграв хаагдсан байсан. Антиграв алдагсдсан биш зүгээр гэмтсэн байж болох уу?
- Юу гэсэн үг үү?
- Мэдээлэх самбар 64 хил илүү жин зааж байгаа ч алдаа байж болзошгүй. Бид нисэх гээд үзвэл ямар вэ?
Лагэрссон нэг хором бодсоноо
- Тэгье, нисэх гээд үзье гэв.
Хорин минутын дараа Алексей хөөрөх товчлуурыг дарснаар хөлөг онгоц бүхэлдээ чичирхийлж эхэллээ. Лагэрссон альтиметрээс хараа салгалгүй зогсоход түгшүүрт 15 секунд үүрд үргэлжлэх мэт санагдав.
- Ноль! – Лагерссон ууртайгаар хашгирав. Бид нэг ч сантиметр газраас хөндийрсэнгүй !
Бүгд дахин цуглахад ахмад Паульсен эмчээс
- За, өөр ямар санаа байна? гэж асуув.
- Аа одоо... хоолоо туйлдаа хүртэл сойхоос өөр арга алга. Гурав юмуу дөрөв хоногийн дараа бид нэлээд турахад хөөрч болох байх.
- Тэгэх боломжгүй.
- Өөр арга чарга алга, ахмадаа. Эсвэл бид ксемедрингүй ниснэ, эсвэл багаараа турахыг хүлээнэ.
- Эмчээ, та нислэгийн цаг, чиглэлийг эртнээс тоцоолсон байгааг мартаад байх шиг. Нислэгээ хэд хоногоор хойшлуулбал замдаа В36 үүлтэй, гарцаагүй үхэлтэй таарна. Тэгэхээр эсвэл 18 цагийн дараа ниснэ, эсвэл 20 өдрийн дараа, үүл өнгөрөхийг хүлээж байгаад нисэх болно.
- Нислэгийн чиглэлийг өөрчилж болохгүй юу?
- Үгүй. Чиглэлээ өөрчлөхийн тулд гаригийн тойрог замд гарахад хөлөг хурдаа алдана. Хурд алдаад тогтохгүй бусад эрсдэл ч нэмэгдэнэ. Эцсийн дүнд яаж ч бодсон хориод хоног хоцрох болно. 20 хоног хоцроход юу болохыг та ер төсөөлж байна уу?
- Мэдэж байна! – эмч биеэ барьж чадалгүй хашгирав. Дэлхий дээр цаг тутамд 30 мянган үхэж байна гэж та мянга дахин давтан хэлсэн! Гэлээ гээд би яах юм? Тахал дэгдсэн нь миний буруу юм уу?
- Дуугаа аядаарай !
- Үгүй шүү! Та миний саналыг асуусан, би таны асуултанд хариулж саналаа хэлж байна!
Лагерссон дахин юм хэлэлгүй буруу харлаа. Толгойгоо гудайлган тойргоор явж байснаа ганц хоёр удаа гараа өвдтөл хөлгийн хана цохисноо одоо яая гэхэв гэсэн байдалтай
- За тэгвэл, хоногийн хоолны хэмжээгээ хоёр дахин бууруулая гэв.
Гэвч Фултон эмч
- Арне, тэгэж болохгүй гэж тайван дуугаар хариулав. Хоногийн хэмжээг аль хэдийн хоёр дахин бууруулсан байгаа, одоо шахмал хоолноос хэдхэн хил үлдсэн. Бид бас усны нөөцөө бодолцох хэрэгтэй.
- Тэгвэл 64 литр ус асга!
- Арне гэхэд Фултоны царай барайв. Усны нөөцөө хар л даа. Бид тэртээ тэргүй дусал болгоноо хэмнэж байна. Ус, хүчилтөрөгчөөс дахиж хасвал өөд болно л гэсэн үг.
- Одоо тэгээд яалтай билээ – Лагерссон амандаа бувтнаад аргаа барсан янзтай эргэн тойрноо харав. Онгоц дээр өөр хаячихмаар юм үлдээгүй гэж үү? Гэвч удирдлагын танхимийн бүх хөшүүрэг, үлүүр, самбар зэргийг салган авч онгоцонд суулгаж угсраагүй бүх зүйлийг аль хэдийнээ хаясан байлаа.
- Муу хар бүхэл биет! Задалж салгаж болохгүй нэг эст! – Лагэрссон аргаа барсандаа бархирч торонд орсон араатан мэт бачимдангуй нааш цааш холхино. Гэнэт харц нь Иринагийн өтгөн шаргал үс дээр тусахад хурц хайч урт үсийг нь туг тугаар хайчилж буй зураг толгойд нь зурвасхийн орж ирэв... Үгүй үгүй, энэ бол гарц биш, багийнхаа бүх гишүүдийг хуслаа гэхэд 200 юмуу 300 граммаас илүү гарахгүй. Гэхдээ хайчны тухай манантсан бодол өөр ондоо аймшигт дүр зураг араасаа дагуулав... Ой санааны хаанаас ч юм "Саван түрхэж байгаад ав. Авагдахгүй бол хуруугаасаа сална гэж мэдээрэй" гэсэн харгис үг орж ирэв.
(continued)
--------------------------------------------------------------------------------------
* маажинтай даавуу: англиар "tarpaulin", оросоор "брезент"
2009/12/04
Хорин мутрын сар 1
Италийн зөгнөлт зохиолч Лино Алданигийн өгүүллэг. Айзек Азимов, Рэй Брэдбэри болон бусад зохиолч нартай зэрэгцэн 20-р зууны зөгнөлт зохиолд хувь нэмрээ оруулсан хүн. 1967 онд бичигдсэн зохиол тул нэлээд олон зүйл нь өнөөгийн бидний инээдийг хүргэх ч гаргах гэсэн санаа нь сонирхолтой тул орчуулахаар шийдэв.
Лино Алдани "Хорин мутрын сар", 1967
Орчуулга: Сүрэн
- Дэвид Портлэнд, самбарт гар! - Круппен багш ангийн журналаас хараагаа салган хэлэхэд Дэвид ном дэвтрээ зайлуулснаа арай ядан ширээнээсээ босов.
- Өнөөдрийн хичээлийг давтсан уу?
- Тэгсэн, багшаа.
- Маш сайн байна. Санчир гариг хэдэн дагуултай билээ?
- Арав.
- Сайн байна. Тэд нарыг нэрлээд ямар дараалалтайгаар нээснийг нь хэл дээ.
- Титан гээд Дэвид итгэл муутайхан нэрлэж эхлэв. Япет, Рея, Диома, Тэфпя, Энцэланд, Мимас, Гипэрпоп... гэснээ Дэвид түгдрээд, биеэ чангалснаасаа болж минэрч улаагаад гутлынхаа үзүүрийг цоо ширтэн зогсоно.
- Тийм, за цааш нь үргэлжлүүлээрэй гэж багш нь жаахан дэмжив. Өөр хоёр дагуул дутуу байна, нэг нь Фэба нөгөө нь ...?
- Фэба ба Тэмпэ.
- Зөв. За одоо хоёрдугаар асуулт. Титаныг өөрөөр юу гэж дууддаг вэ?
- Титаныг уу? “Хорин мутрын сар” гэдэг.
- Яагаад гэдгийг тайлбарла даа.
- Мэдэхгүй багшаа.
- Мэдэх ёстой байсан даа - багш нь зэмлэнгүй хэлэв. Би өнөөдөр сурах бичгийн нэмэлт номоос уншаад ирээрэй гэсэнсэн. Хэрэв уншиж ирсэн бол миний асуултанд хариулах л байсан даа.
- Тийм л дээ багшаа, гэхдээ би... уншихаа больчихсон юм.
- Яагаад тэр вэ?
Дэвид Портлэнд жаахан эргэлзсэнээ багшаа эгцэлж хараад
- Одон орон судлалд дургүй учраас гэж палхийтэл хэлэхэд анги тэр аяараа чив чимээгүй болов. Сурагчид бүгд гайхсан харцаар Дэвидын царайг ширтэнэ. Харин Круппэн багш өхөөрдөнгүй инээмсэглэв.
- Тийм, дургүй гэж Дэвид зориг орон давтан хэлэв. Бүр тэсмээргүй гээч. Тэгээд ч... надад ямар хэрэг болох юм энэ одон орон судлал? Би сансрын нисэгч болохгүй. Би аав шигээ мэс засалч болно. Гэхдээ хаа нэгэн гариг дээр биш. Энд, дэлхий дээр мэс засал хийнэ.
Багш нь дахин инээмсэглээд,
- Чи мэргэжлээ дэндүү эрт сонгосон юм биш үү? Бодлоо өөрчилвөл яах уу? гэж асуухад Дэвид юу гэж хариулахаа мэдэхгүйдээ, бас багшийнхаа ширтэх харцнаас далдирч нүдээ гараараа далдлав.
- Дэвид наад номоо өг дөө - Багш Дэвидийн номыг аван гялс гарчиглан хуудас эргүүлснээ буцааж өгөв.
- Май, энэ хэсгийг унш. Энэ 21-р зууны үл мэдэгдэх зохиолчийн өгүүллэг. Анхааралтай уншаарай, би чамайг дахин нэг асууна шүү.
Найзууд нь инээж шоолоход Дэвид уруу царайлан суудал руугаа гэлдэрч очоод гүнзгий гээч нь санаа алдаад ангийнхандаа хэлээ харуулж хэгжүүн царай гаргаж мушилзснаа номоо уншиж эхлэв.
Та бүхэн ерөнхий байдлаар ч гэсэн нэг эст биетний бүтцийг мэдэх үү? Ингэж асуухын учир гэвэл “Ибис” сансрын хөлөг нэг эст биетэнтэй адил байсан юм. Ибисийг хийж бүтээхдээ хэсэг хэсгийг нь нийлүүлж угсраагүй, боолтоор боож бэхлээгүй бөгөөд бүрээс бүрхүүлийг нь гагнаагүй юм. Нэг үгээр хэлбэл Ибис хөлөг зарим хэсгийг нь засч, сольж аль эсвэл авч хаяж болдог бүтэц хийцтэй механизм биш байв. Түүнийг бүтээхдээ эрдэмтэд хамгийн шинэлэг молекул хүчний онолыг баримталсан юм.
Гаднах байдлаараа Ибис бусад орчин үеийн сансрын хөлгөөс ялгагдах онцын зүйлгүй, гагцхүү хэмжээгээрээ багавтар бөгөөд хурд жаахан муутай байсан. Түүний бүтцэд ганц хоёр дутагдалтай тал байсныг би үгүйсгэхгүй. Гэхдээ л жаран жилийн өмнө Ибис сансрын анхны аялалдаа гарахад Крузиус, Благович нарын санаачилсан төсөл биелэн хэрэгжсэн бөгөөд амтай болгон "техникийн хөгжлийн гайхамшиг" хэмээн энэхүү хөлгийг шагшин магтаж байлаа.
"Ибис" цахилгаан соронзон удирдлагатай байв. Тиймээс Крузиус, Благович нар гариг хоорондын нислэг хийхэд тийрэлтэт хөдөлгүүрийн түлш шатахуунаар ажиллах сансрын хөлөг хэрэггүй болохыг бодитоор баталж чадсан юм. Эсрэг таталцлын орны үүсгүүр(*) буюу хүмүүс товчилж “антиграв” гэж нэрлэсэн тусгай хурдасгагчийн ачаар хөлөг онгоц сансар огторгуйг нэвт сүлбэх таталцлын шугамын дагуу ямар ч орон зайг амархан туулах чадвартай болов. Энэ бол жинхэнэ гайхамшиг, техникийн хөгжилд эргэлт хийсэн нээлт байлаа.
Ийнхүү 2045 он цөмийн энергийн төгсгөл бөгөөд цахилгаан соронзон эрин үеийн эхлэл болсон юм. Харамсалтай нь 2045 он мөн хүн төрөлхтний түүхэнд хамгийн гашуун, эмгэнэлт он болон бас үлдсэн билээ. Ибис туршилтын гурав дахь Дэлхий-Ангараг-Дэлхий нислэгээ амжилттай дуусгасан яг тэр үед дэлхийн дээр гэнэт аймшигт шар тахал дэгдсэн юм. Тэр аймшигт өдрүүдийг өдгөө өндөр настангууд л санаж байгаа байх. Гэхдээ мэдэхгүй, хатуу харгис явдал тохиолдоход хүний тархины хамгаалах реакци ажиллана. Бас далд ухамсрын өөдрөг үзлийн хууль давхар нөлөөлөх тул хүн таагүй хэцүү үйл явдлыг мартах хандлагатай байдаг. Ямартаа ч энэ цөвүүн жилийг дурдаагүй түүх болон анагаах ухааны нэг ч ном байхгүй.
Хагас жилийн дотор шар тахлын улмаас дэлхийн хүн амын тэн хагас буюу хагас тэрбум хүн амь насаа алдсан билээ. Харин нөгөө хагас нь амьд үлдэх азтай байсан нь Титан дээр олборлож байсан ксемедрин, түүнийг авчрахын тулд Санчирын зургаа дахь дагуул өөд гайхамшигтай хурдан нисч очсон Ибисийн ач байлаа.
Хэрэг дээр энэ бол аюултай нислэг биш байв. Тэр болтол хүмүүс Санчир гаригийн дагуулууд дээр нэлээд олон удаа бууж байсан төдийгүй, Тэнгэрийн ванд хүртэл очиж нарны аймгийг бүрэн гүйцэд судалсан байлаа – энэ бүхэн нөгөө хуучирсан цөмийн хөлгүүдээрээ шүү. Товчхон хэлэхэд Ибист ноцтой аюул тохиолдохооргүй байв. Ямарваа нэгэн гэнэтийн аюулаас айж эмээх үндэслэл ч байсангүй. Ер нь гучин өдрийн нислэг ямарваа нэгэн адал явдал, түшүүр төвөггүй өнгөрсөн билээ.
Гагцхүү Титан дээр буух үед бяцхан осол гарсан юм. Гэвч мэдээлэх самбарын заалт "хэвийн" байсан тул хөлгийн ахмад Арне Лагерссон болон нисэгч-инженер нар бүтэн хоёр өдрийн дараа л антигравын төхөөрөмж гэмтсэнээс хөлөг онгоц үнэт энергээ аймшигт хурдтайгаар алдаж буйг мэдэв.
"Бид усны саваа цоорсныг мэдэхгүй амь шиг усаа араасаа дуслуулан аагим халуун цөлд аажуу тайван алхалж яваа жинчин шиг л байна" гэж Лагерссонг хэлэхэд хэн ч юу ч гэж хариулсангүй. Хөлөг онгоцны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан удирдлагын танхимд хөлгийн инженер Алексей орж ирэнгүүтээ
- Холбогч кабель бэхжүүлээд антигравын төхөөрөмжийг бүхэлд нь шалгалаа гэж тайлагнаад тосонд заваарсан гараа харав. Үгүй ийм юм гэж бас байдгаа! Антиграв алдагдаж байхад бүхэл бүтэн хоёр өдөр ууж идэж унтаж хэвтэнэ гэдэг... энэ олгой болсон толгойг яалтай ч билээ !
- Боль доо, би яаж ийм юм тохиолдов гэдгийг л бодоод байна гэж хоёрдугаар нисэгч-инженер Фултон яриаг нь таслаад санаа алдав.
Арне Лагерссон холдоод буланд очиж суув. Тэрээр хөдөлгөөнгүй чанх өөдөө ширтэн үе үе хурууныхаа мөчийг дуугаргана. Хажууд нь Фултон ирж сууснаа
- Антигравын хувьд энерги алдагдах магадлал ойролцоогоор мянганы нэгтэй тэнцүү. Хамгаалагч клапан ажиллагаагүй болсныг бас бодолцох хэрэгтэй гэв. Тэр бүү хэл ослын клапан хүртэл ажиллаагүй. Энэ бүхэн ер хэтэрсэн хэрэг биш үү?
Гэвч хариу болгож Лагерссон зөвхөн мөрөө л хавчив.
- Би ерөөс ойлгохгүй байна гээд Фултон яриагаа үргэлжлүүлэв. Мянгыг саяар үржүүлбэл тэрбум болно. Сонсч байна уу, Арне? Магадлал тэрбумын нэгтэй тэнцүү байсан! Ийм юм гэж бас байхаа!
- Чиний тооцоо буруу байна гэж Лагерсен дурамжхан хариулав. Газардалт муу хийгдсэн учраас олон клапан ажиллагаагүй болсон. Үүнд гайхаад байх юм юу байна? Тохиолдох л зүйл шүү дээ. Харин одоо бид тун тааруухан байдалд байна. Ингэхэд антигравын самбарын үзүүлэлт ямар байна?
- Таагүй. Одоогоор байх ёстой хэмжээнээс 650 хил (**) дутуу байна. Гэхдээ хүмүүс болон багаж хэрэгсэл 1600 хил гэж үзвэл тооцож ядах юмгүй. Хөлөг дээр 950 хил илүү ачаа байна.
Үүнийг сонсоод Лагерссон өвдтөл уруулаа хазаад арга тасарсан янзтай толгой сэгсрэв.
- Бидний хэрэг ч тун тааруу байна даа, Фултон.
- Хэлээд юү гэхэв. Үүнээс дор гэж байх уу? - Фултон нэг харцаар бүгдийг баримжаалах гэсэн мэт эргэн тойрноо харснаа
- Энэ илүү 950 хилээс ангижирна гэдэг амаргүй дээ гэж дахин санаа алдав.
Ахмад Лагерссон бүх офицеруудыг дуудахад тусгай урилга хүлээлгүйгээр Алексей, Ирина болон Паульсен эмч нар ч тэдэн дээр очиж цуглав.
- Болсон явдлыг одоохондоо нууцлахыг хүсье гээд Лагэрсэн хүмүүсийн санааг цагаас эрт зовоогоод яахав гэж давхар анхааруулав.
(continued)
---------------------------------------------------------------------------------------------
* оросоор "генератор антигравитационного поля", англиар "anti gravitational field generator"
** kg буюу килограммыг монгол дуудлагаар нь бичив.
