2013/12/27

Залхууд хөшөө




Хүмүүс намайг залхуу гэх юм. Яагаад залхуу гэж гайхан эргүүлж асуухаар “юм хийхгүй байна” гэх юм. Мэдээж би эсэргүүцнэ. Би өглөө болгон орноосоо босдог, хм.. бие засдаг, шүдээ угаадаг, цайгаа ууж талх иддэг, ямар хувцас өмсөх үү гэж боддог, бодох явцдаа цонхоор харж цаг агаарын байдал танддаг, тандаж байхдаа бороо орох эсэхийг тэнгэрийн байдлаар тааж мэдэхгүйгээ санадаг, санасан даруйдаа зурагт асааж цаг агаарын мэдээ үздэг, хормой ханцуй, өнгө хэлбэрийн зохицлыг эргэцүүлэн байж хувцсаа өмсдөг, үсээ самнадаг, хожигдох гэж байж яагаад ч юм орны бүтээлэг тэнийлгэдэг, гутлаа өмсдөг, үүдэнд хог хаях өдөр байсныг санаж гутлаа тайлж гал тогооноос хогтой уут аваад дахиад гутлаа өмсдөг, хаалга хаагаад цүнхэн дотроо түлхүүр хайдаг, аз болж түлхүүр байвал цоожилдог, байхгүй бол өмнөх хогийн савтай холбоотой үйлдлийг давтдаг. Зөвхөн өглөө босоод гэрээсээ гарах хүртэлх 40 мин-ын дотор ийм их үйлдэл хийж буй хүнийг залхуу гэж болох уу?! Тэгтэл бүр илүү, мундаг, далайцтай, олон хүнийг хамруулсан юм хийх ёстой гэнэ. Эс тэгвээс Сүрэн залхуу, бандан тас.

Иймдээ тулахаар би ч гэсэн боддийн байгааз дээ. Хэн юу хийгээд байна, харъя суръя, үлгэр жишээ авъя. Даанч харах тусам миний залхуу байдал хорвоо дэлхийд буян болж буйг л ухаарах юм. Үүнийг бусад хүмүүс ойлгохгүй нь гачлантай. Гэхдээ би гандан буурахгүй ээ, дараах үйлдлийг хийхгүй залхуурсны хариуд надад дор хаяж одон өгөх хэрэгтэй хэмээн бодном:
  1. Америкийн архины хорио, Горбачевын "хуурай хууль" гэдэг хоёр сайхан туршилтын үр дүнг бодоод 12 цагаас хойш архи уухыг хориогүй.
  2. Хүүхдийн тоглоомын талбай нурааж modern-chinese-architecture стилийн шилэн барилга бариагүй.
  3. Вашингтон DC-д Чингисийн хөшөө босгох гэж хөөцөлдөөгүй.
  4. Агата Кристийг орчуулах ажилд ухаан бодлоо зориулж “raining cats and dogs”-ийг “муур нохойгоор бороо орж байна” гэж орчуулаагүй.
  5. Улсаа хөгжүүлэхийн тулд уран олборлож боловсруулах чин хүсэлд автаж, гадаад улсуудаас туслахыг хичээнгүйлэн гуйж гувшиж гурав мөргөсний эцэст уран боловсруулж шар нунтаг хийхэд туслая, бүр тэр нунтгийг чинь худалдаж авъя, харин шар нунтаг жам ёсоор цөмийн шаар хаягдал болоход буцаан авч шаргал талдаа булаарай гэсэн нааштай хариу авч магнай тэнийж баярлаагүй.
  6. Монгол хүмүүс нэрийг нь мэдэхгүй орос улсын иргэн Коростовецэд хөшөө босгоё гэж гүйгээгүй.
  7. Машины цонхоор чихрийн цаас хаяагүй.
  8. Үсэг хасна, бичиг солино гэж хүмсийн уур, нээрвийг бараагүй.
  9. Хог боловсруулах үйлдвэр барих мөнгөөр хогийн уут авч тараагаагүй. 
  10. Үйлдвэр барих, аль нэг аж ахуйн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийх хэмжээний их мөнгийг "ард түмний хишиг" нэрийдлээр үрэн таран хийгээгүй..
Гэх мэт тоочвол гялс гучин хуудас болох шинжтэй ч арваад жишээгээр тогтох уу даа. Ер нь байнаа... хүмүүс юм хийсэн күмүүст хөшөө босгоод байгаа нь тун буруу санагдаж байна. Юм хийгээгүй хүмүүст хөшөө босгох хэрэгтэй, жишээ нь надад. Гэхдээ нягталж бодвоос “хөшөө босгоно” гэдэг чинь  мөн чанартаа хүмүүсийг хэрэггүй юм хийхэд уриалсан хэнхэг үйлдэл юм байна. Тиймээс болилоо, хөшөө хэрэггүй, одоо залхуу л гэж намайг залхаан цээрлэхээ больчих хэрэгтэй. Гэхдээ ярваа юм хэлэх, хийх амархан, болих хэцүү гэдгийг би бас ойлгоод байгаам... тэээх.