2014/05/14

Хаврын баяраар 1: Улаанбаатарын ус нь муухай




Хаврын баярт очив, бууз хуушуур идэв, дуу бүжиг сонсов, хамгийн гол нь найзуудтайгаа амаа ар дээрээ гартал чалчив. Мөн цэцэрлэгийн хажуу дахь номын санд зохион байгуулсан “Монгол коллеж” семинарт сууж мундаг мундаг хүмүүсийн илтгэл сонсов. Урьсан хүмүүс, ярьсан сэдэв нь сонирхолтойгоос гадна өнөөгийн нэн тулгамдсан асуудлыг хөндсөн тул зохион байгуулагч нарт гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Семинарт ирэгсдийн 80% нь монголыг сонирхдог япон хүмүүс байсан нь жаахан харамсалтай. Учир нь япончууд гэхээс бидэнд илүү хэрэгтэй зүйл хүмүүс ярьж байлаа. Юутай ч толгойд тогтоосноо хүмүүстэй хуваалцъя гэж бодлоо:

  1.Улаанбаатар хотын усны дэд бүтцийн тухай
   Тоохокү Соёлын Их Сургуулийн багш Ешикава Минорү

Улаанбаатар хотын ус цэвэрлэх Төв байгууламж нь Оросын тусламжаар 1964 онд баригдсан. Тухайн үед хотын хүн амыг 300 мянгад хүрнэ гэж тооцоолж барьсан. Шинэ үйлдвэр баригдаж, хотын хүн ам өсөхийн хирээр хүчин чадлыг нь нэмэгдүүлж өргөтгөл хийж байв. Өдөрт 230,000 куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай ч эдүгээ өдөрт 170,000 куб метр ус л цэвэрлэж байна. Ерөнхийдөө тус байгууламж нэлээд хуучирсан. Мөн 150 км-ийн ус татуургын шугам сүлжээ ч цөм муудаж хуучирсан.

Энэ байгууламжид усыг механик, биологийн аргаар цэвэрлэдэг. Анхаарах зүйл: Биологийн аргаар (бичил биет хийж цэвэрлэх арга) цэвэрлэхэд бохир усыг усан санд дор хаяж 30-40 цаг байлгах хэрэгтэй. Даанч багтаамж муу тул наймхан (!) цагийн дараа дутуу цэвэрлэсэн бохир усыг буцаагаад Туул гол руу урсгаж байна.

Зөвхөн орон сууц биш аж үйлдвэрийн гаралтай усыг ч энд цэвэрлэнэ. Тэр нь нийт усны 40 хувийг эзэлнэ, хог ихтэй, химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан байдаг. Ялангуяа хром зэрэг хүнд металл агуулсан бохир ус асуудал үүсгэнэ. Энэ байдлыг шийдэх хоёр л арга байна: 1) ус цэвэрлэх шинэ байгууламж барих, 2) арьс ширний үйдвэр зэргийг хотоос гаргах (энэ тухай яригддаг ч тодорхой авсан арга хэмжээ алга).

Өрхийн усны хэрэглээ:
Орон сууц: өдөрт 200-300 литр
Гэр хороолол: өдөрт 7-20 литр

Усны үнэ:
Орон сууц (халуун, хүйтэн ус): 1 лит 0.42-0.56 төг = 0.02-0.03 иен
Гэр хороолол: 1 литр 2 төг = 0.1 иен
Токио хотын ам бүл 3 дундаж өрх: 1 литр 0.16 иен

Гэр хорооллын усыг худгийн ус гэж их андуурдаг. Үнэндээ хотын усан хангамжаас авч буй тул орон сууцны айлтай адил. Харин үнийн хувьд Токио хотын усны өртөгтэй адил байгааг юу гэж ойлгох вэ? Нийт системийн гажуудал гэхээс өөр аргагүй. Ялангуяа гэр хорооллын хүмүүсийн дундаж амьжиргааг бодоод үзэхэд. Мөн гэр хорооллын жорлон, муу усны нүх нь бохирдлын эх үүсвэр болж байна. Нэг зун байгаад нүүчихвэл асуудалгүй. Харин олон арван жил нэг газраа хамаг бохироо асгаж байгаа нь хөрс, хөрсний ус цаашлаад агаар бохирдоход хүргэж буй.

Гол асуудал:
Монголын засгийн газар, яам тамгын газрынхан янз бүрийн төлөвлөгөө хийж байна, боловсруулж байна, ингэх тэгэх санаатай байна гэж ярих нь сайхан ч хэрэгжилт доголдолтой. Мөн монголд “сонгууль” гэгч айхтар юмыг байнга бодож тооцоолохгүй бол болохгүй. Усны дэд бүтцийг сайжруулна, шинээр ус цэвэрлэх байгууламж барина гэдэг олон жилийн асуудал. Японд хүртэл аль нэг дүүргийн усны дэд бүтцийг шинэчилье гэвэл 1 жил судалгаа, 1 жил зураг төсөл гаргах, 3 жил барих зэрэг дор хаяж 5 жил хэрэгтэй. Харин монголын хувьд өвөл барилгын ажил хийх боломжгүй тул 8-10 жил хэрэгтэй гэнгүүт ихэс дээдэс, албан тушаалтнуудын сонирхол буурчихдаг. Нэлээд олон хүнээс “2016 оны сонгуулийн үеэр наад ус цэвэрлэх байгууламжийн чинь ядаж нэг хана босчихсон  байх уу? Тийм бол зөвшөөрөхөд бэлэн” гэх үг сонсч байлаа. Бүгд хэрэгтэй, нэн даруй хэрэгтэй, ус хөрс бохирдож байна гэж санал нийлэх боловч 2016 онд дөнгөж зураг төсөл нь бэлэн болно гэхээр дуугаа хураачихдаг. Монголын төрд нийслэлийнхээ усны дэд бүтцийг улс төрийн өрсөлдөөн, нам сонгуулийн үзүүлэн тоглолтоос ангид авч үзэж шийдвэрлэх чадвар алга. Сонгуулийн төлөөх шоуг л бодох тул монголын төр засгийнхан “хурдыг” үлэмж үнэлж (スピード感を求める), гялс хийчих юм хүсэмжилнэ. Даанч гялс хийж болохгүй юм байдгийг, чухал байх тусмаа гялс манс хийж болдоггүйг, хийхээ хойшлуулж байх хооронд газар ус нь бохирдож буйг тоож бодолцох нь цөөхөн. 

(бусад илтгэлийн тухай дараагийн бичлэгт)

2014/05/07

Үнээ & секс




Гадаад танилтайгаа монголчуудын уламжлалт хоол ундны тухай ярьж байлаа. Ярьж байлаа гэж асуусан асуултанд нь хариулж байлаа л даа. Танил маань ямар ч орны уламжлалт хоол унд нь тухайн орны цаг агаарын байдал, хүмүүсийн амьдралын хэв маягт хамгийн сайн зохицож тохирсон гэж итгэдэг нэгэн. Тиймээс зүүн өмнөд азийн будаа, ногоо, загас голлосон хоолыг магтана. Өмнөд америкийн эрдэнэ шиш, буурцаг голлосон хоолыг сайшаана. Харин монгол гэнгүүт "махнаас өөр юу иддэг юм бол?" гээд паг болчихсон аж. Бас европ хүн болсон хойно тариа, ногоо, жимс ороогүй хоол гэхээр төсөөлөхөд бэрх гэнэ. Ингээд Сүрэн ярьж гарав:

Монголчууд бүгд нэг янзын хоол ундтай гэж арай л болохгүй. Говь, тал, хангай гээд амьдран суух нутгийн онцлогийг заавал бодох хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө монгол хуурай уур амьсгалтай, бороо бага ордог тул хэсэг газраар л арвай тариа тарьдаг уламжлалтай байв, ихэнх нутгаар тариа ногоо тарих боломжгүй... Тарьж болно л доо, даанч тариад тав, арван жил болонгуут ногоон тал маань шаргал цөл болчихно. Газар нутгийнхаа энэ онцлогийг монголчууд эрт дээр үеэс мэддэг байсан юм. Үүнийг нь япон эрдэмтэд монголд хөрсний шинжилгээ хийгээд газрын үржил шимтэй хэдхэн миллиметр хөрсийг хөндвөл “Сайн байна уу, Сахара” болохыг нотолчихсон юм. Өвөр монголд хятадууд жараад жилийн өмнө баахан тариа ногоо тариад сайхан тал нутгийг элсэн манхан болгож “баталчихсан” юм. Тиймээс монгол түмэн мал дагаж амьдарсаар ирсэн. Малаа дагахаар мэдээж махан хоол, сүүн бүтээгдэхүүн голлоно. Өвөө, эмээгийн үед махан хоол голдуу намар, өвөл, хаврын цагт идээд, зундаа дан цагаан идээ иддэг байв. Хөдөө өссөн аав, ээж хоёр багын явдлаа дурсахдаа найм, есөн сард аягүй махсаж хонь гаргадаггүй юм байхдаа, холоос зочин гийчин ирдэггүй юм байхдаа гэж хоног тоолж хүлээдэг байснаа ярьдаг байсан... Орчин үед малаа хайрлаад, эсвэл ядуугийн учир зун мах иддэггүй байсан мэт ярьдаг ч үнэндээ зуны гурван сард дан цагаан идээ идэж биед хуримтлагдсан махны “шлак” гэгчийг махбодоосоо гаргаж цэвэршүүлдэг ардын ухаан байсан бололтой. Яг хэдийнээс монголчууд зун мах иддэг болов гэхээр нэгдлээс хойш буюу жараад оноос хойш юм шиг байгаам... сорри далийх нь. Нэг иймэрхүү маягаар ярьж байтал найз асууж байна:
- Өвөл цагаан идээ иддэггүй юмуу?
- Иднэ, иднэ. Зундаа бэлдсэн ааруул, ээзгий гээд идэлгүй яахав. Бас хаврын хавсаргад аарц буцалган ууж алжаалаа тайлна.
- Аан, тэгвэл жилийн дөрвөн улиралд тараг, сүү ууж, ааруул ээзгий иддэг байх нээ.
- Тийм. Аан, юу гэнээ, тараг гэчхэв үү? Тараг өвөл ууж идэхгүй шдээ.
- Яагаад?
- Үнээ сүү муутай юм чинь яаж уух уу? Цайгаа сүүлэх сүү байвал их юм шдээ, өвлийн цагт.
- Үнээнээс өвөл сүү гардаггүймуу?

Гэнгүүт Сүрэн гэнэт ойлгож байгаам. Тэгээд асуулаа:
- Найз аа, үнээнээс байнга их сүү гардаг гэж боддог уу?
- Үгүй юмуу?
- Үгүй шдээ...
- Үнэний үүлдрээс хамаарах байх л даа, зарим нь их сүүтэй, зарим нь бага сүүтэй. Гэхдээ их сүүтэй үнээ байнга их сүүтэй биз дээ?

Сүрэн санаа алдав, уртаар амьсгаа авав, улмаар амаа нээв:
- Үгүй ээ... үнээ чинь хүнтэй адил, сүүгээр бойжигч амьтан шдээ. Хүүхэдгүй бол, хүүхэдгүй гэнэ, тугалгүй бол сүү гарахгүй. Хавар тугаллахаар их сүү гарна, тугал нь намар тийш том болоод эхийн сүүний хэрэгцээ үгүй болонгуут үнээний сүү ширгэнэ... яг л чам шиг, хүүхэд том болохоор сүү гардаггүй биз дээ?

Ийнхүү найз шоконд оров. Үнээг жилийн дөрвөн улиралд сүүтэй амьтанд тооцож байсан гэнэ. Хүмүүсийг сүүтэй байлгахын тулд "үнээ жил бүр тугал гаргах ёстойг" мэдээгүй гэнэ. Бидний уудаг сүү хүртэл “сексийн үр дүн” юм байна шдээ, амьдрал тэр чигээрээ секс юм байна гээд сайхан зүүднээсээ санаандгүй сэрчихсэн аятай гайхшран суув.

Энэ орчин үеийн хотын хүмүүс үү... ккк
Уламжлалт идээ ундааны чухлыг ойлгодог, байгаль орчны асуудлыг сонирхдог, арай гайгүй ухамсартай нь хүртэл нэг иймэрхүү, ширээн дээрх хоол нь газрын хаанаас гарч ирсэн тухай бараг төсөөлөлгүй явж байдаг. Гаднынхан, тэр тундаа хотынхон иймэрхүү бодит ертөнцөөс хэт “тасарчихсан” байх юм даа гээд бодож суутал нэгэн явдал санаанд оров.

Зуны халуунд дээд доод курсийн монгол оюутнууд цуглаад буу халж байлаа. Бүгд нутгаа саначихсан, удахгүй харих тухай, хариад юуны түрүүнд юу идэж уух тухай ам уралдан ярьж байтал эндэхийн шилдэг их сургуулийн сүрхий толгойтой оюутан залуу “айрагт дургүй” гэв. Бүгд гайхаж, паах пээх гоё шдээ, сэнгэнээд сайхан шдээ, монгол хүний жаргал шдээ гэцгээтэл залуу “Усаар хийдэг, муу гээ биз дээ?”. Бүгд дуугаа хурааж, толгой дээр нь асуултын тэмдэгтэй бөмбөлөг бүрэлдсэнийг бараг тэмтэрч болохоор байв. Гэвч бөмбөлөг гэнэт тэсэрч, зурсхийн ойлгож байгаам. Асуутал үнэхээр “айргийг муу ус сүүгээр” хийдэг гэж боддог юм байна. Бид хэд ёстой эвэртэй туулай үзсэн мэт болсон шдээ. Залуу даанч тоглоогүй нь хөөрхий хотын монголчуудын бодит байдал гэх үү дээ... Ээж аав нь “гаднаас айраг битгий авч уу, устай байдаг юм” гэхийг хотоос гарч үзээгүй хөвгүүн “зарим хүмүүс айраг зарахдаа ус найруулж арвижуулсан байдаг” гэж ойлгох бус “айргийг муу усаар хийдэг” гэж ойлгосон байжээ. Өөрийн хоёр чихээр сонсоогүй бол итгэмээргүй түүх. Гэхдээ хотод өсөж өндийсөн, хөдөөг мэдэхгүй, мэдэхгүйгээр барахгүй бараг л ад үзчих гээд байгаа generation ар араасаа гарч буй энэ үед монголд ч гэсэн “пөөөх, хонь үнээ тугаллаж хургалаад л сүүтэй болдгиймуу” гэж гайхах жаалууд олшрох байх даа. Яалтай ч билээ дээ...