2012/12/27

Хамгийн, хамгийн цаана




Бага ангийн сурагч байхдаа эгчээсээ нарны цаана юу байдгийг асуулаа. Эгч нарны аймаг тайлбарлаж байснаа ондоо од, орд яриад явчхав. Миний толгой диунннннн...

Би: Тэгээд хамгийн, хамгийн, хамгийн цаана нь юу байдаг юм бэ?!
Эгч: “Хамгийн, хамгийн, хамгийн цаана” гэж байхгүй!
Би: Байх л ёстой доо, од байгаа гээгүймүү?
Эгч: Од байгаа, тэр одны цаана ондоо од байгаа, цаана нь бас нэг од... тэгээд хэзээ ч дуусахгүй. Эцэс төгсгөлгүй олон одны орд байгаа. Ойлгов уу?
Би: Гүй.
Эгч: Ерөөсөө анхнаасаа эхэлье.
Би: Зө.
Эгч: Манай дэлхий нарны аймагт байдаг.
Би: Гүй, бүр анхнаасаа эхлий.
Эгч: Юунаас?
Би: Дэлхийгээс.
Эгч: Дэлхийгээс л эхэлсэн шдээ.
Би: Гүйэээ. Дэлхий дээрээс.
Эгч: За.
Би: Эндээс хойшоо яваад байвал Орос гэсэн тээ. Тэгээд Оросыг дайраад, мөсөн туйлыг туулаад, далайг даваад яваад байвал Азийн орнууд, Хятадыг дайраад дахиад эндээ ирнэ гэсэн тээ.
Эгч: Тэгнэ, дэлхий бөөрөнхий учраас.
Би: Тэгвэл дэлхийгээс нар руу, нарнаас цааш яваад байвал эргээд дэлхийдээ ирхүү.
Эгч: Гүй, гүй. Огторгуй бөөрөнхий гэж хэн чамд хэлэв?
Би: Тэгээд ямар юм?
Эгч: Хязгааргүй.
Би: Хязгааргүй гэхээр яах уу?
Эгч: Одны цаана од байна. Од гариг нь аймаг болно, орд болно. Нэг одноос нөгөө од руу зуу, мянган, сая жил явсан ч хэзээ ч дуусахгүй. Ойлгов уу?
Би: Үгүй.

Хэзээ хойно Японд нарийн шинжилгээний төхөөрөмж, микроскоп этр хийдэг компанид ажилд ороод юуны ч билээ үзэсгэлэн дээр нэг авсаархан микроскоп танилцуулах болов. Янз янзын хүмүүст юм юмыг томруулж үзүүлээд л хөгжилтэй арга хэмжээ байсим. Нээрээн, хэн юуг томруулах хүсэлтэй байгаагаас хүмүүсийн сонирхол харагддийн шүү. Хүхнүүд ширхэг үсийг нь 10 см болгож харуулахад "Яанаа, ийм аймаар байгаамуу миний үс" гэж л үл итгэсэн байдал гаргаад л...кк... Гэхдээ аргагүй шдээ, хими хийлгэсэн үс. Эсрэгээр 40, 50-тай эрчүүдийн үс 20, 30-тай охид хүүхнүүдийн үснээс хамаагүй эрүүл байдиймшдэ. Далийх нь. Үзэсгэлэн үзэхээр ирсэн бага ангийн нэг ангаахай байсиймаа:

Ангаахай: Энэ хэд дахин томруулдийн?
Би: 10,000 дахин.
Ангаахай: Хамгийн мундаг нь?
Би: Үгүй, үгүй. Электрон микроскоп дундаа хамгий бага нь. Энийг хар даа, нано мано гээд сая дахин томруулдаг бүр ч мундаг микроскоп байгаа.
Ангаахай: Хаана байна?
Би: Авчраагүй юмаа. Мангар хүнд бас аймаар том учраас. Нано микроскопыг нарийн мэргэжлийн үзэсгэлэн дээр л үзэж болно. Өнөөдрийнх шиг олон нийтийг хамарсан арга хэмжээнд авчрахгүй л дээ.
Ангаахай: Сая дахин томруулаад хамгийн жижигт нь очихуу?
Би: Анягийн дөө... “хамгийн жижиг” гэж байхгүй шүү дээ. Сая дахин томруулбал сая дахин томруулсандаа л очно. Гэхдээ сая дахин томруулсан ч, наяд дахин томруулсан ч “хамгийн жижиг” хэсэгт хэзээ ч очихгүй.
Ангаахай: Гэхдээ томруулаад л томруулаад л... цааш томрохгүй хэсэгт очно биз дээ. Томруулж болохгүй тэнд юу байдийн, ямар байдийн?
Би: Миний дүү... томруулахад хязгаар байхгүй. Тийм учраас “хамгийн цаанад” хэзээ ч очихгүй. Одоо ямар чадлын багаж хийж чадах уу гэдэг л асуудал юм. Мөн хийж чадсан ч хэрэг байна уу гэдэг ондоо асуудал бас байна. Ойлгов уу?
Ангаахай: Гүй.

Эгчийгээ энэ өдөр санасан гэж. Олон од, орд мичдийн цаадахыг төсөөлөхийг хичээж, огторгуй хязгааргүй үргэлжлэхийг ойлгох гэж оролдож байсан тэр өдөр... хязгаар гэдэг томд төдийгүй жижигт мөн үгүйг мэдэх хараахан болоогүй байсим.

Одоо бодоход муу эгчийгээ багадаа зовоодог байсан байгаам . Чадахгүй даалгавар, мэдэхгүй бүхнийгээ ээж аав биш эгчээсээ л асууна. Эгчийн policy бол ойлгуулж “бодолтын хариуг өөрөөр нь гаргуулах”. Миний policy бол “бушуухан бэлэн хариулт аваад гарч тоглох”. Бэлэн хариу гонжийн жоо болонгуут уйлж унжиж бөөн юм болно. Тэгэнгүүт ээж ирээд “дүүгээ уйлуулахгүй аятайхан заагаад өг л дөө”. Дүү сургуульд орж миний заах ээлж болоход “эгчээс асуувал удна, алив хариулт энэ, гарч тоглоё хоёулаа”.

No comments: