2014/03/30

Дуртай нэгэн дуу


  Цыган дуу "Параскива"

  

2014/03/18

"Монголын сонгомол өгүүллэг" - гомдов




Түрүү жилийн гайхснаа бичсэн тээ. Одоо гомдсноо бичье. Яахаараа аль аль нь орчуулгатай холбоотой байдгийн... Япон хэлтэй нь наашаа. Би энд хүн муулах гэж байна. Муулах ч гэж дээ гомдол мэдүүлэх гэж байна. Гомдол ч гэж дээ... нөгөө... нөгөө ч гэж дээ... яппари гомдол... /хоолой зангирах/... Гэхдээ биеэ бариад, нялмсаа арчаад... /хм хм хоолой засах/... эхнээс нь ээлж дараатай ярья.

Оршил:
Монголын уран зохиолыг япон хүмүүс мэддэг билүү? Хариулт ойлгомжтой. Япон гэлтгүй Монгол зохиолчдыг ямар ч орныхон мэдэхгүй. Яах вэ, үндэс угсаа нэг гэсэндээ өвөрлөгч түмэн, буриадууд маань л мэднэ, бусад нь байхгүй. Аргагүй шүү дээ, орчуулга байхгүй юм чинь. Я.Кавабата Нобелийн шагнал авахдаа уран бүтээлийг нь англи хэлнээ хөрвүүлсэн орчуулагчдын гавьяаг цохон дурдаж байсныг хүмүүс мэдэх байх. “Олон ч хүн хэлдэг юм, олон ч хүн мэддэг юм - орчуулга байгаагүй бол Кавабата Нобель авах нь цементнээс цэцэг ургахтай адил” гэмээр байгаа бол түр азнаарай. Цементнээс ч гэсэн хааяа цэцэг навч ургасан харагддаг юм. Харин Кавабатагийн хувьд магадлал хужир давснаас хус мод ургахтай адил байсан болов уу. Учир нь Нобель авахад гадаад хэлээр түүний гуравхан (!) роман, ганц хоёр өгүүллэгийн түүвэр л хэвлэгдсэн байв. Мөн "гадаад хэлээр" гэж ганц англи хэлийг хэлээгүйг минь анхаарна уу?

Гомдол:
Ноднин Аюурзана, Өлзийтөгс хоёрын эмхтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” түүврийг япон орчуулагч эх хэлнээ орчуулж хэвлэснийг мэдээд баахан баярлав. Оюутан байхын сургуульдаа сонин гаргаж одоо эндэхийн томоохон хэвлэлийн газар редактор хийж байгаа найздаа үзүүлнээ, унш гэж дарамталнаа гээд элдвийг төсөөлөөд гого байв. За тэгээд орчуулга авлаа... харлаа... хаялаа... хаялаа гэнэ, үүнийг бичиж сууна. Утгын алдаа дэндүү их юм. “Сум”, “аймаг” зэрэг нэг янзаар нэгтгэж орчуулах үгийг хэдэн янзаар буулгасан байх юм. Найруулга тиймэрхүү. Зарим өгүүлбэрийн утгыг япон хүн уншаад ойлгохгүй байх жишээний. Нэг үгээр хэлбэл, орчуулагч ажлаа нягталж ерөөс шалгаагүй юм байна.

Эх зохиолыг буруу ойлгосон, цэвэр хэлний алдаа дэндүү их. Жишээ нь С.Эрдэнийн "Хулан бид хоёр" өгүүллэгт Хулан нөхрөө зүхэж "Үхсэн хойноо Чингис хаан бол" гэхийг "яг" тэр чигээр нь буулгасан нь оросоор бол “Он будет Чингис ханом после смерти” гэх маягийн орчуулга болжээ. Өөрөөр хэлбэл "Үхсэн хойноо Чингис хаан бол", "Үхсэн хойноо Чингис хаан болно" – энэ хоёр өгүүлбэрийн утгын ялгааг орчуулагч үл мэдэх ажээ. Хэсэг хэсэгтээ монголчууд гэж нэг тийм сонин, хачин, ёоёотой хүмүүс мэт сэтгэл төрөхөөр ч орчуулга байна. “Сүжиглэнгүй” гэснийг "сүжиггүй” гэж андуурч орчуулаад, “бие нь хөшөөд” гэснийг “бие нь чулуу болоод” гэж орчуулахаар арга байжуу. Сүрэн одоо муугаа мэдэхгүй хүн муулахтайгаа гэж бодож байвал П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийн зөвхөн эхний хэсгээс түүсэн эдгээр алдааг харна уу:

Айлын ааштай эхнэр хүүхдүүдээ загнаж үглэх хэсэг:

Хэзээ амар заяа үзэх хүн бэ би?! Хэсэг ч болов төвшин суух цаг ирээсэй! Хүний хүүхдүүд хичнээн сайхан байна вэ?! Яасан гэж намайг зовооно вэ?
-いつになったら平穏が訪れるんだ、俺に?!少しでもいい、落ち着く時間が来て欲しい!他の連中はとても幸せなんだろう?!どうして俺だけ苦しめるんだ?!

Өгүүллэгийг эхэнд эхнэр үглэж яншаад, нөхөр үглэхийг нь таг дуугай сонсч хэвтээд элдвийг тайван эргэцүүлэх атал өгүүлэгчийг андуурснаас болж өгүүллэгийн аяс эхнээсээ “нэг л биш” болж хувирна.

Ер тамхи бол ямар ч бай эр хүний нөхөр юм байна. Мань шиг нэг нь сэтгэлээ тайтгаруулах гэж олж нээгээ ч бил үү?! Өөд муутай болохоор нь л дэлхий даяараа тамхинд орчихов гэж дээ.
じっさい煙草というのは、なんと言っても男の友なんだ。俺たちのような誰かが心を鎮めるために見つけて来たんだろう?!役に立たないからこそ世界中が煙草に耽ったんだろう。

Надаас дайжих нь дутаж гэнэ.
わたしから逃げるだけじゃ足りないわけ。

Харанхуй болчхоод байхад 18-тай хүү нь гэртээ ирсэнгүй гэж эхнэр үглэх хэсэг:

Өдий шөнө орой болчихоод байхад тэр хүн айлд хичээл хийгээд сууж гэнэ дээ. Нүд чинь сохров уу? Доод Бадарчийн улцан шар охинтой нийлээд хаа нэгтээ годгонож яваагаас хаа зайлдаг юм? Бас охид эргүүлэх санаатай. Чиний гар ганзаганд хөл дөрөөнд хүрсэн эр хүн чинь тэр үү? Зөв дөрөөлсөн нь тэр үү? Тэр хулман шар хүүхэнгүй байж чадахгүй болчихож уу? Хүзүү толгойгоо наачих шахсан л явж харагдана лээ. Ичээсэй билээ?
今宵も更けて、あいつは他家で勉強しているんだとさ。目が見えなくなったのかい?下のバダルチの泣き顔色白の娘とどっかをうろつくしかないのかい?それに娘たちを追い回すつもりだ。一人前の男になったつもりなのかしら?頭が首から落っこちそうだ。恥ずかしくないの?!

Аавын бодол:

“Хүү маань үнэхээр Бадарчийн охинд сайн болж уу?” Орой ажлаас ирж яваад орцны үүдэнд хоёулантай нь халз тулгарсан нь бий.
「息子はじっさいバダルチの娘に似つかわしいのか?」夜、仕事から戻って来たとき、アパートの入口のドアのところで二人で向き合って寄り添っていた。

“Хүүхдүүд үерхэг дээ үерхэг...”
「子供たちは同世代だ、同世代。

Дэлэг “Алтан шар үстэй охин доо” гэж өөртөө дахиад хэлнэ. Эхнэртэйгээ зөрж сөргөж байгаа нь энэ. Эхнэр нь яаж чиг дуулахав даа. “Алтан шаргал үстэй, алиа хөөрхөн охин доо”. Хүүгээ бодохоос инээд ч хүрч бас хайр нь хүрч байжээ. Сайн охинтой үерхэхэд юу нь эртдэх вэ? Миний хүү. Гэхдээ эхлээд дунд сургуулиа төгс. Дараа нь дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшээд аваг! Ингэвэл сая аж амьдрал төвхнөх биш үү? Тэрнээс биш одооноос оодонгийн тугал шиг хаа хамаагүй харайж гүйж болохгүй.
デレグは「金色に光る髪の娘だ」と自分自身にもう一度言う。妻とはまったく正反対なのだ、かの女は。妻はどうして相手にしようとしないのか。「金色に光る髪の、おちゃめで可愛い娘だ」息子のことを考えるより、頬が緩むし、愛情さえ感じていた。よい娘と友だちになるのに早すぎるということがあるものか。息子よ。だが、まず中学校を卒業しろ。それから大学を出て、専門知識を習得しろ。そうすれば、すぐに生活はよくなるんじゃないか?それだけではない、これからは尾の短い仔牛のように、どこでもかまわず「跳びはね」走り回ることはできない。

Иймэрхүү утгын илт алдаанаас гадна анзаараагүйн алдаа, хальт буруу ойлгосон алдаа, тэмдэг алдсанаас өгүүлбэрийн өнгө өөрчлөгдөх зэрэг “бага сага” алдаа ч олон:

Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа.
喧嘩騒ぎが繰り返されないと淋しく感じるだけでなく、怒りやすく泣きやすい変わった人間なのだ。

Тэр нулимс одоогийнхоос их өөр. Аз жаргал өөрийн нулимстай... 
その涙は今のものとは大いに違う。幸福は自分の涙とともに…

Та нарын эрдэм сурч гялалгайх ч дээ.
あなたたちは人を喜ばすほどちゃんと勉強をしていないじゃない…。

Май энэ хог гаргаж хая! Гар хөлөө зүсч гай таривзай!
このゴミを出してきて!手足を切らないように気をつけて。

Очин цагийн ярианы монгол хэлээр бичигдсэн нэг өгүүллэгийн зөвхөн гуравны нэгийг шүүхэд л ийм байна. Бусад орчуулга ямар болсныг сонирхвол харьцуулж уншаарай. Миний хувьд үүнээс илүү олон үг хэлэх илүүц биз ээ... гэхдээ надад орчуулагчийг учиргүй буруутгах хүсэл алга. Уран зохиолын орчуулга ямар хэцүү гэдгийг өөрөө ганц хоёр юм орчуулж блогдоо оруулдгийн хувьд мэднэ. Тиймээс ийм зузаан ном орчуулж монголын уран зохиолыг япон хүмүүст хүргэе гэсэн Шибанай орчуулагчийн сайхан сэтгэлийг хүндэтгэнэ. Үнэнхүү сэтгэл байхгүй бол баргийн хүн орчуулга, нэн ялангуяа уран зохиолын орчуулга барьж авахгүй шүү дээ. Даанч япон хэлтэй монгол хүн эсвэл монгол хэлтэй япон хүн гуйж орчуулгаа шалгаж нягталсан бол.... гэж бодохоор үнэхээр харамсалтай. Ямар ч орчуулагч алддаг. Алдаагүй орчуулга гэж байхгүй. Гэхдээ алдааны тоо, хэм хэмжээ гэж байна. Мөн өршөөж зөвшөөрч болох алдаа, зөвшөөрч болохгүй алдаа гэж бас байна. Иймээс буруу орчуулсныг буруутгахгүй юм гэхэд орчуулгаа шалгаагүй, эргэж хараагүй, эргэлзэж нягтлаагүй гэдгийг асуудал болгон дэвшүүлмээр санагдав.

Гуравхан романы орчуулгад үндэслэн Кавабатад Нобелийн шагнал олгосон Нобелийн хорооныхон түүний хэл найруулга, хэв маяг, арга барилыг гадаад хэл рүү буулгана гэдэг маш хэцүү, орчуулгын явцад нарийн өнгө аяс гээгдсэн байж таарна, гэхдээ л орчуулга нь Кавабата хэр хэмжээний зохиолч болохыг сайн тодорхойлно гэж дүгнэн бичиж байжээ (*1). Энэ үүднээс авч үзвэл энэхүү орчуулгаас Монгол зохиолчдын тухай ямар дүр зураг буух бол доо. Нэг зохиолчийн нэг бүтээл байсан бол бас ч яахав (уул нь ч яахав биш л дээ), Монголын маань шилдэг зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийн эмхтгэл шүү дээ гэж бодохоор гомдмоор юм...

Зөв орчуулга, уран сайхан орчуулга хэр чухал болохыг Аюурзана, Өлзийтөгс хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ, тэр тухай ярих илүүц биз. Гол нь сайхан орчуулгын цаана сайн орчуулагч байдгийг санаад орчуулах эрхийг хэнд өгөхөө яагаад бодоогүй вэ? Монголын уран зохиолыг "орчуулаад өгье" гээд гадны орчуулагчид оочерлож зогсоогүйг ойлгож байна аа... Гэхдээ л ганц нэг өгүүллэгийн орчуулгыг хүн амьтнаар дамжуулан шалгаж болоогүй юм байх даа.

Угаасаа монголын уран зохиолыг гадныхан мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Сонин эгзэг нь таарч сонирхсон нэгэн энэ номыг уншаад “За, энэ одоо Монголын шилдгүүд нь юм байх даа” гэж бодно гэхээс ... /дахин хоолой зангирах/

P.S. Номны хавтасны дизайн их таалагдлаа.

--------------------------------------------------------------------------------

*1 Нобелийн хорооны илтгэл: "... translation offers especially great difficulties and is apt to be far too coarse a filter, in which many finer shades of meaning in his richly expressive language must be lost. But the translated works do give us a sufficiently representative picture of his (Kawabata's) personality."

2014/03/14

Нацүмэ Соосэки "Зүүдний арван шөнө"


 

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” 
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Зургаа дахь шөнө

Ийм нэгэн зүүд зүүдлэв.

  Гококүжи сүмийн гол хаалганаа Үнкэй (*1) хамгаалагч бурхан  Махранзын  дүрийг сийлж байна гэж дуулаад гадуур зугаалах зуураа очиж үзтэл хэдийнээ олон хүн цуглаж өөр хоорондоо зогсоо чөлөөгүй ярилцаж байлаа.
  Сүмийн гол хаалганы өмнө, тав зургаан кэний(*2) зайд том ногоон нарс мод ургах ажээ. Нарс хаалганы асрыг бүрхэж тэртээ хөхрөх тэнгэр өөд тэмүүлнэ. Ногоон нарс, улаан хаалга хоёр өнгө зохицон гайхам сайхан харагдана. Нарсны байрлал ч мөн сайхан. Хаалганы зүүн талыг халхлахгүйгээр хөндлөн ургаж дээвэр дээгүүр сунасан нь эрт дээр үеийг санагдуулна. Камакүра үе (1185–1333) болов уу. Гэтэл харан зогсч буй нь бүгд өнөөгийн Мэйжи үеийн (1868-1912) хүмүүс ажээ. Тэдний дийлэнх нь хүн тэрэгчид агаад үйлчлүүлэгчдээ хүлээх зуураа уйдаад энд зогсч буйгаас өөрцгүй санагдана.
  Нэг нь:
- Том юмаа гэв.
  Нөгөө нь:
- Хүн хийхээс хавьгүй их хөлс урсгах ажил шив гэлээ.
  Бас нэг эр:
- Махранз байна хө. Одоо ч бас Махранз сийлдэг байжээ. Тийм байж... Би чинь бүх Махранзыг балар эрт сийлж дууссан гэж бодож байлаа гэв.
- Мөнчиг хүчирхэг харагдах юмаа. Эртнээс л хэн хүчтэй Махранз хүчтэй, түүнийг давах хүч байхгүй гэдэг дээ. Бүр Ямато Такэрүгээс (*3) ч илүү хүчтэй гэдэг шүү гэж нэгэн эр хэлэв. Тэрээр кимоногийнхоо хормойг бүсэндээ хавчуулаад малгайгүй зогсоно. Нэлээд бүдүүлэг байрын эр шиг харагдав.
  Үнкэй үзэгч олны юу ярихыг огтхон ч тоолгүй цүүц, алх хоёроо л хөдөлгөнө. Эргэж ерөөс үл харна. Өндөрт гараад Махранз бурхны нүүр царайг л уйгагүй урлан сийлнэ.
  Толгойдоо эбоши(*4) малгайрхуу юм духдуулж, сүоо(*5) ч юм шиг юу нь үл ойлгогдох хувцасны урт ханцуйг нуруундаа зангиджээ. Энэхүү байдал нь харваас эрт дээр үеийн шинжийг илтгэнэ. Тиймээс ам амандаа шуугилдах хүмүүстэй ерөөс зохицохгүй аж. Би Үнкэй яагаад өдий хүртэл амьд байгаа юм бол гэж гайхав. Сонин хачин явдал бас байх юм даа гэж бодон түүнийг ажиглан зогслоо.
  Харин Үнкэй орчны сонин хачиныг огт мэдэрсэн янзгүй хамаг чадлаараа Махранз бурхныг л сийлнэ. Толгойгоо гэдийлгэн түүнийг харж зогссон нэгэн залуу над руу эргэж хараад:
- Аргагүй л Үнкэй юм даа. Биднийг тоосон ч шинж алга. Газар дээр байгаа нь гагцхүү Махранз бид хоёр гэж байх шиг. Сүрдмээр ч юм даа гэж магтав.
  Надад залуугийн үг сонирхолтой санагдаж түүн рүү харвал залуу залгуулан,
- Тэр цүүц, алх хоёроо барьж байгааг нь хар даа. Багажаа эзэмшихийн оргилд хүрчээ гэв.
  Үнкэй одоо Махранзын бүдүүн хөмсгийг хөндлөн сийлж, цүүцнийхээ үзүүрийг эргүүлж босгов уу үгүйтэй дээрээс нь алх буулгана. Хатуу модыг сийлсээр, үртэс зоргодос алхны дуугаар тал тал тийш үсчин бутарсаар самсаа нь сарталзаж уур хилэн бадарсан хамар цухуйгаад ирлээ. Үнкэй цүүц хутгаа барьж байгаа нь нэлээд хайнгадуу харагдана. Гэтэл гар нь өчүүхэн боловч эргэлзээгүй, итгэлтэй хөдөлнө.
  Би гайхан биширч:
- Цүүц багажаа ийм хайнга барьдаг атлаа яаж хүссэн хэлбэрийн хөмсөг, хамар сийлчихдэг байна аа гэв. Тэгтэл өнөөх залуу:
- Үгүй ээ, хөмсөг хамрыг цүүцээр сийлдэггүй юм. Модны дотор угаасаа байгаа Махранз бурхны хөмсөг, хамрыг цүүц, алх хоёроороо гаргаж авдаг байхгүй юу. Газар ухаж чулуу малтаж гаргахтай адил болохоор алдана ч гэж байхгүй л дээ гэв.
  Би тэр үед анх удаа сийлбэр гэдэг тийм эд билүү хэмээн эгүүлэн санав. Хэрэв үнэхээр тийм бол хэн ч атугай хийж чадах эд гэдгийг ч санав. Тийнхүү гэнэт Махранз бурхныг сийлмээр санагдсан учир Үнкэйг үзмэр адил харж зогсохоо болиод даруй гэртээ харив.
  Багажны савнаасаа цүүц, алх аваад гэрийнхээ ард очвоос саяхны шуурганаар унасан царс модыг түлэхээр зэхэж хөрөөдсөн баахан тайрдас өрөөстэй байлаа.
  Би хамгийн томыг нь сонгоод эрчтэйхэн шиг зорж эхэлсэн боловч харамсалтай нь Махранз байсангүй. Дараагийн тайрдсыг сийлсэн ч аз тохиосонгүй. Гурав дахь тайрдсаас ч Махранз олдсонгүй. Өрөөстэй олон тайрдсыг захаас нь аваад ухаж үзсэн боловч алинд нь ч Махранз бурхан алга. Эцэст нь би Мэйжигийн модонд Махранз байхгүйг ухаарав. Ийнхүү Үнкэй өдий хүртэл амьд буйн учрыг ч бараг ойлгов.

----------------------------------------------------------------
  1. Үнкэй (1150-1223) –Камакура үед (1185-1333) амьдарч байсан японы нэрт сийлбэрч. Сонирхуулахад, 2008 оны Christie дуудлага худалдаагаар Үнкэйгийн бурхан багшийн сийлбэр 14 сая 370 мянган долларт хүрсэн нь япон төдийгүй азийн хамгийн үнэтэй зарагдсан урлагийн бүтээл болсон.
  2. Тав, зургаан кэн = арваад метр
  3. Ямато Такэрү  – домогт баатар, 12-р эзэн хаан Кэйкоогийн хүү, нэрт жанжин
  4. эбоши – дээр үеийн малгай
  5. сүоо – дээр үийн урт ханцуйтай өмсгөл