2014/02/26

Эвээр эсвэл дөрөөр





Монголд нэг дүү маань цалингаа ихээхэн хэмжээгээр хасуулсан сурагтай. Хасуулсан шалтгаан нь “ажилдаа олон удаа хоцорч ирсэн” явдал. Үнэхээр нойроо дийлээгүй, цагтаа сэрээгүй ухамсар муутай ажилчид буюу өөрийн буруугаас хоцордог хүмүүс байдаг л даа. Гэхдээ манай дүү тэдний тоонд орохгүй ээ... хэхэ... “Энэ муу одоо дүүгээ өмөөрөөд” гэж бодож байна уу? Дүүгийн хувьд сарын турш бараг өглөө болгон ажилдаа хоцрох шалтгаан байсиймаа... урьд өмнө хожигдож байгаагүй хүн гэнэт яагаад баахан хожигдов, одоо яагаад цагтаа ирээд байна гэдгийг эргэн тойрны хүмүүсийн зарим нь ойлгоод, зарим нь дүрмээр далайлгаад ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой... тэр ч яахав. Зүгээр үүнээс үүдэн “цаг барих” цаашлаад "цаг бариулах" гэдэг асуудлын тухай жаахан эргэцүүлсэн юм.

Япончууд цаг барьдаг тухай манайхан их ярьдаг, давхар “монголчууд бүтэхгүй ээ, байнга удна, байнга хоцорно” гэж ч их шүүмжилдэг. Сүүлийн үед арваад жилийн өмнөхтэй харьцуулахад байдал нэлээд сайжирсан ч японыг хараахан яаж гүйцэхэв. Үүнийг гэхдээ би шүүмжлэхгүй ээ. Харин ч аравхан жилийн дотор асар хурдан цаг барьдаг болоод байна гэж боддог. Угаасаа монголд цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээвэр юу билээ, замын түгжрэл ямар билээ гэж бодохоор цаг барихгүй гэхээс барих нь гайхамшиг. Жишээ нь японд богоон зогсоод (цас орсон, осол гарсан) ажилдаа хоцорвол буудлын ажилчнаас “богоон тэдэн минут хоцорсон” гэсэн бичиг авч даргадаа өгөөд л болоо. Хувь хүний хариуцлагатай үл холбоотой шалтгаанаар хоцрохыг асуудал болгохгүй. Томхон компниуд flex time нэвтрүүлсэн учир бүр ч амар. Өглөө 10:30-аас үдээс хойш 15:30 хүртэл заавал ажил дээрээ гозойж байна, харин 10:30-аас өмнө, 15:30-аас хойш ажилдаа хэд гэж ирээд хэд гэж явах нь хэнд ч падгүй, ажилчин өөрөө зохицуулах учраас “flex”. Жишээ нь монголоос хамаатан садан ирсэн үед долоо хоног ажилдаа 10 гэж ирээд 16 гэхэд гараад явж болно. Тэгээд орой ирж, эрт харьсан цагаа өөр долоо хоногт илүү цагаа ажиллаж нөхнө (сарын дүнгээр өдрийн 8 цаг ажиллахыг давуулж болох ч дутааж болохгүй учир). Гэнэтийн ямар нэг юм гарахад хувь болон хувьсгалын ажлаа зохицуулахад нэлээд тустай систем юм. Ганц гэм нь зарим жижиг, дунд хэмжээний, зах зээлийн өрсөлдөөнд үзэж тарч байгаа компаниуд энэ системийг нэвтрүүлээгүй... за тэр ч яахав, далийчихлаа.

Бодоод байхад соц үеийн субботник ч бай, одоогийн компаний ажил ч бай... монголд хүнээр юм хийлгэхдээ сануулах, албадах, шахах, тулгах, болохгүй бол загнах, цалин хасна шүү гэж айлгах, тушаал дэвшүүлэхгүй шүү гэж сүрдүүлэх, эцсийн эцэстээ жинхэнээсээ цалин хасч тушаал буулгах... зэрэг ямар нэгэн байдлаар “хүч хэрэглэх” хандлага давамгайлдаг мэт. Жишээ нь, соц үед ямар ч албан байгууллага долоо хоногт нэг удаа улс төрийн яриа хийдэг байсныг өнөөгийн хүүхдүүд мэддэг болов уу? Улс төрийн ярианы ирц хатуу бүртгэлтэй, тасалж хоцорвол шууд цалингаас хасдаг, элдэв янзаар торгодог байв. Ээж нэг удаа хөдөөнөөс хүнд өвчтэй хүн ирэхэд яах ч аргагүй улс төрийн яриагаа таслаад сарын ч билүү жилийн ч билүү шагналаа хасуулж гомдолтой үлдсэнийгээ ярьж билээ. Гомдолтой гэдэг нь тэр болтол үнэн хичээж ажиллаж байсан учраас тэр юм. Одоо олон долоон motivation гэгчийг их ярьдаг ч үнэндээ ийм л юмнаас болж буурдаг. Сорри, далийчихлаа. Юуг хэлэх гэсэн бэ гэвэл, соц үеийн улс төрийн ярианы торгууль нь одоогийн ихэнх компаний “тэдэн минут хоцроход тэдэн төгрөг торгоно” гэх дүрмээс чанарын ямар ч ялгаагүй. Манайхан соц үеийг “коммунист” гэж их муулдаг ч иймэрхүү олон жишээнээс харахад соц тогтолцооны сайныг нь хаяад, саарыг нь авсан мэт санагддаг. Ингэхэд япончууд яадаг бол? Олон үг нуршилгүй шууд жишээ татъя:

Япончууд үргэлж цаг барьдаг байгаагүй. Мэйжигийн эргэлтээр (1868—1889) Эдо үе дуусч, япон асар хурдтай улсаа шинэчилж, улс даяар шинэ сургууль, компани, үйлдвэр байгуулагдаж эхлэхэд тэр үеийн захирал, удирдагчид өнөөгийн монголын пүүс компаний захирал, дарга нартай яг адил асуудалтай тулгарсан нь саяхныг хүртэл тариачид байсан хүмүүс ерөөс ажил албандаа цагтаа ирдэггүй явдал байж. Яаж энэ хүмүүсийг цагт нь ирүүлж байгууллага, үйлдвэрээ тогтвортой ажиллуулах уу гэсэн асуудлыг шийдэхийн тулд зарим удирдагчид загнаж зандарч, зарим нь учирлаж аргадаж байсан байх. Нарийн судлаагүй тул өнөөгийн монголын зарим компани шиг цалин хасч байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан дор бүрнээ янз янзаар л үзсэн байх гэж таамаглана. Гэвч улс даяараа ийм байж болохгүй тул эцсийн эцэст асуудлыг шийдсэн арга нь миний нэрлэдэг “жинхэнэ япон сэтгэлгээний” илрэл юм. Манайхан шиг хүчлээгүй нь мэдээжийн хэрэг. Зүгээр “яавал энэ хүмүүс цагтаа ирэх үү?” гэдгийг янз янзаар бодож хэлэлцсэний эцэст бүх сургууль, албан байгууллага, үйлдвэрт яг 8 цагт төрийн сүлд дуулал (угтаа бол эзэн хаанд урт наслахыг ерөөсөн дуу) эгшиглүүлж бүгдээрээ дагаж дуулах дүрэм гаргасан байгаам. Үйлдвэр зогсох, хичээлээс хоцрох зэргийг “надад падгүй” гээд юман чинээнд тоодоггүй бол энэ хүмүүст юу “падтай” вэ гэдгийг бодоод “эзэн хаанаа шүтдэг тул эзэн хааны сүлд дуунаас хоцрох ёсгүй, алдас болно гээд цагтаа ирж таараа” гэж таамагласан нь “тааж мэддэг таван хаан” аятай таарсныг хэлэх илүүц биз. Мэдээж ганц хоёрхон жилийн дотор байдал гэнэт өөрчлөгдөөгүй ч цаг барих эхлэл ийнхүү тавигдсан гэдэг.

Ямарваа асуудлыг шийдэхдээ сайнаар хэлбэл “эвээр”, муугаар хэлбэл “муу хүнийг аргаар мухар үхрийг дөрөөр” хандах энэ хандлагын бас нэгэн жишээ татъя. Монголд болсон явдал тул өмнөх жишээг бодвол дөхөм болов уу. Улаанбаатарт сургууль барьж байсан японы барилгын компаний (монгол жаахан юм чинь ямар компаний тухай ярьж байгааг хүмүүс мэдэх байх, гэхдээ тэр яахав) монгол дахь салбарын дарга “айхтар” проблемтэй учирсан нь барилгачдын ихэнх нь цалин буусны маргааш ажилдаа ирдэггүй байж. Ирсэн хэд нь урд өдрийн шоуны үнэр ханхлуулаад юун ажиллахтайгаа манатай. Япончууд бодвол учирлах, гуйх, сануулах... зэрэг эхэндээ янз янзаар үзсэн байх. Гэвч тусыг эс олсон тул монголын нөхцөлд тааруулан маш хурдан нэгэн шийдвэр гаргасан нь цалингийн дараа өдрийг амралтын өдөр болгож, оронд нь сард нэг удаа хагас бүтэн сайнд ажиллахаар тохирсон байгаам. Иймээс энэ түүх аль аль талдаа хаппи эндээр өндөрлөжээ.

Юуг хэлэх гээд байна вэ гэвэл, манайхан угаасаа юманд наанатай цаанатай ханддаг сайн талтай, одоо түүнийгээ жаахан лавшруулаад “яавал хүнийг хөдөлгөж хүссэн үр дүнд” хүрэх вэ гэдэг талаас нь боддог болчихвол... Дуулахнээ, дээр үеийн намын ажилтнууд л ийм юманд “сайн” байсан юм шиг байгаам, учир нь ажлын гол нь дандаа хүнтэй харьцах... өөрийн биеэр үзсэн биш гэхдээ хэлж мэдэхгүй юм. Тийм ажил хийж байсан хүмүүсийн тэмдэглэл байдаг болов уу. Японы бас нэг сайн тал нь бараг юм болгоны тухай, ямар ч ажлын тухай хэн нэгний бичсэн, тэмдэглэсэн, хадгалсан тэмдэглэл, дэвтэр, эргэцүүлэл, ном, материал байдаг явдал, гэхдээ энэ тухай яриа тусдаа :)

7 comments:

Miso.somi said...

цаг үеэ олсон тэмдэглэл болжээ, гэхдээ нэг зүйлийг анхааруулахад хүн өөрийн сайн мэдэх хүнийхээ үгэнд итгээд үнэнг төдийлөн олж хардаггүй юм билээ шүү, хэзээ ч над худал хэлэхгүй гэдэг итгэлийн гогцоондоо найдаад... дүү чинь урьдчилан хэл амаараа би ингэнэ шүү гэдгээ урьдаар хэлж сануулах хэрэгтэй байждээ, манай компаний хувьд 1 минутын хоцролтыг 500төгрөгөөр тооцон хасдаг...яриул уртаас урт түүх байна өө байна :)

Сүрэн said...

> Miso.somi

Уртаас урт түүхээ ярь л даа :)

Дүүгийн үнэн худал хэлсэн нь гол биш л дээ гэхдээ. Энэ бичлэгтээ хожигдоход цалин хасдаг, сав л хийвэл торгодог, хүчээс өөр аргаар хүнтэй харьцахыг хүсдэггүй нийт сэтгэлгээг шүүмжлэхийг оролдсон юмсан.

human said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

「хожигдоход цалин хасдаг, сав л хийвэл торгодог, хүчээс өөр аргаар хүнтэй харьцахыг хүсдэггүй нийт сэтгэлгээ」

Sonin yum, hojigdohod tsalin hasahgui uur yah yum be. Buh yumaa uridnaas tootsoolood zohitsuulaad ireh tsagtaa ireed hiih yumaa hiih l yostoi shuudee. Oir dotnii hun l bolohoor hir halgaahgui umuurdug baih l daa bodvol huurhii.

Tsalin hasah ni hariutslagiin neg helber bolohoos hucheer huntei haritsaad baigaa yavdal bish. Hunii umnuus hunii tuluu ajillaj baigaam shig argaduulj guilguulj ajil hiih heregtei hereg uu. Ter yapon company mongolchuudiin archaagui zand l taaruulj argaa barsandaa tiim shiidver gargasan bolohoos uyan hatandaa ch tegeed baigaa yum bish. End yapond ingej ajil hiivel ajilchdaa za bayrtai geed iluu hariutslagatai hun avnashde.

Сүрэн said...

>Anonymous

>Ter yapon company mongolchuudiin archaagui zand l taaruulj argaa barsandaa tiim shiidver gargasan bolohoos uyan hatandaa ch tegeed baigaa yum bish.

Монголчуудад тааруулж шийдвэр гаргана гэдэг уян хатан байгаагийн илрэл шүү дээ.

>End yapond ingej ajil hiivel ajilchdaa za bayrtai geed iluu hariutslagatai hun avnashde.

Уучлаарай, япон бол америк биш, хүн хална гэж байхгүй. Компаниуд хоёрхон тохиолдолд хүн хална: 1) дампуурахад тулвал 2) ажилтан гэмт хэрэг хийвэл.
Халж чадахгүй учраас хүнтэй тулж ажиллахаас өөр аргагүй. Бүр бүтэлгүй ажилтан таарвал өөр алба (нэр хүнд муутай, амархан ажил) руу л шилжүүлнэ, өөр яаж ч чадахгүй. Хэцүүхэн ажилтан ороод ирвэл дарга нар халах эрх байтугай сүүлийн үед загнах ч эрхгүй болсон. Тиймээс хүнээ сайн судалж “энэ хүн яагаад ингээд байна”, “яавал хийх ёсоор ажлаа хийх үү” гэдэг талаас нь л бодно. Өөрөөр хэлбэл хүчээр далайлган зарлиг буулгах бус бор тархиа ажиллагаанд оруулж бодож эргэцүүлнэ гэсэн үг. Үүнийг л манайд дутагдаад байна гэж хэлэх гэсэн юм.

Нөгөө талаас, хүмүүс нэг гайгүй компанид ажилд орвол тэндээ өсч дэвшихийг бодох хандлагатай байдаг. Тиймээс элдэв жижиг асуудал гаргаж (хожигдох этр) өөрсдийн карьерийн хаах алхам хийхгүй л дээ. Хүмүүсийн ухамсар өөр нь өөр, гэхдээ энэ бол ондоо асуудал.

Ингэхэд дүүгээ ихэд өмөөрсөн гээд байх шиг, дүүгийн асуудал бол яахав, оршил төдий. Бас дүү гэхээр хамаатан төрөл садан гэж бодсон бололтой. Үнэндээ арван жилийнхээ дүү хүүхдийг л ярьж байсан юм.

Uka Algaa said...

манай компани бол хичнээн сэтгэл гаргаж санаачлагаараа илүү цаг суух нь падгүй нэг минут хоцорсон л бол суутгана.толгой эргэм олон журамтай бүгд л зөрчвөл шийтгэх заалттай ядармаар.

Сүрэн said...

Коммент баярлалаа. Харин тийм хандлага хаа сайгүй ажиглагдаж байна. Хүнийг замын хөдөлгөөн шиг дүрэм журмаар зохицуулах гээд, эсвэл хүч лантуугаар хөдөлгөх гээд үзэж тардаг. Тодорхой хэмжээнд дүрэм журам хэрэгтэй ч хүнтэй арай өөрөөр ажиллаж болно доо, болох ёстой доо... гэхээр "чи монголчуудыгаа мэдэхгүй байна" гээд загнуулчих юм даа даанч