2011/10/22

Москва: Нүүдэлчдийн музей 2

   

  Энэ гэрийг арван настай хүүгээс асуухад ангайж байна лээ... яачихсан юм бэ, дээрээ юу тавьчихсан юм бэ, яасан хачин өнгөтэйнбээ, монгол гэр мөн үү... гээд. Одоогийн 17, 18-т нараас асууж амжаагүй тул мэдэх эсэх нь бүү мэд. Ямар ч байсан "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо", "Нохойтой дөрвөн танкчин", "Бид мартахгүй", "Хаврын арван долоон учрал", "Хүний тавилан" (өөр юу билээ) зэрэг дайны тухай кино үзэж өссөн миний үеийхэн энэ гэрийг андахгүй ээ... Оросоор "штабная юрта", монголоор штабын гэр буюу цэргийн дарга нарын гэр.

  Энэ гэрт орос хүний тэр болгон мэдэхгүй Халх голын дайны түүхийг ярьж танилцуулна. Хүмүүс юунд хамгийн их гайхдаг вэ гэж асуухад Константин дараах байдлаар дэлгэрэнгүй хариулав:

 - Монгол дэлхийд хоёр дахь социалист улс болж байсныг томчуул сонсоод гайхдаг. Ихэнхи хүмүүс болгари, чех, унгар зэрэг зүүн европын орнуудын дараа л монгол, вьетнам, куба соц болсон гэж боддог учраас. Бага ангийн хүүхдүүд "соц орон" гэх ойлголтыг мэдэхгүй тул монголын нутагт монгол, орос цэргүүд юун төлөө хэнтэй хэрхэн байлдсан тухай ярьж өгдөг.

 - 20 сая хүнээ алдсан гэх Аугаа эх орны дайн бол ЗХУ-ын түүхийг эргүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэр үед монгол түмэн хандив цуглуулж тусалсныг орос хүмүүс огт мэддэггүй тул гайхдаг. Бусад улс орон цаанаа бодлоготой тусалж байсан бөгөөд тусламж нь ихэвчлээн засгийн газрын хэмжээнд явагдаж байхад монголд жирийн малчин ард иргэд цагаан цайлган сэтгэлээр хандив цуглуулж бүхэл бүтэн сөнөөгч онгоцны эскадриль, танкийн цуваа бэлэглэж байсан. Берлинд очиж тугаа мандуулсан танкны зураг байдгийг мэднэ биз дээ, тэр танк монголын бэлэгний танк гэж ярьхад хүмүүс “пөөх” гэдэг гэнэ.

 - Монгол бичиг хараад сонирхож гайхах хүн олон. Гэрийн хананд байгаа хоёр туг хараад, кирил бичигтэйг нь унших гэж үзээд, уншсаныгаа ойлгохгүй болохоор учрыг асуудаг гэнэ. Тиймээс монголчууд дээр үеэс өөрийн гэсэн босоо бичигтэй байсан, ЗХУ-ын нөлөөгөөр кирил үсэгт шилжих болсон, Халх голын дайны үед кирил бичигт дөнгөж шилжиж байсан тул зарим туг кирил үсгээр, зарим нь хуучин монгол бичгээр байсан гэж дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Ийнхүү тайлбарлах нь "бид бичигтэй болгож гийгүүлсэн" гэж итгэх зарим хүмүүст сэргээш болдог аж. Мөн Константин монгол бичиг бол өвөрмөц сайхан бичиг, өвөр монгол хятадын нөлөөнд байсан атлаа бичгээ авч үлдэж чадсаныг нь биширдэг гэж байсан.

 - Эх орны дайны үеийн түүх жаахан ч гэсэн гадарладаг хүмүүс монголд Жуков жанжны музей байдгийг дуулаад гайхдаг. Сүүлийн үед өнгөрсөн түүхийн үнэлэмж өмнөхөөсөө өөр болсон, Жуковыг шүүмжлэх ном ч гарч байгаа, гэхдээ монголчууд Жуковыг одоо ч гэсэн хүндэлдгийг дуулах нь хүмүүст сайхан байдаг аж.

  за бусдыг доох зургаас үзээрэй.

No comments: