2012/05/15

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" III


үргэлжлэл

Ээжийн хэсэг I

Миний охин үргэлж ээжийнхээ баяр баясгалан байлаа. Охин минь ээжийнхээ дөрөв дэх хүүхэд... охиндоо хэлж байгаагүй болохоос үнэндээ бол тав дахь л даа. Чиний өмнө төрөнгүүтээ өнгөрчихсөн нэг хүүхэд байсан юм...

Ээж нь зөвхөн чамдаа л бусад ээжүүдийн хийж өгдөг бүхнийг хийж өгчээ. Сүү ихтэй байж найман сар хүртэл хөхүүлж чадсан. Хүүхдүүдээсээ зөвхөн чамайгаа л цэцэрлэг гэдэг газар явуулсан. Охиндоо авч өгсөн анхны гутал резин биш даавуун биеийн тамирын гутал байсан. Бас тийм, охиноо сургуульд ороход нэрийн тэмдгийг нь ээж нь өөрөө хийж өгсөн юм. Охины минь нэр ээжийнх нь амьдралдаа бичсэн анхны хангул үсэг. Цэвэрхэн бичихийн тулд хичнээн удаа давтаж бичсэн гээч. Ээж нь охиныхоо энгэрт нусны алчуур, өөрийн гараар бичсэн нэрийн тэмдэг хадаж өгөөд, мөн өөрөө хөтлөөд сургуульд хүргэж өгч билээ. Миний охин “Ээж сүртэй шдээ” гэж бодож байна уу? Ээжид нь сүртэйгээр барах уу хэрэг байсан юм. Хёнчол ах нь сургуульд ороход ээж нь хамт яваагүй. Үсэг бичүүлж магад гэж айгаад гэрийн аар саар ажлаар шалтаг хийн, авга эгчтэй чинь хамт явуулсан юм. “Бүх хүүхдүүд ээжтэйгээ явж байхад би ганцаараа авга эгчтэйгээ” гээд ах чинь гомдоллож байсан нь одоо хэр хааяа чихэнд хангинах шиг болдог. Бага ах нь сургуульд ороход ээж нь түүнийг Хёнчолтой хамт явуулсан юм. Эгчийг нь ч гэсэн том ахтай нь хамт явуулсан. Зөвхөн чамд л ээж нь хот орж хичээлийн цүнх, сүлжмэл торон даашинз авч өгсөн. Тэгж чадсандаа ээж нь ямар их баяртай байсан гээч. Тэр хүнийг гуйж охиндоо алгын чинээ жаахан ширээ бас хийлгүүлсэн. Эгчид нь ширээ байгаагүй юм... гэрийн даалгавраа шалан дээр хийсээр байгаад том мөртэй болсон гэж эгч нь одоо хэр хааяа нэг гомдоллодог доо. Охин минь бяцхан ширээнийхээ ард суугаад хичээлээ давтаж, ном уншиж байгааг хараад ээж нь ямар их баярладаг байв аа. Чамайг их сургуулийн шалгалтанд бэлдэж байхад ээж нь өдрийн хоол хийж өгдөг байлаа. Суургууль дээрээ орой болтол давтлага хийвэл гадаа нь хүлээж байгаад охинтойгоо хамт харьж ч байлаа. Охин минь ээжийгээ үргэлж баярлуулна. Жижигхэн тосгонхыхоо хамгийн сайн сурагч байсан юм шүү дээ.

Миний охин Сөүлийн шилдэг их сургууль, тэгэхдээ бүр эм зүйн ангид тэнцэхэд ахлах сургууль чинь баяр хүргэсэн самбар гаднаа тавьсан байсан. Хүн болгон надад “Яаж ийм мундаг охинтой болох вэ” гэж билээ. Ээж нь баярласандаа амаа чихэндээ хүргэх шахам инээж явсан байх. Ээж нь охиноороо хичнээн их бахархаж байсныг миний охин мэдэхгүй л болов уу. Бусад ах эгч нарынх нь төлөө ээж нь харин юу ч хийж чадаагүй юм. Адилхан миний хүүхдүүд ч гэлээ, тэднийг бодоход ээжийнх нь сэтгэл ингэтлээ цэлмэхгүй. Юу ч хийж өгч чадаагүйдээ ээж нь гэмшиж, өөрийгөө зүхэж, харамсаж явдаг. Энэ бүхнээс миний охин л ээжийгээ чөлөөлж өгсөн юм шүү дээ.

Миний охин оюутан болоод жагсаал цуглаан хийгээд гүйж байхад ах нарыг нь хориглодог шигээ ээж нь саад болоогүй ээ. Мёндунд байдаг тэр загалмайтны сүмд өлсгөлөн зарлаад сууж байхад чинь ч эргэж очоогүй. Нулимс асгаруулагч хийнээс болсон уу, охины минь нүүр битүү хар батга болоход ч ээж нь юм хэлээгүй. Охиныгоо юу хийж, юуны төлөө явж байгааг сайн ойлгож мэдэхгүй ч хийх ёстой учраас, хийж чадах учраас хийж байгаа гэж боддог байлаа. Найзуудтайгаа манай тосгонд ирж шөнө дөлөөр цуглаан хийж эхлэхэд чинь ээж нь хоол хийж, унд цай зөөж байсан. Авга эгч чинь энэ хүүхдийг энэ чигээр нь орхивол улаан паргэн (*социализм болон хэт зүүний талын үзлийг баримтлах хүмүүсийг доролмжлон хэлэх үг, орч.) болно шүү гэж үглэж байсан ч ээж нь охиныхоо хийх, хэлэхийг ерөөс хорьж байгаагүй. Ах нарыг нь харин тэгж чадаагүй юм. Би тэднийг сургаж аргадаж, хорьж загнадаг байсан. Жагсагч оюутнууд цагдаагийхантай мөргөлдөхөд бага ах чинь бороохойд цохиулан нуруугаа гэмтээсэн юм. Ахынх нь нуруунд халаасан давстай нойтон давуу тавьж байхдаа ээж нь "Үүнийгээ болихгүй бол амиа хорлоно" гэж айлгаж байлаа. Тийм байтлаа хүү нар минь ээжийгээ тэнэг харанхуйд бодох вий гэж эмээж байсан. Хүн залуу насандаа, залуу учраас хийх ёстой зүйл гэж байдгийг ээж нь мэднэ. Тэгсэн атлаа ах нарыг чинь байдаг чадлаараа хориглож, хойш нь татсан минь үнэн. Харин чамайг бол ээж нь тэгээгүй юм.

*************

Охин минь, хайр минь.
Түүнээс хойш Сөүлд очих бүр чи ээжийгээ театр ч юмуу, эзэн хааны бунхан ч юмуу үзүүлэхээр дагуулж явдаг болов. Бас дууны пянз зардаг номын дэлгүүрт ээждээ чихэвч зүүлгээд дуу сонсгож байсан удаатай. Охиноосоо ээж нь энэ Сөүл хотод Гвангхвамүн гэдэг газар, хотын захиргаа байдгийг мэдэж, хорвоод хөгжим кино байдгийг таньсан. Миний охин бусад хүмүүсээс өөр амьдрал туулна гэж ээж нь бодож байлаа. Ах эгч нар дундаасаа зөвхөн чи л ядуугийн зовлонгоос ангид, эрх чөлөөтэй өссөн болохоор дуртай зүйлээ чөлөөтэй хийгээсэй л гэж ээж нь хүссэн юм. Охины минь эрх чөлөө ээжид нь тэс ондоо ертөнцийг мэдэх боломж өгсөн учраас, охиныгоо бүр ч илүү эрх чөлөөтэй болоосой гэж хүссэн билээ. Илүү чөлөөтэй байснаараа бусдын төлөө амьдарч, хүн олонд тустай үйлс бүтээгээсэй гэж ээж нь хүссэн юм.

*************

Нярай хүүхэд уйлахад аавын талын эмээ “Хүүхэд уйлаад байна, хурдан хөхүүл” гэж ээжид нь хэлдэг гэсэн. Харин ээжийн талын эмээ “Энэ хүүхэд уйлаад муу ээжийгээ бүр ядраачихлаа, жаахан ч болов унтуулсангүй” гэдэг гэнэ. Охиныгоо төрөхөд ээж нь яг л тийм эмээ болсон.

*************

... Охины минь царайнаас хүүхэд насных нь төрх алга болжээ. Шинэхэн сар шиг нүд нь бүр ч илүү онигор болоо юу даа. Одоо инээсэн ч охины минь царайд өсвөр насных нь цог золбоо алга. Охиныхоо царайд ийм олон үрчлээ суухыг харсан болохоор ээжийнх нь амьдрал богино байсан гэж хэлж болохгүй нь. Гэхдээ ээж нь охиныгоо ингэж гурвын гурван хүүхэд өсгөж амьдрана чинээ зүүдлээ ч үгүй. Сав л хийвэл уйлж уцаарлаж, санаснаараа зүтгэдэг байсан эгчээсээ миний охин тэнгэр газар шиг тэс өөр. Цагийн хуваарь гаргаад хийх юмаа төлөвлөдөг байсан биз дээ. Тийм учраас “Ээж ээ, ёстой мэдэх юм алга. Гурвын гурван хүүхэдтэй болно гэж бодоо ч үгүй юм байна. Гэхдээ хүүхэдтэй болсноос хойш гаргах л хэрэгтэй, тийм үү ээж ээ?” гэж хэлэхэд чинь тэс өөр хүнтэй ярьж байгаа мэт санагдаж алмайрч орхисон юм.

Ээж нь эгчийг чинь л олон хүүхэдтэй болно гэж бодож байлаа. Миний охин хэзээ ч уурлаж байгаагүй. Ах эгч нар дундаасаа зөвхөн чи л ямар ч ууртай хүнд юуг ч дэс дараатай, тайван хэлж ойлгуулж чадна. Тийм болохоор ээж нь охиныгоо хүүхэдтэйгээ болох эсэхээ тунгаан бодож, болсон ч ганц л хүүхэдтэй болох байх гэж бодож байлаа. Миний охин "Ах нартай адил ширээ авч өг" гэж уйлж унжиж байсан том эгч шигээ хэзээ ч юм нэхэж гуйж байгаагүй. Үсээ хоёр хувааж боочихоод шалан дээр түрүүлгээ хараад хэвтэж байхад нь "Миний охин юу хийж байна?" гэж асуухаар "Тоо бодож байна" л гэж хариулдагсан. Эгч нь тооны ном шагайдаг ч үгүй байлаа. Харин миний охин тоондоо сайн. Багын л оюун бодлоо гайхмаар төвлөрүүлж чаддаг хүүхэд байсан. Бодлогын хариуг олохоороо хөөрхөн баярлаж инээдэгсэн.

Харин ээжид нь юу тохиолдсоныг миний охин бодоод бодоод олж чадахгүй. Тийм болоод ийм ихээр шаналж байна уу даа... Миний охин бяцхан гурван үрдээ уягдаад ах эгч нар шигээ ээжийгээ хайхаар гараад явчихаж чадахгүй. Зөвхөн орой болохоор эгч рүүгээ утасдаад “Эгч ээ, ээжийн сураг гарсан уу?” гэж асууна. Хүүхдүүдээ хараад миний охин хүссэнээрээ ээжийгээ хайж ч чадахгүй, хөнгөртлөө уйлж ч чадахгүй. Ойрд охиндоо тус дэм болоогүй ч ухаан минь саруул байхад ээж нь их боддог байлаа. Охиныхоо тухай, дөнгөж хөлд орж буй нярайтай гурвын гурван хүүхэд өсгөж буй тухай, охиныхоо амьдралын тухай. Кимчи хийж явуулахаас бусдаар охиндоо туслаж чадахгүйдээ ээж нь харамсана. Миний охин хүүхдүүдээ дагуулаад хөдөө бидэн дээр ирэхдээ гутлаа тайлаад "Хөөх, би чинь өрөөсөн хоёр оймс өмсчихсөн байна шдээ” гээд инээхэд ээж нь охиноо ямар их өрөвдсөн бэ. Үргэлж цэмцийж байдаг охин минь амсхийх завгүй учраас л гар дор таарсан өрөөсөн хоёр оймс угласан болоод гэрээсээ гарахаар ухасхийжээ гэж тэгэхэд бодож билээ. Хааяа, ухаан цэлмэхэд ээж нь охиныхоо төлөө, хүүхдүүдийнх нь төлөө юу хийх ёстойгоо бодно. Тэгээд ээжид нь амьдрах хүч орно ... гэтэл бүх юм ингээд эргэчихлээ.

Охин минь, одоо ээж нь явья даа. Ээжийнхээ төлөө гуниглах хэрэггүй. Охин минь байсан болохоор ээжийнх нь амьдралын аз жаргалтай өдрүүдийг тоолж баршгүй шүү дээ.

төгсгөл дараагийн бичлэгт

2 comments:

gigi said...

unshaal bgaashdee

Dairii said...

Goyo boljee,Eh hunii saihan setgel medregdej baina shu.Tugsguliig n tesen yadan huleeye.