2009/12/24

Сайн уу, муу юу аль вэ хө?



  Барагцаалж хэлбэл эртээ урдын цагт, нарийн ярьвал 200 жилийн тэртээ германы Оберндорф хотод Йозеф Мор гэдэг лам аж төрөн амьдран сууж байв. Гэвч амгалан сайхан амьдарч байтал азгүй явдал тохиолдсон гэнэ. Сүүмийнх нь хуучин орган хөгжмийг огтоно мэрж идээд дуу гаргах хөгжим биш дуугүй баахан мод болгосныг Йозеф лам 1818 оны 12 сарын яг 24-ний орой мэдсэн гэнэ. Жирийн нэг өдөр бол бас ч яахав. Гэтэл маргааш сүсэгтэн олон лам багшийн сургааль, зул сарын дуу сонсохоор үй олноор цуглах учир ийм золгүй явдал тохиолдсонд ламтан ихэд гуниглав. Гэхдээ гунигласан ч гуниад суух зав ер байсангүй. Тиймээс ламбугай хоёр жилийн өмнө бичсэн нэг шүлгээ санаад, хөгжмийн багш Франц Грубер дээр хамаг хурдаараа харайлган шүлгэнд нь "a cappella" (хөгжимгүй дангаар), эсвэл ганц гитар хөгжимтэй дуулж болох энгийн ая зохиож өгөхийг гуйсан гэнэ. Ийнхүү 100 гаруй хэлэнд орчуулагдсан зул сарын хамгийн нэртэй дуу буюу "Намуун шөнө" ("Silent night") дуу зохиогджээ.

  Золгүй явдал эерэгээр эргэсний үр дүнд бий болсон энэ дуу зуугаад жилийн дараа бас нэг төстэй үйл явдал дагуулсан ажээ. Дэлхийн нэгдүгээр дайнд герман, англи цэрэг ид үзэлцэж байсан 1914 оны 12 сард Ипр хотын дэргэд байрлаж байсан герман цэргүүд зул сарын баяраа тэмдэглэж сүлд модоо чимээд

   Stille Nacht, heilige Nacht!
   Alles schläft, einsam wacht
   Nur das traute hochheilige Paar,
   Holder Knabe mit lockigem Haar,
   Schlaf in himmlischer Ruh,
   Schlaf in himmlischer Ruh.

гэж дуулахад нөгөө талаас англи цэргүүд шууд дэмжээд

   Silent night, holy night,
   All is calm, all is bright
   Round yon virgin mother and Child.
   Holy Infant, so tender and mild,
   Sleep in heavenly peace,
   Sleep in heavenly peace.

гэж дуулсан гэдэг. Дайтаж байсан талууд байлдахаа түр больж, эгэл жирийн цэргүүд нөгөө талын цэргүүдтэй уулзан танилцаж, идээ будаагаар бие биенээ дайлж, ар гэрийнхнийхээ зураг хөрөг үзүүлэн ярилцаж бас хоорондоо хөл бөмбөгийн тэмцээн явуулсан алдарт "Christmas Truce" буюу зул сарын баярыг тохиолдуулж хийсэн албан ёсны бус түр найрамдал ийнхүү дуугаар эхэлжээ (*).

  Аль аль талын цэргүүд "түр найрамдлын бүс" дээр уулзахдаа дайн дуусч гэртээ харихыг хамгаас илүү хүсч байсан нь мэдээжийн хэрэг. Гэвч дайн үргэлжилсээр байлаа... Таван сарын дараа буюу 1915 оны 4 сард германы арми Ипр хотын дэргэд дэлхийн түүхэнд анх удаа химийн зэвсэг хэрэглэсний улмаас(**) олон англи цэрэг хорт хийнд амиа алдаж, дайны эмгэнэл нэг хуудсаар нэмэгдсэн түүхтэй (тэр үед хэрэглэсэн хийг хожим хотын нэрээр иприт гэж нэрлэсэн). Харин сонин түүх гэвэл, азаар амьд үлдсэн англи цэргийн нэг нь нутагтаа ирж эмчид үзүүлтэл эмчийн нүд орой дээрээ гарч, мэл гайхаж цэл хөхрөх гэгч болсон гэнэ. Учир нь, залуу дайнд явахдаа тухайн үед эмчлэгдэшгүй хорт хавдартай байсан атал дайнаас буцаж ирэхэд хавдар нь ор мөргүй алга болсон байж. Ийнхүү орчин үеийн анагаах ухаанд химийн эмчилгээ гэдэг нэгэн салбар бий болжээ.

  Юм гэдэг дандаа хоёр талтай гэдгийг энэ хоёр түүх харуулах болов уу...

----------------------------------------------------------------------------------

* алдарт “Christmas Truce”-ийг би арай амархан тайлбарлав. Цэргүүд идээ будаагаа хуваалцаж хөл бөмбөг тоглосон нь үнэн боловч илүү нарийн түүхийг мэдмээр байвал гүүгэлдэхийг хүсье.

** далийж хэлэхэд, дэлхийн түүхэнд анх бөгөөд цорын ганц удаа бактереологийн зэвсгийг монголын нутаг дэвсгэрт Халх голын дайны үеээр хэрэглэсэн юм.

2009/12/15

Нүдэнд тань хүүхэд... эсвэл хүүхэн

Хүүхэн харааг оросоор юу гэдэг бол?

Алдарт Далийн орос хэлний тайлбар толиноос харвал: «Зрачок, зорочок, зеница, зенко, глядельце, зеркальце, человечек в глазу, круглая прорешка среди радужной перепонки» гэж байна. Орчин үед "зрачок" гэх боловч Далийн толинд "человечек в глазу" буюу "нүдэн дэх бяцхан хүн" гэсэн үг байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Яагаад гэвэл... яахав дээ, зүгээр л сонин учраас. Anyway, яриагаа цааш үргэлжлүүлбэл маш олон хэлэнд хүүхэн харааг "хүүхэд", "бяцхан хүн" гэсэн үгээр хэлдэг юм байна:

англи: pupil - сурагч, хүүхэд, хүүхэн хараа
таджик: mardumak - бяцхан хүн, одой хүн, хүүхэн хараа
санскрит: kanīnaká - эрэгтэй хүүхэд, kanīnaka – хүүхэн хараа (энэ хоёр үгний зөвхөн өргөлт нь өөр)
лезгин хэл (Дагестан): нини - хүүхэлдэй, вилин нини - хүүхэн хараа
караим хэл: бэбэк - хүүхэлдэй, бэбэй - хүүхэн хараа
япон: 瞳 гэсэн ханз "нүд" + "хүүхэд" гэсэн хоёр ханзнаас бүрдэнэ

Бас нэг сонирхолтой ажиглалт гэвэл нэлээд олон хэлэнд хүүхэн харааг "охин", "бүсгүй" гэсэн утгатай үгээр илэрхийлдэг юм байна:

эртний грек: κόρη – бүсгүй, хүүхэн хараа
латин: pupa – охин, хүүхэлдэй, pupilla - өнчин охин, хүүхэн хараа
итали хэлний pupilla гэдэг үг дээрх латин үгнээс гаралтай   бөгөөд ижил утгатай (англи хэлний pupil ч гэсэн энэ үгнээс гаралтай)
португаль: menina – охин, menina do olhos – хүүхэн хараа
испани хэл: niña – охин, niña del ojo – хүүхэн хараа

Ингэхэд европ ямар ертөнцийн төв биш, уул далайг алхасвал:

сарыколь хэл (иран хэлний бүлэг; Шинжаан Уйгуур болон хил залгаа Пакистаны нутаг): γoc – бүсгүй, хүүхэн хараа
вах хэл (Памир хэлний бүлэг): rərčodə'k – охин, хүүхэн хараа
брахуи хэл (дравид хэлний бүлэг; Пакистан, Афганистан болон Ираны хил залгаа уулархаг нутаг): dutk – охин, хүүхэн хараа
малаялам (дравид хэлний бүлэг, Энэтхэгийн өмнөд хэсэг): kuṭṭi – хүүхэд, охин хүүхэд, зулзага, хүүхэн хараа

За ер нь хол яваад хэрэггүй, монгол хэлэнд юу гэдэг билээ... Орос тольноос олж харсан "человечек в глазу", монгол хэлний "хүүхэн хараа" сонин санагдаад энэ бүхнийг уул нь судалсан юм шдээ. Гэхдээ миний судлах гэж юу байхав, хэл шинжлэлийн мэдлэг ноль, чаддаг ганц эрдэм нь гүүгэлдэх. Тиймээс дээр бичсэн бүхнийг миний судалгаа гэж андууруузай, эндүүрүүзэй. Жинхэнэ сураад судлаад, шинжлээд бичээд нийтэлсэн хүн нь энд байна: 
http://privetkavkaz.0bb.ru/viewtopic.php?id=1159

Гол нь яагаад ийм олон хэлэнд "бяцхан хүн", "хүүхэд", "охин" , "хүүхэн" гэх үгээр хэлдэг юм болааааа гэж баахан бодов. "Хүүхэд" болон "бяцхан" гэж хэлдгийн учир тун энгийн байж магад. Хүний өөдөөс харж суухад хүүхэн хараанд нь өөрийн тань бяцхан дүр тусч харагддаг даа... тэгээд л тэр байх. Simple ! Дээрх нийтлэлийг бичсэн хүн ч тэгж боддог юм байна. Yes !

Харин яагаад охин болон бүсгүй гэсэн утгатай үгээр хэлдэг юм бол... бүсгүйчүүл ертөнцийг аврах хамгаас сайхан, хөөрхөн, хиргүй тунгалаг нүдтэй учраас ?? гэж бодоод өнөөдрийн тэмдэглэл биччихлээ. Ямар азаар хүүхэн болж төрсим... hehe

2009/12/11

41 чулуу...

Хүүгийнхээ хүрээд ирэхийг хоног тоолон хүлээж суусан өвөө маань нэгэн өдөр 41 чулуу сайн татдаг найзындаа очиж ирэх өдрийг нь асууж гэнэ. Найз нь 41 чулуу татсан даруйдаа уулга алдан год үсэрч "бушуул, түргэл, харьж цайгаа чана" гээд бөөн сандрал болсон гэдэг. Яг тэр үед аав гэрийн гадаа бууж байсан гэх. Ер нь 41 чулуу татах, дал шатаахыг хамгийн ортой мэрэг гэлцэх. Ингээд, хоёр нүдээрээ үзээгүй тул “болсон явдал” гэж арай бүлтэрч боломгүй, домог гэхэд дэндүү саяхан, дайны дараахан болсон гэх нэгэн яриаг сонирхуулъя:

Хэдэн сайн эр азрага адуу хулгайлж Алтайн уулсыг давуулан хөөж гэнэ. Мэдээжийн хэрэг араас нь дутуугүй сайн эрс алдсан адуугаа буцаахаар мордсон гэнэ. Үйл явдал монголын баруун хязгаар, сүрлэг сайхан Алтайн уулсад өрнөх тул аль аль тал 41 чулуу татдаг хүн дагуулж явсан гэнэ.

Морьдынхоо хойноос давхисан хүмүүсийн мэргэч замдаа бууж 41 чулуу татаад "За бид ч гүйцэхээсээ өнгөрсөн байна. Жин үдийн нар зулай төөнөж байна, энд хэсэг зуур амраад харья. Буухдаа харин бүгдээрээ эмээлээ буруу харуулж тохоорой" гэхэд бүгд үг дуугуй мориноосоо бууж хэлсэн ёсоор гүйцэтгэсэн гэнэ. Жаал амарсаны дараа мэргэч дахиж 41 чулуу татсанаа "Бушуулаарай, эмээлээ зөв тохоод хамаг хурдаараа давхицгаа, одоо бид яг дээрээс нь бууна" гэхэд үнэхээр амарч байсан хулгайч нарын яг дээрээс нь буусан гэдэг.

Учрыг тайлбал, зугтааж явсан хулгайч нарын мэргэч 41 чулуу татаад "Нэхэл дагуул тун ойрхон ирсэн байж, гэхдээ азын тэнгэр биднийг ивээж амжихгүй нь гээд тэд буцчихлаа" гэсэн байж. Тийнхүү хулгайч нар Алтай давахаасаа наана жаахан амрах санаатай гал түлж цай чанаж байгаад баригдсан гэдэг.

Зарим үед эрийн сайн, хүлгийн хурд биш 41 чулуу татах хүний ухаан заль бүгдийг шийдэнэ гэж. Далийхад өнөө үед гар утас, мес мэйлээр хэн хэзээ ирэхийг хэн нэгнээс асуултгүй мэдчихдэг нь та бидний аз ч юм шиг, хааяа гэхдээ үгүй ч юм шиг...