2014/02/15

Уран зохиолын туухай цуурав




Бусдаас яаж дутахав, би бас цуурмаар байна... кк
Энэ долоо хоног ингэхэд юу болоод өнгөрчихвөө?

Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн боловсролын програмаас БҮРМӨСӨН хасна гэж монголын үндэсний ТВ мэдээлээд, тэр даруй хүмүүс “яааж байгаам энчдооо” гэж “цуураад”, Ерөнхий сайд “цуурсан хүмүүстэй хариуцлага тооцно” гэж ноцтой анхааруулаад, тэгэнгүүт “цуурхал цацсан” үндэсний ТВ-тэй хариуцлага тооцох уу, “цуурхлын эх үүсвэр” боловсролын яамыг хариуцлагад татах уу, аль эсвэл ам амандаа "эсэргүүцэж цуурсан” ард иргэдийг буруутгах уу? гээд зүйл бүрийн бодол, таамаг дэвшүүлэн дахин нэг сайн “цуурч” байтал “алдаа байлаа” хэмээн яамныхан зарлаад, хариуцлага тооцох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх болоод, нэг мэдэхнээ хагас бүтэн сайнтайгаа золгоод амар сайхандаа жаргав аа. Нээрээ юун тэр холливүүд, болливүүд... Монголд чинь яам тамгын газрууд, Ерөнхий сайд, ард иргэд бүгд нийлээд сүпэр детектив үзүүлнэ шүү дээ. Үүнийг эсэргүүцэж шүүмжлэх хүсэл ага, багаасаа би Шерлок Холмсын адал явдалд дуртай байсан, детективын баатрууд дүрдээ хэт итгээд боевикдэхгүй л бол болж байна, болж байна (боевикд би дургүй).

Энэ бүхний хажуугаар асуудлын гол юу байсныг ойлгоогүй өнгөрөв. Шерлок Холмсод дуртай баагийнууд чинь өөрсдөө сайн Шерлокдож даанч чаддаггүй юм л даа. Уран зохиолын хичээлийн цагийг нэмэхээр болсон уу, хасахаар болсон уу, монгол хэлний хичээлтэй нийлүүлэхээр болсон уу, салгахаар болсон уу, угаасаа асуудлын гол нь уран зохиолын хичээлийн хэрэгтэй, хэрэггүйг тогтооход байсан уу, аль эсвэл заах арга барилыг сайжруулахад байсан уу... бүү мэд. Ямар ч байсан 1998 оноос уран зохиол, монгол хэлний хичээлийн цагийг багасгасан нь үнэн бололтой, одоо харин яах гээд байгаа юм бол доо...

Ингэхэд энэ бүх “цуурхлын” цаана “уран зохиол хэрэгтэй эсэх”-ийн тухай тун сонин маргаан өрнөжээ. Ихэнх нь аялгуу сайхан монгол хэлээ бид уран зохиолоос өөр юугаар дамжуулж сурах юм, хүүхдийг хүн шиг хүн болгож хүмүүжүүлдэг энэ агуу сайхан ертөнцийг хасч яахин болно гэж эсэргүүцнэ. Үүний өөдөөс уран зохиол сурахыг “шүлэг цээжлэх” гэж томъёолон үүн шиг хэрэггүй юм байхгүй гэж зарим нь маргана. Үнэхээр уран зохиолын хичээл дээр шүлэг цээжлэхээс цаашлаагүй бол нээрээ ч хэрэггүй л хичээл байх. Бас сургуульд сурснаараа уран зохиолд дуртай болохгүй, хувь хүүхдийн онцлог, гэр бүлийн орчин илүү нөлөөлнө, тиймээс зүйтэй асуудал дэвшүүлсэн байна гэх хүмүүс ч ганц нэг буй бололтой. Хараад байхад ихэнх хүмүүсийн бодол нь “би дунд сургуульд уран зохиолын хичээлээс юу сурав”, “би сургуульд сурснаараа уран зохиолд дуртай болсон уу үгүй юу” гэдэг хувь хүний туршлага дээр суурилж буй ажээ. Тэр нь ч аргагүй. Гэхдээ учир дутагдалтай. Нөгөө талаас юмыг “хэрэгтэй, хэрэггүй” гэж дүгнэх нь угтаа юуг “хэрэгтэй” гэж үнэлэх вэ, юуг чухалчлах вэ, үнэ цэнийг хаанаас хайх вэ гэдэг асуудал руу яваад орчихно. Харин үнэ цэнийн үнэлэмжийн хувьд өнөөгийн монгол дундад зууны улсууд ч атаархмаар тархай бутархай байна даа. Тиймээс зөвхөн өөрийн бодлоо өгүүлсүү:

Урлагийн янз бүрийн төрөл дундаас зөвхөн уран зохиол л бүх хүнийг "бүтээлч" болгодог. Учир нь уран зохиолыг зохиолч бичдэг боловч хоёр хүн хамтран бүтээдэг – нэг нь зохиолч нөгөө нь уншигч. Худлаа гэвэл үүнийг уншаад үзээрэй:

   Бороо орж байна.

Уншсан даруйд та бороо орж буйг ургуулан дүрсэлнэ. Таныг дүрслэх бороо минийхээс тэс өөр. Ширүүн бороо, зөөлөн бороо, аадар бороо, нартай бороо... талд, говьд, цөлд, хотод орох бороо... хаврын бороо, намрын бороо... та бороо орохыг цонхны цаанаас эсвэл гэрийн үүдээр харж зогсоно... гэх мэт наян хүн наян янзын бороо төсөөлнө. Ийм учраас уншигч бүр хамтран бүтээгч байдаг. Зарим зохиолчийн ертөнцийг “хамт бүтээлцэхэд” үнэн гоё, заримынх нь үгүй. Мянган хүн магтсан ч гэлээ надад Кафка, Абэ Кообоо, Мишима нарын ертөнц сонирхолгүй. “Өдий том болчхоод ийм юм уншисаар л байна уу” гэж эгч намайг шоолсон ч Даррэлын гэр бүлийнхний Корфу арал дахь адал явдал гого. Дунд сургуульд “шимтэн уншсан=ургуулан төсөөлөхөд сайхан байсан” зарим номыг одоо нэг хуудас эргүүлээд л эвшээнэ, заримыг нь харин шинээр нээж шимтэн уншина. Ийм болоод л уран зохиолын тухай маргаан тасаршгүй бас нэг бодлын утгагүй. Дүгнэхэд, дурын хүнийг "бүтээлч хүн" болгодог гэдгээр уран зохиолыг үнэлээд баршгүй. Гэхдээ уран зохиолын ач холбогдол үүгээр тогтохгүй ээ. 

Энэ өгүүлбэрийг уншина уу?
“Халх голын дайнд ЗХУ, Монгол улсын талаас ойролцоогоор 9 мянган цэрэг амь үрэгдсэн”
Одоо үүнийг уншина уу?
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм

“Эх орны дайнд оросын ард түмэн 20 сая хүнээ алдсан” гэх баримтыг түүхийн ном, викигээс унших нэг хэрэг, “Хүний хувь заяа” тууж унших ондоо хэрэг. Монголд аймшигт хэлмэгдүүлэлтээр олон мянган лам, сэхээтнүүдээ хоморголон устгасан тухай толгойгоороо “мэдэх” нэг хэрэг, “Хувьсгал танаа өчье” романыг уншиж “мэдрэх” өөр хэрэг. Гренландын уугуул иргэд хэлээ мартаж, уламжлалт соёлоо алдаж буй тухай сониноос унших нэг хэрэг, “Смиллагийн цасны мэдрэмж” номоос үндэс угсаагаараа өрнийн нийгэм, глобализацид уусан алга болохын айдас, түгшүүр, цөхрөлийг мэдрэх өөр хэрэг.

Уран зохиол хүнийг хүн шиг болгож төлөвшүүлэхээс гадна нийгмийг ч гэсэн “хүний нийгэм” болгож төлөвшүүлэхэд нөлөөлнө. Гюгогийн “Эцсийн өдөр” роман хэвлэгдэхэд европ хүмүүс нийтээрээ цочирдсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эс бөгөөс цаазаар авах ялын тухай маргаан өрнөх байсан гэж үү? Үгүй тэгээд 1829 он хүртэл хүн хүнээ цаазаар авч буй тухай хүмүүс мэддэггүй байсан юмуу? Мэдээж мэддэг байсан, гэхдээ тэр нь “Африкт арслан байдаг” гэсэнтэй адил “мэдлэг” төдий л байсан юм.

Үүнээс цааш залхаахаа болих уу даа... эцэст нь хэлэхэд уран зохиолд тухайн ард түмний түүх, соёл шингэхээс гадна хамгийн гол нь сэтгэлгээ илэрнэ. Гэхдээ энэ тухай яриад эхэлбэл нэг биш нэжгээд бичлэг хийх болно...

6 comments:

Anonymous said...

bichleg hiigeechee... ta nar shig humuus n dugarahgui, amaa haagaad huvia hicheegeed yavhaar ed nar ingej davarch bgaa shd yer n...“The world will not be destroyed by those who do evil, but by those who watch them without doing anything” irgenii uurgee bieluulhiig hariutslagataigaar shaardaj bna shaardaj bna

Тэмээчин бүсгүй said...

Ёстой юу ч болоод байгаа юм бүү мэд.

Нөгөө нэг 4 үсгийг нь хасчихсан ч юм шиг хасаагүй ч юм шиг?

Одоо бас Уран зохиолын хичээлээр оролдоод гэв гэнэт нэг юм гаргаж ирээд цаагуураа нөгөө Уран муранаа наймаалцаад ч байгаа юм уу?

Ёстой итгэл сэтгэл алга болжийнаа.

Сүрэн said...

> Anonymous
Коммент баярлалаа. Би ч та ч дор бүрнээ амаа хамхиад хувиа хичээгээд сууж болохгүйтэй санал нэг байна.

>Тэмээчин бүсгүй
Дөрвөн үсгийг хараахан хасаагүй л гэж ойлгосон. Харин уран зохиолын хичээлийн хувьд холион бантан хутгаж буй бололтой: http://sonin.mn/news/politics-economy/25000

Ураны хувьд асуудал ноцтой хэвээр байгаа шүү... Уран олборлож баяжина, нутагтаа хаягдал хадгалж баяжина гэсэн мангар бодлого алхам алхмаар хэрэгжиж буй харагдана, айдас хүйдэстэй л байна

Unknown said...

Таалагдлаа. Мундаг юмаа.

Сүрэн said...

>Bolortuya Dorj

Bayarlalaa

Bold said...

Нээрээ л тийм шүү дээ. Facebook дээр "Номонд дурлагсдын клуб" гэж байдаг даа. Тэнд үүнийгээ тавьбал олон хүн нэгийг бодох байхаа.