2016/02/02

Балигийн тэмдэглэл 1




Өвлийн амралтаар Балид хоёр долоо хоноод... эргэж ирсэн чинь бор дэлхий, бодит амьдрал, бороотой Токиод дасаж өгөхгүй... ажлын горимд орно гэдэг айхтар асуудалтай тулгарч сууна. Нээрээ ажлын их, бага нь ажлын горимд орох үгүйд огт нөлөөлдөггүйм билээ. Том толгойлж гадаад ажилтан гэдгийхээ ганц давуу талыг ашиглаж ХОЁРЫН ХОЁР долоо хоног амрахаар... ажил гэдэг овоорч өгнө дөө. Тэгээд овоорсон ажлын ард гарахын тулд асар хурдан WORK горимд орно гэтэл үгүй шүү. Ажлаа хийсээр л, давхар Балиг бодсоор л...

Амьдралдаа анх удаа ашрамд арав хонож үзэв.
Жилийн өмнөөс шинэ албанд шилжээд, цоо шинэ ажил нолиос сурч хийгээд, өдөр хоног гэгч харвасан сум шиг өнгөрөөд, оны сүүлээр орон гаран болохын даваан дээр Бали явав. Урьд жилүүдэд хоног дараалан илүү цагаар ажиллаж л байсан, гэртээ ирээд гэхдээ эхлүүлсэн орчуулгаа явуулж л байсан... Энэ жил харин байхгүй шүү. Бүр огт байхгүй. Нолийн ногоон тэгийн хүрээ тойргийг нь хүртэл аваад хаячихмаар байхгүй. Жаахан эрт гэртээ харьсан ч юу ч хийх чадал байхгүй, хүч байхгүй “сульдаак” гэдэг үгийн утгыг бүрэн дүрэн мэдэрч хэвтэхээс цаашгүй. Яахав, толгой нь хааяа нэг “ганц өгүүлбэр ч болов гараасаа гарга л даа”, бие өөдөөс нь “юу яриад байгаам, нокаутанд орчхоод байхад”. Гол ялгаа нь... урьд өмнө илүү цагаар их ажилладаг байлаа ч өдрийн ажил тодорхой горимтой, юмаа өөрөө зохицуулж төлөвлөх боломжтой, тийм ч учир элдэв стресс багатай байж. Одоогийн ажил болохоор хэзээ хаанаас ямар асуудал, проблем, гомдол, зарга ороод ирэх нь тодорхойгүй, өдрийг ажлыг урьдчилан төлөвлөх боломжгүй. Гол нь нэг өдрийн дотор амжуулах, бичих, хариулах, ярих, факсдах, мэйлдэх, асуух, лавлах, учирлах, гуйх, тохирох, тохиролцох, тулгах, шахах, цааш нааш болох ажлын тоо дэндүү их. Амьсгаа авч амжаагүй байтал үдийн цай болно, цайгаа саяхан уусан билүү гэтэл ажил тарах хонх хангинана. Өдөрт нольд орох зав нэг л удаа гарна, хоёр ороод царайгаа толинд хоёронтоо харчихвал “гайгүй өдөр үү өнөөдөр чинь”. Бас ядаж байхад маш их бюрократ алба таарчихсан, цаасаар өгөх, тушаах, мэдээлэх юмны тоо нь хэрээс хэтэрчихсэн. Тэрийгээ бүгд шүүмжилдэг ч өөрчилнөө байхгүй (өөрчилье гэж түрүүлж дуугарсан нь бүгдийг хийхийм чинь). Ингэхэд далийчихлаа, Балиг ярих гэж байлаа шдээ... нэг иймэрхүү байдалтай жилийг өнгөрөөгөөд унаж тусахын даваан дээр өвлийн амралттай золгоод бодлоо л доо... яавал сайн амарч чадах вэ гэж. Ээж аав бол шудрага гарууд шууд “Чи нааш ирэлтгүй, ноднин яалаа? Амралтынхаа хагасыг ханиад хүрч халуураад амарсан биш ядарсан болоод буцаа биз дээ?” Нээрээ л тэгсэн... Зүгээр далай явж эрэг хөвөөнөө хэвтдийн билүү гэтэл таван сард Хавай явж үйлээ үзсэнээ бодоод болиоский. Хавай нээрээ эхний өдрөөсөө л “you are not welcome” гэсэншдэ намайг... хэхэ... Гэхдээ Хавай найрсаг хандсан байлаа ч эргийн элснээ эргэж хөрвөж хэвтлээ гээд амралт болохгүйг ерөнхийдөө ойлгоод байсим. Тэгээд л хиндү сүмд арван хоног бясалгал сурч амрахаар шийдээд...

Ашрамд эхний таван өдөр тувт унтсан...
Ашрамын амьдрал өглөө маш эрт эхлэнэ. Бүгд 5 хагас гэж босно, бүгд гэнэ, миний мэдэхийн бүх хүүхнүүд л... эрчүүд 5:50 гэж сэрээд амжуулж байсан байж магад. Өглөөний 6 цагт бүгд гол сүм цуглаж санскритаар ном уншиж эхлэнэ. Над шиг түр байрлаж буй хүмүүс санскрит хэл мэдэхгүй тул нүдээ аниад, номын дуу сонсоод 30 мин бясалгана. Дараа нь гадаа гал гаргаж хүж уугуулж галаар ариутгах ёслол үйлдэнэ. Нээрээн, асаж буй гал хараагүй жил болсон байсан шүү... бүр нэг цаанаасаа гоё санагдаж билээ. Дараа нь 1 цаг ёга хийгээд өглөөний хоол. Үд дунд мөн үдэш оройн 6 цагт тус бүр 30 мин санскритаар ном уншиж бясалгана. Өдрийн горим нэг иймэрхүү. Чөлөөт цаг ихтэй мэт боловч аctivity ч мөн ихтэй. Зарим нь бясалгалын техник сурна, зарим нь сургаал ном уншина, зарим нь аялал турд явна, зарим нь хот руу дэлгүүр хоршоо гээд алга болно... Хүмүүс ер нь их л идэвхитэй байх шиг, Сүрэн ганцаараа байхгүй. Ёга хийсний сүүлд Шава асана гээд хажуулдангуут унтаад өгнө, багш намайг дуудаж биш хүрч хөдөлгөж байж сэрээнэ. Бясалгалын үеэр ч нам, нэг мэдэхнээ л унтчихсан байна. Өглөөний хоолны дараа өрөндөө ороод нам. Өдөр баахан унтсан хүн шөнө нойр хүрэхгүй байх гэтэл үгүй, толгой дэр хүрэнгүүт нам. Ашрам их амгалан, тайван уур амьсгалтай юм билээ, олон хүний олон удаагийн бясалгалын энерги тэгэж надад нөлөөлсөн үү... бүү мэд. Ямар ч байсан таван хоног өдөр шөнөгүй унтаахай байдалтай байснаа л мэднэ. Ашрамд орой 10 цагт бүх гэрэл унтраана, өглөө бүгдээрээ 5 хагаст босно... ерөнхийдөө маш зөв голдрил хэмнэлд орсон боловч буцаж ирээд будаа... кк

Балид нээрээ healer гэгдэх хүн дээр очиж үзэв...
Ашрамд хятад Еланда, голланд Шарүпа хэмээх хоёр бүсгүйтэй найз болоод, хамт бясалгал сураад, аялал турд явааад, хотоор тэнээд, бас шөнө дөл болтол хууч хөөрөөд, хоёр удаа ашрамын ажилтнаас “10 цаг болж байна, явж унтаарай” гэсэн анхааруулга аваад. Бодсон чинь “тарцгаа, унтацгаа” гэх мэт захиран тушаах хэлбэрт өгүүлбэр Балид байхдаа сонсоогүйм байна. Нэг деталь хэлэхэд Шарүпа маань элсэн чихэр, амттан зэрэгт нугасгүй нэгэн. Цайндаа байнгаа хоёр, гурван халбага элсэн чихэр хийнэ, жимсний шинээр шахсан жүүс уухдаа ч чихэр нэмхийг гуйна, ер нь амттан үгүй бол амьгүй нэгэн. Түүний чихрийн хэрэглээг хараад Ёланда бид хоёр зүгээр л ангайж сууна. Гол яриандаа орвол, Ёланда ашрамд ирэхээсээ өмнө нэгэн healer-т үзүүлсэн тухайгаа ярингуут Шарүпа бид хоёр ч явъя, үзүүлье харуулъя болов. Убуд хотын байшин байрын дугаарлал үнэн чөлөөтэй, тавын араас дөч, дөчийн араас гурвын тоо явж байх жишээний. Хар халуунд будилан байж, больё мольёдоо тулан байж арай хийж healer-ийг олж очтол Шарүпаг харангуутаа л “Та арай дэндүү их элсэн чихэр идэж байна, багасгах хэрэгтэй” гээд... би хажууд нь томоо гэгчээр толгой дохиод... тэр өдрөөс эхлэн Шарүпа маань цайндаа нэг л халбага чихэр хийдэг болоод :) Healer-ийн хэлж буй онош нь ханатай, ортой юм билээ. Тэгээд бодлоо л доо...

Орчин цагийн эмнэлэгт гараас зүүгээр цус авч цусны шинжилгээ хийнэ, барий уулгаж ходоодны зураг авна, эхо, рентгэн, компьютер томографи.. өвчтөнөө өч төчнөөн тасгаар явуулж, өдий олон аппарат хэрэглэж байж бүрэн дүүрэн шинжилсэн болно (бас тэр бүгд нь эцсийн дүндээ "эмнэлгийн хаягдал" хэмээх алга болгоход асар их зардалтай хог болно). Гэтэл энд нэг хүн зүгээр харж сууж байгаад л, ганц хоёр хөдөлгөөн хийлгүүлж байгаад л тэр хамаг оношийг нь тавьчихдаг юм байна... тэгэхээр техник технологиор бид хөгжөөд байна уу, ухраад байна уу, бүү мэд. Намайг нээрээ наад олон ажлаа боль гэсэн шдээ... кк... Бодсон чинь Балид захиран тушаах хэлбэрээр зөвхөн энэ healer бүсгүй л ярьсан юм байна. “Нүдний хараа чинь...” гэж эхэлснээ “Чиний үндсэн ажил... өө үгүй, чи хоёр ажилтай юм байна.. пөөх, чи чинь гурван ажилтай юм байна шдээ!” гэж уулга алдаад. Зөрүүд юм болохоороо автоматаар “Үгүй би нэг л ажилтай шдээ” гэж маргах алдаснаа ингэхэд юу билээ... мөнгөний эх үүсвэр буюу үндсэн ажилтай, хажуугаар нь уран зохиолын орчуулга оролддог, бас бус сайн дурын ажлаас ч хойш сууж чаддагүй... этрээ бодож хэлээ хазаад. Дүгнэхэд, Монголын хөдөө нутаг шиг цаг хугацаа удааширсан, амгалан тайван Бали арлын хүнд би гурвын гурваан ажилтай, солиотой хүүхэн шиг харагддаг байх нь... одоо ер нь блог млогоо больсоон... кк

P.S. Балигийн healer нь монголоор бол уламжлалт унагаах ухааны оточ мэт, зарим үйл нь домч мэт, заримдаа бас үзмэрч мэт. Тиймээс орчуулалгүй healer гэх нь дээр мэт.

7 comments:

Piglet said...

Амармаар санагдтал, солиотой юм шиг байгааг минь мэдрүүлтэл бичжээ. Уххан жолоогүй баруун зүүнгүй унтах юмсан.

Тэмээчин бүсгүй said...

Юун гоёын. Блог хөтлөхөө амралт гэж ойлгоорой хэ хэ хэ.

Тэмдэглэл 2-ыг нь хүлээж байна шүү.

peakfinder said...

Би энэ олон дагуулаа нэг газар орхиж байгаад нэг тэгэж амрах юмсан :). Хоёр жил бутэн нойртой хоносонгүй, тэр унтах бол үнэхээр тансаг сонсдож байна шүү хө.

soulmate said...

хэхэ хүн бүр адилхан юм бодоо юу даа би ч бас хүүхдүүдээ орхиод Балид очиж унтах юм сан л гэж бодлоо. Бали ч байнуу хаана ч байна уу ялгаагүй л дээ тааваараа унтаж тааваараа уншиж амрах сан :р

Eat Pray Love дээр гараад байдаг газар л очсон бололтой тээ. Хүүхдүүд томрохоор хэдэн жилийн дараа нээрээ очмоор газар байнаа дахиад тэмдэглэлээ үргэлжлүүлээрэй плийз...

Bolortuya said...

Хөөрхөн юм бээээ, таалагдлаа.

Namun said...

Сайн байна уу? Би арван жилийн сурагч л да. уран зохиолын хичээл дрээ Р.Акутагавийн "Шугуйд болсон явдал" өгүүллийг уншаад бүтэн жилжингээ үзсэн дэлхийн уран зохиолын сонгодогуудаас энэ л өгүүллэг, зохиолч анхаарлыг минь татаж өөрийн эрхгүй судлах, илүү ихийг мэдэж унших сэдлийг төрүүллээ. өөрийгөө юунд дуртайгаа мэдээд дөнгөж 2 сар л блох гэж бн.ази хүн болохоороо ч тэр үү дорнын уран зохиолд дурлачих шиг боллоо. таны блогоос орчуулсан өгүүллэгүүдийг тань унших дуртай, чөлөөт цагийн минь хийх дуртай зүйл болжийн. Акутагава, Шүжи Цушима, Эдогава Рампо нарын намтарыг уншлаа. хайран залуу нас гмээр ч юм шиг. гэхдээ тэдний л хүсэл юм хойно хойч үеийн бишрэн хүндлэгчид бид шийдвэрийг нь хүндлэхгүй гээд ч яах билээ. интернэтээс олдож бга хамгийн алдартай өгүүллэгүүдийг нь уншлаа.уншсан хойноо ёстой л тархидуулаал тархидуулаал явчихлаа. ёстой гайхалтай, сонирхолтой. айдас, инээд, хүсэл, сонирхол, сониуч зан гд бүгдийг л эрхгүй хөдөлгөх юмөө. Уншсан даруйдаа найзууд,ядаж л фэйсбүүкийн танихгүй ч нзуудтайгаа хуваалцаж санаа сэтгэгдлээ солилцмоор санагдах юм даан ч тэд нар минь дутуу хагас сонсохоос цаашгүй, тв гээр гарах шоу драма киногоо л үзэх юм (би ч гсэн үздэг л дэ гэхдэ өөр сонин сонирхолтой зүйлийг хайхыг эрмэлздэг)тгэд над шиг ч сонирхолгүймдо. тгэд янз янзын номын грүппийн гишүүн болж сэтгэгдлээ хуваалцах гсэн ч нэг л больмоор. ах эгч нар маань үнэхээр их ном уншдаг танин мэддэг тийм болохоор ч тэр ү өөртөө төрсөн өчүүхэн сэтгэгдлээ далд хиймээр. их олон юмыг мэддэг хүмүүс бусдын олж мэдсэнийг үл хайхардаг, одоо л Э.Рампогийн хүн сандлыг уншиж бгаму гэж хэлэх ч юм шиг санагдаад. би их сонин юм бичиж бга бж магадгүй ч, ер нь номын тухай ч биш өөр олон зүйлийн тухай ярьмаар бдаг ч хэнд ярихаа мэдэхгүйм. юу ч ярьсан бөөн цэцэн мэргэдүүд залхмаар юм а. би өөрөө үг дуу цөөтэй тал рууга, хүмүүс их юм яриад эхэлхээрээ хэнд ч хэрэггүй ашиггүй болоод бга юш шиг санагддын. тгээд дуугай бсхр бга л бүрр дуугай болох юм шиг бн ө. дотроо хадгалж2 хэлмээр санагдсан юма буцаагаад залгичмаар юм. энэ хүмүүсийн хандлага үнэхээр давчдуулмаар юм а. за сунжирсан урт юм бичсэнд уучилж үзээрэй. сэтгэгдлээ хураамаар санагдсангүй э. ямартай ч би японы уран зохиол, детектив төрөлд хорхойссох боллоо энэ бдал маань таалагдаж сайхан, байна.

Mighty Girl said...

Таны блогийг уншилгүй уджээ. Бас л ажилтай гэж явсаар байгаад,, Монголд бас иймэрхүү бясалгалын төв байдаг юм байна лээ, 10 хоног хийдэг, өглөө 4-с босдог, орчин нөхцөл нь хамаагүй хүнд хатуу,, гэхдээ л сайхан болдог юм билээ...