2012/04/05

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" I

    

Гүйэ би ойрд буяны ажил гөө мөн ихийг хийжээнаа. 2011 онд уншсан бэст номоор солонгос бүсгүй Шинь Гёнсүг-ийн “Ээжийгээ даатгая" романыг шалгаруулаад, уулзсан таарсан хүн болгонд унш гэж тулгаад явж байсим. Тэгсэн нэгэн орой архи дарс нь хэтэрсэн үү, ажиллах толгой нь арван хормын сааталд орсон уу... орчуулаад өгнө оруулаад өгнө гэсэн амлалт өгчихсөн сууж байвал яахуу. Амаа хичээхгүй бол гай гарна, галаа хичээхгүй бол гамшиг гарна гэж одоо үүнийг л хэлдэг байхдаа. Гэхдээ “ам ажил хоёр нь алд дэрэм зөрнө” гэдэг чинь миний тухай хэлсэн үг байгаам. Тиймээс 2011 оны амлалтыг өдий хүртэл мартааски, санааский, нүдэн балай чихэн дүлий явааски. Цагаан сарыг тэгэээд орчуулгын өртэй гаргалаа, энэ жилжингээ муугаа мэдэхгүй & мулгуугаа тоохгүй хүмүүст орчуулга хийж өгөхийм байх даа.. гэцүү еэ. Anyway, дуртай Акүтагавагаа хойш тависны үр дүнд:

신경숙 Шинь Гёнсүг
Зохиол нь олон хэл рүү орчуулагдсан, олон оронд хэвлэгдсэн. Wiki гайхлаас харахад өгүүллэгийн түүвэр нь монголд хэвлэгдэсэн гэнэ. Олж унших юмсан, мэддэг хүмүүс хэлж өгч туслаарай. Энэ роман миний уншсан анхны солонгос зохиол. Охин, хүү, аав, ээж... дөрвөн хүний өнцгөөс бичигдсэн тул дөрвөн хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрийг ондоо өгүүлэмжийн хэлбэрээр бичсэн нь сонирхол татна. Ээжийн хэсгийг зохиолч нэгдүгээр биеэс өгүүлнэ. Хүүгийн хэсэг нь гуравдугаар биед. Харин охин, аав хоёрын хэсэг жаахан ярвигтай буюу нь өөрийгөө “чи” гэх хоёрдугаар биед бичсэн нь сонин (Өөрөө өөртэйгээ “Сүрэн чи тэнэг юмаа” гэж хүүрнэх өгүүлэмжийн хэлбэрийг хэлж байна л даа). Ийм өгүүлэмжийн хэлбэр ер нь ховор байхаа... бичихэд ч бас хэцүү байх.
Зохиолоос ондоо асуудал руу далийчихлаа... sorry. Ер нь review гэдэг мань мэтийн чадах & бичих зүйл биш санж. Бүхэл бүтэн романыг орчуулна гэдэг яааг шдэ, яаж вэ тээ... тэгээд ч бүгдийг нь орчуулна гэж амлаагүй шд хэхэ. Учир ийм тул зохиолын хэсэг хэсгээc түүж орчуулснаа толилуулъя.

Шинь Гёнсүг "Ээжийг минь харж хандаарай"
Орчуулга: Сүрэн (уг зохиолын англи, япон орчуулгыг харьцуулж орчуулав)

Охины хэсэг

Ээж алга болсныг анх дуулаад "Яахаараа энэ өнөр өтгөн гэр бүлийн хэн нь ч ээж аавыгаа Сөүлийн буудал дээр тосч аваагүй юм бэ?" гэж чи ууртай асууж байсан.
“Чи өөрөө тэгвэл хаана байсан юм бэ?!”
Би юу?
Ээж алга болсныг чи нэлээд хэд хоногийн дараа л мэдсэн.
Ээж алга болсны бурууг бүгд бие бие рүүгээ түлхэж, бие биенээ гомдоож бас дор бүрдээ гомдоцгоосон.
*****

"Аавтай нэг вагонд сууж чадалгүй хоцорсон ч ээж яахаараа алга болдог байна аа? Хаа сайгүй, хана болгонд л зам заасан тэмдэг байгаа шүү дээ. Нийтийн утасны бүхээгнээс яаж ярихыг ч ээж мэднэ". Бэр эгч чинь тэгэхэд ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас л ээж алга болсон байх, аавтай нэг вагонд суугаагүй гээд хүүгийнхээ гэрийг олоод ирж чадахгүй байна гэж байхгүй дээ гэж байсан. Гэхдээ энэ бол ээжийг хуучин ямар байсан, тэр л янзаар нь бодохыг хүссэн хүний бодол. Чамайг "Ээж төөрч мэднэ" гэхэд бэр эгч гайхаж нүдээ томоор дүрлийлгэн харж байсан. Бас "Ээж ойрд ямар байсныг та мэднэ биз дээ" гэж нэмж хэлэхэд "Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэсэн янзтай царай гаргасан. Гэхдээ гэр бүлийнхэн чинь ойрд ээж ямар байсныг сайн мэднэ. Тиймээс ээжийгээ олж чадахгүй байж магад гэдгийг ч битүүхэндээ бүгд таамаглаж байсан биз ээ.
Ээж бичиг үсэг үл тайлагдсаныг чи анх хэзээ мэдлээ?
*****

Нагац ахаас сураг тасраад дөрөв, таван жил болоход ээж хааяа “Нагац ах чинь хаана, юу хийж яваа бол” гэж бодлогошрон хэлдэг болов. Ээж нагац ахад санаа зовоод байна уу, эсвэл туньж гомдоод байна уу гэдгийг тэгэхэд чи хэлж мэдэхгүй байлаа.
Нэгэн өдөр хэн нэгэн хашааны хаалга түлхээд “Миний дүү, байна уу?” гэх нь дуулдав. Гэрт чамтай хамт бэрсүүт жүрж идэж байсан ээж хормын дотор өрөөний хаалга саван гадагш гүйн гарав. Ээжийн сэтгэл юунд ингэж хөдлөө вэ? Сониуч зандаа хөтлөгдөн дагаж гартал ээж довжоон дээр хашааны хаалга харан зогтусах шиг болсноо "Ах аа!" гэж хашгиран хаалганы хажууд зогсож байсан хүн рүү хөл нүцгэн хар хурдаараа гүйж очив. Нагац ах ирсэн байжээ. Ээж салхи шиг хурдан гүйж очоод нагац ахын цээжийг зангидсан гараагаа хэдэнтээ балбаад:
-Ах аа! Ах аа! гээд уйлж байхыг чи гэрийнхээ үүднээс хараад зогсож байсан.
Ээж хэн нэгнийг “Ах аа” гэж дуудахыг анх удаагаа сонсох нь тэр. Өмнө нь ээж ахынхаа тухай ярихдаа дандаа л “Нагац ах чинь” гэдэг байсан. Нагац ахтай гэдгээ аль эртнээс мэдэх атлаа ээж гүйн очиж баярласан дуугаар “ах аа” гэхийг хараад яагаад тэгтлээ их гайхсанаа чи ойлгож ядна. “Хөөх, ээж бас ахтай юм байна” гэдгийг тэгэхэд л анх ухаарсан юм. Тэр өдөр ээж ямар байсныг, нас ахиж буй атлаа жаахан хүүхэд шиг довжооноос доош үсрэн бууж хашаа хөндлөн хамаг хурдаараа “Ах аа, ах аа” гэж хашгираад гүйж байсныг санахаараа чи хааяа ганцаараа инээмсэглэнэ. Тэгэхэд ээж өөрөөс чинь ч илүү балчир хүүхэд шиг харагдсан юм. Ээжийн тэр өдрийн төрх чиний тархинд үүрд зурагдан үлджээ.
“Ээж бас...” гэж тэр өдөр ухаарал нэгээр нэмэгдэж билээ. Ийм илэрхий зүйлийг тийм удаан хугацаанд ойлгоогүйгээ чи бас гайхна. Ээж бол дандаа л Ээж байсан. Ээжид ч гэсэн тэнтэр тунтар алхаж хөлд орох үе, гурван нас юмуу арван хоёр, бүр хорин настай үе байсан гэдгийг тэр өдөр хүртэл ерөөс төсөөлөөгүй явж. Ээж бол үргэлж Ээж. Төрөхөөсөө л Ээж байсан. Ээж бас ах дүү нартайгаа сайндаж муудаж, тэднийгээ хайрлаж санах хүн гэдгийг ах өөдөө гүйсэн тэр өдрийг хүртэл огт бодож байсангүй. “Ээжид ч бас хүүхэд нас байжээ” гэх давхар ухаарлыг тэр өдөр дагуулсан юм. Түүнээс хойш хааяа хааяа ээжийгээ хүүхэд, охин, залуухан бүсгүй, шинэхэн бэр, дөнгөж чамайг төрүүлсэн ээж гэж янз бүрээр төсөөлж боддог болов.
*****

Ээжийн яриа үргэлж уран сэтгэмж, дүрслэлтэй байдаг сан...
Өвөг дээдсээ тахих ёслолын шөнө авга ах, эгч нар савтай цагаан будаагаа бариад ирнэ. Хоол хүнс хомс тул хамаатан садан бүгд ийнхүү хувь нийлүүлнэ. Ёслол дуусахад ээж “Авч хариарай” гээд бүгдийнх нь савыг хоолоор дүүргэж өгнө. Ёслолын үеэр цагаан будаатай олон сав эгнүүлж өрдөг байв. Ээж цагаан будаан дээр шувууд ирж суугаад буцаж нислээ гэхэд хэн ч үл итгэх тул “Би харсан! Зургаан шувуу байсан. Өвөг дээдэс маань өргөл барьцны дээжийг зооглох гэж ирсэн юм шүү дээ!” гэнэ. Бүгд инээлдэх боловч цагаан будаан дээр шувуудын хөлийн гурвалжин царга мөр харагдах шиг чамд санагддаг байлаа.

Ээж нэг удаа идэх хоолоо аваад өглөө эрт тариан талбай руу явж билээ. Гэтэл хэн нэгэн урьтаж ирээд зэрлэг зулгааж байсан гэнэ. Нэр алдрыг нь асууваас зүгээр үүгээр өнгөрч яваад талбай зэрлэгээр дүүрснийг хараад туслахаар шийдсэн гэж тэр хүн хариулав. Ийнхүү үл таних хүн, ээж хоёр хамтдаа зэрлэг зулгаахаар болов. Ээж тусалсанд нь баярлаж авчирсан хоолоо хувааж идээд, энэ тэрийг ярилцаж суугаад, харанхуй болоход зүг зүгтээ харьцгаасан гэсэн. Ээж талбайгаас буцаж ирээд танихгүй хүнтэй бүтэн өдөр ажилласан тухайгаа ярьтал авга эгчийн царай гэнэт хувирч тэр хүний гаднах төрх байдлыг асууж байснаа “Тэр газрын өмнөх эзэн нь байна. Зэрлэг зулгааж байгаад харваж талбай дээрээ нас барсан юм” гэв. “Ээж, та өдөржин өөд болсон хүнтэй талбай дээр хамт байгаад айгаагүй юу?” гэж чамайг асуухад ээж тайвнаар “Айгаагүй ээ. Тэр талбайд ганцаараа зэрлэг зулгаавал хоёр юмуу гурван өдрийн ч ажил болох байлаа. Тусалсанд нь ээж нь баярласан" л гэж хариулсан.
*****

Өөрт тохиолдсон явдлын тухай хамгийн сүүлд ээждээ хэзээ ярилаа?
Нэг л мэдэхэд ээжтэй ярих яриа “хялбархан” болсон байлаа. Тэр яриагаа хүртэл нүүр нүүрээ хараад биш утсаар ярина. Чиний хэлэх нь ээж юу идэж байна, эрүүл мэндээ бодох хэрэгтэй, аавын байдал ямар байна, ханиад хүрч болохгүй, хэдий хэмжээний мөнгө явуулах тухай болж хувирсан. Ээжийн яриа голдуу кимчи хийсэн, сонин зүүд зүүдэлсэн, ах нарт чинь цагаан будаа явуулсан, буурцаг исгэж чамд явуулсан, шуудан зөөгч ирэхээсээ өмнө утасдах учраас утсаа битгий унтраа гэх зүйлийн тухай л байна.
*****

- Ээж, та гал тогоондоо байхдаа дуртай юу?
Чамайг ийнхүү асуухад ээж юун тухай асууж байгааг ерөөс ойлгоогүй.
- Гал тогоонд байхдаа та дуртай байсан уу? Та хоол хийх дуртай юу?
Ээж чиний нүдийг хэсэг хугацаанд ширтэн зогсов.
- Би гал тогоонд дуртай ч биш, дургүй ч биш. Хоол хийх ёстой учраас хийнэ. Хүүхдүүд минь хоол идэж сургуульдаа явах учраас ээж нь гал тогоондоо хоолоо хийнэ. Хүн зөвхөн дуртай зүйлээ л хийнэ гэж байх уу? Дуртай, дургүй хамаагүй хүнд хийх ёстой юм гэж байна шүү дээ.
Ээжийн царай илт “энэ одоо юу асуугаад байна аа” гэсэн янзтай байлаа. Дараа нь ээж “Чи зөвхөн дуртай зүйлээ л хийгээд байвал дургүй зүйлийг чинь хэн хийх вэ?” гэж бувтнав.
- Тэгээд та дуртай байсан юм уу, үгүй юм уу?
Ээж нууцаа задлах гэж байгаа мэт ийш тийш харснаа:
- Ээж нь шилэн сав хэд хэдэн удаа хагалсан гэж шивнэв.
- Шилэн сав хагалсаан?
- Эцэс төгсгөл үгүй юм шиг ээжид нь санагдаад. Тариалантай адилгүй. Хэрэв хавар нь үр таривал намар нь ургац хураана шүү дээ. Буурцагны үр таривал дараа нь буурцаг хураана, эрдэнэ шишийн үр тарьсан газар эрдэнэ шиш ургана... Гэвч гал тогооны ажилд эхлэл төгсгөл гэж байхгүй. Өглөөний хоолоо иднэ, дараа нь өдрийн хоол, дараа нь оройн хоол, гэгээ орохоор дахиад өглөөний хоол... Ээж нь өдөр болгон ондоо хоол хийж байсан бол өөр байсан байх л даа... даанч ээж нь тарьж ургуулсан зүйлээрээ л хоол хийхээс хойш өдөр болгон өнөөх л панчан. Өдөр болгон нэг юмаа давтаж хийгээд байхаар хүнд дургүй хүрэх үе гарна шүү дээ. Гал тогоо гарцгүй шорон шиг санагдахад ээж нь арын зоориноос хамгийн хэлбэр муутай сав сонгоод хамаг хүчээрээ хагалж орхисон юм. Авга эгч чинь намайг хараагүй л дээ, харсан бол галзуурсандаа ингэж шил сав хагалж байна гэх байсан байх.
Ээж хэд хоногийн дараа хагалсан савныхаа оронд шинийг авч тавьсан гэсэн.
- Мөнгө дэмий үрж байсан хэрэг. Шинэ сав авахаар явахдаа үрэлгэн юм хийсэндээ харамсаж, дотор хачин муухай байсан ч ээж нь больж чадаагүй. Хагаран бутрах савны дуу надад эм тан шиг л байсан. Жаахан ч атугай чөлөөлөгдөх шиг санагддаг байлаа, тэр үед.
Ээж хэн нэгэн сонсчих вий гэсэн шиг долоовор хуруугаа уруулдаа хүргээд “чшш” гэв. “Ээж нь энэ тухай хэнд ч ярьж байгаагүй” гэснээ томоогүй инээмсэглээд:
- Миний охин хоол хийх дургүй бол хаяа ганц хоёр таваг хагалахад гэмгүй. Үрэлгэн юм хийж байна даа гэж бодогдсон ч дотор чинь онгойно. Гэхдээ чи хань нөхөртэй болоогүй болохоор хараахан аяга таваг хагалмаар санагдахгүй л дээ гэв.
Ээж гүнзгий санаа алдаад:
- Гэхдээ хүүхдүүд минь өсөж байхад сайхан байсан шүү. Толгойдоо боосон алчуураа ч засах завгүй, борви бохисхийлгүй ажиллаж байсан ч та нар ширээ тойрч суугаад аягатай цагаан будаагаа шуугьтал хоосолж байгааг харахаар энэ дэлхийд үүнээс өөр хүсэх зүйл үгүй гэж ээжид нь бодогддог байсан. Миний хүүхдүүд үнэхээр амар байсан. Энгийн ногоо, вандуйтай шөл хийхэд инээмсэглэж идээд, хааяа хааяа загас жигнэхээр бүгд баяртай маасайгаад... Та нар бүгд сайн иднэ... өсөж торниж байхад чинь ээж нь үе үе айдаг байлаа. Сургуулиасаа ирээд идэг гээд тогоо дүүрэн төмс чанаж тавихад оройноо хов хоосон болчихсон, бүр ёроолыг нь долоочихсон байна. Зооринд байгаа цагаан будаатай савнууд өдрөөс өдөрт цөөрөхийг тоолж харах үе ч байлаа, бүр хоосон болох ч үе байсан. Оройн хоолны будаа авах гээд зоорины сав руу өнгийхөд ёроол нь харагдвал зүрх зогсчих шиг болно. "Хүүхдүүддээ маргааш өглөө юугаар хоол хийж өгнө өө?"... Тиймээс тэр үед гал тогоонд дуртай, дургүй гэх асуудал байгаагүй ээ охин минь. Том тогоонд цагаан будаа агшаагаад, жижиг тогоонд шөл хийж чадсан бол ээж нь ядарсан эсэхээ мартчихдаг байсан. Миний хийсэн бүх хоол хүүхдүүдийн минь бор гэдсэнд орно гэхээр ээжид нь сайхан. Миний охин одоо төсөөлж чадахгүй байх л даа, гэхдээ тэр үед бид цаг үргэлж хоолгүй болчихвол яана гэдэг айдастай байсан юм. Хэн хүнгүй, бүгд л тийм байсан. Сайн идэж, цааш амьдрах л чухал байсан.
Ээж инээмсэглээд тэр үе амьдралынх нь хамгийн сайхан үе байсан гэв.
*****

үргэлжлэл дараагийн бичлэгт

9 comments:

Б.Баясгалан said...

Өө харин, ууж идээд босохын зуурт уярдаг юм уу, хөөрдөг юм уу, яадаг юм бүү мэд, би л лав баахан кино, өгүүллэг, том том романы орчуулгын өрөнд унасан байна лээ дэг.

Үүнийг чинь бөөгнүүлж байгаад нэг сайхан уншнаа. Амжилт хүсье.

Сүрэн said...

ёстой л ууж идээд босохын зуурт өрөнд уначихсан байсан кк

баярлалаа, хичээнээ :)

Тэмээчин бүсгүй said...

Үүнийг уншиж байхад Солонгосын нэг гоё ээжийд дүрд тоголдог хүний дур буугаад байж билээ.

Гоё орчуулжээ. Нээрээ судалгааны орчуулга хийх сонирхол байдаг уу.

А.Дайрийжав said...

Сүрэн эгч,сайхан орчуулжээ,Үргэлжлэлийг нь хүлээж байна гэчихвэл өрөнд улам унагачих юм боловуу?хэхэ,
Таны сэтгэгдэл,уншихад их хөгжилтэй юмаа.

Эх хүний сэтгэл ийм л байдаг даа?Үр хүүхдүүд минь идэх юм шүү гэж бодохоор өөрийн эрхгүй өөрийгөө мартаад,өнөөх л адилхан хоолнуудаа ээлж дараалуулан хийж,халуун галд хайрагдана.
Тэгээд,бувар бувар,эсвэл хам хум идээд ёроолыг нь гаргачихвал,сая нэг хичээж хийсний хэрэг гарсан мэт хөөрч орхидог....Нэмүүлэхүү?гэчихсээн...хэхэ.Аягүйд бол өөрийнхөө идэхийг хугаслаад ч хуваагаад өгчихнө.Би яах вээ,хүүхдүүд минь л...гэсээр өөрийгөө ээжийн охин,ахын дүү,дүүгийн эгч,гэдгийг мартчихсан явдаг...сэтгэлдээ л бодоод явдаг мэт.Ялангуяа энэ зохиол..Солонгос эмэгтэй Япон эмэгтэй,эх хүнтэй их төстэй мэт сэтгэгдэл төрүүллээ.Хаа газрын ээжүүдийн сэтгэл адилхан,ариухан,цагаахан,сайхан юм даа.

Амараа said...

Saihan orcyyljee. Bugdiig n orcyylval bur goyo yum bn daa. Neeren anglia helnees orcyylsan yy, yaponoos yy? Dam orcyylga gehed gaihaltai sain boljee. Hovor aviyas shuu. Amjilt husye.

naraa said...

Үгүй чи минь мөн буянтай хүн ээ. Зүгээр зүгээр, номын цагаан буян тань арван зүгтээ дэлгэрэг. Би ч гэсэн сурч дуусаад нутагтаа очихоороо нэг том орчуулга барьж авъя гэж бодоод байгаа.
Сайхан орчуулга байна, амтархан уншиж байгаа шүү.

alice said...

Nulimas garax shaxan unshlaa. Odoo ch tsaasan deer xevlesen nom unshix tsag ynexeer baga bolj ee, xayaa ingej net-s nom unshij tarxindaa salxi oruulax yum daa.
Saixan orchuuljee, thanx.

Сүрэн said...

>Тэмээчин бүсгүй

Bayarlalaa :)
orchuulgiin huvid - yamar chigleliin sudalgaa gehees hamaarah baih

>А.Дайрийжав

Bayarlalaa Dairii :) Ene nom chinii helsneer engiin, huuhduudee l gesen eejiin tuhai. Bas huuhduud hedii eej aavdaa hairtai ch usch tom bolohooroo amin huviin asuudaldaa avtaad aav eejee martaj orhidog tuhai... end tend nulims dusluulan baij unshisan bolohoor zav garsaniih orchuuldiimuu geed l
Uram ugsund bayarlalaa Dairi :)

>Амaраа

Bayarlalaa :)
Yapon, angli orchuulgiig tulgaj baigaad orchuulsan. Gehdee angliig ni arai iluu... Neeree dam orchuulga hiij buigaa bichij tailbarlahgui bol

>нараа

Bayarlalaa, bie sain uu ? Nutag butsaad yamar zohiol orchuulah uu ? Huvaaltsaarai :)

>alice

Chamd bas thanks.
Tsaasan nom saihan shuu :)

Bat said...

Bayarlaa tand ,sain orchuulj