2012/03/21

Зохиолчдын хөрөг 2

3. Хироцү Казүо (1891-1968)



Уулзсан эхний сэтгэгдэл – тун энгийн, ард олон дундаа гэх үү дээ, тийм хүн байсан. Гэрт нь зочлон хууч хөөрөх үедээ ёс намбыг бодоод хөлөө нугалан цэх суугаад байвал эсрэгээрээ хачин санагдахаар, би ёсыг дагах биш “ёсорхоод” байна гэх сэтгэл өөрт төрөхөөр, тийм уур амьсгал бий болгодог хүн байсан. Кимоно өмсөөд хөлөө тэвэрч юм уу, явган суугаад нэг л дулаан уур амьсгал өрөөнд бий болгоно.

Энгийн, ааш зөөлөн багш маань харин Мацүкавагийн хэрэг (*) дэгдэхэд “хариуцлага тулгасан ажилчдын нүд гэмгүй” гээд төрөл арилжсан мэт хатуу тэмцсэн. Хэрэгт татагдсан хүмүүсийг тууштай өмөөрч, даван заалдаж, эцсийн дүнд ялалт байгуулж чадсан. Өөрийн бодлоосоо буцдаггүй, итгэлийнхээ төлөө хэний ч эсрэг тэмцэж тэрсэлддэг, эцсээ хүртэл үздэг мятаршгүй зан чанарыг нь би ямар мундаг, агуу хүн вэ гэж үргэлж биширч байсан. Жинхэнэ агуу хүн гэвч хамт байхад огтхон ч “мундаг” санагдахгүй, тийм харагдахгүй далд увдистай байдаг даа.

4. Мишима Юкио (1925-1970)

  

Тавь гаруй насны, хийж бүтээж юмны үзүүрт хүрсэн хүн гэдэг... хотын дархан ч бай, хөдөөний тариачин ч бай, ялангуяа тухайн ажил мэргэжлээрээ “тэргүүн эгнээнд” орох хүн гэдэг ямагт сайхан царайтай байдаг. Туулсан ажил амьдралын замнал нь нүүр царайнд нь шингэнэ гэх үү, эсвэл элээсэн нас нь сайхан намба төрх болж тогтоно гэх үү... ямар ч байсан тухайн хүний онцлог шинж, юманд хүрэхэд нөлөөлсөн агуу чанар нь арьс маханд нь шингэж илэрдэг. Би тэгж боддог юм. Тэр төрхийг нь "барьж" чадвал үнэхээр сайхан зураг авна. Зургийг нь авахдаа ийм ч биш тийм ч биш, ингэж биш тэгж биш гэж олон юм  эргүүтэн бодох хэрэг огт үгүй. Авч буй хүн “тэргүүн эгнээний” хүн бол зургийн аппаратаа алгуурхан ойртуулаад, дуу гаргалгүй ганц дарахад л хангалттай. Биеэ бүрэн дайчилж бүтээл оргилын туйлд хүрсэн хүн гэдэг төдий хэмжээний сайхан, юм өгүүлэх царайтай байдаг.

Хачирхалтай нь Мишима Юкиогийн хувьд царай нь ерөөсөө “бүтээгүй” байсан. Миний зургийг нь авч байсан хүмүүс дундаас хамгийн “хэцүү” царайтай хүн бол яриан байхгүй Мишима. Нэр сүрийг нь нүүр царай нь гүйцэж амжаагүй гэх үү... тийм сэтгэгдлийг Мишимагаас өөр төрүүлсэн хүн үгүй билээ.

Бололцоотой айлын хүмүүжил сайтай хүү. Багаасаа бие сул, өвчлөмтгий хүүхэд байсан гэдэг. Сүүлдээ “Татэ но кай” мэтийн хөдөлгөөн өрнүүлж байсан ч угаасаа хүн нь өөрөө Гэрэлт Гэнжи шиг царайтай, язгууртан төрхтэй шүү дээ. Ер нь ян тан, үг ёсоо баримталдаг хүн байсан. Цаг тохироод тэнд тэдэн цагт уулзъя гэхэд болзсон цагаасаа заавал эрт очоод хүмүүстэй яриа хөөр дэлгэн хүлээдэг байсан. Ойртоод очиход өндөр царгиа дуу нь хадаад, ер нь дуугаар нь шууд танина. Энэ хариугүй турьхан биеийн хаанаас нь ийм том дуу гардаг байнаа гэх гайхшрал төрнө. Гэвч тэр нь бяд муутайгаа нуун далдлах нэгэн арга байж л дээ... Том дуутай эрчүүдийг чийрэг чадалтай гэдэг боловч Мишимагийн тэр дуу хэрхэвч бяртай чадалтай биед байгалиас заяасан дуу биш байсан болов уу... Харах байдлын турь муутай Мишима нэгэн өдөр бодибилдинг сонирхож булчин шөрмөсөө хөгжүүлж эхэлсэн. Бас кэндо, бокс зэргээр ч нэлээд хичээллэсэн. Хотынхоо баяр наадам болоход шалдан нүцгэн микоши шүтээн хүртэл өргөж байсан. Өөрийнхөө биеийг нэг тойрог илүү том, илүү чадалтай мэт харуулах хүсэл хүчтэй байсан болов уу, Мишимад. Энэ тал нь Мишимагийн тэр ер бусын үхэлд нөлөөлсөн эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Ямар ч байсан тэр биед өөрийнхөө биеийг хүлээн зөвшөөрөхгүй комплекс, хэт их мэрийлт байсан шиг санагдана.

----------------------------------------------------------
* Мацүкавагийн хэрэг - 1949 оны 8 сард болсон галт тэрэгний осол. Шалгалтын явцад вагон холбох боолтыг сулруулсан байсныг илрүүлсэн боловч хэрэгтэн нь олдоогүй. Энэ осол Шимоямагийн хэрэг (1949/07/05 Улсын төмөр замын компаний ерөнхий захирал алагдсан хэрэг) болон Митакагийн хэргийн (1949/07/15 хүнгүй галт тэрэг хурдтай давхиж байшин мөргөсөн осол) дараахан болсон тул "Улсын төмөр замын тайлагдаагүй гурван том хэргийн" нэг гэгдэх болсон.

No comments: