2014/03/14

Нацүмэ Соосэки "Зүүдний арван шөнө"


 

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” 
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Зургаа дахь шөнө

Ийм нэгэн зүүд зүүдлэв.

  Гококүжи сүмийн гол хаалганаа Үнкэй (*1) хамгаалагч бурхан  Махранзын  дүрийг сийлж байна гэж дуулаад гадуур зугаалах зуураа очиж үзтэл хэдийнээ олон хүн цуглаж өөр хоорондоо зогсоо чөлөөгүй ярилцаж байлаа.
  Сүмийн гол хаалганы өмнө, тав зургаан кэний(*2) зайд том ногоон нарс мод ургах ажээ. Нарс хаалганы асрыг бүрхэж тэртээ хөхрөх тэнгэр өөд тэмүүлнэ. Ногоон нарс, улаан хаалга хоёр өнгө зохицон гайхам сайхан харагдана. Нарсны байрлал ч мөн сайхан. Хаалганы зүүн талыг халхлахгүйгээр хөндлөн ургаж дээвэр дээгүүр сунасан нь эрт дээр үеийг санагдуулна. Камакүра үе (1185–1333) болов уу. Гэтэл харан зогсч буй нь бүгд өнөөгийн Мэйжи үеийн (1868-1912) хүмүүс ажээ. Тэдний дийлэнх нь хүн тэрэгчид агаад үйлчлүүлэгчдээ хүлээх зуураа уйдаад энд зогсч буйгаас өөрцгүй санагдана.
  Нэг нь:
- Том юмаа гэв.
  Нөгөө нь:
- Хүн хийхээс хавьгүй их хөлс урсгах ажил шив гэлээ.
  Бас нэг эр:
- Махранз байна хө. Одоо ч бас Махранз сийлдэг байжээ. Тийм байж... Би чинь бүх Махранзыг балар эрт сийлж дууссан гэж бодож байлаа гэв.
- Мөнчиг хүчирхэг харагдах юмаа. Эртнээс л хэн хүчтэй Махранз хүчтэй, түүнийг давах хүч байхгүй гэдэг дээ. Бүр Ямато Такэрүгээс (*3) ч илүү хүчтэй гэдэг шүү гэж нэгэн эр хэлэв. Тэрээр кимоногийнхоо хормойг бүсэндээ хавчуулаад малгайгүй зогсоно. Нэлээд бүдүүлэг байрын эр шиг харагдав.
  Үнкэй үзэгч олны юу ярихыг огтхон ч тоолгүй цүүц, алх хоёроо л хөдөлгөнө. Эргэж ерөөс үл харна. Өндөрт гараад Махранз бурхны нүүр царайг л уйгагүй урлан сийлнэ.
  Толгойдоо эбоши(*4) малгайрхуу юм духдуулж, сүоо(*5) ч юм шиг юу нь үл ойлгогдох хувцасны урт ханцуйг нуруундаа зангиджээ. Энэхүү байдал нь харваас эрт дээр үеийн шинжийг илтгэнэ. Тиймээс ам амандаа шуугилдах хүмүүстэй ерөөс зохицохгүй аж. Би Үнкэй яагаад өдий хүртэл амьд байгаа юм бол гэж гайхав. Сонин хачин явдал бас байх юм даа гэж бодон түүнийг ажиглан зогслоо.
  Харин Үнкэй орчны сонин хачиныг огт мэдэрсэн янзгүй хамаг чадлаараа Махранз бурхныг л сийлнэ. Толгойгоо гэдийлгэн түүнийг харж зогссон нэгэн залуу над руу эргэж хараад:
- Аргагүй л Үнкэй юм даа. Биднийг тоосон ч шинж алга. Газар дээр байгаа нь гагцхүү Махранз бид хоёр гэж байх шиг. Сүрдмээр ч юм даа гэж магтав.
  Надад залуугийн үг сонирхолтой санагдаж түүн рүү харвал залуу залгуулан,
- Тэр цүүц, алх хоёроо барьж байгааг нь хар даа. Багажаа эзэмшихийн оргилд хүрчээ гэв.
  Үнкэй одоо Махранзын бүдүүн хөмсгийг хөндлөн сийлж, цүүцнийхээ үзүүрийг эргүүлж босгов уу үгүйтэй дээрээс нь алх буулгана. Хатуу модыг сийлсээр, үртэс зоргодос алхны дуугаар тал тал тийш үсчин бутарсаар самсаа нь сарталзаж уур хилэн бадарсан хамар цухуйгаад ирлээ. Үнкэй цүүц хутгаа барьж байгаа нь нэлээд хайнгадуу харагдана. Гэтэл гар нь өчүүхэн боловч эргэлзээгүй, итгэлтэй хөдөлнө.
  Би гайхан биширч:
- Цүүц багажаа ийм хайнга барьдаг атлаа яаж хүссэн хэлбэрийн хөмсөг, хамар сийлчихдэг байна аа гэв. Тэгтэл өнөөх залуу:
- Үгүй ээ, хөмсөг хамрыг цүүцээр сийлж урлахгүй. Модны дотор угаас байгаа Махранз бурхны хөмсөг, хамрыг цүүц, алх хоёроороо гаргаж авдаг байхгүй юу. Газар ухаж чулуу малтаж гаргахтай адил болохоор алдана ч гэж байхгүй л дээ гэв.
  Би тэр үед анх удаа сийлбэр гэдэг тийм юм билүү хэмээн санав. Хэрэв үнэхээр тийм бол хэн ч атугай хийж чадах эд гэдгийг ч санав. Тийнхүү гэнэт Махранз бурхан сийлмээр санагдсан учир Үнкэйг үзмэр адил харж зогсохоо болиод даруй гэртээ харив.
  Багажны савнаасаа цүүц, алх аваад гэрийнхээ ард очвоос саяхны шуурганаар унасан царс модыг түлэхээр зэхэж хөрөөдсөн баахан тайрдас өрөөстэй байлаа.
  Би хамгийн томыг нь сонгоод эрчтэйхэн шиг зорж эхэлсэн боловч харамсалтай нь Махранз байсангүй. Дараагийн тайрдсыг сийлсэн ч аз тохиосонгүй. Гурав дахь тайрдсаас ч Махранз олдсонгүй. Өрөөстэй олон тайрдсыг захаас нь аваад ухаж үзсэн боловч алинд нь ч Махранз бурхан алга. Эцэст нь би Мэйжигийн модонд Махранз байхгүйг ухаарав. Ийнхүү Үнкэй өдий хүртэл амьд буйн учрыг ч бараг ойлгов.

----------------------------------------------------------------
  1. Үнкэй (1150-1223) –Камакура үед (1185-1333) амьдарч байсан японы нэрт сийлбэрч. Сонирхуулахад, 2008 оны Christie дуудлага худалдаагаар Үнкэйгийн бурхан багшийн сийлбэр 14 сая 370 мянган долларт хүрсэн нь япон төдийгүй азийн хамгийн үнэтэй зарагдсан урлагийн бүтээл болсон.
  2. Тав, зургаан кэн = арваад метр
  3. Ямато Такэрү  – домогт баатар, 12-р эзэн хаан Кэйкоогийн хүү, нэрт жанжин
  4. эбоши – дээр үеийн малгай
  5. сүоо – дээр үийн урт ханцуйтай өмсгөл

2 comments:

Anonymous said...

хорошо

Сүрэн said...

> Anonymous

спасибо