2011/10/23

Москва: Нүүдэлчдийн музей 3



  Монголоос лам нарыг урьж бүх бурхдыг аравнайлж амилуулсан тул энэ гэр Москвад байх цорын ганц бурхны шашны (шарын шашны) сүм. Ойр хавьд ондоо сүм гэвэл Ленинградад төвдүүдийн барьсан нэг сүм бий, бусад нь буряд, тува болон халимагт. Сүм нээхэд монголын элчингийхэн их тусалсан, монголоос лам нар болон төрийн түшмэд ирсэн гэж Константин талархан ярьж байлаа.

  За тэгээд орос хүмүүст ярьж тайлбарладаг бурхны шашны тухай наад захын ойлголт монгол бүсгүйд хэрэггүй гээд (уул нь ч хэрэгтэй л дээ) Константин бид хэд орос улсад буддизм ямар байна гэсэн сэдэвтэй яриа дэлгэв. Орос хүмүүсийн буддизмын тухай ойлголт, бусад шашнаас юугаараа ялгаатай... мөн хамт явж байсан орос найздаа янз бүрийн тайлбар тавьсныг базаж бичвэл:

  Орос улс олон үндэстэн ястнаас бүрэлдэх бөгөөд тэдгээр нь янз янзын шашин шүтлэг бишрэлтэй. Голлох гурван шашин буюу загайлмайтны (оросын үнэн алдартны) шашин, лалын шашин, иудаизмын тухай оросууд сайн ч муу ч тодорхой хэмжээний ойлголттой. Харин бурхны шашны тухай мэдлэг бага. Буриад, халимаг, тува гээд цөөн тооны хүн шүтдэг нь нөлөөлдөг байх. Гэхдээ Константины бодлоор хүний тооноос гадна бурхны шашны номлол нь орост байгаа бусад шашнаас “тэс өөр” боллох нь гол шалтгааны нэг. Христосын шашин, иудаизм болон лалын шашин үндэс нэг тул номлолын гол “концепцууд” нь ч төстэй.
 
  Нэгд, энэ гурван шашин бүхнийг бүтээсэн ганц бурхан байдаг гэсэн нэгдмэл ойлголттой. Хоёрт үхсэнийхээ дараа үүрд очиж жаргах “диваажин” эсвэл зовох “там” гэсэн ойлголттой, гуравт хүний биед нэг л удаа төрөх “мөнхийн сүнс” байдагт итгэнэ. Иймд, бурхны шашны тулгуур буюу Будда энэ ертөнцийг бүтээсэн бурхан биш, гэгэрээлэд хүрсэн энгийн хүн гэдэг нь хүлээж авахад бэрх байдаг бололтой. Ихэнхи хүмүүс Буддаг бурхан гэж ойлгохдоо загалмайтны шашны Иисүс юмуу лалын Аллахтай адил төстэйгээр боддог аж. Тиймээс хүн болгон гэгээрч “бодьсадва” болж дараа нь бурхан дүрээ олох буюу “будда” болж чадна. Бурхан багш Будда ч гэсэн гэгээрэхээсээ өмнө хаан ширээ залгамжлах хунтайж боловч бусадтай л адил хоёр хөлтэй хохимой толгойтой "хүн" байсан гэхээр нэг л “бууж өгдөггүй” бололтой.

  Тэгэнгүүт дараагийн асуулт урган гарч ирнэ. Будда жирийн нэгэн хүн байсан юм бол энэ дэлхийг хэн бүтээсэн юм бэ? Хэн ч бүтээгээгүй, орчлон ертөнц бол эхэс төгсгөлгүй энергийн урсгал... үүнд зөвхөн шалтгаан ба үр дагаварын хууль буюу карма үйлчилнэ, нэмээд цааш нь дхарма үйлчилнэ... гээд тайлбарлахад ихэнхи хүмүүс энэ хавьд гацдаг бололтой. Гарамгай нэг нь тийм болоод буддизмыг хамгийн шинжлэх ухааны шинжтэй шашин гэдэг байх нь гэж толгой дохино.

  Бас нэг асуудал нь там болон диваажингий тухай. Загалмайтны шашинд сайн хүний сүнс мөнх диваажинд жаргаж, муу хүний сүнс мөнх тамд зовно гэдэг бол буддизмд “мөнхийн” там болон диваажин байхгүй. Муу хүн үйлийнхээ үрээр халуун хүйтний тамд очих ч үйл нь барагдахаар дараа төрлөө олох ба гэгээрэх хүртлээ үйлийн үрээр дахин төрөх сансрын хүрдээс мултрахгүй. Нирваан дүрээ ологчид, бодьсадва, хутагт хувилгаад нар ч диваажинд мөнхийн байгаад байхыг хүсэхгүй, хүн амьтанд туслах хүсэлдээ хөтлөгдөөд дахин хүн болж төрнө, эсвэл асури, адгуус амьтан зэрэг дуртай төрөлдөө дахин төрөх бөгөөд энэ бүхэн эхэс төгсгөлгүй үргэлжлэнэ.

  Нэг иймэрхүү ярианы дараа гэрийн хананд залсан бурхдыг найздаа тайлбарлах болоход “наад захын ойлголт хэрэггүй” гэж орос найзуудын мань итгэх Сүрэн үнэнээсээ ичив. Гэвч энэ тухай дараагийн бичлэгт.

No comments: