2011/07/07

Ази 100 хүнтэй тосгон байсан бол...

Хятадад олон жил амьдарсан Япон улсын Мэйжигийн их сургуулийн хууль эрх зүйн тэнхимийн багш Катоо Тоорүгийн "Хятад хүн: хясаа болон хонь" номноос орчуулав.

Номны нэрийг махчилан орчуулбал "Хясаа болон хонины хятад хүн" гэж буулгах хэрэгтэй. Агуулгыг жаахан тодруулбал, "хясаа" нь 貝 буюу "дун хясаа" гэх утгатай ханзны түлхүүр бөгөөд зохиолч зүүн, зүүн өмнөд нутгийн хятад хүмүүс, тэдний үүсгэсэн соёлыг “хясааны соёл” гэжээ. Энэ түлхүүртэй бусад ханзыг дурдвал 財 買 販 貨 賭 貯 зэрэг “хөрөнгө”, “худалдаж авах”, “зарах”, “мөнгө”, “мөрийцэж тоглох” гээд бүгд мөнгөтэй холбоотой бөгөөд гарт баригдаж нүдэнд харагдах хэлбэр дүрс бүхий баялгийг заана.

Эсрэгээр хонь буюу 羊 түлхүүртэй ханз нь "сайн сайхан", "үзэсгэлэн", "сайн үйл" (義 美 善 養)зэрэг нүдэнд үл үзэгдэх баялгийг заах бөгөөд зохиолч Хятадын баруун, баруун хойд зүгийн нүүдэлчин улсуудын бий болгосон соёл ахуйг “хонины соёл” гэж нэрлэжээ. Гэхдээ нүүдэлчин гэнгүүт л = Монгол гэж ойлгож болохгүй. Манжууд нүүдэлчин ард түмэн байсантай адил зохиолч аль 3000 жилийн өмнөх Хятадыг ийнхүү хувааж, манай эриний өмнөх Күнзийг хүртэл “хонины соёлд” хамруулж тайлбарлана. Өөрөөр хэлбэл, Хятадын газар нутаг өргөжин тэлээгүй байсан үеийн “хясааны соёлтой” Хятад болон эргэн тойронд нь байсан боловч эдүүгээ Хятадад бүрэн ууссан “хонины соёлтой” улсууд хэрхэн нийлж хайлсаныг өгүүлээд, энэ өнцгөөс өнөөгийн хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээг тайлбарлахыг зорьжээ.

Доорхи орчуулга бол хятад хүмүүсийн газар нутгийн тухай үзэл бодлыг өгүүлэх бүлгийн хэсэг юм. Дунд нь орж амьдарч үзсэн биш, хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээний тухай нэлээд олон зүйлийг энэ номноос олж мэдлээ. Бас япон хүний өнцгөөс харж унших сонин байлаа.

Оршил яахав, уншигч та зохиогчийн тааврыг хөнгөхөн тааж дөнгөнө биз дээ :)

  Катоо Тоорү "Хятад хүн: хясаа хийгээд хонь", 2006
  加藤徹『貝と羊の中国人』   
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

 ... Ганцаараа нүд хаашаа бие тийшээ, тогтсон чиглэл төлөвлөгөөгүй аялан явж байгаад санаандгүй нэгэн тосгонд ирэв. Тосгоны тэг голд ойр хавийн байшин гэрээс хэд дахин том хашаа байшин байх ажээ. Тэр гэрийн урдуур өнгөрөх гэж байтал нас өндөр өвгөн буурай хашааны үүдэнд гарч ирээд,
 - Чи холын аяны хүн үү? Би энэ тосгоны захирагч байгаа юм. Манайд орж аяга цай ууж амраад аян замаа үргэлжлүүлбэл ямар вэ? хэмээн гэртээ урив. Би урилгыг дуртайя хүлээн авч гэрт нь орвол ам бүл тун олуулаа амьдардаг бололтой, гайхмаар өнөр өтгөн айл ажээ.
 Тосгоны захирагч намайг явуулын танихгүй хүн болохоор санаа нь амарсан уу, нэг мэдсэн яриа нь хөршүүдийн тухай гомдол болж хувирав.
 - Манайх гэдэг айл үеийн үед энэ тосгоныг удирдан зохицуулж, захирч ирсэн юм. Даанч сүүлийн үед тосгоныхон минийг үгэнд орохоо больж дураараа авирладаг болоод байна. Ингээд тосгоны захирагч хамар хажуугийнхаа айл бүрийг нэг нэгээр нь дуудаж дутагдлыг нь хэлж муулав.

 Тэр айл уул нь манайхаас тасарсан цусан төрөл боловч олны өмнө угсаа гарлаа умартсан үг хэлж ихэд даахалзах болсон. Ах захаа алдаад энэ хорвоо юу л болж байна даа...
 Ондоо тэр айл, дээхэн хотын якүза нарт дээрэлхүүлээд хэцүү байхад нь манайх тусалсан юм. Тэгсэн одоо яаж байна? Хүний ачийг умартаад хазаж хялайх ч энүүхэнд болж.
 Тэр нэгэн айл манай гэрийн газраас дур мэдэн тасдан авч тариан талбай болгочихсон байгаа юм даа.
 Бас тэр айл жижиг атлаа хэмжээ хэрээ мэдэхгүй, гоёмсог байшин босгочихоод тосгоны захирагч намайг тоох ч шинжгүй, хотыхонтой л найзархаад байдаг болж. Манайхаас ч элбэг дэлбэг амьдарч байх юм даа. За, гэхдээ тийм юмнууд өөдөлдөггүй хойно, удалгүй сүйрэх байлгүй.
 Бусдыг муулах ч яахав, ядаж байхад амин бүлд минь ичих нүүрэндээ илгэ наасан хэдэн нөхөр байна. Гэрийнхнийхээ мууг хүнд дуулгамааргүй ч, нууцаар хотын якүза нартай нийлээд бие дааж гал таслана гэж зүтгээд байгаа нөхдүүд бий. Хөгшин надад амар тайван байх хором ч олгохгүй юм.

 Тосгоны захирагчийн яриаг сонсвоос энэ тосгонд хүн шиг хүн бол зөвхөн захирагч бололтой. Бусад нь амин хувиа хичээхээс цаашгүй зальтай, санаатай хүмүүс юм байна. Бүгд хөгшин буурлын сайхан сэтгэлийг ашиглан мэхэлж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх аж. Иймд би энэ өвгөн буурлыг өрөвдөхгүй байж чадсангүй.
 Удалгүй дайлж цайлсанд талархсанаа илэрхийлээд захирагчийн гэрээс гарахад хажуугаар өнгөрч явсан тосгоны хүн намайг дуудаад
 - Та сая энэ гэрээс гараа юу. Юм юм л дуулаа биз дээ гэв.
 Би өөрийн эрхгүй толгой сэгсрэн үгүйсгэж,
 - Үгүй, үгүй. Захирагч надад тосгоныхоо түүхийг л ярьж өгсөн юм. Ярианаас нь би ихийг сурч мэдлээ гэж хариулав.
 Гэтэл тосгоны хүн яагаад ч юм уртаар санаа алдав.
 - Ярьдгаа ярьсаар л ... хэцүү ч юмаа даа. Тэр өвгөн манай тосгоны захирагч биш л дээ. Хэн ч сонгоогүй, сонгууль ч болоогүй байхад өөрөө захирагч, захирагч гэж зарлан тулгаад байгаа юм. Олон жил худал хэлээд, яваандаа давтсаныхаа тоогоор түүндээ итгэчихсэн бололтой. Иймдээ хүрэхээр өвчин л гэдэг байх даа...
  
 Миний толгой эргэх шиг болоход гэнэт нүдээ харж сэрэв. Зүүд байж дээ...

----------------------------------

 Энэ бол миний “Хэрвээ ази 100 хүнтэй тосгон байсан бол” элэглэлийн (пароди/parody, орч.) нэг хэсэг. Үүнийг номдоо оруулсан минь учиртай. Айл гэр болгон нэг улсыг заана. Чухам аль гэр ямар улс болохыг мэргэн уншигч та тааж мэдэх үү.

6 comments:

Гилийн хатан said...

saikhan blogiin baingiin unshigch anhnii setgegdlee uldeej baina. Amjilt husiye

Сүрэн said...

bayarlalaa ! :)

nomiin horhoiton said...

ta neeree mundag yumaa, shine yum nemeh bolow uu geel bainga shagaidag bolow, buh bichleg orchuulguudiig chin unshsan yaasan saihan medlegetei heltei ustai uhaantai busgui vee gj baharhdag, dahiad zunduu goe orchuulga hiigeereei, neg shirheg ulaan fan chin bainga huleej bgaa shuu:D

Сүрэн said...

wow, nomiin horhoiton
bayarlalaa :) bayar naadmaa saihan temdeglej, saihan naadaarai !

Dagvadorj said...

Өвгөний гэр нь Хятад, тасарч гарсан гэж байгаа нь Монгол, дэгжин болоод хотынхонтой нийлж байгаа нь Солонгос, гадныхантай нийлж өрх тусгаарлах гээд байгаа нь Тайвань, гадаа тааралддаг нь Япон юм болов уу?

Зөв хариултыг авья! :)

Сүрэн said...

Өглөөний мэнд Dagvadorj,
comment bayarlalaa.

Цусан төрөл гэсэн болохоор Монгол биш Тайвань болов уу

Хотыхонтой нийлээд байгаа нь Япон юм шиг санагдсан, гэхдээ чиний хэлдгээр Солонгос ч байж мэдэх юм...

Өрх тусгаарлах гээд байгаа нь Төвд, Өвөр монгол, Шинжаань болов уу

Харамсалтай нь зохиолч номдоо зөв хариулт оруулаагүй тул ян тан хэлж мэдэхгүй юм