2014/11/20

Р. Акүтагава "Кэса, Моритоо хоёр" II (төгсгөл)

   

  Хоёр

  Шөнө. Кэса орноосоо босон дэнлүүний гэрлээс буруу харж суугаад ханцуйгаа хазан бодолд автана.

  Түүний өчил

  “Тэр ирэх болов уу, үгүй болов уу? Ирэхгүй байна гэж баймааргүй ч сар шингэх дөхсөн атал хөлийн чимээ үл сонсогдоно. Санаа нь хувирсан биш байгаа? Юмыг яаж мэдэх вэ, хэрэв тэр ирэхгүй бол... Би янхан хүүхэн шиг ичгүүртэй нүүрээрээ өглөөний нарыг дахин яаж харах вэ? Тийм шившгийг яахин тэсвэрлэж чадах вэ? Тэгвэл би замын хажууд хаягдсан үхдэлээс ялгаагүй болно. Доромжлуулж бузарлуулсан дээрээ энэ биеийн шившгээ ил гаргаад зогсохгүй хэлгүй хүн шиг дув дуугүй өөрийгөө зүхэж амьдрах учир. Хэрэв тэгвэл би үхсэн ч үхэл намайг тайтгаруулж эс чадна. Үгүй үгүй, тэр заавал ирнэ. Саяхан салахдаа түүний нүд рүү өнгийж харснаас хойш энэ бодолдоо би итгэлтэй. Тэр надаас айдаг. Намайг үзэн ядаж жигшдэг ч гэлээ надаас айдаг. Тийм ээ, би зөвхөн өөртөө найдаж байсан бол түүнийг заавал ирнэ гэж хэлж чадахгүй. Харин түүнд бол би найдаж байна. Түүний аминч сэтгэлд нь найдна. Аминч сэтгэлээс нь үүдэх өөдгүй айдаст нь найдна. Тийм учир би ийн хэлж чадна. Тэр заавал өнөө шөнө энэ өрөөнд сэмхэн орж ирнэ...
  Гэвч өөртөө найдаж чадахгүй гэдэг би ямар арчаагүй вэ! Гурван жилийн өмнө би юуны түрүүнд өөртөө, өөрийнхөө гоо сайханд найдаж байсан. Гурван жилийн өмнө гэхээс тэр өдрийг хүртэл, гэсэн нь илүү онох байх. Тэр өдөр, авга эгчийн гэрт уулзахад би ганц хараад л түүний харцнаас өөрийн муухайг олж харсан. Харин тэр юу ч болоогүй мэт царайлаад аятай сайхан үг хэлж аргадаж байсан. Гэвч өөрийн үзэмжгүй муухайг мэдсэн эмэгтэй хүний сэтгэл тийм үгэнд хэрхэн тайтгарах билээ. Сэтгэл минь гонсойж, айж, гутарч байлаа. Балчир багадаа өрлөг эхийнхээ өвөр дээр сар хиртэхийг үзэхэд төрсөн эвгүй, жигтэй мэдрэмж тэр үеийн сэтгэлтэй харьцуулахад хэд дахин дээр байсныг хэлж мэдэхгүй нь. Миний хүсэл мөрөөдөл бүгд нэг дор хаа нэгтээ замхран одов. Дараа нь үүр шөнийн бороо шиг гуниг намайг бүрхэж, би гуниг ганцаардалдаа чичрэн үхдэл мэт биеэ түүнд даатгасан. Намайг эс хайрлах, намайг үзэн ядах, намайг жигшин зэвүүцэх тэр хүүхэмсэг эрд өөрийгөө өгсөн. Өөрийн муухайг мэдсэн тэр гутрал ганцаардлыг би тэсвэрлээгүй юм болов уу? Цээжинд нь нүүрээ наан халуун хүсэлд автах шиг болсон тэр мөчид бүгдийг хуурна гэж санаа юу? Эсвэл би өөрөө ч түүний адил хүсэл тачаалдаа хөтлөгдсөн үү? Ийнхүү бодох тусам ичиж үхмээр санагдана. Ямар ичгүүртэй, ичгүүртэй вэ! Түүний гараас мултран дахин биеэ захирах сэхээтэй болоод би өөрийн болчимгүй үйлдлээ ямар их зүхэж жигшсэн бэ!
  Уур хилэн, уй гаслан холилдож уйлахгүй юм шүү гэж бодовч нулимс асгарсаар байлаа. Гэхдээ зөвхөн эхнэр хүний журмыг эвдсэндээ гутарч уйлсан юм биш. Доромжлоод ханахгүй намайг жигшиж байгаа нь, уяман өвчтэй нохой адил үзэх ядаад зогсохгүй тамлаж байгаа нь юунаас ч илүү сэтгэл сэвтүүлж зовоож байсан.
  Тэгээд, дараа нь би яасан билээ. Одоо бодоход, өнө эртний явдал мэт ой тоонд тодорхой юм алга. Гагцхүү мэгшин уйлж байтал тэр миний чихэнд сахлаа хүргэв үү, үгүй юу халуун амьсгалаар “Ватарүг алъя” гэж нам дуугаар шивнэснийг санаж байна. Тэр үгийг сонсоод өдий хүртэл өөрөө ч үл ойлгох, амь орж сэргэх шиг сонин мэдрэмж төрж билээ. Амь орох? Сарны туяаг хэрвээ гэрэл гэвэл намайг ч бас амь орж сэргэсэн гэж болох байх. Гэхдээ жинхэнэ сарны гэрлээс ямар их ялгаатай вэ! Гэвч тэр аймшигт үгс намайг тайтгаруулсан бус уу? Би... эмэгтэй хүн гэдэг эр нөхрөө алуулсан ч хамаагүй, хүнээр хайрлуулахыг тэгтлээ хүсч баярладаг гэж үү?
  Би жаахан сэргэсэн ч сартай шөнийн гэрэл шиг ганцаардмал, уйтай сэтгэлд автаж хэсэгтээ уйлав. Тэгээд? Тэгээд? Би хэзээ түүнд нөхрөө алахад тусална гэж амласан бол? Амлахдаа би сая анх удаа нөхрөө санасан. Анх удаа гэж би үнэнээсээ хэлж байна. Тэр хүртэл би зөвхөн өөрийгөө, өөрийн гутамшгаа л бодож байсан. Гэтэл тэр үед нөхрөө, үг цөөтэй нөхрөө... үгүй, нөхрөө биш, нөхрийнхөө надад нэг юм хэлээд инээмсэглэх царайг би харж байгаа мэт тов тод санав. Миний энэ санаа түүний царайг санасан тэр мөчид төрсөн болов уу? Учир нь би тэр үед хэдийнээ үхнэ гэж шийдчихсэн байсан. Шийдэж чадсандаа ч баяртай байсан. Гэвч уйлахаа болиод толгой өргөн түүний зүг хартал... сэтгэлээс нь урьдын адил өөрийн муухайг тольдон харсан учир миний баяр ч хормын дотор замхарсан шиг санагдана. Тэгээд... би дахиад өрлөг эхтэйгээ үзсэн сар хиртэлтийн харанхуйг санав. Чингэсэн нь... хөөр баярын ёроолд нуугдах төрөл бүрийн буг чөтгөр нэгэн зэрэг алдуурахтай адил байжээ. Би нөхөртөө хайртай учраас өөрийн биеэр солио хийж өмнөөс нь үхэх гэж байна уу? Үгүй ээ, би өөрт аятай байдлаар тэр хүнтэй ойртсон нүглээ ийнхүү наманчлах санаатай байна. Би бол журамт эхнэрийн ёсоор амиа хорлох зүрхгүй нэгэн. Хүмүүсийн нүдэнд өөрийгөө жаахан ч болов сайнаар харуулахыг санаархах нэгэн. Гэхдээ энэ бүгдийг өгөөмөр сэтгэлээр өршөөе гэж бодъё. Даанч миний санаа бүр ч өөдгүй, бүр ч муухай ажээ. Нөхрийнхөө өмнөөс үхэх нэрийн дор би үзэн ядалт, жигшилт, намайг тоглоомоо болгосон тэр шунал тачаалынх нь төлөө түүнээс хариугаа авахыг хүссэн бус уу? Нөгөө сарны гэрэл шиг амь орж сэргэсэн мэдрэмж түүний царайг харангуут алга болж, гагцхүү гуниг гутрал зүрхийг минь хөлдөөсөн нь үүнийг нотолно. Би нөхрийнхөө төлөө үхэхгүй. Өөрийнхөө төлөө л үхнэ. Сэтгэлийг минь шархлуулж, биеийг минь доромжилсны төлөө үхнэ. Миний амьдрал утгагүй байсан, миний үхэлд ч утга байхгүй.
  Гэвч ийнхүү утгагүй үхэх нь надад амьд явснаас дээр. Би гунигаа нууж инээмсэглэсээр дахин дахин түүнтэй нөхрөө алах тухай тохирсон. Тэр совин мэдрэмж сайтай учир амнаасаа буцвал намайг яаж ч мэднэ гэдгийг таамагласан байх учиртай. Андгай хүртэл өргөсөн учир тэр заавал энд сэмхэн ирнэ.
  Байз, салхины чимээ юу... тэр өдрөөс хойших хамаг зовлон гуниг энэ шөнө дуусна гэж бодохоор сэтгэл минь хөнгөрч тайвширна. Маргаашийн наран толгойгүй биед минь хүйтэн гэрлээ тусгана. Түүнийг нөхөр минь хараад... үгүй, одоо нөхрөө бодож болохгүй, нөхөр минь надад хайртай. Даанч би хайрыг нь хариулж эс чадна. Аль эртнээс би нэг л хүнийг хайрласаар ирсэн. Тэр хүн өнөө шөнө намайг алахаар ирнэ. Энэ дэнлүүний бүдэг гэрэл хайртай түүндээ эцсээ хүртэл тамлуулж тарчилсан надад дэндүү тод ажээ.

  Кэса дэнлүүний зулыг үлээж унтраав. Удалгүй харанхуйд цонхны хаалт нээх үл мэдэг дуу гарч өрөөнд сарны бүүдгэр гэрэл туслаа.

  Тайшёо 7 оны 3 сар (1918)

9 comments:

Уншигч said...

Моритоо нь яагаад Кэсаг алах юм болоо? Уг нь нөхрийг нь ална гээд байсан. Эсвэл Кэса нь нөхрийнхөө оронд байдаг ч юм уу? Нөхрийнхөө урдуур ороод үхэхээр шийдсэн юм болов уу?
Энэ Япон хүмүүс хэлсэн амандаа аймар хүрдэг бололтой.

Уншигч said...

Уялдуулаад бодохоор бүх зүйл Моритоогийн буруу юм шиг санагдаж байна. Кэса анхандаа хайртай байсан ч, түүнийг шуналын нүдээр харснаас болоод өөрийгөө жигшсэн байхаа. Дараа нь ч гэсэн нөхөртэй болсон хойно нь хүндлээд зүгээр явуулчихгүй, өмнөх шуналаа дарах гэж зүтгэсэн байх юм. Тэгчихээд хүслээ хангачихаад хөөрхий хүүхний сэтгэлийг таниагүй байж дахиад л буруутгаад.

Уншигч said...

Аан, дээд зурган дээр үсээ эрэгтэй хүн шигээр янзалж байгаа байдал уу?

Сүрэн said...

>Уншигч
Коммент баярлалаа.
Асуултанд хариулбал, Моритоо шөнийн харанхуйд сэмхэн гэрт нь орж Кэсагийн нөхрийг алах гэж буй – Кэсатай тэгж тохирсон учир. Харин Кэса Моритоогийн амыг авахдаа өөрийн биеэр нөхрөө орлоно гэж шийдсэн учир Моритоогийн ирэхийг хүлээж буй.

Тийм, Кэса үсээ угааж эрэгтэй хүнийхээр засаж буйг харуулсан үкиё зураг. Энэ эртний нэгэн түүхээс (болсон явдал) сэдэвлэсэн өгүүллэг юм. Кэса нөхөртөө архи уулгаад үсийг нь угааж унтуулна, харанхуйд тэмтэрч үзээд нойтон үстэй хүнийг алаарай гэж Моритоод захидаг.

Anonymous said...

гоё өгүүллэг байна, орчуулга нь ч их сайн

tsatsrala said...

Sonirholtoi bailaa! Bayarlalaa :)

Сүрэн said...

>Anonymous
>tsatsrala

Bayarlalaa

Anonymous said...

үнэхээр сайн орчуулжээ. өгүүллэг ч их таалагдлаа. баярлалаа.

Сүрэн said...

>Anonymous

Bayarlalaa